Судрууд
1 Нифай 15


Бүлэг 15

Хожмын өдрүүдэд Лихайн үр удам харийнхнаас сайн мэдээг хүлээн авах болно—Израилын цугларалт, унаган мөчрүүд нь дахин залгагдах чидуны модтой адилтгагдсан бөлгөө—Нифай амьдралын модны тухай үзэгдлийг тайлбарлаж мөн ёс бусыг үйлдэгчдийг зөв шударгыг үйлдэгчдээс салгахад үзүүлэгдэх Бурханы шударга ёсны тухай ярив. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Нифай би, Сүнсэнд эзэгнэгдэж, мөн эдгээр бүх зүйлийг үзсэний дараа эцгийнхээ майханд эргэж ирэв.

2 Мөнхүү улиран тохиох дор би ах нараа болгоов, мөн тэд миний эцгийн тэдэнд ярьсан зүйлсийн талаар өөр хоорондоо маргалдаж байв.

3 Учир нь хүмүүн Их Эзэнээс эс асуух аваас ойлгоход бэрх олон агуу зүйлийг тэдэнд тэрбээр үнэнээр ярьсан болой; мөн тэд зүрх сэтгэлдээ хатуурхсаны учир, тиймийн тул тэд Их Эзэнд зохих ёсоор найдсан нь үгүй.

4 Мөн эдүгээ Нифай би, тэдний зүрх сэтгэл хатуугийн учир, мөн түүнчлэн, өөрийн үзсэн зүйлсийн, мөн хүмүүсийн үрсийн агуу ёс бусын тул тэдгээр нь зайлшгүй улиран тохиох ёстойг мэдсэний учир гашуудан байсан бөлгөө.

5 Мөнхүү улиран тохиох дор би зүдгүүртээ автан дарагдсан байв, миний ард түмний устгалын учир, би тэдний уналтыг харсан болохоор миний зүдгүүр бүхнээс илүү их хэмээн би бодож байлаа.

6 Мөнхүү улиран тохиох дор би тэнхээ орсныхоо дараа ах нартаа хандан ярьж, тэдний маргалдааны шалтгааныг мэдэхийг тэднээс хүсэв.

7 Мөн тэд: Болгоогтун, эцгийнхээ чидун модны унаган мөчрүүдийн талаар, мөн түүнчлэн харийнхны талаар ярьсан үгсийг бид ойлгож чадахгүй байна хэмээв.

8 Мөн би тэдэнд хандан: Та нар Их Эзэнээс асуусан уу? хэмээв.

9 Мөн тэд надад хэлэв: Бид тэгсэнгүй; учир нь Их Эзэн тийм ямар ч зүйлийг бидэнд мэдүүлдэг нь үгүй.

10 Болгоогтун, би тэдэнд хандан хэлэв: Та нар Их Эзэний зарлигуудыг сахидаггүй чинь ямар учиртай юм бэ? Зүрх сэтгэлийнхээ хатуугаас болж эрсдэх болж байгаа чинь ямар учиртай юм бэ?

11 Их Эзэний хэлсэн зүйлсийг та нар санахгүй байна гэж үү?—Хэрэв та нар зүрх сэтгэлээ үл хатууруулах аваас, мөн миний зарлигуудыг сахихдаа хичээнгүйлэн, мөн та нар хүлээн авна гэж найдан надаас итгэлтэйгээр асуух аваас, эдгээр зүйл та нарт лавтайяа мэдүүлэгдэх болно.

12 Болгоогтун, бидний эцэгт байсан Их Эзэний Сүнсээр Израилын угсаа чидуны модтой зүйрлэгдсэнийг би та нарт хэлж байна; мөн болгоогтун, бид Израилын угсаанаас тасарч салгагдсан биш гэж үү, мөн бид Израилын угсааны мөчир биш гэж үү?

