2011
Аароны санваар—өөрийн чинь боддогоос хавьгүй чухал зүйл
2011 оны нэгдүгээр сар


Аароны санваар—өөрийн чинь боддогоос хавьгүй чухал зүйл

Бурханы өмнө хүлээсэн үүргийн тухай захиас

Зураг
David L. Beck

Дөрвөн жилийн өмнө би Гари ахынхаа оршуулах ёслолд оролцож билээ. Үг хэлэгчдийн нэг нь манай ахад гүн хүндэтгэл үзүүлэв. Энэ тухай би тэр үеэс хойш бодсоор байдаг. “Гари бол санваартан хүн байлаа. … Гари санваарыг ойлгодог, хүндэтгэдэг байлаа. Санваарыг болон үүний зарчмуудыг тэр ихэд баяртайгаар хүлээн авсан юм” гэж тэр хэлж билээ.

Ах минь өөд болохдоо Мелкизедек санваартай дээд прист байсан бөгөөд санваартны үйлчлэлд 50 жилийг зориулсан байлаа. Гари бол бүрэн цагийн номлолд хүндэтгэлтэйгээр үйлчилж, ариун сүмд гэрлэсэн, санваартны дуудлагуудаа эрхэмлэн гүйцэтгэж, гэрийн багшаар хичээнгүй шаргуу үйлчилдэг, хайр энэрлээр дүүрэн нөхөр, эцэг байсан юм.

Чи Аароны санваартан шүү дээ. Санваартны үйлчлэл чинь дөнгөж эхэлж байна. Санваартны туршлага чинь 50 хоног ч болоогүй байж болох юм. Гэвч чи Гарид үзүүлдэг байсан шиг хүндэтгэлийг хүмүүсээс хүлээж болно. Үнэхээр, чи тийм хүндэтгэл хүлээхээр зохистой байх ёстой. Их Эзэн чамайг гайхамшигтай ажилд дуудсан. Иймээс Тэр чамайг санваартан эр хүн байгаасай гэж хүсэн хүлээдэг.

Аароны санваарын агуу чанар

Өөрийнхөө эзэмшдэг Аароны санваарын агуу чанарын тухай бодоод үз:

  • Их Эзэн Аароны санваарыг сэргээхийн тулд амилуулагдсан Иохан Баптистыг илгээсэн билээ. Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Иохан энэ санваарыг өгөхдөө тэднийг өөрийн “нөхөд үйлчлэгчид” (C ба Г 13:1) гэжээ. Иохан “өөрийгөө Иосеф, Оливер хоёроос дээгүүр тавиагүй юм. Тэр ‘миний нөхөд үйлчлэгчид’ хэмээн нэрлэснээр” тэднийг өөрийнхөө зиндаанд тавьсан хэрэг” гэж Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) хэлжээ. Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, 12 настай дикон ч Иохан Баптистын нөхөр үйлчлэгч байж чадна гэжээ.1

  • Аароны санваар тэнгэр элчүүдийн үйлчлэлийн түлхүүрүүдийг атгадаг (C ба Г 13:1-ийг үз). Чи зөв шударга амьдарч, шаргуу хичээнгүй үйлчилсэн үед өөрийг чинь удирдаж, хүчирхэгжүүлэх тэнгэр элчүүдийн үйлчлэлийг хүлээн авч чадна. Ариун ёслолыг гүйцэтгэснээрээ чи энэхүү адислалыг хүлээн авахад нь бусдад тусалж чадна.2

  • Аароны санваар нь “наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгадаг” (C ба Г 13:1). Наманчлал, баптисм хоёр нэгдэж, хүмүүс мөнх амьдралын замд ордог хаалгыг бий болгодог (2 Нифай 31:17–18-ыг үз). Чи санваартны удирдагчдынхаа чиглүүлэл дор энэ хаалгыг нээхэд нь хүмүүст тусалж чадна.

