Судрууд
1 Нифай 1


Нифайн Нэгдүгээр ном

Түүний хаанчлал ба тохинуулал

Лихай болон түүний эхнэр Сариа, мөн (ахмадаас дэслэн) Лемен, Лемүел, Сэм болон Нифай хэмээн нэрлэгдэх түүний дөрвөн хөвгүүний шастир оршвой. Лихай хүмүүст тэдний алдаст байдлын тухай бошиглосноос тэд түүний амийг бүрэлгэхээр эрэлхийлэн буй тул Иерусалим нутгаас одохыг Их Эзэн түүнд сэргийлэн сануулжээ. Тэр гэр бүлийнхээ хамт гурав хоногийн турш аглаг буйдад аялав. Нифай ах нараа аваад иудейчүүдийн цэдгийг олж авахаар Иерусалим нутагт буцаж ирсэн болой. Тэдний зүдгүүрүүдийн шастир оршвой. Тэд Ишмэил гэгчийн охидыг эхнэр болгон авав. Тэд гэр бүлээ авч аглаг буйд тийш одов. Аглаг буйд дахь тэдний зовлон ба зүдгүүр. Тэдний аялсан замнал. Тэд их усанд ирэв. Нифайн ах нар түүний эсрэг босов. Тэрээр тэднийг мадлан, мөн усан онгоц босгов. Тэд уг нутгийг Өгөөмөр хэмээн нэрлэв. Тэд их усыг гатлан амлагдсан нутагт хүрсэн зэрэг түүхийг өгүүлдэг. Энэ нь Нифайн шастирын дагуу; эсвээс өөрөөр хэлбэл, Нифай би энэхүү цэдгийг бичиглэв.

Бүлэг 1

Нифай өөрийн ард түмний цэдгийг бичиглэж эхлэв—Лихай үзэгдлээр галан баганыг харж мөн бошиглолын номоос уншив—Тэрээр Бурханыг магтан, Мессиагийн ирэлтийг зөгнөн, мөн Иерусалимын устгалыг бошиглов—Тэрбээр иудейчүүдээр хавчигдав. Ойролцоогоор МЭӨ 600 он

1 Нифай би, буянт сайн эцэг эхээс мэндэлсний учир, тиймийн тул миний бие эцгийнхээ бүхий л эрдэм мэдлэгт зарим талаар сургагдсан байв; бас амьдралынхаа турш өчнөөн зүдгүүрийг үзсэн хэдий ч амьдралынхаа бүхий л өдрүүдэд Их Эзэний их тааллыг хүртсэний учир, тийм ээ, Бурханы нууцууд болон сайн сайхны талаар агуу их мэдлэгийг олсны учир, тиймийн тул би өөрийн өдрүүдэд үзэж үйлдсэнээ цэдэглэх бөлгөө.

2 Тийм ээ, би иудейчүүдийн эрдмээс мөн египетчүүдийн хэлнээс боловсорсон эцгийнхээ хэл дээр цэдгийг үйлдэх ажгуу.

3 Мөн миний үйлдэх энэхүү цэдэг үнэн гэдгийг би мэднэ; басхүү би үүнийг өөрийн гараар үйлдэж; басхүү би үүнийг өөрийн мэдлэгээр үйлдэх бөлгөө.

4 Учир нь улиран тохиох дор Иудагийн хаан Зедикиа засаглан суусан анхны жилийн эхэнд (миний эцэг Лихай, амьдралынхаа бүх өдрүүдэд Иерусалимд суурьшин байсан ажгуу); мөн чухамхүү тэр л онд олон бошиглогч ирж, тэд наманчлах ёстойг, эс бөгөөс их хот Иерусалим устгагдах ёстойг хүмүүст бошиглосон ажгуу.

5 Иймийн тул улиран тохиох дор миний эцэг Лихай урагш одон Их Эзэнд хандан, тийм ээ, бүр бүхий л сэтгэл зүрхээрээ ард түмнийхээ төлөө залбирав.

6 Мөнхүү улиран тохиох дор түүнийг Их Эзэнд хандан залбирах үед, галан багана тодорч мөн түүний өмнөх чулуун дээр тогтов; мөн тэрээр ихийг үзэж бас сонсов; басхүү тэрбээр өөрийн үзэж, сонссон зүйлсийн улмаас үлэмж ихээр дагжин чичрэв.

7 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Иерусалим дахь гэртээ буцав; мөн Сүнсэнд ба өөрийн үзсэн зүйлсэд автагдан тамирдсаны учир тэрээр орон дээрээ хэвтээд өгсөн ажээ.

8 Мөн ийнхүү Сүнсэнд автагдан тамирдсан үедээ тэрбээр үзэгдэлд эзэгнэгдэж, тэнгэр нээгдэхийг үзсэн буюу, мөн Бурханаа магтан дуулах тоо томшгүй олон тэнгэр элчээр хүрээлүүлэн Бурхан сэнтийдээ залран буйг харсан гэж тэрээр боджээ.

