Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 16

Ёс бусыг үйлдэгчдэд үнэн хатуу санагддаг—Лихайн хөвгүүд Ишмэилийн охидтой гэрлэв—Лиахона тэдний замыг аглаг буйдад удирдав—Их Эзэний зарууд Лиахона дээр үе үед бичигдэх буюу—Ишмэил нас барав; түүний гэр бүлийнхэн зовлон зүдгүүрийн учир бувтналдав. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү эдүгээ улиран тохиох дор би, Нифай, ах нартаа хандсан яриагаа төгсгөл болгосны дараа, болгоогтун, тэд надад хандан: Бидний тэвчих чадлаас хэтэрсэн хатуу зүйлийг чи бидэнд айлдав хэмээв.

2Мөнхүү улиран тохиох дор тэдэнд хандан би үнэний дагуу ёсон бусыг үйлдэгсдийн эсрэг хатуу зүйлийг ярьсан гэдгээ би мэдсэн гэж хэлэв; мөн би зөв шударгыг үйлдэгсдийг зөвтгөн, мөн тэд хожмын өдөр өргөмжлөгдсөн байхыг гэрчлэв; иймийн тул гэмтнүүдэд, энэ нь тэдний зүрхийг зүсэх учир үнэн хатуу санагдах бөлгөө.

3Мөн эдүгээ ах нар минь, хэрэв та нар зөв шударга мөн үнэнийг дуртайяа анхааран сонсдог, мөн Бурханы өмнө үнэн шударгаар явж болохын тул үүнд анхаарлаа хандуулдагсан бол, та нар үнэний учир бувтналдаж: Чи бидний эсрэг хэцүү зүйлийг ярив хэмээхгүй байсан.

4Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, Их Эзэний зарлигуудыг дага хэмээн байдгаараа хичээнгүйлэн ах нартаа ухуулав.

5Мөнхүү улиран тохиох дор тэд Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгав; үүний хэрээр тэднийг зөв шударгын замаар алхлах болов уу хэмээх их найдлага мөн баясал надад төрөв.

6Эдүгээ, эдгээр бүх зүйл Лемүелийн гэж түүний нэрлэсэн тэр хөндийд эцэг минь майханд оршин сууж ахуйд хэлэгдсэн мөн хийгдсэн бөлгөө.

7Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, Ишмэилийн охидын нэгийг эхнэр болгон авав; мөн түүнчлэн, миний ах нар Ишмэилийн охидыг эхнэр болгон авцгаав; мөн түүнчлэн Зорам Ишмэилийн ууган охиныг эхнэр болгон авав.

8Мөн тийн миний эцэг түүнд өгөгдсөн Их Эзэний бүх зарлигийг гүйцэлдүүлсэн байв. Мөн түүнчлэн би, Нифай Их Эзэнээр адислагдсан нь үлэмж бөлгөө.

9Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой эцэгт минь хандан шөнөөр ярьж, мөн тэр ирэх өдөр аглаг буйдад өөрийн аянаа хөөвөл зохино хэмээн түүнд зарлигласан бөлгөө.

10Мөнхүү улиран тохиох дор эцэг минь өглөө дээшлэн мөн майхны үүдэнд ирэхдээ гайхал бахдалыг нь төрүүлэн газарт буй уран чамин хийцтэй бөмбөрцгийг олж харав; мөн энэ нь сайн чанарын гууль байв. Мөн тэр бөмбөрцөг хоёр зүүтэй байв; нэг зүү нь аглаг буйдад бидний хааш явбал зохих замыг заах болой.

11Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйд тийш авч явбал зохих зүйлүүдээ, мөн Их Эзэн бидэнд өгсөн хоол хүнсний бүх үлдэгдлийг нэгтгэн цуглуулав; мөн бид зүйл бүрийн үрийг аглаг буйдад тээхээр авав.

12Мөнхүү улиран тохиох дор бид майхнуудаа авч, Лемений голыг гатлан аглаг буйд тийш одов.

13Мөнхүү улиран тохиох дор бид дөрвөн өдрийн турш зүүн урд, урд зүгийг баримжаалан аялаад, мөн бид майхнуудаа дахин босгов; мөн бид уг нутгийг Шазер хэмээх нэрээр нэрлэв.

