Судрууд
Мозая 3


Бүлэг 3

Бенжамин хаан айлтгалаа үргэлжлүүлэв—Төгс хүчит Их Эзэн бие махбодын асарт хүмүүсийн дунд тохинуулах болно—Тэрээр дэлхийнхний нүглүүдийг цагаатгахад арьсны сүв бүрээс нь цус шүүрэх болно—Түүнийх бол аврал ирдэг цорын ганц нэр—Хүмүүн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтнүүд болж чаддаг—Ёс бусыг үйлдэгчдийн тарчлал нь галт мөн хүхэрт нуур лугаа байх болно. Ойролцоогоор МЭӨ 124 он.

1 Мөн түүнчлэн ах дүүс минь, би та нарын анхаарлыг хандуулъя, учир нь та нарт ярих илүү зарим зүйл надад байна; учир нь болгоогтун, ирэх тэдгээрийн талаар та нарт хэлэх зүйлс надад байна.

2 Мөн та нарт миний хэлэх зүйлс Бурханы тэнгэр элчээр надад мэдүүлэгдсэн билээ. Мөн тэрээр надад: Сэрэгтүн хэмээв; мөн би сэрсэн, мөн болгоогтун тэрбээр миний өмнө зогсов.

3 Мөн тэрээр надад хэлэв: Сэрэгтүн, тэгээд танд миний хэлэх үгсийг сонс; учир нь болгоогтун, би танд агуу их баясгалангийн, уг баярт мэдээг зарлахаар ирлээ.

4 Учир нь Их Эзэн таны залбирлуудыг сонссон, мөн зөв шударгыг тань шүүн тунгаасан билээ, мөн та баясаж болохын тулд танд зарлан мэдүүлэхээр намайг танд илгээсэн бөлгөө; мөн тэд түүнчлэн баяслаар дүүргэгдэж болохын тулд та өөрийн ард түмэнд зарлаж болохын тулд буюу.

5 Учир нь болгоогтун, засаглах тэр, үүрд мөнхөөс үүрд мөнхөд байсан, мөн байдаг тэр Төгс Хүчит Их Эзэн хүмүүсийн үрсийн дунд тэнгэрээс бууж ирэх тэр цаг ирнэ, мөн удахгүй ирнэ. Мөн тэрээр махбодын асарт орших болно, мөн өвчтөнийг эдгээж, үхсэнийг босгон, хазгарыг алхуулж, сохрыг хараатай болгож, мөн дүлийг сонсгож, мөн зүйл бүрийн эмгэгийг анагаах зэрэг хүчит гайхамшгуудыг үйлдэн, хүмүүсийн дунд урагшлан явах болно.

6 Мөн тэрээр хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлд орших хилэнцэт сүнснүүдийг буюу чөтгөрүүдийг зайлуулах болно.

7 Мөн харагтун, тэрээр уруу таталтыг, мөн биеийн өвдөлт, өлсгөлөн, цангаа, мөн сульдааг, энэ нь үхэлд хүргэхээс бусдаар бол, бүр хүмүүний тэвчиж чадахаас илүүг тэвчих болно; учир нь болгоогтун, арьсных нь сүв бүрээс цус шүүрэх болно, өөрийн хүмүүсийн ёс бус мөн жигшүүрт хэргүүдийн төлөөх түүний тарчлал ийм агуу байх болно.

8 Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг, эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч хэмээн нэрлэгдэх болно; мөн түүний эх Мариа гэгдэх болно.

9 Мөн харагтун, бүр түүний нэрэнд итгэх итгэлээр хүмүүсийн үрсэд аврал ирж болохын тулд тэрээр өөрийнхөндөө ирнэ; мөн бүр энэ бүгдийн дараа ч тэд түүнийг хүн хэмээн бодож, мөн түүнд чөтгөр шүглэсэн хэмээн хэлж, мөн түүнийг ташуурдаж, мөн түүнийг цовдлох болно.

10 Мөн тэр гурав дахь өдөр нь үхэгсдийн дундаас босох болно; мөн болгоогтун, тэрээр дэлхийнхнийг шүүхээр зогсоно; мөн болгоогтун, хүмүүсийн үрсийн дээр зөв шударга шүүлт ирж болохын тулд эдгээр бүх зүйл үйлдэгдэх болно.

11 Учир нь болгоогтун, мөн түүнчлэн түүний цус нь, Адамын зөрчлөөр унагаагдсан тэдний, өөрсдийн талаарх Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан тэдний, эсвэл үл мэдэн нүгэл үйлдсэн тэдний нүглүүдийг цагаатгах болно.

12 Гэвч халаг, Бурханы эсрэг босож буйгаа мэдэх түүнд халаг! Учир нь наманчлалаар мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжихаас бусдаар бол эдний хэний нь ч дээр аврал ирэх нь үгүй.

13 Мөн эдгээр зүйлийг үндэстэн, ястан, мөн хэлтэн бүрд зарлуулахаар Их Эзэн Бурхан ариун бошиглогчдоо хүмүүсийн үрсийн дунд илгээсэн бөлгөө, тэгснээр Христ ирэх ёстой гэдэгт итгэх хэн боловч, мөнхүү тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, мөн бүр тэрээр аль хэдийн тэдний дунд ирсэн мэт үлэмж агуу баяслаар баярлаж болох буюу.

