Ирээд, Намайг дага
12-р сарын 7–13. Моронай 7–9: “Христ чамайг өргөг”


“12-р сарын 7–13. Моронай 7–9: ‘Христ чамайг өргөг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 7–13. Моронай 7–9,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Минэрва K.Тэйчэрт (1888–1976), Моронай: Сүүлчийн нифай үндэстэн, 1949–1951, хавтан дээр тосон будгаар, 88x119 см. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

12-р сарын 7–13

Moронай 7–9

“Христ чамайг өргөг”

Таны зорилго бол зөвхөн хичээл заах биш, харин хүмүүсийг Бурханд ойртож очиход нь туслах явдал юм. Ангийн гишүүдийнхээ талаар бодон, тэдэнд туслах зарчмуудыг олж мэдэхийн тулд Моронай 7–9-ийг уншиж, Ням гаргийн хичээлдээ бэлд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүн бүрийг Моронай 7, 8 эсвэл 9-р бүлгийг эргэн хараад, өөрт нь утга учиртай нэг үнэнийг олоход урь. Дараа нь ангийн гишүүд олсон үнэнээ мөн энэ нь тэднийг хэрхэн адисалсан талаар хуваалцаж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Моронай 7:3–19

“Бурханых болох тэр нь үргэлж сайныг үйлдэхэд урьж мөн татдаг.”

  • Есүс Христийн дагалдагч байхын тулд бид сайн, хилэнц хоёрыг ялган шүүж чаддаг байх ёстой. Моронай 7:3–19 дээрх үнэний талаар ярилцах нь ангийн гишүүдэд “буруугаар” (Моронай 7:18) дүгнэхээс зайлсхийхэд нь тусалж болох юм. Ярилцлагад бэлтгэхийн тулд, ангийн нэг хэсэг нь юу Бурханаас ирдгийг, нөгөө хэсэг нь юу чөтгөрөөс ирдгийг хэрхэн олж тогтоох тухай Мормоны өгсөн зөвлөгөөг эдгээр шүлгээс хайж олж болох юм. Тэгээд тэд олж мэдсэн зүйлээ ярилцаж, тэднийг “сайныг үйлдэхэд, Бурханыг хайрлахад мөн түүнд үйлчлэхэд” (Моронай 7:13) урьдаг зүйлсийн жишээг хуваалцаж болно. Бид өдөр тутам шийдвэр гаргахдаа Мормоны зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Бид хэрхэн зөв шударга сонголтуудыг хийх явцдаа өөрсдийн эргэн тойронд байгаа сайн мэдээний дагуу амьдардаггүй хүмүүст хайраа үзүүлэх вэ?

  • Олон хүн “Надад ирж байгаа өдөөлт Бурханаас уу эсвэл миний өөрийн бодол уу гэдгийг би яаж мэдэх вэ? гэж гайхширдаг. Та энэ асуултыг самбарт бичээд, ангийн гишүүдийг энэ асуултад хариулахад туслах зарчмуудыг Моронай 7:13–16-аас хайж олоход урьж болно. Эдгээр шүлэг тэнгэрлэг удирдамжийг ялган танихад бидэнд хэрхэн тусалж магадгүй вэ? “Христийн Сүнс” буюу Христийн гэрлийг заримдаа бидний ухамсар гэж нэрлэдэг гэдгийг тайлбарлах нь тустай байж болох юм. “Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн мэдэгдэл мөн тустай байж болно.

Moронай 7:21–48

Есүс Христийг дагагчид итгэл, найдвар, энэрлийг эрэлхийлдэг.

  • Ангийн гишүүдэд итгэл, найдвар, энэрлийн хоорондох холбоог илүү сайн ойлгоход нь туслахын тулд та гурван хөлтэй сандлыг (эсвэл зургийг нь) харуулаад, итгэл, найдвар, энэрэл гурав хэрхэн энэ гурван хөл шиг байдаг талаар бодохыг ангийн гишүүдээс хүсэж болно (“Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн үгийг үзнэ үү). Дараа нь та тэдэнд эдгээр чанараас нэгийг сонгож, Мормон энэ талаар юу заасныг Моронай 7:21–48-аас олж мэдэхэд урьж болно. Дараахтай адил асуултуудыг ярилц. Энэрлийн бэлгийг хүлээн авахын тулд бидэнд яагаад итгэл, найдвар хэрэгтэй байдаг вэ? Эдгээр чанар болгон биднийг Есүс Христтэй хэрхэн холбодог вэ? Есүс Христийн шавьд эдгээр чанар яагаад зайлшгүй чухал вэ? Хэрвээ итгэл, найдвар эсвэл энэрлээ алдвал бидэнд юу тохиолдох вэ? Ангийн гишүүдэд өөрсдийн бодлыг бичих хэдэн минут гаргаж өг.

