Ирээд, Намайг дага
11-р сарын 9–15. Ифер 1–5: “Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат”


“11-р сарын 9–15. Ифер 1–5: ‘Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 9–15. Ифер 1–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Жаредчууд аглаг буйдаар аялж байгаа нь

Жаредчууд Бабелыг орхин явж байгаа нь, Албин Вэсэлка

11-р сарын 9–15

Ифер 1–5

“Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат”

Та заадаг хүмүүстэйгээ хуваалцаж болох ямар үнэнүүдийг Ифер 1–5-ыг судлахдаа сурч мэдсэн бэ? Та тэдэнд ойлгож мэдсэн зүйлээ хуваалцах ямар боломжийг өгч болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хуваалцахад урих дараах бүтээлч аргыг хэрэглэ. Ангийн 16 гишүүнд чулуу тарааж өгөөд, тэдний цөөн хэдийг нь Ифер 1–5 дээрээс хувиараа эсвэл гэр бүлээрээ суралцсан зүйлээс санаж байгаа үнэнээ хуваалцахад урь. Сурсан зүйлийнхээ улмаас тэд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Ифер 1–3; 4:8–19

Биднийг Их Эзэнд хандан байнга залбирахад Тэр бидэнд Өөрийн хүслийг илчлэх болно.

  • Бидний хүн нэг бүр өмнө нь ямар нэг бэрхшээл, асуултад хариулт олохоор оролдож байсан. Жаредын ахын жишээ таны заадаг хүмүүст Их Эзэнээс хэрхэн тусламж эрэлхийлэхэд суралцахад нь хэрхэн тусалж чадах вэ? Та самбар дээр Жаредын ахын асуулт, Жаредын ахын үйлдэл болон Их Эзэний хариулт гэсэн гарчигтай баганууд бүхий хүснэгт зур. Тэгээд та ангийг гурван бүлэгт хуваарилаад, бүлэг бүрд нэг нэг багана оноож өг. Бүлэг бүр Ифер 1:33–43 болон 2:16–3:6-г хамтдаа гүйлгэн уншаад, өөрсдийн олсон зүйлсийг хуваарилагдсан баганадаа бичиж болно. Дараа нь ангиараа дараахын адил асуултуудын талаар ярилц. “Их Эзэний бидэнд туслахаар сонгож болох янз бүрийн арга замуудын талаар бид юу мэдэж авч байна вэ? Илчлэлт хүлээн авах үйл явц дахь өөрсдийн үүргийн талаар бид юу ойлгож мэдэх вэ? Ангийн гишүүд үүнтэй адил зарчмуудыг зааж байгаа өөр бусад жишээг судруудаас хуваалцаж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн үг Их Эзэн залбирлуудад хэрхэн хариулдаг талаар нэмэлт мэдээллээр хангадаг.

  • Ифер 3:1–5 дээрх Жаредын ахын залбирал ангийн гишүүдэд хувийн залбирлаа үнэлж дүгнэхэд нь урам өгч болох юм. Ангийн гишүүд өөрсдийгөө дөнгөж залбирахыг сурч байгаа хүнд зөвлөгөө өгч байгаагаар төсөөлөн бодож болох юм. Тэд ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгээд тэд Ифер 3:1–5-ыг судалж, хэрхэн үр дүнтэй залбирах талаар нэг, хоёр саналыг хэлж эсвэл зарчмуудаар шүлэг бүрийг дүгнэн хэлж болно. Ангийн гишүүдэд өөрсдийн залбирлын талаар бодож, залбирлаа илүү утга учиртай болгохын тулд хэрхэн Жаредын ахын жишээг дагаж болох талаар бодох цөөн хором өгөхийг бодож үз.