14 Гэвч Их Эзэн Бурхан өөрийн хүмүүсийг гөжүүд хүмүүс байсныг харсан, мөн тэрээр тэдний төлөө нэгэн хуулийг, бүр Мосегийн хуулийг тогтоосон билээ.

15 Мөн тэрээр өөрийн ирэлтийн талаар олон тэмдэг, гайхамшгууд, мөн бэлгэдлүүд, мөн адилтгалуудыг тэдэнд үзүүлсэн; мөн түүнчлэн ариун бошиглогчид түүний ирэлтийн талаар тэдэнд ярьсан бөлгөө; гэсэн ч тэд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн Мосегийн хууль нь түүний цусны цагаатгалаар дамжуулахаас бусдаар огтхон ч тус болохгүйг ойлгосонгүй.

16 Мөн бяцхан хүүхдүүд нүгэл үйлдэх боломжтой байсан ч, тэд аврагдаж чадахгүй байхсан; гэвч тэд адислагдсаныг би та нарт хэлье; учир нь болгоогтун, Адамаар буюу эгэл чанараараа тэд унасан шиг, тэрчлэн Христийн цус тэдний нүглүүдийг цагаатгах бөлгөө.

17 Мөн үүнээс гадна, би та нарт хэлнэ, хүмүүсийн үрсэд аврал дамжин ирж чадах өөр нэгээхэн ч нэр, басхүү нэгээхэн ч өөр зам, мөн нэгээхэн ч арга өгөгдөхгүй, зөвхөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн нэрийн улмаас мөн Түүгээр дамжуулан буюу.

18 Учир нь болгоогтун тэрээр шүүнэ, мөн түүний шүүлт шударга; мөн нялхдаа нас барах тэрхүү нялхас мөхөхгүй; гэвч хүмүүс өөрсдийгөө даруусган мөн бяцхан хүүхдүүд адил болж, мөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн цагаатгалын цусны улмаас мөн энэ цусаар дамжуулан аврал байсан, мөн байгаа, мөн байх болно гэдэгт итгэхгүй аваас тэд өөрсдийн сүнсэнд ялыг уух болно.

19 Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, тэрээр Ариун Сүнсний таталтад автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн болж, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэний түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас үүрд мөн мөнхөд тийм байх болно.

20 Мөн үүнээс гадна, би та нарт хэлнэ, Аврагчийн талаарх мэдлэг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэн бүрийн дунд тархах тэр цаг ирэх болно.

21 Мөн болгоогтун, тэр цаг ирэхэд бяцхан хүүхдүүдээс бусад нь, зөвхөн Төгс Хүчит Их Эзэний нэрэнд итгэх итгэл мөн наманчлалаар дамжуулахаар бус аваас хэн ч Бурханы өмнө буруугүй байхгүй.

22 Мөн бүр чи өөрийн ард түмэнд Их Эзэн Бурханыхаа зарлигласан зүйлийг заасан байх бүр энэ цагт ч, зөвхөн миний чамд ярьсан үгсийн дагуу бус аваас, тэр үед тэд Бурханы мэлмийд цаашид буруугүй байхгүй буюу.

23 Мөн эдүгээ Их Эзэн Бурханы надад зарлигласан үгсийг би ярилаа.

24 Мөн Их Эзэн ийн хэлдэг: Эдгээр нь энэ хүмүүсийн эсрэг илэрхий гэрч болон шүүлтийн өдөр зогсох болно; энэхүү гэрчийн дагуу тэд, хүн бүр өөр өөрийн үйлүүдийн дагуу, тэдгээр нь сайн эсвэл хилэнцэт байсан эсэхээр шүүгдэх болно.

25 Мөн хэрэв тэдгээр нь хилэнцэт аваас тэд Их Эзэний оршихуйгаас ухран нугдайж, тэд дахин хэзээ ч буцаж ирж үл чадах зовлонгийн мөн төгсгөлгүй тарчлалын байдалд ороход хүргэх, өөрсдийнхөө гэм болоод жигшүүрт хэргүүдийн аймшигт санамжинд орхигдох болно; тиймийн тул тэд сүнсэндээ ялыг уусан байх бөлгөө.

26 Тиймийн тул, Адам хориглогдсон жимснээс хүртсэний улмаас тэр унах ёстойг шударга ёс цуцалж чадаагүйн адил, шударга ёс нь тэдний уух ёстойг цуцалж үл чадах тэрхүү Бурханы хилэнгийн аяганаас тэд уусан байна; тиймийн тул, тэдний дээр нигүүлсэл цаашид мөнхөд эрхтэй байж чадахгүй бөлгөө.

27 Мөн тэдний тарчлал дөл нь унтраагдашгүй, мөн утаа нь үүрд мөн мөнхөд уугих тэрхүү галт мөн хүхэрт нуур адил байх болно. Их Эзэн надад тийн зарлигласан билээ. Амен.