Институт
13-р хичээл: Есүс Христийн сайн мэдээг заах нь (1-р хэсэг)


13

Есүс Христийн сайн мэдээг заах нь (1-р хэсэг)

Оршил

Есүс Христийн сайн мэдээнд хүн төрөлхтөн Бурханы оршихуй руу буцаж очин, селестиел хаант улсад өргөмжлөгдөхөд шаардагдах мөнхийн сургаал, зарчим, хууль, гэрээ, ёслолууд орсон байдаг. Сайн мэдээний анхдагч зарчим ба ёслолууд нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулах баптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг юм. Ирээдүйн номлогчид сонирхогчдыг баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авахаас нь өмнө Есүс Христэд итгэж, нүглээ наманчлахад туслахад өөрсдийгөө бэлдсэн байх ёстой.

Нэмэлт бэлтгэл

  • Мозая 3:19; 4:1–3; 5:2 болон Алма 36-г судал.

  • Миний сайн мэдээг номло, 66–70-р хуудсыг судал.

  • Залуу Алмагийн хөрвөлт (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 77) зургийг эсвэл үүнтэй төстэй зураг үзүүл.

  • LDS.org дээрх “Jesus Christ Is the Way” (5:02) видео бичлэгийг үзүүлэхэд бэлд.

  • Наманчлалын тухай заах санаатай хамт ашиглахаар хичээлийн төгсгөлд байх “Наманчлал” гэсэн тараах материалын хувийг хэвлэж бэлд (заавал биш).

Заах зөвлөмж

Бид Христээр дамжин нүглээс цэвэршигдэж чадна

Суралцагчдад хичээлээс суралцахад бэлдэхэд нь туслахын тулд хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич:

Дэлхийн зөв, буруугийн жишиг Тэнгэрлэг Эцэгийн жишгээс юугаараа ялгаатай байдаг вэ?

Хичээл эхэлсний дараа хэдэн суралцагчийг самбар дээрх асуултад хариулахад урь. Хэдэн суралцагчийг хариулсны дараа нэг суралцагчийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 67-р хуудсан дээрх “Нүгэл” гарчигтай хайрцгийг чанга уншихад урь. Дараа нь дараах асуултыг тавь:

  • Яагаад сонирхогч нь Есүс Христийн сайн мэдээний тухай суралцахаасаа өмнө нүгэл гэж юу болох мөн үүний үр дагаврууд ямар байдаг талаар ойлгох нь чухал вэ?

Дараах асуултыг самбар дээр бичээд, суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 66–67-р хуудсан дээрх “Бид Христээр дамжин нүглээс цэвэршиж чадна” хэсгийг судлах явцдаа хариултыг олоход урь.

Энэ хэсэгт заасан ямар үнэнүүд сонирхогчдод Есүс Христэд ойртох хүсэлтэй болоход туслах вэ?

Суралцагчдад унших хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тэдний хариултуудад дараах үнэнүүд орсон байж болно. Үүнд:

  • Бурхан бидэнд нас барсныхаа дараа Түүний оршихуйд амьдрахаар буцаж ирэх боломжийг өгөхийн тулд Өөрийн Хайрт хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн.

  • Бид зөвхөн Аврагчийн ач ивээл, нигүүлслээр дамжуулан нүглээсээ цэвэршигдэж чадна.

  • Eсүс Христийн Цагаатгал ба амилалтаар дамжуулан бүх хүн төрөлхтөн шүүгдэхийн тулд Их Эзэний оршихуйд буцаан аваачигдана.

  • Ямар ч цэвэр бус зүйл Бурханы оршихуйд амьдарч чадахгүй.

  • Есүс Христ нүглүүдийн маань төлөөсийг төлөхөөр бидний төлөө зовж шаналсан.

  • Бид Есүс Христийг хүлээн авч, наманчлан, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах үед Тэрээр нүглүүдийг маань уучилдаг.

