2013
Лорензо Снөүгийн тухай илүү их мэдье
2013 оны нэгдүгээр сар


Залуучуудад зориулав

Лорензо Снөүгийн тухай илүү ихийг мэдэцгээе

Сүмийн тав дахь Ерөнхийлөгчийн тухай та нарын мэдэхгүй байж болох хэдэн зүйлийн тухай өгүүлье.

Энэ жил Нийгмийн Халамжийн Бүлэг болон Мелкизедек санваартнуудын хичээл Ерөнхийлөгч Лорензо Снөүгийн (1814–1901) амьдрал, сургаалууд дээр анхаарал төвлөрүүлэх болно. Зарим насны бүлгийнхэн энэ номоос үзэхгүй ч энэ нь та нар түүний тухай зарим зүйлийг мэдэх боломжгүй гэсэн үг биш юм. Ерөнхийлөгч Снөүгийн амьдрал гайхамшигтай бөгөөд бэрхшээл сорилт, ялалт амжилтуудаар дүүрэн.

Сайн мэдээг Хамгаалагч

Лорензо Снөү бүр бага залуу байхдаа Сүмийн тухай анх сонссон ажээ. Эгч Элиза нь (ХҮГ олон дуулал бичиж, Нийгмийн Халамжийн Бүлгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Элиза Р.Снөү) нь сайн мэдээг баяртайгаар хүлээн авч, дуулгавартай дагахаар шийдсэн ч Лорензо Снөү эхлээд баптисм хүртэх хүсэлгүй байсан гэнэ. Гэвч Сүмийн сургаал түүнд маш сонирхолтой санагддаг байжээ. Лорензо Огайогийн Оберлин дахь коллежид сурч байхдаа манай Сүмийн итгэлийн талаар протестант шашны үйлчлэгчид болохоор суралцаж байсан оюутнуудтай олонтоо хуваалцдаг байв. Тэрбээр хэдийгээр баптисм хүртэхээр шийдээгүй байсан ч, Оберлин дахь оюутнуудад сайн мэдээг амжилттайгаар заан бүр тэднээс олон нь Сүм сэргээгдсэн нь үнэн байх боломжтой хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Лорензо сайн мэдээг хүлээн авахаасаа өмнө эрч хүчтэй номлогч байсан учраас хожим нь баптисм хүртсэнийхээ дараа Их Эзэний ажилд бие сэтгэл бүхнээ дайчлан ажилласанд гайхах юун. Тэрээр Сүмийн гишүүн болсон анхныхаа жилүүдэд нэлээд хэдэн номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр дуудагджээ. Тэр эхлээд Огайод, дараа нь АНУ-ын Миссури, Кентаки, Иллинойд үйлчилжээ. Хожим нь түүнийг Англид Сүмийг зохион байгуулахад туслалцуулахаар илгээжээ. Лорензо тэнд байхдаа Мормоны Номыг Хатан Хаан Виктория, Хун тайж Альберт нарт өгсөн гэдэг. Тэрбээр хожим нь Итали, Швейцарьт, эцэст нь Хавайн арлуудад номлолд үйлчилсэн ажээ.

Далайд болсон гайхамшиг

Ахлагч Снөү Англиас Иллинойн Наувуд эргэж ирэхдээ шинээр баптисм хүртсэн олон гишүүдийг дагуулж ирсэн ажээ. Тэд Свонтон гэдэг усан онгоцны тасалбар аваад Хойд Америк руу аян замд гарах бэлтгэлээ хангажээ.

Свонтон онгоцны ахмад Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд дургүй байсан тул тэдэнд тийм ч нөхөрсөг бишээр хандсан аж. Тэр ерөнхийдөө тэднээс хол хөндий байдаг байв. Гэвч далайд хоёр долоо хоног аялсны эцэст нэгэн гайхалтай явдал болов. Ахмадын туслах осолд орж хүндээр бэртсэн аж. Түүнийг нэг хоногоос илүү амьд байна гэж хэн ч бодоогүй гэнэ.

