2013
Ирцгээ, Түүнийг шүтэн биширцгээе
оны 2013


Ирцгээ, Түүнийг шүтэн биширцгээе

2008 оны 12-р сарын 9, Бригам Янгийн Их Сургууль дахь онцгой цугларалт дээр хэлсэн үг, “A Child Is Born” aнгли хэл дээрх бүрэн эхийг speeches.byu.edu-аас үзнэ үү.

Зураг
Ахлагч Брүс Д.Портэр

Биднийг нүгэл, нөхцөл байдал эсвэл өнгөрсөн үйл явдлууд гээд юу ч хүлсэн бай Их Эзэн, Агуу Иммануел биднийг чөлөөлөхөөр ирсэн.

Есүс Христийн төрөлтөөс 700 гаруй жилийн өмнө Исаиа Түүний тухай бошиглож байсныг Фридрик Хэндэл Мессиа магтуу дуундаа “Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд Хүү өгөгдөнө: Засаглал Түүний мөрөн дээр байх болно: Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” (Исаиа 9:6) хэмээн оруулжээ.

Хэндэлийн Mессиа магтуу дуу нь түүнчлэн Исаиа 40:9-р шүлгэн дээр тулгуурлан, агуу хөгжмийн амьдралд “Сайн мэдээг үүрэгч Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа! Дуугаа чанга өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн” гэсэн анхааруулгыг өгдөг.1

Бетлехемд өлгийтэй бяцхан хүүхэд болж мэндэлсэн өөрсдийн Бурханаа болгоогтун. Энгийн хүмүүсийн дунд энгийнээр алхаж болохын тулд энгийн ядуу төрсөн өөрсдийн Бурханаа болгоогтун. Өөрийн бүтээсэн дэлхий дээр амьдарч болохын тулд махан биеэр ирсэн хязгааргүй хийгээд мөнхийн Гэтэлгэгч болох өөрсдийн Бурханаа болгоогтун.

Их Эзэнийхээ төрөлтийг тунгаан бодохоор надтай хамт Бетлехем дэх анхны ариун Христийн мэндэлсний баярт очицгооё. Тэрбээр цаг хугацааны голчид шөнийн нам гүмд ирсэн Иммануел (Исаиа 7:14), Иессийн хожуул (Исаиа 11:1-р шүлгийг үзнэ үү), Мандах нар (Лук 1:78-р шүлгийг үзнэ үү), Төгс Хүчит Эзэн (2 Коринт 6:18-р шүлгийг үзнэ үү) билээ. Түүний төрөлт Бүтээгчийн дэлхий дэх амлагдсан айлчлал, хүмүүнд хандах Бурханы хүлцлийг тэмдэглэсэн юм (1 Нифай 11:16–27-р шүлгийг үзнэ үү). Уг үйл явдлын талаар Исаиа: “Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна” (Исаиа 9:2) гэж хэлжээ.

Орчин үеийн илчлэлтээс бид урьдаас томилогдсон Израилын Хаан дэлхийд хаврын цагт ирснийг мэддэг (С ба Г 20:1-р шүлгийг үзнэ үү). Мика Түүнийг Бетлехемд “Иудагийн бүлүүдийн дунд” (Мика 5:2) төрөх болно гэж бошигложээ. Түүний төрсөн тосгон нь Иерусалимын сүүдэрт, үүнээс 8 км-т, умардад байрладаг. Иерусалим нь Иудейн нийслэл хот, ариун сүмийн суудал, Ромын эзэнт гүрний хэрэм байсан билээ. Бетлехем нь газар тариалан, гар нэхмэл, хөдөө аж ахуйн тосгон байлаа. Энэ нь Христийн төрөх угсаа болох Израилын эртний хаан Давидын төрсөн нутаг гэдгээрээ алдартай байв. Иймээс энэхүү бяцхан тосгоныг Давидын хот хэмээн нийтээр нэрлэдэг байжээ. Энэ нь eврей нэр бөгөөд Бэт Лэхэм гэдэг нь “Талхны гэр”2 гэсэн утгатай юм. Амьдралын талх хэмээгдэх Нэгэн ирэх хүртэл энэ нэр онцгой утга учиргүй байлаа.

