Судрууд
1 Нифай 18


Бүлэг 18

Усан онгоцыг барьж дуусгав—Иаков, Иосеф хоёр төрсөн тухай дурдагдав—Уг бүлгийнхэн амлагдсан нутгийг зорин хөдлөв—Ишмэилийн хөвгүүд мөн тэдний эхнэрүүд наргиан болон эсэргүүцэлд нэгдэв—Нифай хүлэгдэж, мөн усан онгоц аймшигт хуй салхинд буцаан туугдав—Нифай суллагдаж, мөн түүний залбирлаар шуурга зогсов—Уг хүмүүс амлагдсан нутагт хүрэв. Ойролцоогоор МЭӨ 591–589 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэд Их Эзэнийг бишрэн шүтэж, мөн надтай хамт одов; мөн бид дүнз модыг нарийн хийцээр урлав. Мөн Их Эзэн усан онгоцны дүнз модыг ямар маягаар урлахыг цагаас цагт надад үзүүлж байсан бөлгөө.

2 Эдүгээ Нифай би, дүнз модыг хүмүүний сурсан тэр маягаар урласангүй, бас би усан онгоцыг хүмүүний маягаар ч барьсангүй; харин би Их Эзэний надад үзүүлсэн тэр маягаар барьсан билээ; иймийн тул, энэ нь хүмүүний маягаар байсангүй.

3 Мөн Нифай би, байн байн ууланд гарч, мөн Их Эзэнд үе үе залбирсан бөлгөө; иймийн тул Их Эзэн надад агуу зүйлсийг үзүүлэв.

4 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний үгийн дагуу усан онгоцыг би дуусгасны дараа, ах нар маань энэ нь сайн болсныг, мөн үүний ур хийц үлэмж сайн байсныг болгоосон бөлгөө; иймийн тул, тэд Их Эзэний өмнө өөрсдийгөө дахин даруусгав.

5 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой эцэгт минь ирж, биднийг босож мөн усан онгоцонд орвол зохино хэмээв.

6 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн бидэнд зарлигласны дагуу бид бүх зүйлийг, аглаг буйдаас ихээхэн жимс бас махыг, мөн арвин их бал, мөн хоол хүнсийг бэлтгэсний дараа, маргааш нь бид өөрсдийн бүх ачаа мөн үр тариаг, мөн бид насны эрэмбээр, авчирсан бүх зүйлээ өөрсдөдөө авч усан онгоцонд оров; иймийн тул, бид бүгд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт усан онгоц руу очиж, орсон бөлгөө.

7 Мөн эдүгээ, эцэг минь аглаг буйдад хоёр хөвгүүнтэй болсон байв; ахмад нь Иаков, бага нь Иосеф хэмээгдэх бөлгөө.

8 Мөнхүү улиран тохиох дор бидэнд зарлиг болсон тэр зүйлс мөн хоол хүнсээ өөрсдөдөө авч, бид бүгд усан онгоцонд орсныхоо дараа тэнгист гарч, амлагдсан нутгийг зүглэн салхинд туугдсан болой.

9 Мөн бид олон хоногийн турш салхинд урагш туугдсаны дараа, болгоогтун, ах нар маань бас Ишмэилийн хөвгүүд мөн түүнчлэн тэдний эхнэрүүд өөрсдийгөө зугаацуулж эхлэв, үүний хэрээр тэд бүжиглэж мөн дуулж, бас ихэд бүдүүлгийг ярьж эхлэв, тийм ээ, бүр тэд ямар хүчээр тэнд авчрагдсанаа мартав; тийм ээ, тэд үлэмж бүдүүлэг байдалд автав.

10 Мөн Их Эзэн бидэнд уурлаж, мөн алдсын маань улмаас биднийг цохиж тэгээд бид тэнгисийн гүнд залгигдах буюу хэмээн Нифай би үлэмж айж эхлэв; иймийн тул, Нифай би, тэдэнд ихэд чанд ярьж эхлэв; гэвч болгоогтун тэд надад уурлаж: Бид дүүгээ өөрсдийн захирагч байлгахгүй хэмээв.

11 Мөнхүү улиран тохиох дор Лемен, Лемүел хоёр намайг барьж мөн олсоор хүлээд, мөн тэд надад ихэд хэрцгийгээр хандав; гэсэн хэдий ч Их Эзэн ёс бусыг үйлдэгчдийн талаар өөрийн ярьсан үгийг биелүүлэн, өөрийн хүчийг үзүүлж болохын тулд үүнийг үйлдэхийг зөвшөөрсөн буюу.

12 Мөнхүү улиран тохиох дор тэд намайг хөдөлж чадахгүй болтол нь хүлсний дараа, Их Эзэнээр бэлтгэгдсэн байсан мөнөөх луужин ажиллахаа болив.

