2013
Даршилсан ногоо, манжин ба гэрчлэл: Лорензо Снөүгийн амьдрал ба сургаалуудын сүнслэг нөлөө
2013 оны нэгдүгээр сар


Даршилсан ногоо, манжин ба гэрчлэл Лорензо Снөүгийн амьдрал ба сургаалын сүнслэг нөлөө

Та нар Ерөнхийлөгч Лорензо Снөүгийн сургаалуудыг энэ жил судалснаар түүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгч болохыг мөн өгсөн зөвлөгөө нь өнөө үетэй гайхалтай холбоотой болохыг мэдэх болно.

Хэрэв та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тав дахь Ерөнхийлөгч Снөүгийн хөргийг харсан бол түүний урт цагаан сахал, дөлгөөхөн царайг нь санах биз ээ. Хэрэв та түүний хөргийг ойроос сайтар харахын тулд хэдэн минутыг зориулбал Ерөнхийлөгч Снөүгийн нүд бага зэрэг алжаасан байдалтай ч ядарсан биш, өндөр настай ч эрч хүч, сэтгэлийн тэнхээгээр дүүрэн хүн болохыг ажиглах биз ээ.

Ерөнхийлөгч Снөү аравны нэгийн тухай заахаар сүнсээр өдөөгдсөнийг та нар сонссон байх мөн Солт Лейкийн Ариун сүмд түүнд тохиолдсон ариун туршлагын тухай ямар нэг зүйлийг та нар санах байх.

Харин юу түүнийг ариун сүмийн тэрхүү туршлага руу хөтөлснийг түүнчлэн үүний үр дүнд юу болсон тухай та нар мэдэх үү? Аравны нэгийн хуулийн талаар түүний хүлээн авсан илчлэлтийн тухай түүхийг та нар мэдэхийг хүсч байна уу?

Түүний нүд, нүүр царайнаас илүү их зүйлийг мэдмээр байна уу? Өөр сүмийн нэг үйлчлэгч Ерөнхийлөгч Лорензо Снөүтэй уулзсаны дараа ингэж бичжээ: “Түүний нүүрэнд амар амгалангийн хүч гэрэлтэнэ, дэргэд нь байхад амар амгалан мэдрэгдэнэ. Дөлгөөхөн харцанд нь ‘нам гүмхэн залбирал’ төдийгүй, сүнсний хүч чадал илхэн харагдана. … Би үнэхээр ‘ариун газар дээр зогсож байна уу даа’ гэсэн хачирхмаар мэдрэмж надад төрж билээ.1 Ийм царай төрхөнд сонирхолтой явдал, сорилт бэрхшээл, амжилт ялалт, уйтгар гуниг, баяр баясгалан хийгээд илчлэлт бүгд нэгдэн нийлсэн байдгийг мэдмээр байна уу?

Энэ жил Мелкизедек санваартнууд болон Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Лорензо Снөү)-г судлах болно. Та нар Ерөнхийлөгч Снөүгийн сургаалуудыг судалж, сүм дээр болон гэр орондоо ярилцсанаар түүний тухай илүү их зүйлийг мэдэх болно. Та нар түүнийг Бурханы хүн, бошиглогч, үзмэрч, илчлэгч гэдгийг бас түүний зөвлөгөө өнөө үетэй гайхалтай холбоотойг мэдэх болно.

Та бүхний сонирхлыг өдөөхийн тулд энэ жил судлах цуврал хичээл ба түүхүүдийн зарим жишээнээс өгүүлье. Дараах догол мөрүүд дэх бүлэг болон хуудасны дугаарууд нь Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Лорензо Снөү- номынх юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар хөрвөлтийн үйл явцыг өргөст хэмх даршлах үйл явцтай зүйрлүүлж, нэг ерөнхий чуулган дээр сонирхолтой үг хэлснийг та нар санаж байгаа байх.2 Ахлагч Беднар бол энэхүү зүйрлэлийг ашигласан анхны Төлөөлөгч биш юм. Ерөнхийлөгч Снөү үүнтэй адил зүйрлэлийг 150 жилийн тэртээ хуваалцаж байжээ:

“Нэг ширхэг өргөст хэмхийг торх дүүрэн цагаан цуунд дарвал 1 цаг болоод ч, бүтэн 12 цаг болоод ч, үр дүн нь бараг харагдахгүй. Үүнийг гарган үзвэл даршлалт зөвхөн хальсанд нөлөөлсөн байх бөгөөд бүрэн даршлалтад их хугацаа шаардагдах нь харагдана. Энэ сүмд баптисм хүртэх нь тухайн хүнд нөлөөлөх боловч үр дүн нь тэр даруй гардаггүй. Энэ нь тухайн хүнийг 12-24 цагийн дотор өөрчилж чадахгүй. Цагаан цуунд өргөст хэмх удаан даршлагддагын адилаар, уг хүн зөв сүнс түүнийг дүүргэтэл сүмд явах ёстой.3

Ерөнхийлөгч Снөү хөрвөлтийн тухай өөрийн туршлага дээр үндэслэн ярьсан байдаг. Тэрээр өөрт нь тохиолдсон хоёр үйл явдлын талаар олонтоо хуваалцаж байсан. Эдгээрийн нэг нь өөрийг нь Сүмд элсэхээс өмнө болсон ба харин удаах нь түүнийг баптисм хүртэж, гишүүнээр баталсны дараахан “зөв сүнсээр дүүрэхэд нь” тусалсан нэг үйл явдал байлаа. Та эдгээр түүхийг 1, 3, 59, 61, 62-р хуудаснаас уншиж болно.

“Хүн яагаад хүмүүсийг ерөнхийлөгчөөр ажиллахаар дуудагддаг юм бэ?” гэж Ерөнхийлөгч Снөү нэг удаа асуужээ. “Нэр хүнд нөлөөтэй болж, үүнийгээ хувийн ашиг сонирхлын төлөө ашиглахын тулд ингэдэг үү? Үгүй, харин ч үүний эсрэгээр Бурханы Хүүд санваар өгөгдсөн тэрхүү зарчмаар үйлдэж, золиослол хийх ёстой албан тушаалд тэрээр дуудагддаг. Өөрийнхөө төлөө юү? Үгүй ээ, хүмүүсийнхээ ашиг сонирхлын төлөө. … Ах дүүсийнхээ дарга нь биш харин тэдний үйлчлэгч болж, тэдний ашиг сонирхол, сайн сайхны төлөө ажиллахын тулд юм.”4

Ерөнхийлөгч Снөү Сүмийн удирдагчийн хувьд энэхүү зарчмыг хэрэгжүүлдэг байсан бөгөөд заримдаа үүнийг хэрэгжүүлэх бүтээлч арга замыг олдог байв. Жишээ нь, тэр нэг удаа зовлон зүдгүүрт өртсөн хэсэг Гэгээнтнүүдийн санаа сэтгэлийг өргөхийн тулд манжин, орны дэвсгэр даавуу, сүрлийг ашиглажээ. Энэ түүх 7-р бүлэгт байдаг. Сүмийн удирдлагын тухай зарим сургаалыг 8-р бүлгээс үзнэ үү.

Ерөнхийлөгч Снөү жинхэнэ удирдагч ямар байвал зохихыг мэддэг байсан учраас хүч нөлөө ихтэй, бүтээлч, хүмүүст нөлөөлж чаддаг удирдагч байлаа. “Эдүгээ дэлхийн үндэстнүүдээс хүмүүсийг цуглуулах агуу ажил хийгдэж байна. Энэ ажил нэг буюу нэг хэсэг хүмүүсийн оюун ухаанд үүсэн бий болоогүй юм. Харин энэ нь Бүхнийг Чадагч Их Эзэнээс үүдэлтэй юм” хэмээн тэрбээр сургажээ.5 85 насны ойгоор нь түүнд хүндэтгэл үзүүлэхээр цугласан Сүмийн гишүүдэд тэрээр хариу талархал илэрхийлэхдээ: “Би ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэснийхээ дараа үүнийг Лорензо Снөү биш, харин Сүмийн Ерөнхийлөгчийн энэхүү албан тушаалд намайг авчирсан туршлагын үр дүн мөн Их Эзэн хийснийг би үргэлж мэдэрдэг” гэжээ.6