Дараа нь суралцагчдад саяхан уншсан догол мөрүүдэд эсвэл тэдний олж тогтоосон зарчмуудын нэгийг харуулсан 67-р хуудсан дээрх Судар судлах хайрцагт жагсаасан судрын хэсгүүдийг судлах эсвэл тэмдэглэж авах хэдэн минут гаргаж өг. Ангийн хэсэг суралцагчаас судрын хэсгүүдээ саяхан уншсан догол мөрүүдээс, харин үлдсэн хэсэг суралцагчаас судар судлах хайрцаг дотроос сонгоход урих талаар бодож үз. Нүглийн үр дагаврыг даван гарахад Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн бидэнд туслах гэж хийсэн бүх зүйлийг ойлгож, талархахад нь сонирхогчдод туслахын тулд эдгээр судрын хэсгээс нэг эсвэл түүнээс олныг хэрхэн ашиглах тухай тайлбарлахаар бэлдэхийг суралцагчдаас хүс. Хэдэн минутын дараа цөөн суралцагчийг сурсан зүйлээ тайлбарлахад урь.

Есүс Христэд итгэх итгэл

Миний сайн мэдээг номло” гарын авлагын 1-р хуудсан дээрх “Таны зорилго” гарчигтай хайрцган доторх номлогчийн зорилгыг суралцагчидтай хамт унш. Дараа нь дараах асуултыг тавь:

  • (1) Хэн нэгэнд “Христэд ирэхэд” мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдөхөд нь туслах, (2) зүгээр л хэн нэгэнд Сүмийн гишүүн болоход нь туслах хоёр юугаараа ялгаатай вэ?

  • Яагаад номлогчдын хувьд Сүмийн гишүүн болоход нь хүмүүст туслахаасаа Сүмд ирэхэд туслах нь илүү чухал вэ?

Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 68-р хуудсан дээрх “Есүс Христэд итгэх итгэл” гарчигтай хэсгийн эхний догол мөрийг судлахад урь. Суралцагчдыг судалж байх хооронд Есүс Христэд итгэх итгэл хүмүүст Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдөхөд тусалж болох арга замуудыг олж мэдэхэд урь. Дараа нь асуу:

  • Таны уншсан зүйл дээр үндэслэхэд, Есүс Христэд итгэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Есүс Христэд итгэх итгэл хэн нэгнийг Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдөхөд хэрхэн хөтөлдөг вэ?

Самбар дээр бич: Есүс Христэд итгэх итгэл үйлдэхэд хүргэдэг. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 68-р хуудсан дээрх “Есүс Христэд итгэх итгэл” хэсгийг дуустал уншихад урь. Тэднийг уншиж байх хооронд хувь хүний Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг харуулах зарим үйлдлийг тэмдэглэхэд урь. Хэдэн минутын дараа асуу:

  • Сонирхогчийн ямар ямар үйлдэл түүнийг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж байгааг харуулах вэ? (Хариултад наманчлах, Аврагчийн тухай мөн Түүнтэй адил болох талаар судлах, зарлигуудыг дагах, нүглээс зайлсхийх, уруу таталтыг ялан гарах хүч чадлын төлөө залбирах, Бурханы үгээс суралцах, сайн мэдээний зарчмуудыг дагана гэсэн амлалтаа сахих зэрэг зүйл орсон байж болно.)

  • Таны уншсан зүйл дээр үндэслэхэд, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үед Тэрээр өдөр тутмын амьдралд маань биднийг хэрхэн адисалдаг вэ? (Хариултад дараах зүйл орсон байж болно. Тухайлбал: Тэрээр бидэнд амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван гарах хүч чадлыг өгдөг; бидэнд зүрх сэтгэлийнхээ хүслийг өөрчлөхөд тусалдаг; биднийг бие махбодын болон сүнсний хувьд эдгээдэг гэх мэт.)

Суралцагчдыг дараах асуултуудын хариултыг судлах тэмдэглэл дээрээ бичихэд урь. Үүнд:

  • Таны Есүс Христэд итгэх итгэл хэрхэн танд энэ хэсэгт дурдагдсан арга замаар үйлдэх сэдлийг төрүүлж байсан бэ?

