Судрууд
1 Нифай 22


Бүлэг 22

Израил дэлхийн бүх гадаргуугаар тараагдах болно—Харийнхан эцсийн өдрүүдэд сайн мэдээгээр Израилыг асран тэжээх болно—Израил цуглуулагдаж мөн аврагдах болно, мөн ёс бусыг үйлдэгчид тарианы ёзоор адил шатах болно—Чөтгөрийн хаант улс устгагдах болно, мөн Сатан хүлэгдэх болно. Ойролцоогоор МЭӨ 588–570 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор, Нифай би, гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн эдгээр зүйлийг уншсаны дараа, миний ах нар надад ирж мөн надад хэлэв: Чиний уншсан эдгээр зүйл ямар утгатай билээ? Болгоогтун, тэдгээр нь маханбодоор биш харин сүнсээр улиран тохиох тэрхүү сүнслэг зүйлсийн дагуу ойлгогдох ёстой юу?

2 Мөн Нифай би, тэдэнд хэлсэн нь: Болгоогтун тэдгээр нь Сүнсний дуу хоолойгоор бошиглогчид илчлэгдсэн буюу; учир нь маханбодын дагуу хүмүүсийн үрсийн дээр ирэх тэр бүх зүйл бошиглогчдод Сүнсээр мэдүүлэгддэг бөлгөө.

3 Иймийн тул, миний уншсан тэдгээр зүйл зуурдын болон сүнслэг аль алинд нь хамаарах зүйлс; учир нь Израилын угсаа эрт орой нэгэн цагт, бүх дэлхийн гадаргуугаар мөн түүнчлэн бүх үндэстний дунд тараагдсан байх бололтой.

4 Мөн болгоогтун, Иерусалим дахь тэдгээрийн мэдлэгээс аль хэдийн мартагдсан нь олон буй. Тийм ээ, бүх овгуудын ихэнх хэсэг нь гадагш удирдагдсан байгаа; мөн тэд далайн арлууд дээгүүр энд тэндгүй тараагдсан болой; мөн бид тэдний гадагш удирдагдсаныг мэдэхээс бус, бидний нэг нь ч тэдний хаана буйг үл мэднэ.

5 Мөн тэд гадагш удирдагдсанаас хойш, тэдний талаар, мөн түүнчлэн Израилын Ариун Нэгэний улмаас хойшид тараагдаж мөн шившиглэгдэх тэд бүхний талаар эдгээр зүйл бошиглогдсон буй; учир нь тэд түүний эсрэг зүрхээ хатууруулах болно; иймийн тул, тэд бүх үндэстний дунд тараагдах болно, мөн бүх хүнээр үзэн ядагдах болно.

6 Гэсэн хэдий ч, тэд харийнхнаар асруулж, мөн Их Эзэн мутраа харийнхны дээр өргөж мөн тэднийг далбаа болгон өргөж, мөн тэдний хүүхдүүд тэдний гарт зөөгдөж, мөн тэдний охид тэдний мөрөн дээр зөөгдсөний дараа, эдгээр яригдсан зүйлс бол бодит гэдгийг болгоогтун; учир нь бидний өвөг дээдэстэй Их Эзэний хийсэн гэрээнүүд ийм буюу; мөн энэ нь ирэх өдрүүдэд бидэнд, мөн түүнчлэн Израилын угсааны бидний бүх ах дүүст хамаатай бөлгөө.

7 Мөн энэ нь бүх Израилын угсаа тараагдан мөн шившиглэгдсэний дараа, Их Эзэн Бурхан харийнхны дунд, тийм ээ, бүр энэ нутгийн гадаргуу дээр хүчирхэг үндэстнийг босгох цаг ирэх болно; мөн тэднээр бидний үр удам тараагдах болно гэсэн утгатай.

8 Мөн бидний үр удам тараагдсаны дараа Их Эзэн Бурхан харийнхны дунд, бидний үр удамд агуу үнэт болох гайхамшигт ажлыг хийхээ үргэлжлүүлэх болно; иймийн тул, энэ нь тэд харийнхнаар асруулж мөн тэдний гарт мөн тэдний мөрөн дээр зөөгдөхтэй адилтгагддаг буюу.

9 Мөн түүнчлэн энэ нь харийнханд үнэт байх болно; мөн зөвхөн харийнханд ч биш харин бүх Израилын угсаанд, Абрахамтай хийсэн тэнгэрийн Эцэгийн гэрээнүүдийг мэдүүлэхийн тулд буюу, үүнд хэлсэнчлэн: Чиний үр удмаар дэлхийн бүх ястан адислагдах болно.