9 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Нэгэн бие тэнгэрийн дундаас доошлон буухыг болгоов, басхүү тэрээр түүний туяаран гэрэлтэх нь үдийн нарнаас ч хурц болохыг харсан ажээ.

10 Мөнхүү тэрбээр түүнчлэн түүнийг дагаж буй өөр бусад арван хоёрыг харав, басхүү тэдний гэрэлтэх нь огторгуй дахь оддынхоос ч давуутай байсан болой.

11 Мөн тэд доошлон ирж басхүү дэлхийн гадаргуугаар урагшлан одов, мөн тэргүүлэн буй нь ирж, басхүү эцгийн минь өмнө зогсоод, мөн нэгэн номыг түүнд өгөөд, түүнчлэн тэрбээр үүнийг уншвал зохилтой хэмээн тушаажээ.

12 Мөнхүү улиран тохиох дор тэрээр унших зуураа Их Эзэний Сүнсээр дүүргэгдсэн ажгуу.

13 Мөнхүү тэрээр уншаад өгүүлрүүн: Ай халаг, Иерусалимд халаг, учир нь би чиний жигшүүрт хэргүүдийг харсан бөлгөө! Тийм ээ, мөн миний эцэг Иерусалимын тухай олон зүйлийг уншсан—энэ хот, бас тэндхийн оршин суугчид устгагдахыг; олон нь илдэнд эрсдэхийг, мөн олон нь олзлогдож Вавилонд хүргэгдэхийг болой.

14 Мөнхүү улиран тохиох дор миний эцэг олон агуу болон гайхамшигт зүйлсийг харж бас уншаад, тэрээр Их Эзэнд хашхирч хэлрүүн: Таны үйлдэхүй агуу болон гайхамшигтай билээ, ай Их Эзэн, Бүхнийг Чадагч Бурхан минь! Таны сэнтий тэнгэрийн дээдэд буй, мөн таны хүч, сайн сайхан мөн нигүүлсэл тань газар дэлхийн бүх оршин суугчдын дээр буй; мөн та нигүүлсэнгүй учир, танд ирэх тэднийг мөхөхийг та үл зөвшөөрөх буйза! гэх мэт олон зүйлийг хэлэв.

15 Мөн эцгийн минь Бурханаа магтан дуулах хэл иймэрхүү байлаа; учир нь түүний бодгаль баясан басхүү бүх сэтгэл зүрх нь дүүргэгдсэн байв; түүний үзсэн зүйлсийн, тийм ээ, Их Эзэний түүнд үзүүлсэн зүйлсийн улмаас бөлгөө.

16 Мөн эдүгээ, Нифай би эцгийнхээ бичсэн зүйлсийн бүрэн шастирыг үйлдэхгүй, учир нь тэрээр өөрийн харсан үзэгдлүүд болон зүүднээс олон зүйлийг бичиглэсэн, басхүү тэрбээр хүүхдүүддээ бошиглон мөн ярьсан олон зүйлийг бичиглэснийх нь бүрэн шастирыг би үйлдэхгүй буюу.

17 Харин би өөрийн өдрүүдийн үйл явдлын шастирыг үйлдэх болой. Болгоогтун, би өөрийн гараар бүтээсэн ялтаснууд дээр эцгийнхээ цэдгийг хураангуйлан бичиж буй; иймийн тул, бибээр эцгийнхээ цэдгийг хураангуйлсныхаа дараа өөрийн амьдралын шастирыг үйлдэх бөлгөө.

18 Тиймийн тул, Их Эзэн үлэмж олон ер бусын гайхамшигт зүйлсийг, тийм ээ, Иерусалимын устгалын тухай миний эцэг Лихайд үзүүлсний дараа, болгоогтун, тэрбээр хүмүүсийн дунд явж, мөн өөрийн үзсэн бас сонссон зүйлсийн талаар тэдэнд бошиглож мөн тунхаглаж эхэлснийг та нар мэдээсэй хэмээнэ би.

19 Мөнхүү улиран тохиох дор тэдний талаар түүний гэрчлэн мэдүүлсэн зүйлсийн учир иудейчүүд түүнийг доромжлон элэглэв; учир нь тэрээр тэдний жигшүүрт хэргүүд болон тэдний ёс бусын үйлийг үнэхээр гэрчилж, мөн тэрээр үзсэн бас сонссон зүйлс нь болон түүнчлэн номоос уншсан зүйлс нь, Мессиагийн ирэлтийг мөн түүнчлэн дэлхийн гэтэлгэлийг тодорхой харуулсан гэдгийг гэрчилсэн болой.

20 Мөн иудейчүүд эдгээр зүйлийг дуулаад түүнд уурлав; тийм ээ, тэд зайлуулж, чулуугаар шидэн хороосон, хөнөөж егүүтгэсэн тэрхүү эрт цагийн бошиглогчдод уурласны адилаар буюу; бас тэрчлэн тэд түүний амийг авахаар эрэлхийлсэн ажгуу. Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир, Их Эзэний сонгосон бүгдийн дээр, тэднийг бүр аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгох түүний энэрэнгүй нигүүлсэл байдгийг Нифай би, та нарт үзүүлэх болно.