Бетлехемийн эргэн тойрон дахь талбай нь тоо томшгүй олон хонин сүргийн бэлчээр байсан бөгөөд хаврын эхэн үе бол мал төллөх үе юм. Хоньчид ихэвчлэн шөнөдөө унталгүй болор шөнийн тэнгэрийн дор хонио хариулдаг байв; тиймээс Аврагчийн төрөлтийг зарласан тэнгэр элчүүд тэднийг сэрээх хэрэггүй байжээ.

Бурханы Хурга

Мал төллөх цагаар ирсэн эрэгтэй хүүхэд “Бурханы Хурга” (Иохан 1:29; 1 Нифай 11:31; С ба Г 88:106) байсан юм. Энэ нь гүн утга учир агуулсан нэр байв, учир нь Тэрээр xургануудтай хамт мэндэлж, нэгэн өдөр “алагдахаар хөтлөгдөх хурга шиг” (Исаиа 53:7) байх болсон юм. Гэвч хачирхалтай нь, Тэрбээр Хургануудаа халамжилдаг Сайн Хоньчин (Иохан 10:11-р шүлгийг үзнэ үү) байсан юм. Ийнхүү Түүний амьдралын энэ хоёр бэлгэдэл нь үйлчлэх болон үйлчлүүлэх хүмүүсийг төлөөлдөг билээ. Энэ хоёр үүргийг биелүүлэх эрхтэй нь ганцхан Христ байлаа, учир нь Тэрээр амьдралд “бүх зүйлийн доор бууж ирсэн” (С ба Г 88:6) бөгөөд үүрд мөнхөд “бүх зүйлийн дээгүүр” мөн бүх зүйлийн дотор мөн “эргэн тойронд байдаг” (С ба Г 88:6, 41). Тэрбээр амьдралыг бүх талаас нь, өнцөг бүрээс нь, дээгүүр ба доогуур хоёулангаар нь мэддэг байсан. Хамгийн Агуу Нэгэн атлаа Өөрийгөө хамгийн доогуурт тавьсан Тэнгэрлэг Хоньчин Тэрбээр Хурга болжээ.

Түүний ирэлт нь агуу бошиглогчийн төрөлт, хаан сэнтий амлагдсан өв залгамжлагчийн ирэлт, бүр дэлхий дээр алхах цорын ганц төгс хүний ирэлтээс илүү энгийн байлаа. Энэ нь “бараг хүн шиг байж, өөрийн хөлийн гишгүүр дээр алхах” тэнгэрийн Бурханы ирэлт байлаа.3

Есүс Христ бол дэлхийг Бүтээгч бөгөөд Хуучин Гэрээний Агуу Иехова билээ. Синайн ууланд дуулдсан нь Түүний дуу хоолой, израилчуудын аялалд тэднийг хамгаалсан нь Түүний хүч мөн ирэх зүйлсийн алдар сууг Енох, Исаиа болон бүх бошиглогчдод илчилсэн нь Түүний оршихуй байсан юм. Үүнд л Христийн төрөлтийн хамгийн агуу гайхамшиг оршино. Газар тэнгэрийг Бүтээгч, Бурхан Өөрийгөө дэлхийд анх өөрийн биеэр илчлэхдээ Тэрбээр бусдаар тэтгүүлдэг арчаагүй нэгэн нялх хүүхдийг сонгожээ.