10 Мөн ах нар минь, тэрээр мутраа үндэстнүүдийн нүдэнд харуулахгүй аваас газар дэлхийн бүх ястан адислагдаж чадахгүйг та нар мэдээсэй хэмээнэ би.

11 Иймийн тул, Их Эзэн Бурхан өөрийн гэрээнүүд болон сайн мэдээг Израилын угсааны тэдэнд авчрахдаа мутраа бүх үндэстний нүдэнд харуулах болно.

12 Иймийн тул, тэрээр тэднийг дахин дарангуйллаас гарган авчрах болно, мөн тэд өвийн газрууддаа нэгдэн цуглуулагдах болно; мөн тэд бүрхэг байдлаас мөн харанхуйгаас гаргагдах болно; мөн тэд Их Эзэн бол тэдний Аврагч мөн тэдний Гэтэлгэгч, Израилын Хүчит Нэгэн гэдгийг мэдэх болно.

13 Мөн бүх дэлхийн янхан эм болох тэр, агуу бөгөөд жигшүүрт сүмийн цус, тэдний өөрсдийнх нь толгой дээр эргэн буух болно; учир нь тэд өөр хоорондоо дайтах болно, мөн тэдний өөрсдийнх нь гар дахь сэлэм тэдний өөрсдийнх нь толгой дээр буух болно, мөн тэд өөрсдийнхөө цусанд согтсон байх болно.

14 Мөн та нарын эсрэг дайтах үндэстэн бүр, ай Израилын угсаа, нэг нь нөгөөгийнхөө эсрэг эргүүлэгдэх болно, мөн тэд Их Эзэний хүмүүсийг урхидахаар ухсан тэр нүхэндээ өөрсдөө унах болно. Мөн Сионы эсрэг тулалдах тэд бүгд устгагдах болно, мөн Их Эзэний зөв замуудыг гажуудуулсан тэр агуу янхан эм, тийм ээ, тэр агуу бөгөөд жигшүүрт сүм шороонд шурган унах ба үүний уналт агуу байх болно.

15 Учир нь болгоогтун, Сатан хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлийг эзэгнэх хүчийг цаашид эзэмшихгүй байх тэр цаг хурдан ирнэ; учир нь бүх бардам болоод ёс бусаар үйлдэгч хэн боловч тарианы ёзоор адил болох өдөр удахгүй ирнэ; мөн тэд шатаагдах ёстой өдөр ч удахгүй ирнэ хэмээн бошиглогч хэлэв.

16 Өөрөөр хэлбэл хүмүүний бүх үрсийн дээр Бурханы хилэгнэл бүхлээрээ цутгагдах цаг удахгүй ирнэ; учир нь ёс бусыг үйлдэгчид зөв шударгыг үйлдэгчдийг устгахыг тэрээр үл зөвшөөрөх ажгуу.

17 Иймийн тул, түүний хилэгнэл бүхлээрээ ирэх ёстой болсон ч, тэрээр зөв шударгыг үйлдэгчдийг өөрийн хүчээр хамгаалах болно, дайснууд нь бүр галаар устгагдан, зөв шударгыг үйлдэгчид хамгаалагдах болно. Иймийн тул, зөв шударгыг үйлдэгчид айхын хэрэггүй; учир нь бошиглогч тийн хэлсэнчлэн, бүр тэрчлэн галаар ч гэсэн тэд аврагдах болно.

18 Болгоогтун, ах дүү нар минь, эдгээр зүйл удахгүй ирэх ёстойг би та нарт хэлнэ; тийм ээ, бүр цус, мөн гал, мөн хөшиглөх утаа ирэх ёстой; мөн тэр нь энэ дэлхийн гадаргуу дээр байх нь зайлшгүй; мөн хэрэв хүмүүс Израилын Ариун Нэгэний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах аваас энэ нь үүнчлэн тэдэнд маханбодын дагуу ирэх буюу.

19 Учир нь болгоогтун, зөв шударгыг үйлдэгчид эрсдэхгүй; өөрөөр хэлбэл Сионы эсрэг тулалдах тэд бүгд тусгаарлагдах цаг гарцаагүй ирэх ёстой.