Моронай 8:4–21

Зөв сургаалыг ойлгох нь бидэнд зөв сонголт хийхэд тусалдаг.

  • Ангийнхан тань нялх хүүхдүүдэд баптисм хүртээх нь яагаад буруу талаар ярилцах шаардлагагүй байж магадгүй ч энэ сэдвийн талаарх Мормоны үгс ерөнхийдөө буруу сургаал ямар аюултайг харахад нь тэдэнд тусална. Мормоны Ном хэрхэн “буруу сургаалуудыг [үгүйсгэдэг]” (2 Нифай 3:12) гэдгийг харуулахын тулд, та ангийн гишүүдийг хувь хувьдаа, эсвэл хэсэг хэсгээрээ Моронай 8:4–21-ийг уншихад урь. Тэдний хагас нь Есүс Христийн Цагаатгал (20-р шүлгийг үзнэ үү) мөн үүрэг хариуцлага (10-р шүлгийг үзнэ үү) гэх мэт хүмүүс ойлгоогүй гэж Мормоны бодож байсан сургаалыг хайж болно. Нөгөө хагас нь хүмүүсийн алдааны үр дагаврыг хайж болох юм. Бүлэг бүр олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Эдгээр шүлэг нь зөв сургаалыг ойлгож, түүний дагуу амьдрахын ач холбогдлын талаар бидэнд юу зааж байна вэ? Бид Христийн сургаалын зөв тайлбарыг хаанаас олж болох вэ? Сургаалын талаарх ойлголт маань зөв гэдгийг бид хэрхэн бататгаж болох вэ?

  • Хүмүүст зөв сургаалыг зааснаар илүү сайн сонголт хийхэд нь туслах Мормоны жишээг дагах нь танай ангийнханд тустай байж болох юм. Та судраас буруу сонголт хийсэн хэн нэгний тухай бодоход ангийн гишүүдийг урьснаар үүнийг хийж болно. Ямар сургаалын үнэн тэр хүнд уг буруу сонголтыг дахин хийхээс зайлсхийхэд туслах вэ? Сүүлийн үеийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс эсвэл судраас уг хүнд сургаалын үнэнийг ойлгоход нь туслах зүйлийг олох цөөн хормыг ангийнханд өг. Дараа нь та олж мэдсэн зүйлээ хуваалцахыг ангийнхнаас хүс.

Moронай 9:25–26

Бид өөрсдийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Христэд найдаж чадна.

  • Моронай 9:25–26 дээр Мормоны хүүдээ өгсөн, хамгийн сүүлд цэдэглэгдсэн захиас нь ангийн гишүүдэд бүр найдваргүй мэт санагдах нөхцөл байдалд ч Христ дотор найдвар олоход тусалж чадна. Та Моронайн гутарсан байж болох шалтгаануудыг хуваалцахыг ангийн гишүүдээс хүссэнээр эхэлж болох юм. Дараа нь тэд эдгээр шүлгийг уншин, Мормоны Моронайд анхаарлаа төвлөрүүлэхийг урамшуулсан үнэнийг самбар дээр жагсаан бичиж болно. Яг энэ үнэн өнөө үед хэрхэн “[биднийг] өргөж” чадах вэ? Ангийн гишүүд өөрсдийн гэрчилсэн, Бурханы “нигүүлсэл бөгөөд тэвчээрийн” жишээнүүдийг түүнчлэн хуваалцаж болно. Эсвэл тэд Аврагч болон Түүний сайн мэдээг “[өөрсдийн] оюунд үүрд” (25-р шүлэг) хадгалахад нь нэг нэгэндээ туслах санаануудыг хуваалцаж болох юм.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг Моронай 10-ыг уншихад урамшуулахын тулд, энэ нь тэдэнд энэ жил Мормоны Номыг судалж байхдаа үүний үнэний талаар шинэчлэгдсэн гэрчлэлийг хэрхэн авсан тухайгаа бодоход тохиромжтой цаг байж магадгүйг хэл.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Энэ нь Сүнснээс ирдэг үү?