  • Та Есүс Христэд итгэх итгэлээ илүү их харуулахын тулд өөр юу хийж болох вэ?

Суралцагчдыг хос хосоор эсвэл хамтрагчид болгон хуваарил. Хосуудыг Есүс Христэд итгэх итгэлийн тухай хоёроос гурван минутын хичээл бэлдэхэд урь. Суралцагчдыг бэлтгэж байхдаа Миний сайн мэдээг номло гарын авлагын 68-р хуудсан дээрх материалыг, тухайлбал Судар судлах хайрцган доторх нэг юм уу хоёр судрыг ашиглахад урь. Суралцагчид мөн Есүс Христийн сайн мэдээ гарчигтай номлогчид зориулсан товхимлыг ашиглаж болно. Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа хосуудыг дөрвөн суралцагчтай бүлэг болгон хуваарил (бүлэг бүрд хоёр хос). Нэг хосод нөгөө хосдоо заах даалгавар өг. Тэдэнд өөрийн үгээр, энгийн бөгөөд тодорхой зааж байх хэрэгтэй гэдгийг тайлбарла.

Зааж дууссаныхаа дараа жижиг бүлэг дотроо юу сайн байсан, юуг заахад хэцүү мөн яагаад заахад хэцүү байсан, түүнчлэн тэдний заасан хичээл хэрхэн заалгаж буй талд Есүс Христэд итгэх итгэлтэй байхын ач холбогдлыг ойлгоход тусалсан талаар ярилцахад урь.

Дараа нь дүрээ солиод, нөгөө хосдоо заах боломж олго. Тэдэнд санал зөвлөгөө хүлээн авах цаг гаргаж өг.

Энэхүү дадлага хийх үйл ажиллагааны дараа суралцагчдаас тэдэнд ямар асуулт байгаа эсвэл ямар ойлголт олж авсан талаар асуу. Хэрэв суралцагчид хариулахгүй бол та тэднээс “Та нарт хүмүүсээс сонссон зүйлээс юу нь таалагдсан бэ?” гэж асууж болно. Суралцагчдын дундаас Есүс Христэд итгэх итгэлтэй байснаар адислагдаж байсан бодит туршлагаасаа ангийнхантай хуваалцах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуу.

Наманчлал

Алма ба Мозаягийн хөвгүүд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 77-г үзнэ үү) зургийг үзүүлээд, нэг суралцагчийг Залуу Алмагийн хөрвөлтийн түүхийг товч ярихад урь (Алма 36:6–24-ийг үзнэ үү). Дараа нь хэдэн суралцагчийг Алма 36:13, 17–21 болон 23–25-ыг ээлжлэн чанга уншихад урь.

Зураг
Алматай болон Мозаягийн хөвгүүдтэй хамт буй тэнгэр элч

Дараа нь асуу:

  • Алма Есүс Христэд итгэдгээ хэрхэн харуулсан бэ?

  • Алма итгэлээ нотлон харуулсны үр дүнд юу болсон бэ?

  • Алмагийн чин сэтгэлийн наманчлалын үр дүн юу байсан бэ?

Суралцагчдад наманчлалын талаар нэг өгүүлбэрт багтсан тодорхойлолтыг судлах тэмдэглэлдээ бичих нэг минут өг. Цөөн суралцагчийг ангийнханд өгүүлбэрээ уншиж өгөхөд урь. Наманчлалын энгийн тодорхойлолтыг оюун санаандаа бат бөх суулгахад суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ахын хэлсэн үгээс авсан дараах эшлэлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Бид нүгэл үйлдсэн үед Бурханаас нүүр буруулдаг. Харин нүглээ наманчилсан үед Бурхан руу эргэдэг. …

“… Наманчлал нь шударга бус явдал, бардамнал, уур хилэн, цэвэр бус бодол зэргээс татгалзаж, нинжин сэтгэл, аминч бус үзэл, тэвчээр, сүнслэг байдал руу эргэх эргэлт юм. Энэ бол Бурхан руу ‘дахин эргэх’ эргэлт мөн” (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, 2009 оны 11-р сар, 40-41 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–47).

