Судрууд
Сургаал ба Гэрээ


АЛБАН ТУНХАГ—2

Холбогдох хүмүүсийн сонорт:

1978 оны есдүгээр сарын 30-нд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын 148-р Ерөнхий чуулган дээр дараах зүйл нь Сүмийн Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Н.Элдон Таннераар толилуулагдав:

Санваар хийгээд Сүмийн зохистой бүх эрэгтэй гишүүдэд ирэх ариун сүмийн адислалуудын талаар нэгэн илчлэлт Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллаар хүлээн авагдсаныг энэ оны зургадугаар сарын эхээр Тэргүүн Зөвлөл зарласан билээ. Ариун сүмийн нандин өрөөнүүд дэх удаан бясалгал хийгээд залбирлын дараа түүнд ирсэн энэхүү илчлэлтийг тэрээр хүлээн авсны дараа уг чуулганд намайг мэдээлнэ үү хэмээн Ерөнхийлөгч Кимбалл надаас хүссэн юм, тэрбээр үүнийг хүлээн авч мөн баталсан зөвлөхүүддээ үүнийг толилуулсан юм. Тийнхүү үүнийг санал нэгтэйгээр баталсан Арванхоёр төлөөлөгчийн чуулганд толилуулав, мөн дараа нь залгаад мөн үүнийг санал нэгтэйгээр баталсан Сүмийн бүх Ерөнхийлөн Удирдах эрх мэдэлтнүүдэд толилуулсан бөлгөө.

Эдүгээ намайг энэ захидлыг уншина уу хэмээн Ерөнхийлөгч Кимбалл хүссэн юм:

1978 оны зургадугаар сарын 8

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх ерөнхий болон орон нутгийн санваартны бүх албан тушаалтнуудад:

Эрхэм хүндэт Ах нар аа:

Дэлхий даяар Их Эзэний ажил өргөжин тэлж байгааг бид гэрчлэхийн хамт, олон үндэстний хүмүүс сэргээгдсэн сайн мэдээний захиаст нааштайгаар хандан, Сүмд нэгдэх нь тооны хувьд байнга өсөн нэмэгдэж байгаад бид баяртай байдаг билээ. Энэ нь эргээд, сайн мэдээний хангах бүх онцгой боломжууд хийгээд адислалуудыг Сүмийн зохистой гишүүн болгонд хүртээх хүслээр бидэнд бурханлигаар нөлөөллөө.

Биднээс өмнө хэзээ нэгэн цагт байсан бошиглогчид хийгээд Сүмийн Ерөнхийлөгчдөөр Бурханы мөнхийн төлөвлөгөөнд хийгдсэн амлалтуудыг ухамсарлан, бидний зохистой бүх ах нар санваарыг хүлээн авч болохын тулд, мөн санваар нь буцаан авагдсан тэдний итгэлтэй байдлыг гэрчлэн, бурханлиг удирдамжийн тулд Их Эзэнд даруухнаар залбиран, Ариун сүмийн Дээд өрөөнд олон цагийг өнгөрүүлэн, бидний итгэлтэй ах нар, тэдний нэрийн өмнөөс бид удаанаар мөн хичээнгүйлэн гуйлаа.

Тэрбээр бидний залбирлуудыг сонссон, мөн Сүм дэх зохистой, итгэлтэй эрэгтэй хүн бүр ариун санваарыг хүлээн авч, үүнийг бурханлиг эрх мэдлийн хүчээр хэрэглэн мөн тэндээс үүдэлтэй адислал бүрийг, түүний дотор ариун сүмийн адислалуудыг хайртай хүмүүсийнхээ хамт эдэлж болох тэрхүү эрт дээр үед амлагдсан өдөр ирлээ гэдгийг илчлэлтээр нотоллоо. Иймээс, Сүмийн бүх зохистой эрэгтэй гишүүд яс үндэс буюу арьсны өнгөнөөс үл хамааран санваарт томилогдож болно. Аароны эсвээс Мелкизедек санваар аль алинд нь томилогдох бүх нэр дэвшигчидтэй нягт хянуур ярилцлага хийх бодлогыг баримтлахдаа, зохистой байдлын тогтоосон жишгүүдийг тэд хангасныг итгэлтэйгээр тодорхойлох талаар санваартны удирдагчид зааварлагдаж байна.

Их Эзэн эдүгээ эрх мэдэл бүхий үйлчлэгчдийнхээ дуу хоолойг анхаарч, түүнчлэн сайн мэдээний адислал бүрийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх дэлхий даяарх бүх хүүхдийнхээ адислалын төлөө Өөрийн тааллыг мэдүүлснийг бид буурь суурьтайгаар тунхаглаж байна.

Чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн,

Спенсер В.Кимбалл

Н.Элдон Таннер

Марион Г.Ромни

Тэргүүн Зөвлөл

Спенсер В.Кимбаллыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Бошиглогч, үзмэрч, мөн илчлэгч, түүнчлэн ерөнхийлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч, хууль батлах, өөрчлөх эрх мэдэл бүхий хуралдайн хувьд бид энэхүү илчлэлтийг Их Эзэний үг хийгээд таалал хэмээн хүлээн авахаар санал оруулж байна. Дэмжиж байгаа бүхэн баруун гараа өргөн харуулна уу. Эсэргүүцэж байгаа хүн мөн ийм байдлаар мэдэгдэнэ үү

Өмнөх байр суурийг дэмжих санал хураалт бүрэн нэгдмэл байдлаар батлагдав.

Юта, Солт Лейк хот, 1978 оны есдүгээр сарын 30.