  • Аароны санваарт ариун ёслолыг гүйцэтгэх эрх мэдэл багтдаг. Чи ариун ёслолыг бэлтгэж, адислан, түгээхдээ Есүс Христийг төлөөлдөг (3 Нифай 18:1–12-ыг үз). Чи Түүнийг санах, гэрээнүүдээ шинэчлэх, Ариун Сүнстэй нөхөрлөх шаардлагыг хангахад нь гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө тусалж чадна.

Эдгээр боломжууд нь сүнслэг байдлын хувьд хүчирхэг бөгөөд санваартны үүргүүдээ биелүүлдэг санваартан эрчүүдийн ажлыг шаарддаг.

Бурханы өмнө хүлээсэн үүрэг шинэ товхимол

Манай амьд бошиглогчдын удирдлага дор санваартан хүн болоход тань туслах шинэ товхимол гарлаа. Энэ товхимол шинэ ч гэсэн, Бурханы өмнө хүлээсэн үүрэг гэдэг танил нэртэй.

Бурханы өмнө хүлээсэн үүрэг шинэ товхимлын талаар би их баяртай байна. Энэ нь “[өөрийн] үүргийг мэдэж,” томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллах” (C ба Г 107:99) Их Эзэний зарлигийг дуулгавартай дагахад чинь тусалж чадна.

Чи энэ номыг дикон, багш, пристийн хувьд ашигласнаар: сүнсний хүч чадал, санваартны үүргүүд гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд оролцох болно.

Улам сайжрах загвар

Бурханы өмнө хүлээсэн үүрэг номон дахь үйл ажиллагаа бүрийн дараа Их Эзэний хүсэн хүлээдэг шиг тийм санваартан болоход тань туслах загвар байдаг. Нэгдүгээрт, чи сайн мэдээний зарчим буюу санваартны үүргээ мэдэж ав. Дараа нь сурч мэдсэн зүйл дээрээ ажилла. Эцэст нь, сурч мэдсэн зүйл, туршлагын талаарх бодол санаагаа хуваалц. Зарим үйл ажиллагааг хувиараа хийнэ. Заримыг нь Ням гарагийн хичээл болон долоо хоногийн үеэр зохиогдох үйл ажиллагаан дээр ашиглахаар нийт чуулгадаа тохируулан өөрчилж болно.

Хуудас 39 дээрх жишээ нь энэ загвар хэрхэн ажилладгийг харуулж байна. Шинэ номоор ажилласан арвин туршлагатай залуу эрэгтэйчүүдээс санал зөвлөмж иржээ.

Санваартан хүн

Би “санваартан хүн” гэдэг нийлэмж үгийн тухай бодохдоо Гари ахынхаа тухай заавал боддог. Гэвч бусад хүмүүсийн тухай ч бас боддог. Дикон байхдаа хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнд ариун ёслолоос хүртэхэд нь тусалдаг байсан Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн тухай би боддог.3 Баптисмын ариун ёслолыг зааж, гэрчлэн, гүйцэтгэх замаар Аврагчийн мөнх бус үйлчлэлд замыг бэлтгэсэн агуу Аароны санваартан Иохан Баптистын тухай би боддог. Би бас та нарын тухай боддог. Чи сүнсний хүч чадлаараа өсч хөгжин, санваартны үйлчлэлээрээ дамжуулж Христэд ирэхэд нь бусдад тусалж байгаа бол жинхэнэ санваартан хүн мөн.

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “The Aaronic Priesthood—a Gift from God,” Ensign, 1988 оны 5-р сар, 45.

  2. Даллин Х.Өүкс, “The Aaronic Priesthood and the Sacrament,” Liahona, 1999 оны 1-р сар, 44–45.

  3. Томас С.Монсон, “Do Your Duty—That Is Best,” Liahona, 2005 оны 11-р сар, 56-г үз.

Зураг чимэглэлийг Крейг Даймонд © IRI

Зураг чимэглэлийг Стив Бандерсон © 2000; Жог Лукийн гэрэл зураг © IRI