13 Мөн эдүгээ, харийнхны бүрэн байдлаар дамжуулан унаган мөчрүүд нь залгагдах талаар бидний эцгийн өгүүлсний утга нь гэвэл, бидний үр удам итгэлээ алдан доройтсон байх үед, тийм ээ, доройтсоноос олон жилийн дараа, мөн Мессиа өөрийгөө хүмүүсийн үрсэд биеэр үзүүлснээс олон үеийн дараа, хожмын өдрүүдэд Мессиагийн сайн мэдээний бүрэн байдал харийнханд, мөн харийнхнаас бидний үр удмын үлдэгдэлд ирэх болно—

14 Мөн тэр өдөр бидний үр удмын үлдэгдэл, тэд бол Израилын угсааных гэдгээ, мөн тэд Их Эзэний гэрээт хүмүүс гэдгээ мэдэх болно; мөн тэр үед тэд өвөг дээдсийнхээ мэдлэгт мөн түүнчлэн эцэг өвгөдөд нь өөрсдийнх нь Гэтэлгэгчээр тохинуулагдсан түүний сайн мэдээний мэдлэгт ирж мөн мэдэх болно; иймийн тул тэд түүнд хэрхэн ирж бас аврагдахыг мэдэж болохын тулд, тэд өөрсдийн Гэтэлгэгчийн мөн түүний сургаалын хэсэг бүрийн мэдлэгт ирэх болно.

15 Мөн тэгээд тэр өдөр тэд баясаж мөн өөрсдийн хад болон аврал болох, өөрсдийн үүрдийн Бурханыг магтахгүй гэж үү? Тийм ээ, тэр өдөр, тэд үнэн усан үзмийн ороонгоос хүч чадал мөн шим тэжээл хүлээн авахгүй гэж үү? Тийм ээ, тэд Бурханы үнэн сүрэгт нийлэхгүй гэж үү?

16 Болгоогтун, би та нарт хэлье, Тийм ээ; тэд Израилын угсааныхны дунд дахин санагдах болно; чидун модны унаган мөчир учраас, жинхэнэ чидуны модонд тэд залгагдах болно.

17 Мөн эцгийн маань өгүүлсэн нь ийм утгатай болой; мөн тэрээр энэ нь тэд харийнхнаар тараагдахаас нааш улиран тохиохгүй гэсэн утгаар ярьсан бөлгөө; мөн Их Эзэн иудейчүүдээр өөрөөр хэлбэл, Израилын угсааныхнаар эсэргүүцэгдэх учраас тэрээр өөрийн хүчийг харийнханд үзүүлж болохын тулд энэ нь харийнхнаар дамжуулагдан ирнэ гэсэн утгаар тэр ярьсан болой.

18 Иймийн тул, бидний эцэг зөвхөн бидний үр удмын тухай бус, харин хожмын өдрүүдэд биелэгдэх тэрхүү гэрээг дурдан, Израилын бүх угсааны тухай түүнчлэн ярьсан бөлгөө; Их Эзэний бидний эцэг Абрахамтай хийсэн уг гэрээнд: чиний үр удмаар газар дэлхийн бүх үндэстэн адислагдах болно гэсэн болой.

19 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, тэдэнд хандан эдгээр зүйлийн талаар ихийг ярив; тийм ээ, хожмын өдрүүд дэх иудейчүүдийн сэргээлтийн талаар би тэдэнд ярьсан болой.

20 Мөн би тэдэнд Израилын угсааны, өөрөөр хэлбэл иудейчүүдийн сэргээлтийн талаар; мөн тэд сэргээгдсэнийхээ дараа дахин шившиглэгдэхгүй, бас дахин тараагдахгүй талаар ярьсан Исаиагийн үгсийг тоочив. Мөнхүү улиран тохиох дор би ах нартаа хандан олон үгийг ярив, иймээс тэд тайтгарч, Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгав.

21 Мөнхүү улиран тохиох дор тэд надад хандан дахин ярьж: Бидний эцгийн зүүдэндээ үзсэн энэ зүйл ямар утгатай билээ? Түүний харсан тэр мод ямар утгатай билээ? хэмээв.

22 Мөн би тэдэнд хандан энэ нь амьдралын модыг төлөөлсөн бөлгөө хэмээв.

23 Мөн тэд надад хандан: бидний эцгийн үзсэн, уг мод руу хөтлөх тэр төмөр бариул ямар утгатай вэ? хэмээв.

24 Мөн би тэдэнд хандан энэ нь Бурханы үг байсныг хэлэв; мөн Бурханы үгийг анхаарах, мөн үүнээс тууштай зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас тэднийг устгал руу удирдахаар дайсны уруу таталтууд болон галт сумнууд, тэднийг харалган болтол нь давамгайлах нь ч үгүй.