“Бид Сүнсний өдөөлтийг хэрхэн ялгаж таних вэ?” гэдэг асуултад хариулахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Моронай 7:13-ыг эш татан, “Би үнэндээ [үүнийг] тийм ч хэцүү гэж бодохгүй байна. … Энэ нь хүнийг сайныг үйлдэж, өсөж өндийхөд болон өндөрт зогсон, зөв зүйлийг хийхэд мөн найрсаг, өгөөмөр өглөгч байхад ятгаж байна уу? Тэгвэл энэ нь Бурханы Сүнснээс ирж байгаа юм” гэж хэлсэн (Teachings of Gordon B. Hinckley [1997], 260–261).

Итгэл, найдвар, энэрэл

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф итгэл, найдвар болон энэрлийг гурван хөлтэй сандалтай харьцуулж, эдгээр гурван эрхэм чанар нь “бидэнд тулгардаг бэрхшээл саадаас үл хамааран бидний амьдралыг тэнцвэртэй байлгадаг. …

Итгэл, найдвар, энэрэл гурав бие биенээ тулан дэмжиж, нэг нь өсөн нэмэгдэхэд нөгөө нь бас өсөн нэмэгддэг. Найдвар нь итгэлээс төрдөг бөгөөд итгэлгүйгээр найдвар гэж үгүй. Яг ийм байдлаар итгэл нь найдвараас төрдөг, учир нь итгэл бол “найддаг зүйлсийн бодит байдал” юм.

Найдвар бол итгэл, энэрэл хоёрын аль алиных нь хувьд шийдвэрлэгч үүрэгтэй. Дуулгаваргүй байх, санаа сэтгэлээр унах, хойш тавих зэрэг нь итгэлийг сулруулдаг бол найдвар нь итгэлийг дээш өргөдөг. Сэтгэл гонсойн гутрах болон тэвчээр дутагдах нь энэрлийг боогдуулдаг бол найдвар бидний шийдвэр төгс байдлыг бэхжүүлж, харин шан харамжгүйгээр нөхдөдөө анхаарал халамж тавихад өдөөдөг. Бидний найдвар илүү гэрэл гэгээтэй байх юм бол итгэл илүү их байна. Найдвар маань илүү хүчтэй байх тусам энэрэл төдий чинээ цэвэр ариун байх болно” гэж тайлбарласан (“The Infinite Power of Hope,” Ensign, Nov. 2008, 21, 23–24 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25–28).

“Христийн цэвэр хайр.”

Ахлагч Жэффри Р.Холланд “Христийн цэвэр хайр” гэдэг үгсийн боломжит хоёр утгыг санал болгосон байдаг.

“Үүний нэг утга нь Христийн шавь нарын нэг нэгэндээ үзүүлэх ёстой нигүүлсэнгүй, өршөөнгүй хайр юм.

[Өөр нэг утга нь] Христийн бидний төлөөх цуцашгүй, хязгааргүй, цагаатгагч хайр юм. … Энэ нь энэрэл буюу Түүний бидний төлөөх цэвэр ариун хайр бөгөөд үүнгүйгээр бид хэн ч биш” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 336).

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдад сүнслэг байдлын хувьд бие даах чадварыг хөгжүүлэхэд нь тусал. “Та заах үедээ зөвхөн мэдээллийг өгөх төдийгүй [ангийн гишүүдэд] сайн мэдээний үнэнүүдийг өөрсдөө олж мэдэхэд тусал. … Тэдэнд асуулт байвал заримдаа шууд хариулахын оронд хариултаа хэрхэн өөрөө олж болохыг зааж өгөх нь зүйтэй” (Аврагчийн арга барилаар заах нь, 28). Жишээлбэл, та янз бүрийн сэдвээр холбогдох тайлбарыг өгдөг Судруудын удирдамж гэх мэт эх сурвалжууд руу гишүүдийг хандуулж болно.