20 Мосегийн ярьсан дараах үгсийн биелэлт болгон өөрийн хүмүүст замыг Их Эзэн бэлтгэх нь гарцаагүй, хэлрүүн: Миний адил нэгэн бошиглогчийг Их Эзэн та нарын Бурхан та нарт тодруулах ажгуу; түүний та нарт хэлэх юуг боловч бүх зүйлд түүнийг та нар сонсох болно. Мөнхүү улиран тохиох дор тэр бошиглогчийг сонсохгүй тэд бүгд, хүмүүсийн дундаас тусгаарлагдах болно хэмээсэн бөлгөө.

21 Мөн эдүгээ, Нифай би, Мосегийн ярьсан тэр бошиглогч нь Израилын Ариун Нэгэн байсныг та нарт тунхаглаж байна; иймийн тул, тэрбээр шүүлтийг зөв шударгаар гүйцэтгэх болно.

22 Мөн зөв шударгыг үйлдэгчид айх хэрэггүй, учир нь тэд бол устгагдахгүй тэд бөлгөө. Харин устгагдах нь чөтгөрийн хаант улс, хүмүүсийн үрсийн дунд босгогдох тэр, маханбодод буй тэдний дунд байгуулагдсан тэр хаант улс—

23 Өөрөөр хэлбэл тэр цаг хурдан ирэх болно, баяжиж хөлжихөөр баригдсан, мөн маханбодыг давах хүчийг олохоор баригдсан тэдгээр бүгд, мөн дэлхийнхний нүдэнд алдрыг олохоор баригдсан тэдгээр, маханбодын шуналыг, мөн дэлхийн зүйлийг, мөн бүх төрлийн алдсыг үйлдэхийг эрэлхийлдэг тэдгээр бүх сүм; тийм ээ, дүгнэж хэлэхэд, чөтгөрийн хаант улсад харьяалагдах тэд бүгд айж, мөн чичирч, мөн салгалах хэрэгтэй тэр цаг болой; эдгээр сүм бол газарт доош авчрагдах ёстой тэд буюу; тэд бол тарианы ёзоор адил шатаагдах ёстой тэд болой; мөн энэ нь бошиглогчийн үгсийн дагуу буюу.

24 Мөн зөв шударгыг үйлдэгчид пүнзэнд байх тугалууд адил хөтлөгдөх ёстой, мөн Израилын Ариун Нэгэн ноёрхол, хүч, мөн чадал, мөн агуу сүр жавхлангаар хаанчлах ёстой тэрхүү цаг хурдан ирнэ.

25 Мөн тэрээр дэлхийн дөрвөн зүгээс хүүхдүүдээ цуглуулна; мөн тэрээр хонио тоолж, мөн тэд түүнийг таньж мэднэ; мөн нэг сүрэг мөн нэг хоньчин байх болно; мөн тэрээр өөрийн хоньдыг тэжээж, мөн тэд түүнээс тэжээлийг олох болно.

26 Мөн түүний хүмүүсийн зөв шударгын улмаас, Сатан хүчгүй байна; иймийн тул, тэр олон жилийн хугацаанд чөлөөлөгдөж чадахгүй; учир нь Сатан зүрхийг эзэгнэх хүчгүй байна, учир нь тэд зөв шударгад оршиж, мөн Израилын Ариун Нэгэн хаанчлах бөлгөө.

27 Мөн эдүгээ болгоогтун, Нифай би, эдгээр бүх зүйл маханбодын дагуу ирэх ёстойг та нарт хэлж байна.

28 Гэвч болгоогтун, бүх үндэстэн, ястан, хэлтэн болон ард түмэн, хэрэв тэд наманчлах аваас, Израилын Ариун Нэгэнд аюулгүйгээр орших болно.

29 Мөн эдүгээ, Нифай би, төгсгөл болгоё; учир нь би эдгээр зүйлийн талаар одоохондоо илүүг ярьж эс зүрхлэх авай.

30 Иймийн тул, ах нар минь, би та нарыг гуулин ялтаснууд дээр бичигдсэн зүйлс үнэн гэдгийг ухаарахыг хүсэж байна; мөн тэдгээр нь хүмүүн Бурханы зарлигуудад дуулгавартай байх ёстойг гэрчилдэг билээ.

31 Иймийн тул, зөвхөн миний эцэг, бид хоёр л гэрчилж, мөн түүнчлэн тэдгээрийг заасан юм гэж та нар бодох хэрэггүй. Иймийн тул, хэрэв та нар зарлигуудад дуулгавартай байж, мөн эцсийг хүртэл тэвчвээс та нар эцсийн өдөр аврагдах болно. Мөн энэ нь ийм болой. Амен.