25 Иймийн тул, Нифай би, Их Эзэний үгэнд анхаарал тавихыг тэдэнд ухуулав; тийм ээ, Бурханы үгэнд анхаарал тавин мөн түүний зарлигуудыг бүх зүйл дээр үргэлж дагахыг сана хэмээн өөрийн бодгалийн бүх эрч хүчээр мөн өөрт буй бүх чадавхаараа би тэдэнд ухуулсан бөлгөө.

26 Мөн тэд надад хандан: бидний эцгийн харсан уст голын утга юу билээ? хэмээв.

27 Мөн би тэдэнд хандан эцгийн минь харсан тэр ус бол бузар байдал хэмээв; мөн түүний оюун санаа өөр зүйлсэд төвлөрсөн байсны улмаас тэр усны бузрыг эс болгоосон буюу.

28 Мөн би тэдэнд хандан энэ нь амьдралын модноос мөн түүнчлэн Бурханы гэгээнтнүүдээс ёс бусчуудыг зааглах нэгэн аймшигт ангал юм хэмээн хэлсэн бөлгөө.

29 Мөн би тэдэнд хандан энэ нь ёс бусчуудад бэлтгэгдсэн болохыг сайхь тэнгэр элчийн надад хэлсэн тэрхүү аймшигт тамыг төлөөлсөн хэмээв.

30 Мөн би тэдэнд хандан, бидний эцэг түүнчлэн Бурханы шударга ёс нь, ёс бусыг үйлдэгчдийг зөв шударгыг үйлдэгчдээс түүнчлэн тусгаарласныг харсан болохыг; мөн үүний гэрэлтэх нь Бурханд үүрд мөн мөнхөд, төгсөлгүйгээр дүрэлзэх галын гэрэлтэх адил байсныг хэлсэн бөлгөө.

31 Мөн тэд надад хандан: Энэ зүйл сорилтын өдрүүд дэх биеийн зовлонг хэлж байна уу, эсвээс зуурдын махбодыг үхсэний дараах сүнсний эцсийн байдлыг хэлж байна уу, эсвэл зуурдын зүйлсийн талаар хэлж байгаа юм уу? хэмээв.

32 Мөнхүү улиран тохиох дор би тэдэнд хандан энэ нь зуурдын биеийн болон сүнсний зүйлсийн аль алиныг нь төлөөлж байсныг хэлэв; учир нь тэд өөрсдийн үйлсээр, тийм ээ, бүр тэдний сорилтын өдрүүдэд зуурдын бие махбодоор үйлдэгдсэн тэрхүү үйлсээр шүүгдэх ёстой өдөр ирнэ.

33 Иймийн тул, хэрэв тэд өөрсдийн ёс бус үйлэнд насан өөд болбоос тэд түүнчлэн зөв шударгад хамаарагдах сүнслэг зүйлсийн хувьд хаягдах ёстой; иймийн тул, тэд өөрсдийн үйлсээр шүүгдэхийн тулд Бурханы өмнө зогсохоор авчрагдах ёстой; мөн хэрэв тэдний үйлс бузар байсан аваас тэд ч бузар байх ёстой нь гарцаагүй; мөн хэрэв тэд бузар аваас тэд Бурханы хаант улсад оршиж чадахгүй байх нь гарцаагүй; хэрэв ингэвээс, Бурханы хаант улс түүнчлэн бузар байх ёстой.

34 Гэвч болгоогтун, би та нарт хэлье, Бурханы хаант улс бол бузар бус, мөн ямар ч цэвэр бус зүйл Бурханы хаант улсад орж чадахгүй; иймийн тул бузар түүнд бузар байр бэлтгэгдсэн байх нь гарцаагүй.

35 Мөн бэлтгэгдсэн нэгэн байр буй, тийм ээ, бүр миний ярьсан тэр аймшигт там, мөн үүний бэлтгэгч нь чөтгөр болой; иймийн тул хүмүүсийн сүнсний эцсийн байдал нь Бурханы хаант улсад орших, эсвэл миний ярьсан шударга ёсны улмаас зайлуулагдах юм.

36 Иймийн тул, ёс бусыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчдээс болон амьдралын модноос тусгаар байх болно, жимс нь бусад бүх жимснээс илүү хамгийн эрхэм үнэт мөн хамгийн хүсэл татам болох тэр модноос болой; тийм ээ, мөн энэ нь Бурханы бүх бэлгээс хамгийн агуу нь билээ. Мөн би ах нартаа ийн ярьсан бөлгөө. Амен.