  • Моронай Ифер 3 дээр Жаредын ахын илчлэлттэй холбоотой тохиолдлыг хуваалцсаны дараа Ифер 4 дээр Их Эзэнээс хэрхэн илчлэлт хүлээн авч чадах талаарх зөвлөгөөг бидэнд өгсөн юм. Энэ зөвлөгөөнөөс суралцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд, та Есүс Христийн зургийг үзүүлээд, ангийн гишүүдийг Ифер 4:8–10 дээрээс Их Эзэнээс илчлэлт, үнэнийг хүлээн авахад бидэнд саад болох зүйлсийг эрж олоход урь. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед та Есүс Христийн зургийг даавуу юм уу цаасаар аажуухан бүтээ. Бид амьдралдаа эдгээр сүнслэг саад тотгороос хэрхэн зайлсхийх вэ? Дараа нь ангийн гишүүд Ифер 4:7, 11–15-аас бид хэрхэн Их Эзэнээс үнэнийг хүлээн авахад тэнцэхүйц болж чадахыг олж мэдэж болно. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлсээ хуваалцах үед зургийг халхалсан даавуу, цаасыг холдуул. “Жаредын ахын үйлдсэн лугаа адил Их Эзэнд итгэх итгэлээ хэрэглэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Ифер 4:7; Ифер 3:1–9-ийг үзнэ үү). “Үл итгэх байдлын гивлүүрийг тас татах” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Ифер 4:15). Бид бусдад эдгээрийг хийхэд нь хэрхэн туслах вэ? Ангийн гишүүд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт” (Ensign, May 2018, 93–96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120) гэдэг захиасаас хувийн илчлэлтийн талаарх үнэнүүдийг олж мэдэж болно.

Ифер 2:14–15

Их Эзэн зэмлэлээрээ дамжуулан биднийг наманчилж, Өөрт нь ирэхэд урьдаг.

  • Бүр агуу бошиглогч Жаредын ах хүртэл Их Эзэний зэмлэлийг хүлээн авсан. Үнэндээ, түүнийг агуу болгосон зүйлийн нэг хэсэг бол түүний зэмлэлд хандсан хандлага байсан юм. Ангийн гишүүдэд Жаредын ахын жишээнээс суралцахад нь туслахын тулд та тэднийг хоёр хоёроороо Ифер 2:14–15-ыг уншихад урь. Тэгээд тэдний нэгийг Жаредын ахын, нөгөөг нь Сүмийн удирдагч эсвэл эцэг эхээс зэмлэл хүлээн авсан хэн нэгний дүрийг үзүүлэхийг хүс. Жаредын ах өөрийн туршлага дээр үндэслэн энэ хүнд туслахын тулд юу гэж хэлж болох талаар ярилц эсвэл дүрд жүжигчлэн тоглуул. Тэр ямар зөвлөгөө өгч болох вэ? Биднийг Тэнгэрлэг Эцэгтэй ойртуулахад туслах ямар сургамжийг бид ойлгож авах вэ? Та түүнчлэн Их Эзэний зэмлэл болон Жаредын ахын хариу хандлага нь Ифер 3:1–20 дээр түүнд тохиолдсон зүйлд хэрхэн бэлтгэсэн байж болох талаар ярилцаж болно. Дараах эх сурвалжууд бас тустай байх болно. Үүнд: Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Би хайртай тэднээ буруутгаж, зэмлэдэг” гэдэг захиас (Ensign, May 2011, 97–100 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган,) эсвэл ахлагч Линн Г.Роббинсын “Зөв шударга шүүгч” (Ensign, Nov. 2016, 96–97 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89–92) гэдэг захиасын “Сахилга бат” гэсэн хэсэг.

Ифер 5

Гурван гэрч Мормоны Ном үнэн гэдгийг гэрчилдэг.