Эртний Еврейд ам дамжсан яриагаар Мессиа Дээгүүр өнгөрөх баярын үеэр мэндэлнэ гэдэг байв. Цаг хугацааны голч дахь Април хэмээх дөрөвдүгээр сар нь үнэхээр Дээгүүр өнгөрөх баяр—Египетийн ууган хөвгүүдэд үхлийг авчирсан устгагч тэнгэр элчээс эсэн мэнд үлдсэн израилчуудын авралыг тэмдэглэх Иудейн ариун баярын долоо хоногийн үеэр таарсныг бид мэднэ. Израилын гэр бүл бүр хурга тахилд өргөл болгож, модон хаалганыхаа тотгон дээр цусыг нь түрхэн аврагдсан юм (Египетээс гарсан нь 12:3-30-р шүлгүүдийг үзнэ үү). Христийн төрөлтөөс хойш 33 жилийн дараа Дээгүүр өнгөрөх баяраар Өөрийн хүмүүсийг үхэл ба нүглийн устгагч тэнгэр элчээс аврахаар Түүний цус модон загалмайд нялагдсан билээ.

Дээгүүр өнгөрөх баяр нь Мариа, Иосеф хоёрт дэн буудалд өрөө олдоогүйн шалтгаан болсон байж магадгүй. Иерусалимын хүн ам Дээгүүр өнгөрөх баярын үеэр хэдэн арван мянгад хүрдэг учраас аянчид ойролцоох тосгодоор орон байр хайдаг байлаа. Мариа, Иосеф хоёр Иосефын өвөг дээдсийн нутаг Бетлехемд Цезарь Августын зарлигаар явуулдаг байсан эзэнт гүрний хүн амын тооллогын шаардлагыг биелүүлэхээр очжээ. Тооллогын шаардлагаар тэд жилийн аль ч үед Бетлехемд очиж болох байв. Гэвч тэд Дээгүүр өнгөрөх баярын үеийг сонгосон нь уг баяраар бүх эрэгтэйчүүд Мосегийн хуулийн дагуу Иерусалимд цугладаг байсантай холбоотой аж.4 Бетлехем нь Ариун хоттой (Иерусалим) ойрхон байсан учраас Назарын хосууд энэхүү хоёр үүрэг хариуцлагыг нэг дор биелүүлж болох байв.

Түүхэн талаас нь авч үзвэл, дэн буудлын эзнийг муухай зантай гэцгээдэг байжээ. Гэсэн ч Дээгүүр өнгөрөх баярын үеэр тэр хавиар хүн ихтэй байсан учраас бид түүнийг Назараас ирсэн хосуудад өрөө гаргаж өгөөгүй хэмээн буруутгаж болохгүй. Дээгүүр өнгөрөх баяраар ирсэн аянчдын ихэнх нь Иерусалимын эргэн тойронд мянга мянгаараа майхан босгон, түүндээ байдгаас гадна бусад мянга мянга нь орон нутгийн дэн буудлуудад буудаг байв. Бетлехем дэх дэн буудал зочдоор дүүрэн байсан нь тодорхой бөгөөд харин дэн буудлын эзний санал болгосон малын хашаа түүний сайхан сэтгэлийн илрэл ч байж болох юм.

Хосууд дэн буудалд өрөө олсон ч энэ нь ая тух муутай байх байв. Тэр үеийн дэн буудлууд ихэвчлэн гурван ханатай, нэг талдаа задгай жижиг өрөө бүхий чулуун барилга байсан аж. Харин малын хашаа нь зочдын унаа хөсгийг хашдаг ханан хашаатай эсвэл шохойн чулуун агуй байсан юм.5 Малын дундах Христийн төрөлт нь малын хашаа, агуй эсвэл толгой хоргодох газар ч байна уу ялгаагүй, энэ нь хүн ихтэй дэн буудлаас нэг илт давуу талтай байсан нь юу вэ гэвэл, тэнд амар амгалан мөн тав тухтай, дажгүй байлаа. Үүнээс харвал малын хашааг санал болгосон нь адислал байж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ариун төрөлт нь хүнгүй зэлүүд газар тохиожээ.

Олзлогдогсдод эрх чөлөө

Анхны Христийн мэндэлсний баяраас долоон зуун жилийн өмнө бошиглогч Исаиа, хожим нь Аврагч назарчуудад уншиж өгсөн Мессиагийн тухай дараах бошиглолыг бичсэн ажээ: “Эзэн Бурханы Cүнс миний дээр байна. Учир нь Эзэн Намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд илгээсэн юм” (Исаиа 61:1; Лук 4:18-19-р шүлгүүдийг үзнэ үү).

