2009
Бидний зүрх сэтгэл энэрлээр дүүрсэн нь
2009 оны долдугаар сар


Бидний зүрх сэтгэл энэрлээр дүүрсэн нь

8, 10 настай хоёр охин минь өсч томрохын хэрээр хоорондоо улам л эв түнжингүй болоод байх шиг санагдах болов. Би тэдний эх нь л юм болохоор охид маань дэмий юмнаас болж ам муруйн, бие бие рүүгээ муухай харахыг хараад дотор эвгүй болдог байлаа.

Тэр үед би өөрийнхөө сул талыг даван туулахад туслахыг хүсч Их Эзэнд хандан чин сэтгэлээсээ залбирдаг байлаа. Энэрлийн тухай миний мэдэх хэрэгтэй зүйлийг ойлгоход Тэрээр надад туслахын төлөө би залбирлаа. Ингэснээр би судрын үлэмж сайхан хэсгүүд рүү хөтлөгдсөн юм.

Нэг үдэш охидын эв түнжингүй харьцаа туйлдаа хүрлээ. Би ч гэсэн биеэ барьж чадсангүй, охидоо харааж зүхэн, уурлаж, дуу хадааснаа, тайвширч, бодохын тулд гадаа гарлаа. Хэдэн хормын дараа Сүнс зүрх сэтгэлийг минь зөөлрүүлж, дотогшоо орж, миний уурыг хамгийн их хүргэсэн том охиноосоо уучлал гуйхад намайг өдөөж эхлэв.

Намайг охиныхоо унтлагын өрөөнд ороход, 10 настай охин минь орныхоо дэргэд өвдөг сөхрөн суугаад уйлж байлаа. Тэр нулимс дүүрэн нүдээр над руу харснаа “Би яахаа ч мэдэхгүй байна” гэв. Охин минь тайвшрахын тулд залбирч, судруудаа уншихыг хүссэн ч, санаа сэтгэл нь хямарсан учраас чадахгүй байна гэдгээ ярьлаа.

Бидний хэрүүл маргааны гол өдөөгч болсондоо охин минь хэчнээн их харамсаж байгаагаа надад ярихад нь би түүнийг зэмлэсэнгүй, харин өөрөө хэчнээн их ичсэн гээч. Охин бид хоёр жаахан ярилцаад дараа нь судраа нээж, энэрлийн тухай, “Христийн цэвэр хайрын” (Моронай 7:47) тухай би түүнд уншиж өгөөд, өөрийнхөө мэддэг зарим зүйлийг хуваалцав. Тэр үед дүү нь өрөө рүү шагайхад бид хоёр өөрсөдтэйгөө нэгдэхэд түүнийг урьлаа. Дараа нь би найман настай хүүхэд ойлгож чадах үгсээр бид энэрлийн тухай юу уншсанаа тайлбарлав.

Намайг дууссаны дараа хоёр охин маань сударт өгүүлсэн энэхүү агуу хайраар дүүрэн байх хүсэл, сонирхлоо илэрхийлэн, нүдээ том болгон над руу харав. Тэгээд бид өвдөг сөгдөж, Мормоны зөвлөснөөр энэхүү хайраар биднийг дүүргэж өгөөч хэмээн Эцэгээс даруухнаар гуйлаа (Моронай 7:48-ыг үз).

Сүнсээр нөлөөлөгдсөн бид гурав тэсч чадсангүй уйллаа. Бид гурав босч, бие биеэ тэврэн, хайраа илэрхийллээ. Тэр үед хоёр охин маань эгч дүүсийн элгэн халуун сэтгэлээр бие биедээ хандах болсныг би хараад тайвширч билээ.

Тэр үеэс хойш хоёр охин минь харилцаа сайжирч байгаа. Тэр хоёр санал зөрөлдөөнөө шийдвэрлэх, илүү их тэвчээртэй байх, эд юмсаа хуваалцах илүү их хүсэлтэй болсон юм. Охидынхоо зөв шударга хүсэл, хүч чармайлтанд би баярлан талархаж явдаг билээ.

Би энэ туршлагыг ямагт дээдлэн эрхэмлэх болно. Энэ туршлага манай гэр дэх хайр, энэрлийн хэлхээ холбоог цаашид улам бэхжүүлэхийн төлөө би залбирдаг.