  • Энэхүү энгийн тодорхойлолт нь хэрхэн танд наманчлалын утгыг тайлбарлахад тусалж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич: Наманчлал нь Бурхан руу дахин эргэх явдал юм.)

Суралцагчдад наманчлалын үйл явц, үр дагаврыг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднийг Мозая 3:19; 4:1–3; 5:2-ыг судлахад урь. Суралцагчдыг судалж байх хооронд наманчлах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тодорхойлж буй үг, хэллэгүүдийг олж тогтооход урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн суралцагчийг олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Дараа нь асуу:

  • Та эдгээр шүлгээс хаан Бенжамины хүмүүс нүглүүдээсээ өршөөгдөхийн тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн гэсэн ямар нотолгоог харж байна вэ?

Дараах хүснэгтийг багтаасан тараах материалыг тарааж өг эсвэл үүнийг самбар дээр зураад, суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ хуулж зурахад урь.

Зураг
“Наманчлал” тараах материал

Наманчлал гэж юу вэ?

Бид хэрхэн наманчилдаг вэ?

Наманчлалын үр жимс эсвэл нотолгоо юу вэ?

Бодол санаа, итгэл үнэмшил, зан байдлын өөрчлөлт



Харамсал эсвэл бурханлаг харууслыг мэдрэх



Христийн нигүүлслийг хүлээн авах



Суралцагчдаас Миний сайн мэдээг номло гарын авлагын 69-р хуудсан дээрх “Наманчлал” гарчигтай хэсгийг судлахыг хүс. Тэднийг унших хооронд Миний сайн мэдээг номло гарын авлага дээрх үг, хэллэг, өгүүлбэрийг ашиглан хүснэгтийг эсвэл тараах материал дээрх баганыг бөглөхөд урь. Суралцагчдад ашиглаж болох үг хэллэгийг олж мэдэхэд туслахын тулд багана бүрд жишээ өгөгдсөн байгаа. Тэднийг бөглөж дууссаны дараа хүснэгт нь дараахтай адил харагдаж болно:

Наманчлал гэж юу вэ?

Бид хэрхэн наманчилдаг вэ?

Наманчлалын үр жимс эсвэл нотолгоо юу вэ?

Бодол санаа, итгэл үнэмшил, зан байдлын өөрчлөлт

Өөрийгөө, Бурханыг болон дэлхийг шинэ нүдээр харах

Өөрсдийн амьдралыг Бурханы хүсэлтэй нийцүүлэх

Нүглийг орхин, дахин нүгэл үйлдэхгүй байх

Зөрчлөө үргэлж засаж залруулан, сайжрахыг хичээх

Харамсал эсвэл бурханлаг харууслыг мэдрэх

Буруу зүйлс хийхээ болих

Зөв зүйлсийг үргэлжлүүлэн хийх

Нүглүүдээ таньж мэдэх

Нүглүүдээ хүлээн зөвшөөрөх

Бурханаас өршөөл хүсэх

Үйлдлийнхээ хохирлыг засаж залруулах

Нүгэл үйлдэх бүхий л хүслийг эсэргүүцэх

Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлж, мэдлэгээ нэмэгдүүлж, үйлчлэх

Дуулгавартай байснаар Бурханд хайраа харуулах

Христийн нигүүлслийг хүлээн авах

Өөрийгөө болон ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөх

Бурхантай ямар харилцаа холбоотой болохоо ойлгох

Бурханыг дагах хүслээ илүү хүчтэй болгох

Бурханы өршөөлийг мэдрэх

Бурханы амар амгаланг мэдрэх

Харамсал, гашуудал арилан алга болох

Сүнсийг илүү агуу ихээр мэдрэх

Бурхантай болон Есүс Христтэй хамт амьдрахад өөрийгөө илүү сайн бэлтгэх

Есүстэй илүү адил болох

Баяр баясгаланг мэдрэх

Суралцагчдад хүснэгтээ бөглөж дуусгах хангалттай цаг гаргаж өгсний дараа, ангийн өөр нэг гишүүнтэй хүснэгтэндээ ашигласан үг, хэллэгийн талаар ярилцахад тэднийг урь. Суралцагчдын уншсан сургаал, зарчмуудын талаарх ойлголтыг илүү гүнзгийрүүлэхийн тулд ангийнхнаас дараах асуултуудаас заримыг эсвэл бүгдийг асуух талаар бодож үз. Тухайлбал:

  • Таны нэг ба хоёр дахь багананд олж тогтоосон зарчмууд сонирхогч үнэнээсээ наманчилж байгаа эсэхийг мэдэхэд хэрхэн туслах вэ?

  • Таны гурав дахь багананд бичсэн зүйл дээр үндэслэхэд, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авахаас гадна наманчлалын улмаас өөр ямар адислал ирдэг вэ?

  • Нэг дэх эсвэл гурав дахь багананд байгаа зүйлсийн талаар бодож үз. Хэрэв эдгээр зүйл үнэхээр болох ёстой юм бол бид яагаад Христэд итгэх ёстой юм бэ?

Суралцагчдыг хариулж байх хооронд номлогчид хүмүүст Есүс Христэд итгэх итгэлтэй болоход нь тусалж, наманчлах сэдэл төрүүлэхийн тулд сайн мэдээг заадаг гэдгийг онцолж болно. Есүс Христэд итгэх итгэл, наманчлал нь Цагаатгалын адислалуудыг хүлээн авах нөхцөлүүд юм. Наманчлал нь сонирхогчдод Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртоход туслах болно. Суралцагчдыг наманчлалын тухай заах дадлага хийхэд бэлтгэхийн тулд ангийнхантай дараах нөхцөл байдлыг хуваалц:

Та хамтрагчтайгаа хамт нэг өрөөнд амьдардаг хоёр хүнд гурван долоо хоног хичээл заажээ. Тэдний нэг нь маш сайн өсөж хөгжиж байв. Нөгөө нэг нь сонирхохоо больж, хичээл зааж эхлэхэд өрөөг орхин гардаг болжээ. Сонирхохоо больсон хүнээс асуух боломж танд гарч ирэх үед тэрээр өөрийгөө Бурханы хүслийн дагуу амьдрахгүй байгаа гэдгээ мэдэж байгаа ч бүхий л амьдралынхаа туршид ийнхүү амьдарсаар ирсэн мөн энэ нь түүний хэн болохыг тодорхойлдог гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрч, үүнийг яасан ч өөрчлөх боломжгүй гэж үзэж байгаагаа тайлбарлажээ.

Суралцагчдыг хос хосоор нь хуваарил. Хосуудад нөгөө хосдоо наманчлалын талаар гурваас дөрвөн минутын хичээл заахад хамтарч ажиллан бэлтгэх хангалттай цаг гаргаж өг. Суралцагчдыг дээрх нөхцөл байдалд өгүүлсэн, нэг өрөөнд хамт амьдардаг хоёр хүнд зааж буй жүжигчилсэн үзүүлбэрийг бэлтгэхэд урамшуулан дэмж. Тэдний заах хичээл энгийн, тодорхой байхаас гадна тухайн хоёр хүний хэрэгцээнд голлон анхаарсан байх ёстой гэдгийг тайлбарла. Тэд сонирхохоо больсон хүнд яагаад өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг мөн түүнд Аврагчийн тусламжтайгаар наманчлах боломжтой гэдгийг ухааран ойлгоход хэрхэн тусалж болох талаар бодож үзэх ёстой. Суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 69-р хуудсан дээрх материалыг эсвэл Есүс Христийн сайн мэдээ номлогчдод зориулсан товхимлыг ашиглахад урь. Тэднийг наманчлалын ач холбогдлыг харуулахын тулд нэг юм уу хоёр судрын хэсгийг эш татахад урамшуулан дэмж.

