Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 20

Лемен үндэсний зарим охид Ноагийн санваартнуудад хулгайлагдав—Леменчүүд Лимхай болон түүний хүмүүстэй дайтав—Леменчүүдийн дайчид ухран туугдаж мөн тайвшруулагдав. Ойролцоогоор мэө 145–123 он.

1Эдүгээ Шимлонд леменчүүдийн охид хамтдаа дуулж, бүжиглэж, мөн цэнгэцгээхээр цуглардаг нэгэн газар байлаа.

2Мөнхүү улиран тохиох дор нэгэн өдөр тэднээс цөөн хэд нь дуулж, бүжиглэхээр цугларцгаасан бөлгөө.

3Мөн эдүгээ хаан Ноагийн санваартнууд, Нифай хотод эргэж очихоос ичиж, тийм ээ, мөн түүнчлэн хүмүүс тэднийг алах болов уу гэхээс айж, тиймийн тул тэд эхнэр, хүүхдүүддээ буцаж зүрхэлсэнгүй.

4Мөн аглаг буйдад үлдсэн учир, мөн леменчүүдийн охидыг олж мэдсэний учир, тэд нуугдаж хэвтэн мөн тэднийг ажиглав;

5Мөн цөөн хэд нь бүжиглэхээр цугларсан үед, тэд нуугдсан газруудаасаа гарч ирээд мөн тэднийг барьж, мөн тэднийг аглаг буйд тийш авч одов; тийм ээ, леменчүүдийн охидоос хорин дөрвийг нь тэд аглаг буйд тийш авч одсон буюу.

6Мөнхүү улиран тохиох дор леменчүүд тэдний охид алга болсныг олж мэдээд, тэд Лимхайн хүмүүст уурлав, учир нь энэ нь Лимхайн хүмүүс байсан гэж тэд боджээ.

7Тиймийн тул тэд их цэргээ илгээв; тийм ээ, бүр хаан өөрөө хүмүүсийнхээ өмнө явав; мөн тэд Лимхайн хүмүүсийг устгахаар Нифайн нутаг өөд одов.

8Мөн эдүгээ Лимхай тэднийг цамхгаас олж хараад, бүр дайны бүрэн бэлтгэлтэй байгааг тэр олж мэдэв; тиймийн тул тэр хүмүүсээ цуглуулж, мөн талбайд мөн ойд хэвтэн тэднийг хүлээв.

9Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийг өгсөж ирэх үед, Лимхайн хүмүүс хүлээж байсан газраасаа гарч тэдний зүг дайран, мөн тэднийг алж эхлэв.

10Мөнхүү улиран тохиох дор тулалдаан үлэмж ширүүн болов, учир нь тэд идшээ харамласан арслангууд лугаа адил тулалдсан бөлгөө.

11Мөнхүү улиран тохиох дор Лимхайн хүмүүс леменчүүдийг өмнөө туун ухрааж эхлэв; гэсэн хэдий ч тэд леменчүүдийн хагаст нь хүрэхгүй цөөн байв. Гэвч тэд амьдралынхаа төлөө мөн эхнэр хүүхдүүдийнхээ төлөө тулалдсан ажээ; тиймийн тул тэд улайрч мөн луунууд лугаа адил тулалдацгаав.

12Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүдийн хааныг үхэгсдийн дунд олов; гэвч тэр үхээгүй, шархдаж мөн газар орхигдсон байв, түүний хүмүүсийн зугталт тийм хурдан байсан ажгуу.

13Мөн тэд түүнийг барьж мөн шархыг нь боогоод, мөн Лимхайн өмнө түүнийг авчирч, мөн хэлэв: Болгоогтун, леменчүүдийн хаан энд байна; тэрээр шарх олсон тул үхэгсдийн дунд унасан байв, мөн тэд түүнийг орхин оджээ; мөн болгоогтун, бид түүнийг таны өмнө авчирлаа; мөн эдүгээ түүнийг хөнөөцгөөе хэмээв.