13 Иймийн тул, тэд усан онгоцыг хааш залахаа мэдсэнгүй, тэгтэл их шуурга, тийм ээ, агуу бөгөөд аймшигт хуй салхи босов, мөн бид усан дээр гурав хоногийн турш буцаан туугдав; мөн тэд далайд живэх болуузай хэмээн үлэмж айж эхлэв; гэсэн хэдий ч, тэд намайг сулласангүй.

14 Мөн бид буцаж туугдсан дөрөв дэх өдөр, хуй салхи үлэмж ширүүн болж эхлэв.

15 Мөнхүү улиран тохиох дор бид бараг л далайн гүнд залгигдах гэж байв. Мөн бид дөрвөн өдрийн турш усан дээр буцаан туугдсаны дараа, ах нар маань Бурханы шүүлтүүд тэдний дээр байсныг, мөн тэд алдсаа наманчлахгүй аваас эрсдэх ёстой гэдгээ ойлгож эхлэв; иймийн тул, тэд надад ирж, мөн миний бугуйн дахь хүлээсийг тайлав, мөн болгоогтун миний хоёр гарын бугуй үлэмж хавдсан байв; мөн түүнчлэн миний хөлийн шагай ч маш их хавдсан байсан ба өвдөх нь туйлын их байв.

16 Гэсэн хэдий ч, би Бурхандаа түшиглэж, мөн би түүнийг бүх өдрийн турш магтан алдаршуулав; мөн би зүдгүүрүүдийнхээ учир Их Эзэний эсрэг бувтнасан нь үгүй билээ.

17 Эдүгээ миний эцэг Лихай, тэдэнд мөн түүнчлэн Ишмэилийн хөвгүүдэд олон зүйлийг хэлсэн байв; гэвч, болгоогтун, тэд миний төлөө ярьсан хэнийг боловч ихэд заналхийлэн сүрдүүлэв; мөн эцэг эх минь насанд дарагдан, мөн хүүхдүүдийнхээ улмаас уй гашуу болон ихэд шаналсны улмаас, дордож, тийм ээ, тэд бүр хэвтэрт оров.

18 Тэдний уй гашуу болон гүн шаналлын, мөн ах нарын маань алдсын учир, тэд бүр энэ цагийг орхин одож Бурхантайгаа уулзахад ойрхон болсон байв; тийм ээ, тэдний буурал үс газарт булшлагдах дөхөөд байв; тийм ээ, тэд бүр шаналлаа тээн, усан булшинд ороход ойрхон байлаа.

19 Мөн түүнчлэн Иаков, Иосеф хоёр бага байж, тэжээл ихэд хэрэгтэй байснаас, эхийнхээ зүдгүүрүүдийн улмаас шаналж байв; мөн түүнчлэн эхнэрийн минь, бас түүнчлэн миний хүүхдүүдийн нулимс мөн залбирлууд ах нарын минь зүрх сэтгэлийг, тэд намайг суллахаар болтол зөөллөсөнгүй.

20 Мөн тэднийг устгалаар сүрдүүлэх Бурханы хүчнээс өөр тэдний зүрх сэтгэлийг зөөллөж чадах юм юухан ч байсангүй; иймийн тул, тэд далайн гүнд залгигдах гэж буйгаа хараад үйлдсэн зүйлээсээ наманчилж, үүний хэрээр намайг сулласан болой.

21 Мөнхүү улиран тохиох дор тэд намайг сулласны дараа, болгоогтун, би луужинг авав, мөн энэ нь миний хүссэнээр ажилласан болой. Мөнхүү улиран тохиох дор би Их Эзэнд залбирав; мөн намайг залбирсны дараа салхи зогсож, мөн шуурга номхров, мөн ихэд нам тайван болов.

22 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, усан онгоцыг удирдаж, бид амлагдсан нутгийг чиглэн дахин хөвөв.

23 Мөнхүү улиран тохиох дор бид олон хоногийн турш хөвснийхөө дараа амлагдсан нутагт хүрч ирэв; мөн бид урагш газар дээр гарч, майхнуудаа босгов; мөн бид үүнийг амлагдсан нутаг гэж нэрлэсэн бөлгөө.

24 Мөнхүү улиран тохиох дор бид газар боловсруулж эхлэн, мөн үр суулгаж эхлэв; тийм ээ, бид Иерусалим нутгаас авчирсан тэр бүх үрээ газарт суулгав. Мөнхүү улиран тохиох дор тэдгээр нь үлэмж сайн ургав; иймийн тул, бид элбэг дэлбэгээр адислагдав.

25 Мөнхүү улиран тохиох дор бид амлалтын нутагт, аглаг буйдад аялж байх зуураа хүний хэрэгцээнд зориулагдсан ойн бүх төрлийн араатан амьтад, үхэр болон шар, мөн илжиг ба морь, мөн ямаа ба зэрлэг ямаа аль аль нь, мөн бүх төрлийн зэрлэг амьтад байхыг олж мэдсэн бөлгөө. Мөн бид алт, мөнгөний, бас зэсийн хүдрийг бүх төрлөөр нь олов.