2013
Амьдралын бүхий л цаг мөч дэх гэгээнтнүүд
Бич 2013


2013 оны 9-р сарын Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Амьдралын бүхий л цаг мөч дэх гэгээнтнүүд

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Жилийн дөрвөн улирал солигдож байгааг харуулсан зурагтай ил захидал мэт дэлхийн нэгээхэн хэсгийн талаарх хүүхэд насны минь дурсамж надад байдаг. Өнгөрөн улирах сар болгон ер бусын мөн гайхамшигтай байдаг байлаа. Өвлийн төгс сайхан өдөр хотын гудамжууд болон уул нурууг цэвэрхэн цас бүрхсэн байдаг. Хаврын бороо бүхий л зүйлийг цэвэрлэн, мод, ургамал, цэцэгс нахиалж дэлбээлнэ. Зуны улирлын тайван тогтуун цэнхэр тэнгэрийг хурц нар гэрэлтүүлдэг байв. Гайхамшигтай намрын улирал байгалийг улбар шар, шар, мөн улаан өнгөтэй болгон өөрчилдөг. Хүүхэд байхдаа, би улирал бүрт дуртай байлаа. Одоо ч гэсэн би улирал нэг бүрийн шинж чанар, өвөрмөц байдалд дуртай.

Бидний амьдралд ч бас цаг хугацаа буюу улирлууд байдаг юм. Зарим нь урьхан зөөлөн мөн тааламжтай сайхан байхад зарим нь тийм биш байдаг. Бидний амьдралын зарим өдрүүд хуанлийн зурагтай адил тийм сайхан байдаг. Гэвч зарим өдрүүд болон амьдралын нөхцөл байдлууд нь сэтгэлийн шаналлыг бий болгож бидний амьдралд асар их цөхрөл бухимдал, гомдол хорслыг авчирдаг.

Зөвхөн зурган дээр байдаг шиг тийм төгс өдрүүдэд амьдарч байх зуурт тохиолддог таагүй цаг мөчүүдээс зайлсхийж амьдрахсан гэсэн бодол бид бүгдэд хэзээ нэгэн цагт төрж байсан нь гарцаагүй.

Гэвч энэ нь боломжгүй бөгөөд хүслийн дагуу болдог зүйл биш юм.

Би амьдралаа эргэн харахад, зовж зүдэрч байсан тэр л цаг мөчүүдэд би хамгийн ихээр өсч хөгжсөн нь тодорхой байсан билээ.

Бүхнийг мэддэг Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хүүхдүүд нь төлөвлөгөөний дагуу өсч хөгжихийн тулд өөрсдийн мөнх бус амьдралдаа бэрхшээлт цаг үеүдийг даван туулах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Мормоны номын бошиглогч Лихай хэлэхдээ сөрөг талгүйгээр: “зөв шударга нь тохиохгүй болой” (2 Нифай 2:11) хэмээжээ. Үнэндээ зовлон зүдгүүр нь бидэнд амьдралыг таньж мэдэн, түүний талаар эргэцүүлэн бодож үзсэнээр л түүний амар амгалан байдалд талархах боломжийг бидэнд олгодог. (С ба Г 29:39; Мосе 6:55-ийг үз).

Ерөнхийлөгч Бригам Янг энэ талаар “Алдар суу, үхэшгүй байдал, мөн мөнхийн амьдралын титмээр өргөмжлөгдсөн бүхий л ухаалаг хүмүүс өөрсдийн алдар суу мөн өргөмжлөлийг олж авахын тулд ухаалаг хүн бүрт тохиолддог хүнд хэцүү сорилт болгоныг даван туулах ёстой байдаг. Хүмүүнд тохиолдох зовлон зүдгүүр нь … тэднийг Их Эзэний оршихуйд ороход нь бэлтгэх болно. Та нарын даван туулж байгаа сорилт, туршлага бүр нь та нарын авралд хэрэгтэй юм”1 гэж хэлсэн.

