Судрууд
Мозая 15


Бүлэг 15

Христ, хэрхэн Эцэг мөн Хүү аль аль нь болох нь тайлбарлагдав—Тэрээр өмгөөлөл үйлдэж мөн Өөрийн хүмүүсийн зөрчлүүдийг үүрэх болно—Тэд болон бүх ариун бошиглогч Түүний үр удам мөн—Тэрээр Амилуулалтыг улируулан тохиолгодог бөлгөө—Бяцхан хүүхдүүд мөнх амьдралтай. Ойролцоогоор МЭӨ 148 он.

1 Мөн эдүгээ Абинадай тэдэнд хэлэв: Бурхан өөрөө хүмүүсийн үрсийн дунд доош ирэх болно, мөн өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно гэдгийг та нар ойлгоосой хэмээнэ би.

2 Мөн тэрээр маханбодод оршихын учир тэрээр Бурханы Хүү гэж нэрлэгдэх болно, мөн Эцэгийн тааллын дагуу маханбодод харьяалуулсны учир, тэрээр Эцэг мөн Хүү—

3 Эцэг, учир нь тэр Бурханы хүчээр бий болгогдсон билээ; мөн Хүү, маханбодын учир буюу; ийн тэрээр Эцэг бас Хүү болдог—

4 Мөн тэд бол нэг Бурхан, тийм ээ, тэнгэр ба дэлхийн чухамхүү тэр Мөнхийн Эцэг болой.

5 Мөн тийн маханбод Сүнсний харьяат болж, өөрөөр хэлбэл нэг Бурхан болох, Хүү нь Эцэгийн харьяат болох учир, уруу таталтыг тэвчих болно, мөн уруу таталтад үл автагдах болно, гэсэн ч өөрийгөө өөрийн хүмүүсээр доромжлогдохыг, мөн цээрлүүлэгдэж мөн хөөгдөхийг, мөн гадуурхагдахыг зөвшөөрөх бөлгөө.

6 Мөн энэ бүгдийн дараа, хүмүүсийн үрсийн дунд олон хүчит гайхамшиг үйлдсэнийхээ дараа, тэрээр хөтлөгдөх болно, тийм ээ, бүр Исаиагийн хэлсэнчлэн, ноос хяргагчийн өмнө хонь хэлгүй байдаг мэт тэрбээр амаа үл нээсэн болой.

7 Тийм ээ, бүр тийн тэр хөтлөгдөн, цовдлогдон, мөн хөнөөгдөх болно, уг маханбод бүр үхлийн харьяат болж, Хүүгийн таалал Эцэгийн таалалд эзэгнэгдэх бөлгөө.

8 Мөн Бурхан ийн үхлийн хүлээсийг тасчина, учир нь тэр үхлийг даван, ялалтыг олно; мөн тэрээр Хүүд хүмүүсийн үрсийн төлөө өмгөөлөл хийх хүчийг өгдөг—

9 Тэрээр тэнгэр өөд одсон, мөн дотроо нигүүлслийг агуулдаг; хүмүүсийн үрсийг өрөвдөх сэтгэлээр дүүрсэн байна; мөн тэдний мөн шударга ёсны хооронд зогсдог бөлгөө; үхлийн хүлээсийг тасчиж, өөр дээрээ тэдний алдас мөн тэдний зөрчлүүдийг авч, тэднийг гэтэлгэн, мөн шударга ёсны шаардлагыг хангасан буюу.

10 Мөн эдүгээ би та нарт хэлнэ, хэн түүний үе удмыг тунхаглах билээ? Болгоогтун, би та нарт хэлнэ, түүний бодгаль нүглийн төлөө тахил болгон өргөгдөхөд тэрээр өөрийн үр удмыг харах болно. Мөн эдүгээ та нар юу хэлэх вэ? Мөн хэн түүний үр удам байх билээ?

11 Болгоогтун би та нарт хэлнэ, бошиглогчдын, тийм ээ, Их Эзэний ирэлтийн талаар бошиглосон бүх ариун бошиглогчийн үгсийг анхаарсан хэн боловч—би та нарт хэлнэ, тэдний үгсийг сонсож анхаарсан мөн Их Эзэн өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно хэмээн итгэсэн, мөн нүглүүдийнхээ ангижралын төлөө тэр өдрийг харуулдан хүлээсэн хэн боловч бүгд, би та нарт хэлье, тэд бол түүний үр удам, өөрөөр хэлбэл тэд бол Бурханы хаант улсыг өвлөгчид юм.

12 Учир нь тэрээр тэдний нүглийг нь үүрсэн болой; тэрээр тэднийг өөрсдийнх нь зөрчлүүдээс гэтэлгэхийн тулд үхсэн болой. Мөн эдүгээ, тэд түүний үр удам биш гэж үү?

13 Тийм ээ, мөн бошиглогчид ч тийм бус уу? Бошиглохын тулд амаа нээсэн болон зөрчилд унаагүй, дэлхий үүссэн цагаас хойших бүх ариун бошиглогчийг би хэлж байна. Тэд бол түүний үр удам гэдгийг би та нарт хэлнэ.

14 Мөн эдгээр нь амар амгаланг зарласан тэд, сайны тухай баярт мэдээг авчирсан тэд, авралыг зарласан тэд бөлгөө; мөн Сионд ийн хэлсэн: Таны Бурхан хаанчлан буй!