Тэрбээр энэхүү үнэнийг үргэлж заадаг байсан ба түүнийг Сүмийн Ерөнхийлөгч болохын өмнөхөн түүнд үүнтэй холбоотой нэгэн зүйл тохиолджээ. Тэрбээр 1898 оны есдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Вилфорд Вудраффыг нас барахад насаар хамгийн ахмад Сүмийн Төлөөлөгч болжээ. Тэрбээр энэхүү хүндтэй үүрэг хариуцлагад өөрийгөө тэнцэхгүй гэж үзэн Солт Лейкийн Ариун сүмийн нэг өрөөнд ганцаараа залбирахаар очсон ажээ. Тэр удирдамж хүссэн ч залбиралд нь хариу ирсэнгүйг мэдэрсэн гэнэ. Тиймээс хэсэг хугацааны дараа өрөөнөөс гарч үүдний уужим өрөөнд оржээ. Тэнд байхад нь залбирлынх нь хариу ирэв. Амилсан Аврагч түүний өмнө шалнаас 1 метр орчим өндөрт зогсож байсан бөгөөд Сүмийн удирдлагын талаар цаашид хэрхэн ажиллавал зохихыг түүнд ярьжээ. Энэхүү туршлагын тухай тодорхой мэдэхийн тулд 20-р бүлгийг үзнэ үү.

Ерөнхийлөгч Снөү аравны нэгийн хуулийн талаар илчлэлт хүлээн авсныг бараг хүн бүхэн мэддэг билээ. Сүмийн гишүүдэд зориулсан энэ илчлэлтийг 1899 онд шийдэмгийгээр тунхагласан юм: “Ирээдүйд бэлтгэж, бат бөх суурин дээр зогсохыг хүсдэг Хожмын Үеийн Гэгээнтэн бүр Их Эзэний хүслийг биелүүлж, аравны нэгээ бүрэн төлөх цаг иржээ. Энэ бол та нарт хандсан Их Эзэний үг юм.”7

Хожмын Үеийн Гэгээнтнүүд бошиглогчийн энэ зөвлөгөөнд итгэлээр хариулсан бөгөөд үүний ачаар Их Эзэн тэднийг хүн нэг бүрээр болон хамтад нь адисалсан юм. Энэхүү илчлэлтийн нөлөө өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд бүх дэлхий даяарх гишүүд аравны нэгийн хуулинд дуулгавартай байснаараа сүнсний болон материаллаг адислалуудыг хүлээн авсаар байгаа. Энэ илчлэлт рүү хөтөлсөн үйл явдал болон дараа нь ирсэн адислалуудын тухай 12-р бүлгээс уншина уу.

Бусад бошиглогч бүрийн нэгэн адил Ерөнхийлөгч Снөү Есүс Христийн тухай хүчтэй гэрчлэл хэлдэг байв. Тэрбээр ийн заажээ: “Бид бүгдээрээ Есүс Христээс мөн амар амгалан, аз жаргал, өргөмжлөлийг олж болох замыг бидэнд нээн, дэлхийд ирсэн Түүний ирэлтээс хамааралтай билээ. Хэрэв Тэрбээр энэ ажлыг дуусгаагүй бол сайн мэдээгээр баталгаажсан эдгээр адислалууд болон онцгой боломжууд бидэнд хэзээ ч ирэхгүй байсан биз ээ.”8 Тэрбээр Аврагчийн төрөлт, мөнх бус амьдрал дахь Түүний үйлчлэл, Цагаатгал, Түүний сэргээгдсэн Сүм дэх оролцоо, Хоёр дахь Ирэлтийн тухай гэрчилсэн юм. Есүс Христийн тухай түүний гэрчлэлүүдийг 24-р бүлгээс үзнэ үү.

Мэдээж хэрэг энэхүү богинохон өгүүлэл Ерөнхийлөгч Снөүгийн амьдрал, үйлчлэлийн тухай танд зөвхөн товчхон мэдээлэл өгөх болно. Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Лорензо Снөү) номыг судлах явцад та сүнслэг нөлөө бүхий өөр олон түүхийг, түүний дотор номлогч болж сайн мэдээг анх удаа заасан туршлагынх нь тухай, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдсандаа ихэд гайхсан тухай, Атлантын далайгаар аялж явахад нь тохиолдсон аймшигт далайн шуурганы үед сэтгэл санаа нь ямар байсан болон санваарын хүчээр хүний амийг (түүний дотор өөрийнхөө амийг) аварсан дөрвөн удаагийн тохиолдлын тухай олж мэдэх болно. Та янз бүрийн сэдвээрх түүний сургаалуудаас, тухайлбал эв нэгдэл, даруу зан, гэрээнүүд, ариун сүмийн ажил, гэр бүлийн харилцаа, төгөлдөржилтийн төлөө хичээн чармайх, санваар, Нийгмийн Халамжийн Бүлэг болон сайн мэдээг хуваалцсанаас ирдэг баяр баясгалангийн тухай маш их зүйлийг мэдэж болно.