Асуулт нь бэрхшээлүүдтэй тулгарах уу үгүй юу гэдэгтээ бус харин бид уг бэрхшээлүүдийг хэрхэн, яаж даван туулах вэ гэдэг нь л чухал юм. Амьдралын цаг мөчүүд байнга хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Бурханы итгэмжит үгнээс зууран барих нь бидний хувьд агуу их боломж юм. Амьдралын хэцүү цаг үед биднийг үгээр хэлэхийн аргагүй баяр баясгалан ба мөнхийн амьдралын гайхамшигтай гэрэл рүү удирдан хөтлөх үнэтэй сайхан мэдлэгийн талаарх Өөрийн үгийг Тэнгэрлэг Эцэг Өөрийн бошиглогчдоор дамжуулан өгсөн билээ. Бидний амьдралд тохиолдож болох хэцүү байдлуудыг үл харгалзан үнэн болон шулуун шударга байдлаас зууран барих тэрхүү хүч чадал, урам зориг, мөн шударга байдлыг хөгжүүлэх нь амьдралын маань чухал хэсэг болдог.

Баптисм хүртэн мөн Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан хүмүүс шавь болж явах зам дээрээ хөлөө тавьсан бөгөөд Аврагчийн жишээг итгэлтэйгээр мөн тууштай дагах үүрэг хариуцлага хүлээсэн байдаг.

Нар бол “муу муухай зүйл мөн сайн сайхан зүйл дээр ч тусдаг … шударга мөн шударга бус зүйл дээр ч бороо [ордог]” хэмээн Аврагч заасан (Матай 5:45). Заримдаа бид амьдралд яагаад хэцүү тэр бүү хэл шударга бус зүйлс тохиолддогийг ойлгож чаддаггүй. Гэвч, Христийн дагалдагчдын хувьд, хэрэв бид “хичээнгүйлэн судалж, үргэлж залбиралтай мөн итгэлтэй байвал, … хэрэв [бид] цэх шулуун алхах юм бол [бидний] сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно” гэдэгт итгэдэг. (С ба Г 90:24); тодотгол нэмсэн.

Түүний Сүмийн гишүүд ба Гэгээнтнүүд болохын хувьд дөрвөн улирлын турш болон ямар ч цаг агаарын нөхцөлд бид баяртайгаар мөн сайн дураараа үйлчилдэг. Бид ийн үйлдсэнээр зүрх сэтгэл маань ариун нандин итгэл, эдгээгдэх найдвар, тэнгэрлэг энэрлээр дүүрэн болдог юм.

Гэсэн ч бид таатай сайхан мөн хэцүү бэрхшээлтэй цаг үeүдийн аль алийг нь туулах ёстой. Гэхдээ ямар ч цаг улиралд Eсүс Христийн дагалдагчдын хувьд Түүний гэрэл гэгээ рүү алхан явахдаа бид Түүнд өөрсдийн найдварыг тавьдаг билээ.

Дүгнэн хэлэхэд бид Түүний тухай сурах, Түүнийг болон бусад хүмүүсийг хайрлахаар шийдсэн Бурханы Гэгээнтнүүд юм. Бид Түүний шавь байхаар адислагдсан замаар явж байгаа аялагчид бөгөөд өөрсдийн тэнгэрлэг зорилгод хүрэхийн төлөө тууштайгаар алхацгааж байна.

Тиймээс хавар, зун, намар, өвлийн улирал бүрт Гэгээнтэн ах, эгч нар байцгаая. Амьдралынхаа бүхий л цаг мөчид Гэгээнтнүүд байцгаая.

Эшлэл

  1. Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 261–62.

Энэ захиасаас заах нь

Тэргүүн Зөвлөлийн зааснаар: “Хамгийн агуу зарим нэгэн номлолууд нь дууллуудыг дуулснаар тунхаглагдсан. (Дууллууд ix). Та энэ захиасын талаар ярилцахдаа зааж байгаа хүмүүстэйгээ эдгээр дууллуудын аль нэгийг эсвэл бэрхшээлийг тэвчин өнгөрүүлж байгаа тухай өөр нэгэн дууг дуул: “Бат Бөх Суурь” (85), “The Lord Is My Shepherd” (no. 108); or “Let Us All Press On” (no. 243). Амьдралд тань тохиолдсон хэцүү бэрхшээлтэй цаг мөч таны хувьд адислал байсан талаар сүнсээр өдөөгдсөн үедээ хуваалц.