15 Мөн, ай тэдний хөл уулсын дээр хэчнээн үзэсгэлэнтэй байсан билээ!

16 Мөн түүнчлэн, амар амгаланг зарласаар буй тэдний хөл уулсын дээр хэчнээн үзэсгэлэнтэй билээ!

17 Мөн түүнчлэн, цаашид, тийм ээ, энэ цагаас хойшид мөн үүрд, амар амгаланг зарлах тэдний хөл уулсын дээр хэчнээн үзэсгэлэнтэй билээ!

18 Мөн болгоогтун, би та нарт хэлье, энэ бол бүгд биш. Учир нь амар амгаланг үндэслэгч, баярт мэдээг авчирдаг түүний хөл уулсын дээр, ай хэчнээн үзэсгэлэнтэй билээ, тийм ээ, бүр өөрийн хүмүүсийг гэтэлгэсэн Их Эзэний; тийм ээ, өөрийн хүмүүст авралыг хайрласан түүний буюу;

19 Учир нь өөрийн хүмүүсийн төлөө түүний хийсэн, дэлхийн үүслээс бэлтгэгдсэн тэрхүү гэтэлгэл үгүй байсан аваас, би та нарт хэлнэ, энэ нь үгүй байсан аваас, бүх хүн төрөлхтөн мөхөх ёстой байсан бөлгөө.

20 Гэвч болгоогтун, үхлийн хүлээс тасчигдах болно, мөн Хүү хаанчилна, мөн үхэгсдийн дээр хүчтэй байх буюу; тиймийн тул, тэрээр нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгох бөлгөө.

21 Мөн нэгэн амилуулалт, бүр анхны амилуулалт тохионо; тийм ээ, бүр байсны, байгаагийн, бүр Христийн—учир нь тэрээр тийн нэрлэгдэх бөлгөө—амилуулалтыг хүртэл байх тэдний амилуулалт буюу.

22 Мөн эдүгээ, бүх бошиглогчийн мөн тэдний үгсэд итгэсэн тэд бүгдийн, өөрөөр хэлбэл Бурханы зарлигуудыг сахисан тэд бүгдийн амилуулалт, анхны амилуулалтаар тохиох болно; тиймийн тул, тэд бол анхны амилуулалт юм.

23 Тэд өөрсдийг нь гэтэлгэсэн Бурхантай хамт оршихоор үхлээс босгогддог буюу; үхлийн хүлээсийг тасчсан Христээр дамжин тэд тийн мөнх амьдралтай болдог болой.

24 Мөн тэд бол анхны амилуулалтад багтах тэд болой; мөн тэд бол Христийг ирэхээс өмнө, өөрсдийн мэдэхгүйд, аврал тэдэнд тунхаглагдаагүйгээр нас барсан тэд бөлгөө. Мөн Их Эзэн тэдний сэргээлтийг тийн тохиолгох болно; мөн тэд анхны амилуулалтад багтаж, өөрөөр хэлбэл мөнх амьдралтай болно, учир нь тэд Их Эзэнээр гэтэлгэгдсэн болой.

25 Мөн түүнчлэн бяцхан хүүхдүүд мөнх амьдралтай.

26 Гэвч болгоогтун, мөн эмээгтүн, мөн Бурханы өмнө чичрэгтүн, учир нь та нар чичрэх нь зохистой; учир нь Их Эзэн өөрийг нь эсэргүүцдэг мөн нүглүүддээ үхдэг хэнийг боловч үл гэтэлгэнэ; тийм ээ, бүр дэлхий эхэлснээс хойш нүгэлдээ мөхсөн тэд, Бурханыг санаатайгаар эсэргүүцсэн тэд, Бурханы зарлигуудыг мэдэх мөртлөө, тэдгээрийг дагахгүй байсан тэд бүгд; тэд бол анхны амилуулалтад багтахгүй тэд болой.

27 Тиймийн тул та нар чичрэх нь зохистой бус уу? Учир нь аврал ийм нэгэнд ирэхгүй; учир нь Их Эзэн ийм нэгийг гэтэлгэхгүй; тийм ээ, Их Эзэн ийм хүмүүсийг гэтэлгэж чадахгүй; учир нь тэр өөрийгөө үгүйсгэж чадахгүй; учир нь шударга ёс эрхээ эдлэх нь зүйтэй үед тэрээр үүнийг үгүйсгэж чадахгүй.

28 Мөн эдүгээ би та нарт хэлнэ, Их Эзэний аврал бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэнд тунхаглагдах тэр цаг ирэх болно.

29 Тийм ээ, Их Эзэн, таны харуулууд дуу хоолойгоо өргөх болно; тэд нэг дуу хоолойгоор хамтдаа дуулна; учир нь Их Эзэн Сионыг дахин авчрахыг тэд нүдээр үзэх болно.

30 Баясацгаа; Иерусалимын зэлүүд газрууд та нар хамтдаа дуулцгаа; учир нь Их Эзэн өөрийн хүмүүсийг тайтгаруулсан, тэрээр Иерусалимыг гэтэлгэсэн болой.

31 Их Эзэн өөрийн ариун мутрыг бүх үндэстний нүдэнд харуулсан; мөн газар дэлхийн бүх хязгаар Бурханы минь авралыг үзэх болно.