  • Гурван гэрчийн талаарх Моронайн бошиглолыг илүү их ойлгож мэдэх нь ангийн гишүүдийн Мормоны Номын талаарх гэрчлэлийг батжуулахад тустай. Ангийн нэг хэсэг нь Ифер 5-ыг, нөгөө хэсэг нь “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг (Мормоны Номын эхэнд байгаа) уншаад, Гурван гэрчид тэнгэр элч болон ялтаснуудыг харах зөвшөөрөл олгох болсон Их Эзэний зорилго юу байсан гэж бодож байгаа талаараа нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Тэд түүнчлэн олон янзын гэрчүүдээр үнэнийг баталдаг бусад жишээг авч үзэн ярилцаж болох юм (Жишээлбэл, Матай 3:13–17; 18:15–16; Иохан 5:31–47; С ба Г 128:3-ыг үзнэ үү). Бидний амьдрал дахь ямар гэрчүүд биднийг итгэхэд сүнслэгээр нөлөөлсөн бэ? “Бурханы хүч болон түүний үгс” хэрхэн бидэнд Мормоны Номоор “үзүүлэгддэг” вэ? (Ифер 5:4).

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг тэдний улс төрийн удирдагчид байнга нэг нэгнээ баривчилж, алж хядаж байна гэж төсөөлөхөд урь. Ифер 6–11-ээс тэд Жаредын ахад болон түүний дүүгийн үр удамд энэ нь хэрхэн тохиолдсон талаар унших болно. Тэд түүнчлэн жаредчуудад нүүрлэсэн асуудлуудаас зайлсхийхэд туслах зарим сэрэмжлүүлгийг олох болно.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Залбирлын хариуг таних нь.

Ахлагч Ричард Г.Скотт ийн заажээ.

“Биднийг ямар нэг асуудал болон санал болгох шийдлийг тайлбарлах үед Тэрээр зарим тохиолдолд тийм, зарим тохиолдолд үгүй гэж хариулдаг. Тэрээр хариу өгөхөөс олонтоо азнадаг бөгөөд энэ нь бидэнд санаа тавьдаггүйдээ биш харин биднийг төгс хайрладаг учраас юм. Тэрээр өгсөн үнэнийг нь хэрэгжүүлээсэй хэмээн биднээс хүсдэг. Өсөж хөгжихийн тулд бид зөв сонголт хийж чадна гэдэгтээ итгэх ёстой. Бид зөв гэж мэдэрсэн зүйлээ хийх хэрэгтэй. Цаг нь ирэхээр Тэр хариулах болно. Тэрбээр биднийг орхихгүй. …

… Тэр биднийг хэрэгцээтэй туршлагаа олж аваасай гэж хүсдэг:

Түүний тийм гэдэг хариулт бидэнд итгэл найдвар өгдөг.

Тэрээр үгүй гэж хариулбал энэ нь алдаанаас сэрэмжлүүлж байна гэсэн үг.

Хэрэв Тэр хариулахгүй байвал бид Түүнд итгэх итгэлээрээ дамжуулан өсөж хөгжин, Түүний зарлигуудад дуулгавартай байх, үнэн дээр үйлдэх хүсэлтэй байхыг сануулж байна гэсэн үг. Аливаа урьдчилсан баталгаагүйгээр Түүний сургаалуудтай нийцсэн шийдвэрийн дагуу үйлдсэнээр хариуцлагыг өөртөө авахыг Тэр биднээс хүсэн хүлээдэг. Бид Их Эзэнийг хариулахгүй байна хэмээн гомдоллон дургүйцэлгүй мөн идэвхгүй хүлээн сууж болохгүй. Бид үйлдэх хэрэгтэй” (“Learning to Recognize Answers to Prayer,” Ensign, Nov. 1989, 31–32).

Заах чадвараа сайжруулах

Эхлээд судруудад ханд. Таныг судлах, бэлтгэх үед судрууд хамгийн анхны эх сурвалж тань байх ёстой. Орчин үеийн бошиглогчдын үгс жишиг бүтээлүүдийг баяжуулдаг бөгөөд тэдгээр нь судар гэдгийг битгий мартаарай (Аврагчийн арга барилаар заах нь, 17–18-ыг үзнэ үү).