2011
Та нарын баяр хөөр хэчнээн агуу билээ
Үхэр 2011


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2011 оны 2-р сар

Та нарын баяр хөөр хэчнээн агуу билээ

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг зүрх сэтгэлдээ хүлээн авахад нь бусдад туслахаас илүү сайхан, удаан үргэлжлэх баяр хөөр энэ амьдралд цөөхөн билээ. Энэхүү баяр хөөрийг Сүмийн гишүүн бүр хүлээн авах боломжтой. Бид баптисм хийлгэхдээ “[бид] ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир, [бид] мөнх амьдралыг авч болохын тулд, [бид] Бурханаар гэтэлгэгдэж, анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд буюу” (Mозая 18:9) гэсэн амлалт өгдөг.

Сүмийн гишүүд амьдралынхаа туршид Есүс Христийн сайн мэдээг дэлхийд түгээх үүргийг хүлээдэг. Их Эзэн: “Болгоогтун, хүмүүст гэрчлэх хийгээд сэрэмжлүүлэхээр би та нарыг илгээсэн билээ, мөн сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх нь хэрэгтэй болой” (С ба Г 88:81) хэмээн тодорхой хэлжээ. Бүрэн цагийн номлогч нар хараахан Сүмийн гишүүн болоогүй хүмүүст заах боломжтой. Сүмийн гишүүд нь Их Эзэний бэлдсэн хүмүүсийг олж номлогчдод туслах хүчтэй байдаг.

Их Эзэн бидний эргэн тойронд хичээл заалгах хүмүүсийг бэлдсэн гэдэг итгэлээ, ажил хэрэг болгох ёстой. Тэрээр, тэд хэн болохыг мөн хэзээ бэлэн болохыг нь мэддэг бөгөөд Ариун Сүнсний хүчээр дамжуулан биднийг удирдан сургаал сонсохыг урихад тусалдаг. 1832 онд нэгэн номлогчид өгсөн Их Эзэний амлалт нь номлогчдоор заалгахад бэлэн болсон хүмүүсийг олох явцад бидэнд өгөгддөг: “Мөн үнэнийг хийгээд хаашаа явах замыг нь түүнд заах Тайтгаруулагчийг бибээр түүнд илгээх болно. Мөн тэрээр итгэлтэй байхын хэрээр, би түүнд тариан боодлуудаар дахин титэм хүртээх болно” (С ба Г 79:2–3).

Итгэлтэй номлогч нарт амлагдсан агуу баяр хөөр нь номлолын ажилд зүрх сэтгэлээ зориулсан итгэлтэй гишүүдэд мөн адил ирдэг.

“Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!”

“Болгоогтун, миний сайн мэдээ, мөн миний хад, мөн миний аврал та нарт өмнө чинь байна.

“Миний нэрээр хүлээн авна хэмээх итгэлд итгэн та нар Эцэгээс асуугтун, мөн хүмүүний үрст зүйтэй бүх зүйлүүдийг илэрхийлэх Ариун Сүнс та нарт байх болно” (С ба Г 18:16–18).

Түүнчлэн Ариун Сүнс нь заалгахад бэлэн хүмүүсийг таньж, урихад бидэнд тусалдаг ба Их Эзэн биднийг хөтлөн чиглүүлэх удирдагчдыг дуудан, тэднийг сургадаг. Тэргүүн Зөвлөлийн 2002 оны хоёрдугаар сарын 28-ны захидалд бишоп болон тойргуудын номлолын ажлын талаар хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлсэн.1 Тойрог, салбарын зөвлөлийн тусламжтайгаар санваарын гүйцэтгэх хороо нь тухайн нэгжийнхээ номлолын төлөвлөгөөг боловсруулдаг. Тэрхүү төлөвлөгөөндөө номлогчдоор заалгахад бэлэн болсон хүмүүсийг гишүүд хэрхэн олох талаар зөвлөгөө, санаануудыг тусгана. Тойргийн болон салбарын номлолын удирдагчийг дуудах хэрэгтэй бөгөөд уг номлолын удирдагч нь бүрэн цагийн номлогчид болон тэдний сонирхогч нартай нягт харилцаатай ажилладаг.

Танд номлогчдод заах хүмүүс олж өгөхөд туслах олон арга замууд бий. Хамгийн энгийн арга зам нь хамгийн сайн нь байдаг.

Ариун Сүнсээр удирдуулахын төлөө залбир. Орон нутгийнхаа удирдагчид болон номлогчидтой ярилцан, зөвлөгөө хүсч мөн тэдэнд туслахаа амла. Энэхүү ажилд хамтарч буй хүмүүсийг зоригжуулан дэмж. Ямар ч цагт мөн хэлж, хийж буй бүхий л зүйлдээ Есүс бол Христ бөгөөд Бурхан залбирлуудад хариулдаг гэдгийг гэрчилж бай.

Удирдамж эрэлхийлэн залбирахад Ариун Сүнс та нарыг үнэнийг эрэлхийлж буй хүмүүсийн зүг чиглүүлнэ гэдгийг би гэрчилж байна. Мөн сайн мэдээг зүрх сэтгэлдээ хүлээн авч, итгэлдээ үлдэхээр сонгосон хүмүүстэй хамт та нарын баяр хөөр үүрд байх болно гэдгийг би өөрийн туршлагаас мэдэх билээ.

Эшлэл

  1. “News of the Church: Ward and Branch Missionary Work Emphasized,” Liahona, 2002 оны наймдугаар сар, 4-ийг үз.

Энэ захиасаас заах нь

  • Teaching, No Greater Call –д биднийг суралцаж мэдсэн зарчмуудынхаа дагуу амьдрахад нь туслах зорилго тавихыг зааж буй хүмүүстээ урамшуулахыг урьдаг (159-р хуудсыг үз). Зааж буй гэр бүлтэйгээ хамт Ерөнхийлөгч Айрингийн дурьдсан номлолын ажлын адислалуудын талаар ярилцан, сайн мэдээг хуваалцах зорилго тавихад нь тусал.

  • Ерөнхийлөгч Айрингийн “хамгийн энгийн арга зам нь хамгийн сайн байдаг” гэсэн зөвлөгөөг санан, сайн мэдээг хуваалцах арга замуудын талаар гэр бүлтэй ярилц. Санал бодлоо хэрхэн хуваалцах талаар дэлгэрэнгүйг Teaching, No Greater Call 160-р хуудсаас үз.