Хэрэв та энэ өгүүлэлд дурдсан түүх болон сургаалуудыг уншиж, тунгаан бодоход цаг гаргах юм уу эсвэл эдгээрийг удалгүй уншихаар шийдвэл Ерөнхийлөгч Снөү таны хүч чармайлтанд сэтгэл хангалуун байх болно гэдэгт та итгээрэй. Тэрбээр насан туршдаа суралцагч байсан бөгөөд бид “үнэний зарчмуудыг гүнзгий ойлгож, “тэнгэрлэг мэдлэгээ дээшлүүлэхийн” тулд “өөрсдийгөө дайчлан ажиллах” ёстой хэмээн сургасан билээ.9 Тэрээр, “Өнгөрч байгаа өдөр бүр эсвээс өнгөрч байгаа долоо хоног бүр нь бидний хувьд өмнө нь хэзээ ч байгаагүй хамгийн сайхан байсан үе байвал зохино, ингэснээр бид мэдлэг ба мэргэн ухаанаар, сайныг үйлдэх чадвараар өөрсдийгөө өдөр бүр бага багаар урагш ахиулан хөгжүүлж чадна” хэмээн зөвлөжээ.10

Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Лорензо Снөү номыг судалснаар таны амьдрал энэ жил улам баялаг агуулгатай болох болтугай. Та нар энэ номыг судлах явцдаа Ерөнхийлөгч Снөүтэй нүүр тулан уулзсан өөр сүмийн өнөөх үйлчлэгчтэй адил мэдрэмжийг мэдрэх боломжтой. Та Лорензо Снөүгийн энэрэл нигүүлсэл гэрэлтсэн нүүр царай, дөлгөөхөн харцыг хараад өөрийгөө ариун газар дээр байгаагаа мэдрэх болно. Энэ нь та Лорензо Снөүг мэддэг учраас тэр биш харин та өөрийгөө түүний гэрчилдэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойрхон байгаагаа мэдэрснийх юм.

Эшлэл

  1. Реверенд Прентис, Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow (2012), 30-д эш татжээ.

  2. Дэвид A.Беднар, “Ye Must Be Born Again,” Лиахона, 2007 оны 5-р сар, 19–22.

  3. Teachings: Lorenzo Snow, 68.

  4. Teachings: Lorenzo Snow, 219

  5. Teachings: Lorenzo Snow, 153.

  6. Teachings: Lorenzo Snow, 148.

  7. Teachings: Lorenzo Snow, 157.

  8. Teachings: Lorenzo Snow, 280–81.

  9. Teachings: Lorenzo Snow, 65.

  10. Teachings: Lorenzo Snow, 103.

Ерөнхийлөгч Снөү аравны нэгийг төлөх нь адислалууд авчирдаг тухай номложээ. Аравны нэгийг энэ зураг дээрхтэй адил офисуудад хүлээн авдаг байв (Солт Лейк хот, 1880-аад оны үед). Зүүн талд: Ерөнхийлөгч Снөү зарим найз нараа хүлээн авч дайлахад бэлтгэх үеэрээ дүнзэн байшингаа гэрэлтүүлэхийн тулд манжингаар лааны тавиур хийжээ.

Лорензо Снөү Солт Лейкийн Ариун сүмд амилсан Их Эзэнийг харсан.

Зүүн талд: © Artbeats-ын зураг; Жон Виллард Клосоны зурсан хөрөг зураг © IRI; гэрэл зургийг Роберт Кэйси

Зүүн талаас: зураг чимэглэлийг Брайн Колл; гэрэл зургийг Роберт Кэйси; гэрэл зургийг Сүмийн Түүхийн Номын Сангийн зөвшөөрлөөр нийтлэв

Гэрэл зургийг Сүмийн Түүхийн Номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; Хоёр дахь Ирэлт, Грант Ромни Клосон © IRI