Номын сан
Өнгөрсөн үеийг ойлгохыг хичээ


“Өнгөрсөн үеийг ойлгохыг хичээ,” Сэдэв ба асуулт (2023)

Зураг
Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн хамтдаа суралцаж байгаа нь

Асуултынхаа хариултыг эрэлхийлэх

Өнгөрсөн үеийг ойлгохыг хичээ

Сүмийн түүхийг судлах нь Бурхан хүүхдүүдийнхээ амьдралд хэрхэн оролцдогийг олж харахад бидэнд тусалдаг. Уг түүх өмнөх үеийн хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэл, зориг, сайн сайхнаар дүүрэн. Заримдаа энэ нь хүмүүний сул дорой байдлыг илчилж, Есүс Христийг дагахыг хичээхэд бид бүхэнд тулгардаг зовлон бэрхшээлийг харуулдаг. Сүмийн түүх нарийн төвөгтэйг аль эсвэл өмнө нь бидний хүлээлттэй нийцэхгүй ямар нэгэн зүйл болж байсан талаар олж мэдэх нь бидний итгэлийг сорьж магадгүй.

Бидний хүн нэг бүр түүхийн талаарх шинэ мэдээллийг өөр өөрөөр хүлээн авдаг. Нэг хүний сэтгэлийг гонсойлгох асуулт нөгөөхөд нь эрч хүч өгч болох юм. Бид бүгд ойлгохыг эрэлхийлэхдээ өөр өөр таамаглал, хүлээлт, амьдралын туршлага, мэдлэгээ авчирдаг. Түүхийг судлахдаа дараах зарчмуудыг баримтлах нь өнгөрсөн үеийг илүү тодорхой, эергээр харахад тусална. Үүнд:

  • Бидний мэдлэг бүрэн биш гэдгийг хүлээн зөвшөөр. Түүх бол бүрэн бус эх сурвалжид тулгуурлан гаргасан өнгөрсөн үеийн тайлбар юм. Өнгөрсөн үеийн талаар итгэлтэйгээр хэлж болох олон зүйл бий. Гэхдээ бидний мэдэхгүй олон зүйл ч бас бий. Мөн бидэнд байгаа мэдээлэл дээр үндэслэн бараг үргэлж нэгээс илүү олон тайлбар өгөх боломжтой. Бид бүхнийг мэддэг гэж бодолгүй даруу байх үедээ нэмэлт эх сурвалж гарч ирэх бүрд шинэ тайлбар хүлээн авахад илүү нээлттэй байна. Заримдаа чухал санагдсан асуултуудад ч тодорхой, баттай хариулт авалгүй амьдрах хэрэгтэй гэдгийг санаарай.

  • Өөрчлөгдөнө гэдэгт итгэ. Өнгөрсөн үеийг судлахдаа бидний өөрчлөгдөхгүй гэж бодсон зан үйл, сургаал, санаанууд үнэндээ нэлээн өөрчлөгдсөнийг олж хардаг. Сайн мэдээний үндсэн зарчмууд мөнхийн боловч цаг хугацааны явцад ойлгох, илэрхийлэх арга замууд нь илчлэлийн мөн чанарыг мөн хүмүүний соёлын байнгын өөрчлөлтийг тусгасан байдаг. Үргэлжлэн ирсээр байгаа илчлэлийн зарчим нь эдгээр өөрчлөлтийн учрыг ойлгоход бидэнд тусалдаг. Өөрчлөгдсөн олон зүйлийн талаар илүү ихийг мэдэх нь өөрчлөгдөлгүй үлдсэн зүйлсийг ялган харахад хялбар болгодог гэдгийг та олж мэднэ.

  • Аливаа зүйлийн нөхцөл байдлыг ойлго. Нэгэн хүний хэлснээр, “Өнгөрсөн цаг үе бол яг гадаад улс оронтой адилхан юм. Тэнд аливаа зүйлийг өөрөөр хийдэг.” 1Өнгөрсөн үеийн хүмүүс ертөнцийн талаар биднээс өөр төсөөлөлтэй байсан. Тэд өөрсдийн туршлагыг өөр өөр дүрслэл, үг хэллэгээр илэрхийлсэн байдаг. Хэрэв бид өнгөрсөн үеийн хүмүүсийн үг хэл, үйлдлийг илүү сайн ойлгохыг хүсэж байвал тухайн үйл явдал болсон соёл, нөхцөл байдлыг ч бас ойлгох хэрэгтэй. Энэ нь бид өнгөрсөн цаг үеийн соёлтой холбоотой зүйлсээс татгалзаж болохгүй гэсэн үг биш юм. Үнэн хэрэгтээ сайн мэдээ өнгөрсөн үеийн зарим зүйлээс татгалзахыг шаарддаг. Түүхэн нөхцөл байдлыг ойлгох нь өнгөрсөн цаг үед амьдарч байсан хүмүүсийг өнөөгийн үзэл бодлоор харалгүй, илүү сайн ойлгоход тусалдаг.

  • Хүн алдаа гаргадаг гэдгийг сана. Бид Сүмийн түүхэн үйл явдлын талаар ярихдаа баатарлаг үйлс, аз жаргалтай төгсгөлд нь л анхаардаг. Хүмүүсийн хамгийн сайн сайхан байсан цаг үеийг дурсах сайхан. Гэвч бид өнгөрсөн үеийн хожмын үеийн гэгээнтнүүд, тэр дундаа Сүмийн эхэн үеийн удирдагчид энгийн хүмүүс байсан гэдгийг заримдаа мартдаг. Хүмүүст сул тал бий. Тэд алдаа гаргадаг, нүгэл үйлддэг. Бурхан Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд төгс бус хүмүүсийг ашигладаг гэдгийг мартаж болохгүй. Бид тэдний оруулсан хувь нэмрээс гадна алдаанаас нь суралцах боломжтой. Сүмийн түүхэн дэх асуудалтай үйл явдлыг үнэн бодитоор авч үзэх нь зөв хэдий ч сайн, сайхан бүхнийг олж харах чадваргүй болтлоо тэдгээрт хэт анхаарах хэрэггүй.

  • Сэжигтэй тайлбараас болгоомжил. Өнгөрсөн үйл явдлын бүх тайлбар үндэслэлтэй гэсэн үг биш. Хүмүүс үнэн зөв, найдвартай, шударга байдлын жишгийг хангаагүй эерэг, сөрөг гээд Сүмийн түүхийн талаар олон мэдэгдэл гаргадаг. Ялангуяа хэн ч ганц товчлуур дараад л үзэл бодлоо олонд илэрхийлэх боломжтой болсон энэ цаг үед ингэх нь элбэг. Их Эзэн бидэнд “мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийл[эхийг]”2 зааварчилсан. Сүмийн түүхийг судалж буй хүний хувьд та эрдэм шинжилгээний арга хэрэгсэл болон Ариун Сүнсний бэлгийн аль алиныг ашиглаж болно.

Чухал судар:1 Нифай 11:17; Сургаал ба Гэрээ 88:118