Суралцагчдыг нэг бүлэгт хоёр хос байх жижиг бүлгүүдэд хуваарил. Нэг хосод дээрх нөхцөл байдалд дүрслэгдсэн нэг өрөөнд хамт амьдардаг хоёр хүний дүрд тоглож байгаа нөгөө хосдоо заах даалгавар өг. Суралцагчид сонирхогчдын дүрд тоглохдоо, тулгарч болох асуудлуудыг чөлөөтэй илэрхийлж болох боловч зааж буй суралцагчдад хэт хиймэл эсвэл нөхөрсөг бус хандахгүй байх хэрэгтэйг тайлбарла.

Суралцагчдыг зааж дууссаны дараа бүлэг дотроо юу нь сайн байсан мөн багшилж буй тал юуг илүү сайн хийж болох байсан талаар ярилцахад урь.

Дараа нь заах дадлага хийх боломжийг нөгөө хосдоо олгохын тулд дүрүүдээ солиход суралцагчдыг урь. Тэдэнд саналаа хэлэх цаг гаргаж өгөхөд анхаар.

Жүжигчилсэн тоглолтын дараа суралцагчдаас энэхүү заах туршлагаас ямар асуулт эсвэл бодол санаа төрсөн болохыг асуу.

Бурханд эргэж хандах арга зам болдог наманчлалын үнэн хийгээд ач холбогдлыг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд “Jesus Christ Is the Way” (5:02) видео бичлэгийг үзүүл.

Видео бичлэгийг үзэж дууссаны дараа, дараах асуултуудыг тавь:

  • Та нар энэ эгч наманчлалаар дамжуулан жинхэнээсээ өөрчлөгдөж, Бурхан руу буцан эргэсэн гэдгийг харуулсан ямар нотолгоог уг видео бичлэгээс харсан бэ?

  • Сайн мэдээний захиас энэ эгчийг өөрчлөгдөж, Бурхан руу буцаж эргэхэд хэрхэн тусалж байгааг харах үед танд юу мэдрэгдсэн бэ?

Суралцагчдын дундаас итгэл, наманчлалын хүчний талаарх гэрчлэлээ мөн яагаад тэд сайн мэдээг хуваалцах хүсэлтэй байгааг хуваалцах хүн байгаа эсэхийг асуун, хичээлээ өндөрлө. Мөн төгсгөлд нь гэрчлэлээ хуваалц.

Үйлдэх урилга

Суралцагчдыг дараах санал болгосон үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл түүнээс олныг хийж гүйцэтгэснээр Есүс Христэд итгэлтэй байж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авснаас ирэх адислал ба наманчилснаар ирэх баяр баяслын талаар илүү ихийг мэдэхэд урь.

  • Ирэх долоо хоногийн гэр бүлийн үдшээр Есүс Христэд итгэх итгэл ба наманчлалын ач холбогдлын талаар хичээл заа.

  • Миний сайн мэдээг номло” гарын авлагын 68-р хуудсан дээрх Судар судлах хайрцган доторх итгэлийн тухай судрын хэсгүүдийг судал. Номлолд байх үедээ бусдад заахдаа ашиглахыг хүсэж байгаа судрын хэсгүүдийг тэмдэглэж ав.

  • Наманчлалын сургаалын тухай судлахдаа Судруудын удирдамжийг болон орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг ашигла. Сурсан зүйлээ судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ. Танд энэ сургаалын талаар номлолд байхдаа бусадтай хуваалцаж болох гэрчлэл байгаа эсэхийг бодож үз. Өдөр бүр наманчлахыг эрэлхийлснээр наманчлалын зарчимд итгэх итгэлээ хүчирхэгжүүл мөн олсон туршлагаа судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ.

  • Бусдад үзүүлэх зорилгоор “Jesus Christ Is the Way” (эсвэл Аврагчийн болон Түүний Цагаатгалын тухай өөр видео бичлэг) видео бичлэгийг тавихын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэт арга хэрэгслийг ашигла. Яагаад энэ бичлэг таны хувьд утга учиртай болох тайлбараа оруул.