14Мөнхүү улиран тохиох дор бид нум сумаа агсан, мөн гэр бүлийнхэндээ хүнс бэлтгэхээр аглаг буйдад одов; мөн бид гэр бүлийхэндээ зориулж ан агнаад дараа нь аглаг буйд дахь Шазер нутагт гэр бүлийнхэндээ эргэж ирэв. Тэгээд бид урьдын адил чигийг барин, аглаг буйдын Улаан Тэнгисийн эрэг дагуу орших хамгийн шимт сайхан хэсгийг даган аглаг буйдад дахин одов.

15Мөнхүү улиран тохиох дор бид нум сумаараа болон чулуу хийгээд дүүгүүрээрээ замдаа ан хийж, олон өдрийн турш аялав.

16Мөн бид аглаг буйдын арай илүү үржил шимтэй сайхан хэсгээр нь дагуулах тэр бөмбөрцгийн заах чиглэлийг дагаж явсан бөлгөө.

17Мөн бид олон хоногийн турш аялсныхаа дараа бид хэсэг хугацаанд өөрсдийгөө дахин амрааж мөн гэр бүлийнхэндээ хүнс залгуулахаар майхнуудаа босгон буудаллав.

18Мөнхүү улиран тохиох дор би, Нифай ан агнахаар явахдаа, болгоогтун, сайн гангаар хийсэн нумаа хугалчихав; тэгээд би нумаа хугалсны дараа, болгоогтун, ах нар маань намайг нумаа алдаж, бид хүнс залгуулаагүйн учир надад уурлав.

19Мөнхүү улиран тохиох дор бид гэрийнхэндээ хүнсгүй буцаж ирэв, тэд аяныхаа улмаас ихэд эцэж ядарсан учир хоол хүнсээр гачигдаж ихэд шаналан байв.

20Мөнхүү улиран тохиох дор Лемен болон Лемүел мөн Ишмэилийн хөвгүүд аглаг буйд дахь зовлон болон зүдгүүрүүдийнхээ улмаас үлэмж ихээр бувтналдаж эхлэв; мөн түүнчлэн эцэг минь Их Эзэн Бурханыхаа эсрэг бувтнаж эхлэв; тийм ээ, мөн тэд бүгд бүр Их Эзэний эсрэг бувтналдахаар тийм их үлэмжийн уй гашууд автагдсан байв.

21Эдүгээ улиран тохиох дор би, Нифай, нумаа алдсан мөн тэдний нум хөвчгүй байсан учир ах нартайгаа хамт зовон байв, үлэмж хэцүү болж эхлэв, тийм ээ, үүний хэрээр бид хүнс залгуулж чадахгүй бомоо.

22Мөнхүү улиран тохиох дор тэд зүрх сэтгэлээ дахин хатууруулж, бүр Их Эзэн Бурханыхаа эсрэг гомдоллож байсан учир би, Нифай, ах нартаа хандан ихийг ярив.

23Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, модоор нум, шулуун саваагаар сум хийв; иймийн тул, би өөрийгөө нум сум, дүүгүүр бас чулуугаар зэвсэглэв. Мөн би эцэгтээ хандан: Хааш одож би хүнс залгуулах билээ хэмээв.

24Мөнхүү улиран тохиох дор тэд миний үгсийн учир өөрсдийгөө төлөв даруу болгосон тул тэрээр Их Эзэнээс гуйв; өөрөөр хэлбэл би бодгалийнхаа эрч хүчээр тэдэнд хандан олон зүйлийг ярьсны учир болой.

25Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой эцэгт минь ирэв; мөн тэрээр Их Эзэний эсрэг бувтнасан учир тэр үнэхээр зэмлэгдсэн бөлгөө үүний хэрээр тэр гүнээ харамсалд орсон байв.

26Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой түүнд хандан: Бөмбөрцгийн дээрхийг хар, мөн бичигдсэн зүйлийг болгоогтун хэмээв.

27Мөнхүү улиран тохиох дор эцэг минь бөмбөрцөг дээр бичигдсэн тэр зүйлийг хараад, тэрээр, мөн түүнчлэн миний ах нар болон Ишмэилийн хөвгүүд мөн бидний эхнэрүүд үлэмж ихээр айж, чичирцгээж байв.

28Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, уг бөмбөрцөгт буй зүүнүүдийг болгоов, тэдгээр нь бидний тэдгээрт хандуулсан итгэл болон хичээнгүй байдал хийгээд анхаарлын дагуу ажилладаг байв.

