2008
Өөр нэг Мормоны Номыг би хаанаас олж болох вэ?
2008 оны зургадугаар сарын


Өөр нэг Мормоны Номыг би хаанаас олж болох вэ?

Хамтрагч бид хоёр Аргентины Буэнос Айрест байхдаа нэгэн өдөр айл айлын хаалга тогшин өдөржингөө амжилтгүй явсны эцэст, автобус хүлээн суухдаа өөрийгөө ихэд чамлах сэтгэл надад төрж эхлэв. Би энэ бүсэд бүтэн гурван сар амжилтгүй үйлчлээд байлаа. Би Их Эзэнийг гомдоож байна даа гэж боддог байв.

Яг тэр үед биднийг чиглэн нэг хүн дугуйгаар яаруухан ирж байгааг би холоос ажиглалаа. Тэр чанга хашгирч, даллаж байх юм. Юунд ч юм уурласан тэр хүнээс зугтаах нь зүйтэй гэж бид хоёр бодоод, ойртон ирж байгаа автобус руугаа яаран алхлаа. Харанхуй болж, тэгээдч бид бүсийнхээ хамгийн аюултай хэсэгт байсан учир эмээж байв. Нөгөөх аймшигтай хүн бидэн дээр хүрч ирэхээс өмнө бид хоёр автобусанд хүрнэ гэдэгт найдаж байв.

“Та нараас нэг юм асуух гэсэн юм” гэж нөгөө хүн хашгирлаа. Тэр хүнийг хүрч ирэхээс өмнөхөн амжиж, автобус ирсэн болохоор бид хоёр автобусанд шахцалдан орлоо. Тэгтэл нөгөө хүн: “Иосеф Смит алтан ялтсуудыг орчуулсны дараа ялтсуудыг яасан юм бол?” гэж асуухыг сонсоод би мэл гайхав. Би автобус хөдлөхөөс өмнө үсрэн буумаар санагдсан ч, үүний оронд: “Та хаана амьдардаг вэ?” гэж хашгираад, түүний хаягийг яаруухан сараачиж авлаа.

Маргааш нь бид хоёр нөгөөх хүний байшингийн дэргэд буув. Түүнийг Фавио гэдэг байв. Сарын өмнө нэг найз нь түүнд Мормоны Номоо түр өгснийг тэр бидэнд ярилаа.

“Есүс Христийг би үргэлж сонирхдог л доо. Гэвч Түүний амьдралын тухай өөр нэгэн гэрээ байдгийг би хэзээ ч дуулаагүй юм байна. Би зөвхөн Библийн тухай, Дорнодод хийсэн Христийн тохинууллын тухай мэддэг. Христ Америкт ирж байсан тухай надад хэн ч ярьж байсангүй! Ийм их зүйл мэдсэндээ миний сэтгэл догдолсон шүү” гэж Фавио ярив.

Хэдэн долоо хоногийн дараа Фавио нөгөөх номыг эргүүлж өгөх ёстой байж. “Өөр нэг ном хаанаас олж авч болохыг би мэдэхгүй байсан. Энэ ном үнэн үү гэдгийг би юунаас ч илүүгээр мэдэхийг хүсч байлаа. Би өвдөг сөгдөж, Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг гуйсан юм. ‘Аав аа, хэрэв Мормоны Ном үнэн бол, намайг өөр нэг номтой болгож өгөөч, тэгвэл би үүнийг цааш нь судалмаар байна’ гэж би хэлсэн” хэмээн тэр хэлэв.

Нэг өдөр Фавиог троллейбусны зогсоол дээр зогсож байтал, явган хүний зам дээр нэг цэнхэр ном хэвтэж байх шиг нүднийх нь буланд харагдаж гэнэ. Тэр дөхөж очоод алтан үсгүүдийг таньсан аж. Энэ бол Тэнгэрлэг Эцэгийн хариу байлаа.

Фавио Мормоны Номыг олсноос хойш хэдэн долоо хоногийн дараа биднийг автобусны буудал дээр харсан аж. Тэгэхэд тэр энэ ном үнэнийг мэдээд байсан гэнэ. Дараагийн хэдэн долоо хоногт бид хоёр сайн мэдээний үндсэн зарчмуудыг Фавиод зааж, номыг цааш нь уншихад түүнийг урамшуулан дэмжиж байв. Сайн мэдээний зарчмаар амьдрахад шийдвэр төгс байж чадах уу гэж биднийг асуух бүрд тэрээр, “Энэ тухайд айх юм алга” гэж хариулдаг байлаа. Үүнээс хойш удалгүй тэр баптисм хүртсэн билээ.

Эдүгээ надад хүнд өдөр тохиолдох бүрийд өөрийгөө чамлан голохын оронд Фавиог, урам нь хугарсан хоёр номлогчоос асуусан түүний асуултыг, бас хариу хүлээж авсны дараа тэрээр Их Эзэнд шийдвэр төгс итгэлтэй нэгэн болсныг эргэн санадаг.