Ирээд, Намайг дага
Та бол хүүхдүүдийн багш


“Та бол хүүхдүүдийн багш,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“Та бол хүүхдүүдийн багш,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Христ хүүхдүүдтэй хамт байгаа нь

Та бол хүүхдүүдийн багш

Та Бурханы хүүхдүүдэд Аврагчийн арга барилаар заахын тулд Түүгээр дуудагдсан. Та Бурханы ариун санваарын эрх мэдлээр энэ дуудлагад онцгойлон адислагдсан. Та туршлагатай багш биш ч гэлээ зохистой амьдран, өдөр бүр залбирч, судруудыг судалбал Бурхан танд Ариун Сүнсний нөлөө болон хүчийг өгнө (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ таны халамжинд даатгасан бөгөөд тэдэнд юу хэрэгтэйг мөн тэдэнд хэрхэн хамгийн сайнаар хүрч болохыг мэддэг. Таныг хичээлд бэлтгэж мөн заах үед Бурхан Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлнэ. Тэрээр танд юу хэлэх, юу хийх хэрэгтэй гэдгийг илчлэх болно.

Эдгээр эрхэм нандин хүүхэд амьдралынхаа бүхий л хүрээнд мэдээллийг зогсолтгүй шингээж аван, бодол санаагаа төлөвшүүлж, хөгжүүлж мөн аливааг олж мэдэж, хуваалцаж байдаг. Ялангуяа энэ нь сайн мэдээний хувьд үнэн бөгөөд хүүхдүүд үүний энгийн үнэнүүдээс суралцахад бэлэн төдийгүй сурах хүсэлтэй байдаг. Сүнслэг зүйлд итгэх тэдний итгэл хүчтэй, цэвэр ариун байдаг ба тэд мөч бүрийг суралцах мөч гэж үздэг. Тэдний ойлголт дутуу ч тэд сурч мэдсэн зүйлийнхээ дагуу сайн дураараа үйлддэг. Бид бүгд сайн мэдээг тэдний адил хүлээж авах хэрэгтэй. Аврагч “Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй” (Лук 18:17) хэмээн заасан.

Хүүхдэд заах дуудлага бол ариун нандин үүрэг хариуцлага юм. Заримдаа хийж чадахгүй мэт санагдах үе гарна. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг таныг дуудсан бөгөөд хэзээ ч орхихгүй гэдгийг бүү мартаарай. Энэ бол Их Эзэний ажил бөгөөд та “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (С ба Г 4:2) үйлчлэх үед Тэр таны чадвар, бэлэг, авьяасыг өсгөн нэмэгдүүлж, таны хийсэн үйлчлэл болон заадаг хүүхдүүдийн тань амьдралыг адислах болно.