29Мөн тэдгээрийн дээр түүнчлэн уншихад илэрхий, Их Эзэний замын талаар бидэнд ойлголт өгөх шинэ бичиглэл байв; мөн энэ нь түүнд хандах бидний итгэл хичээл зүтгэлийн дагуу цагаас цагт өөрчлөгдөн бичигдэж байсан ажгуу. Мөн бид тийн өчүүхэн арга замаар Их Эзэн агуу үйл хэргүүдийг тохиох болгож чадахыг харав.

30Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, бөмбөрцөг дээр өгөгдсөн тэр чиглэлийн дагуу уулын оргилыг зүглэн явлаа.

31Мөнхүү улиран тохиох дор би зэрлэг амьтан агнаж, чингээд би гэр бүлийнхэндээ хүнс залгуулав.

32Мөнхүү улиран тохиох дор би алсан амьтнаа үүрсээр майхнууддаа эргэж ирэв; мөн эдүгээ тэд намайг хүнс олж ирснийг хараад, тэдний баяр хөөр хичнээн их байсан гээч! Мөнхүү улиран тохиох дор тэд Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, мөн түүнд талархал мэдүүлэв.

33Мөнхүү улиран тохиох дор бид дахин аяны харгуйг хөөн, эхний удаад аялсантай ойролцоо чиглэлд явав; мөн бид олон хоногийн турш аялаад бид хэсэг хугацаанд буудаллахаар майхнуудаа дахин босгов.

34Мөнхүү улиран тохиох дор Ишмэил нас барж, мөн Нахом хэмээх нутагт оршуулагдав.

35Мөнхүү улиран тохиох дор Ишмэилийн охид эцгээ алдсан учир, басхүү аглаг буйд дахь зовлон зүдгүүрүүдийн учир үлэмж гашуудан байв; мөн тэд эцгийн минь эсрэг, тэр тэднийг Иерусалим газраас авчирсны учир бувтналдан, өгүүлсэн нь: Бидний эцэг үхэв; тийм ээ, бид аглаг буйдад ихээр бэдрэв, мөн бид зовж зүдэрч, өлсөж цанган бас ядарч ихэд зовов; мөн эдгээр бүх зовлонгуудын эцэст бид энэ аглаг буйдад өлсгөлөнгийн улмаас эрсдэх буйза хэмээв.

36Мөн тэд тийн эцгийн минь эсрэг, мөн түүнчлэн миний эсрэг бувтналдав; мөн тэд Иерусалимын зүг дахин буцах хүсэлтэй байлаа.

37Мөн Лемен, Лемүелд мөн түүнчлэн Ишмэилийн хөвгүүдэд хандан: Болгоогтун, ах нар биднийхээ захирагч хийгээд багш болох үүргийг өөртөө авсан манай дүү Нифайг мөн түүнчлэн манай эцгийг бүгдээрээ алцгаая хэмээв.

38Эдүгээ, Их Эзэн түүнтэй ярьсан, мөн түүнчлэн тэнгэр элчүүд түүнд тохинуулна гэж тэрээр хэлдэг. Гэвч болгоогтун, тэр бидэнд худал хэлж буйг бид мэднэ; мөн тэрээр бидний нүдийг хуурч болохын тулд, эдгээр зүйлийг тэр бидэнд хэлж мөн олон зүйлийг башир аргаар үйлдэн, магадгүй, биднийг харь этгээд аглаг буйд тийш дагуулан одож болно хэмээн бодож байгаа биз ээ; мөн тэр биднийг дагуулсны дараа тэр биднээр өөрийн дураар болон хүссэнийхээ дагуу хийлгэж болохын тулд тэр өөрийгөө бидний хаан мөн захирагч болгохыг бодсон ажээ. Мөн иймэрхүү маягаар миний ах Лемен тэдний зүрх сэтгэлийг өдөөн хатгаж уурлуулав.

39Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн бидэнтэй хамт байв, тийм ээ, бүр Их Эзэний дуу хоолой ирж мөн тэдэнд хандан олон үгийг ярив, мөн тэднийг үлэмж зэмлэсэн бөлгөө; мөн тэд Их Эзэний дуу хоолойгоор зэмлэгдсэний дараа тэд уурлахаа больж, мөн нүглүүдээ наманчлав, үүний хэрээр Их Эзэн биднийг дахин хоол хүнсээр адисалсан тул бид эрсдээгүй бөлгөө.