14Гэвч Лимхай тэдэнд хэлэв: Та нар түүнийг хөнөөхгүй, харин би түүнийг харж болохын тулд түүнийг нааш авчрагтун. Мөн тэд түүнийг авчрав. Мөн Лимхай түүнд хэлэв: Миний хүмүүсийн эсрэг дайтахаар ирэх ямар шалтгаан танд байдаг билээ? Болгоогтун, миний хүмүүс миний танд ам өгснийг зөрчөөгүй билээ; тиймийн тул, та нар яагаад миний хүмүүст амласнаа зөрчих болов

15Мөн эдүгээ хаан хэлэв: Би амлалтаа зөрчсөн, учир нь танай хүмүүс миний хүмүүсийн охидыг барьж одсон буюу; тиймийн тул, би уурандаа өөрийн хүмүүсийг танай хүмүүсийн эсрэг дайтахаар ирэх болгосон билээ.

16Мөн эдүгээ Лимхай энэ явдлын талаар юу ч сонсоогүй байв; тиймийн тул тэр хэлэв: Би өөрийн хүмүүсийн дунд эрье, мөн ийм зүйлийг үйлдсэн хэн боловч мөхөх болно. Тиймийн тул тэрээр хүмүүсийнхээ дунд нэгжлэг хийлгэв.

17Эдүгээ Гидеон эдгээр зүйлийг сонсоод, тэрээр хааны ахмад байсан тул тэрээр дөхөж очин мөн хаанд: Би танаас хүлцэхийг гуйя, мөн энэ хүмүүсийг бүү нэгж, мөн энэ зүйлийг тэдэн дээр бүү тохооч хэмээв.

18Учир нь та энэ хүмүүсийг устгахаар эрэлхийлсэн эцгийнхээ санваартнуудыг санахгүй байна гэж үү? Мөн тэд аглаг буйдад байгаа бус уу? Мөн леменчүүдийн охидыг хулгайлсан нь тэд бус уу

19Мөн эдүгээ, болгоогтун, мөн эдгээр зүйлийг хаанд хэлэгтүн, тэднийг бидний тухайд тайвшруулж болохын тулд тэрээр өөрийн хүмүүст хэлж болохын тулд буюу; учир нь болгоогтун тэд аль хэдийн бидний эсрэг ирэхээр бэлтгэж байна; мөн болгоогтун түүнчлэн бид цөөн билээ.

20Мөн болгоогтун, тэд олон тооны дайчидтайгаа ирэх болно; мөн хаан тэднийг бидний тухайд тайвшруулахаас бусдаар бол бид мөхөх ёстой боллоо.

21Учир нь бидний эсрэг түүний бошиглосон—мөн энэ бүгд бид Их Эзэний үгсийг анхааран сонсохгүй мөн алдсуудаасаа салахгүй байгаагийн учир, мөнөөх Абинадайн үгс биелэгдсэн бус уу

22Мөн эдүгээ хааныг тайвшруулцгаая, мөн бид түүнд өгсөн амлалтаа биелүүлье; учир нь амиа алдсанаас боолчлолд байх нь илүү дээр бөлгөө; тиймийн тул, ийм их цус урсгахаа зогсооцгооё.

23Мөн эдүгээ эцгийнхээ мөн аглаг буйдад зугтсан санваартнуудынхаа талаар бүх зүйлийг Лимхай хаанд хэлж, мөн охидыг нь авч одсон хэмээн тэднийг буруутгав.

24Мөнхүү улиран тохиох дор хаан түүний хүмүүсийн тухайд тайвшрав; мөн тэрээр тэдэнд: Бүгдээрээ зэвсэггүйгээр миний хүмүүстэй уулзахаар явцгаая; мөн би та нарт миний хүмүүс танай хүмүүсийг алахгүй хэмээн ам өгч тангараглая гэв.

25Мөнхүү улиран тохиох дор тэд хааныг дагаж, мөн зэвсэггүйгээр леменчүүдтэй уулзахаар явлаа. Мөнхүү улиран тохиох дор тэд леменчүүдтэй уулзав; мөн леменчүүдийн хаан тэдний өмнө өөрөө бөхийж, мөн Лимхайн хүмүүсийн өмнөөс гуйв.

26Мөн леменчүүд Лимхайн хүмүүсийг зэвсэггүй байгааг хараад тэднийг өрөвдөж мөн тэдний тухайд тайвшрав, мөн хаантайгаа хамт нутгийнхаа зүг амар амгалан буцацгаав.