Гэвч үхэж байгаа далайчныг асарч байсан итгэл бишрэлтэй эгч нарын нэг нь нэгэн санал гаргав. Тэр эгч Ахлагч Лорензо Снөү түүнд адислал өгвөл амийг нь аварч магадгүй гэж ахмадын туслахад хэлжээ. Германд байдаг эхнэр, хоёр хүүхдээ тэжээхийн тулд энэ усан онгоцон дээр ажилладаг байсан ахмадын туслах адислал авахыг дуртай зөвшөөрсөн гэнэ.

Ахлагч Снөүг шөнө дунд сэрээж, амьсгал хураах гэж байгаа нэг хүний өрөөнд хүрч ирээч гэж хүсчээ. Тэр эхлээд усан онгоцны ахмадтай уулзав. Ахмад түүнийг хүрч ирсэнд талархаад туслахынх нь биеийн байдал найдваргүй гэж үзэж байгаагаа хэлсэн гэнэ. Ахлагч Снөү хөлгийн ахмад уйлсан байгааг харав.

Тэр хөлгийн ахмадын туслахын өрөөнд орж, толгой дээр нь гараа тавьж, санваарын адислал өгөв. Ахлагч Снөүг адислалаа дуусгамагц сайхь далайчин орон дээрээ өндийн сууснаа улмаар орноосоо боссон гэнэ. Ахмадын туслах бүрэн эдгэрч маргааш нь ажилдаа оржээ.

Бодгалийн үнэ цэнэ

Ахмадын туслахыг эдгээсэн нь Свонтон хөлөг дээрх уур амьсгалыг өөрчлөв. Хөлгийн ахмад чадах л хэрээрээ Гэгээнтнүүдтэй аль болох олон цагийг хамт өнгөрүүлэхийг хичээдэг болсноос гадна сайн мэдээг судалж, Сүмийн цуглаануудад оролцдог болсон гэнэ. Бусад усан цэргүүдэд ч энэ явдал гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ. Усан онгоц зорьсон газартаа хүрэхэд хөлгийн багийнхан Гэгээнтнүүдтэй сайхан сэтгэлээр салах ёс гүйцэтгэсэн ажээ. Санваарын хүчээр зөвхөн нэг хүний амь аврагдаад зогссонгүй өөр нэлээд олон хүн Бурханы хүч хийгээд хайрыг өөрийн нүдээр гэрчилжээ. Ахмадын туслах болон усан онгоцны багийн олон гишүүн хожим нь баптисм хүртжээ.

Лорензо Снөүгийн амьдралд өөр олон гайхалтай үйл явдал тохиосон ажээ. Иймээс энэ жил насанд хүрэгчид Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Лорензо Снөү номыг судлах үеэр та нар ч гэсэн тэдэнтэй хамт үзэж яагаад болохгүй байх билээ? Та нар ням гарагт эсвэл чөлөөт цагаараа Ерөнхийлөгч Снөүгийн сургаалуудаас уншиж болно шүү дээ. Бас та нар гэр бүлээрээ сайн мэдээний тухай ярилцах үедээ Бурханы бошиглогч болсон энэхүү гайхалтай хүний тухай ихийг мэдэх болно.

Томас С.Чайльд, Жинетт Андрюс нарын зураг чимэглэл; Map © istockphoto/thinkstock

Хавайд номлолд үйлчилжээ.

Нэгдсэн Улсад хэд хэдэн номлолд үйлчлэв.

Өөр сүмийн үйлчлэгч нарт сайн мэдээний зарчмуудыг заадаг байв.

Хойд Америк руу далайн аялал хийх үед усан онгоцны ахмадын туслахыг эдгээв.

Мормоны Номыг Хатан Хаан Виктория, Хун тайж Альберт нарт өгөв.