2013
Номлогч байхаас бэрхшээдэг хүмүүст хэлэх үг
Үхэр 2013


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2013 оны 2-р сар

Номлогч байхаас бэрхшээдэг хүмүүст хэлэх үг

Зураг
Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф

Есүс Христийн шавь нар Түүний сайн мэдээг дэлхийд хүргэх байнгын үүрэг хариуцлагатай байсаар ирсэн (Maрк 16:15–16-г үз). Гэвч заримдаа амаа нээж, бидний эргэн тойронд байгаа хүмүүст өөрсдийн итгэлийнхээ талаар ярих хүндрэлтэй байдаг. Сүмийн зарим гишүүд шашны талаар бусадтай ярилцах төрөлхийн бэлэгтэй байдаг бол бусад нь бага зэрэг бэрхшээдэг эсвэл эвгүй, ичгэвэртэй санагддаг эсвэл бүр тэгэхээсээ айдаг.

Ийм шалтгааны учир сайн мэдээг “бүтээл бүхэнд” (C ба Г 58:64) номлох Аврагчийн үүргийг дагахад хүн бүрийн хийж чадах дөрвөн зүйлийг би санал болгож байна.

Гэрэл нь бай

Миний хэлэх дуртай Ассисын Гэгээн Францисын үгсээс байнга уншиж болох зүйлс бол “Байнга сайн мэдээг номло. Хэрэв шаардлагатай бол үгсийг ашигла.”1 Үүний далд утга нь ихэвчлэн хамгийн хүчтэй номлолууд яригдаагүй байдаг гэдгийг ойлгох явдал.

Биднийг шулуун шударга байж, жишгийнхээ дагуу амьдарч байгааг хүмүүс анзаардаг. Биднийг баяр баясгалан, аз жаргал цацруулахад тэд бүр ч их анзаардаг.

Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг. Сүмийн гишүүд бид сайн мэдээний гэрлийг цацруулахад хүмүүс бидний аз жаргалтай байгааг харж, амьдрал маань Бурханы хайраар дүүрч, бялхаж буйг мэдэрдэг. Тэд яагаад гэдгийг мэдэхийг хүсч байна. Тэд бидний нууцыг ойлгохыг хүсч байна.

Энэ нь тэднийг “Та нар яагаад ийм аз жаргалтай байгаа юм бэ?” эсвэл “Та нар яагаад үргэлж ийм өөдрөг байдаг юм бэ?” гэсэн асуултыг асуухад хүргэдэг. Эдгээр асуултуудын хариултууд нь мэдээж Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай яриа руу гарцаагүй хөтөлнө.

Харилцан ярилцаж бай

Шашны сэдэв рүү—ялангуяа найз нөхөд ойр дотныхонтойгоо—орох нь хэцүүхэн, эвгүй мэт санагдаж магадгүй. Ийм байх албагүй. Хэрэв бид бага зэрэг зориг гаргаж, мэдрэмжээ ашиглаж чадвал сүнслэг байдлуудынхаа тухай дурдах хийгээд Сүмийн үйл ажиллагаа буюу үйл явдлуудын тухай энгийн яриандаа ярих нь хялбар бөгөөд таатай байх болно.

Миний эхнэр Харриет үүнд гайхалтай үлгэр жишээ үзүүлэгч хүн. Бид Германд амьдардаг байхад тэр найз нөхөд, танил хүмүүстэйгээ Сүмтэй холбоотой сэдвээр ярих арга замыг олдог байсан. Жишээ нь, хэн нэгэн түүний амралтын өдрүүд нь хэрхэн өнгөрснийг асуухад “Энэ ням гарагт сүм дээр маань сэтгэл догдлом зүйл болсон! Арван зургаан настай залуу эрэгтэй 200 гаруй хүний өмнө гараад цэвэр ариун амьдрах тухай сайхан үг хэлсэн.” эсвэл “Би 90 гарч байгаа ч 500 гаруй ноосон хөнжил хийж, дэлхий дахины хэрэгцээ бүхий хүмүүст илгээж байхын тулд тэднийгээ Сүмийн хүмүүнлэгийн хөтөлбөрт хандивласан эмэгтэйн талаар суралцлаа” гэж хэлдэг.

Үүнийг сонссон хүмүүс ихэнхдээ илүү ихийг мэдэхийг хүсдэг. Тэд асуултууд асуудаг. Энэ нь энгийн, итгэлтэй мөн бусдыг албадсан бус байдалд сайн мэдээний тухай ярих боломжийг олгодог.

Интернет болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болсноор өнөөдөр эдгээр зүйлсийн талаар өмнө байснаасаа илүүтэй харилцан ярилцах замаар ярих нь хялбар болжээ. Бидэнд хэрэгтэй зүйл бол зүгээр л үүнийг хийх зориг юм.

Ач ивээлээр дүүрэн бай

Харамсалтай нь нийцгүй байх нь маш хялбар. Бид байнга маргаж, шүүмжилж, буруушааж байдаг. Бид хүмүүст уурлаж, бүдүүлэг харьцаж эсвэл тэднийг гомдооход тэд бидний талаар илүү ихийг мэдэхийг хойш нь тавьдаг. Хэн нэгэн тэднийг гомдоох эсвэл дургүйг нь хүргэх зүйл хэлсний учир хэчнээн олон хүн Сүмийг орхисон буюу хэзээ ч элсээгүйг мэдэх боломжгүй.

Өнөөдөр энэ дэлхийд асар их бүдүүлэг зүйлс байна. Бусад хүмүүс хэн бичсэнийг нь мэдэхгүй байдлыг ашиглан интернет дээр хор хөнөөлтэй, зохисгүй зүйлсийг хүртэл хялбархан гаргаж байна. Төлөв даруухан Христийн итгэлт шавь нар бид илүү өндөр, энэрэнгүй жишигтэй байх ёсгүй гэж үү? Судрууд “Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм” (Колоссай 4:6) гэж заадаг.

Бидний үгс цэлмэг тэнгэр мэт цэвэр ариун, ач ивээлээр дүүрэн байх ёстой хэмээх санаанд би дуртай. Бидний гэр бүл, тойрог, үндэстэн болоод бүр дэлхий энэ энгийн зарчмыг хэрэгжүүлдэг байсан бол ямар байх байсныг төсөөлж байна уу?

Итгэлээр дүүрэн бай

Заримдаа бид бусдыг сайн мэдээ хүлээн авах үгүй дээр дэндүү их шүүмжлэлтэй хандаж, өөрсдөөрөө дэндүү их бардамнадаг. Их Эзэн биднийг хөрвөлтийг хий гээгүй гэдгийг санах нь чухал.

Хөрвөлт бидний үгсээр дамжуулж бус харин Ариун Сүнсний тэнгэрлэг нөлөөгөөр ирдэг. Заримдаа бидний гэрчлэлийн эсвэл зүрх сэтгэлийг зөөллөсөн үйл явдал, бусдыг Сүнсний нөлөөгөөр дамжуулан гайхамшигтай үнэнийг мэдрэх хаалгыг нээсэн тухай энгийн хэллэг энэ бүгдийг авчирдаг.

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) “уран үг буюу нийтийн өмнө ярих авьяас билэггүй ердөө л ‘Би Ариун Сүнсний хүчээр Мормоны Ном үнэн гэдгийг, Иосеф Смит бол Их Эзэний Бошиглогч гэдгийг мэднэ’ гэж хэлж чадах нэгэн эрэгтэйг хараад” сайн мэдээ үнэн гэдгийг мэдсэн гэж хэлсэн байдаг. Энэ даруухан гэрчлэлийг сонсоход “Тэр хүнээс Ариун Сүнс цацарч, ойлголтыг минь сэнхрүүлэн тэлж, гэрэл, алдар суу болоод мөнх бус байдал миний өмнө тодрон гарч ирсэн” гэж Ерөнхийлөгч Янг хэлсэн.2

Ах эгч нар аа итгэлтэй бай. Их Эзэн та нарын ярих үгсийг өсгөн тэлж, тэднийг хүчирхэг болгоно. Бурхан та нараас хөрвөлт хийхийг хүсээгүй харин амаа нээхийг л хүссэн. Хөрвөлтийн ажил нь та нарынх биш харин сонсож байгаа хүн болоод Ариун Сүнснийх юм.

Гишүүн бүр номлогч

Хүндэт найз нөхөд минь өнөөдөр бидний хувьд амаа нээж, Есүс Христийн сайн мэдээний баярт мэдээг бусадтай хуваалцах олон арга зам байна. Хүн бүхэнд—тэрчлэн бэрхшээдэг номлогч нарт—энэ агуу ажилд оролцох арга зам бий. Бидний хүн нэг бүр өөрийн тодорхой нэгэн авьяас болон сонирхлыг дэлхийг гэрэл ба үнэнээр дүүргэх агуу ажлыг дэмжихэд ашиглах арга замыг олж чадна. Ингэх аваас “ямар ч цагт Бурханы гэрчлэгч болж зогсоход” (Moзая 18:9) хангалттай итгэл ба зоригтой тэдгээр хүмүүст ирдэг баяр баяслыг бид олох болно.

Эшлэл

  1. Ассисын Гэгээн Францис, Виллиам Фэй ба Линда Эванс Шефардын Share Jesus without Fear (1999), 22.

  2. Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 67.

Энэ захиасаас заах нь

Үр өгөөжтэй заах аргын нэг нь “заасан зарчмын тань дагуу амьдрахад туслах зорилгуудыг тавихыг урамшуулан дэмжих” (Заах нь, агуу дуудлага [1999], 159) явдал юм. Зааж байгаа хүмүүсээ залбиралтайгаар энэ сард нэг буюу олон хүнтэй сайн мэдээнээс хуваалцах зорилго тавихыг урих талаар бодоорой. Эцэг эхчүүд бага хүүхдүүдийн тусалж чадах арга замуудын талаар хэлэлцэж болно. Та нар мөн санаануудыг жагсаан бичих эсвэл байнгын харьцаандаа сайн мэдээг хэрхэн оруулж ирж болох тухай жүжигчлэн тоглох болон удахгүй болох Сүмийн үйл ажиллагаанд найз нөхдөө урих талаар бодоход нь гэр бүлийн гишүүддээ тусалж болно.