Бид олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хоригдлуудад шоронг онгойлгож өгөх Христийн номлолын тухай уншихдаа сүнсний ертөнц дэх нас барагсдын дундах Түүний үйлчлэлийг эхлээд бодох ёстой байх. Гэвч бид бүгдээрээ олзлогдогчид мөнх бус бие махбодын ялзрал болон сул дорой байдлын боолчлол мөн сул дорой байдалд махан биеийн уруу таталтуудад өртөж, эцэст нь үхдэг билээ, тиймээс бид бүгд чөлөөлөгдөх хэрэгтэй.

Биднийг нүгэл, нөхцөл байдал эсвэл өнгөрсөн үйл явдлууд гээд юу ч хүлсэн бай, Их Эзэн, Агуу Иммануел биднийг чөлөөлөхөөр ирсэн юм. Тэрээр олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хэнэггүй байдал, бардамнал, алдаа дутагдал, нүглийн шорон хийгээд үхлийн хүлээснээс чөлөөлсөн билээ. Хоригдлуудад “Гарагтун” (Исаиа 49:9) гэж хэлсэн Түүний үг бошиглогдсон юм. Бид эрх чөлөөтэй болох цорын ганц нөхцөл нь Түүний хүслийг биелүүлэхийг хичээн, наманчилж; харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Түүнд ирэх юм.

Би бараг 30 жилийн өмнө танилцсан нэг эрэгтэйг Томас гэе. Намайг түүнтэй танилцах үед тэр 45-тай байсан юм. 20 жилийн өмнө эцэг эх нь сүмд нэгдсэн ажээ. Эцэг эхийнхээ шинэ сүмийг Томас огт сонирхдоггүй байв. Гэхдээ эцэг эх нь түүнийг хайрлаж, хэзээ нэгэн өдөр хүү нь сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг мэдэх болно гэсэн найдварыг сэтгэлдээ тээж явжээ. Цаг хугацаа өнгөрсөөр тэд хүүгээ ядаж номлогчидтой уулзаж, захиасыг нь сонсохыг олон удаа ятгав. Хүү нь удаа дараа эсэргүүцсэнээр барахгүй, эцэг эхийнхээ сүсэг бишрэлээр доог тохуу хийдэг байлаа.

Нэгэн өдөр цөхрөнгөө барсан ээж нь “Томас, хэрвээ чи номлогчдын ярилцлагыг ганцхан л удаа авчихвал би чамд сүмийн тухай дахин хэзээ ч ярихгүй” гэжээ. Томаст энэ нь сайхан тохиролцоо байсан учраас тэр номлогчидтой уулзахыг зөвшөөрөв. Эхний гурван ярилцлагын үеэр тэрээр тун ч ихэмсэг байдалтай сууж, заримдаа хичээл зааж буй ахлагчдаар тоглоом наргиа хийдэг байлаа.

Дөрөв дэх ярилцлагын үеэр Есүс Христийн цагаатгал болон сайн мэдээний анхдагч зарчмуудын талаар заах үед Томас ер бусын дөлгөөн болж, анхааралтай сонсов. Ахлагчид хичээлийн төгсгөлд Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцлаа. Тэгэхэд номлогчдын нэг нь Библээ гарган, доорх үгсийг уншихад сүнслэгээр өдөөгдсөнөө мэдэрсэн ажээ:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно” (Матай 11:28–29).

Томасын нүднээс гэнэт нулимс урсаж эхэллээ. “Та нар Христ миний нүглийг уучилж чадна гэх гээд байна уу?” гэж тэр асуулаа. “Миний амьдрал аймшигтай муухай байсан. Би олон гэм нүглээ санахаар сэтгэл шархиран өвддөг. Би гэм буруугийнхаа мэдрэмжээс салахын тулд юуг ч болов хийхэд бэлэн байна” гэлээ.

Түүний бардамнал гэм нүгэлд боолчлогдсон сэтгэлийн зовлонгоо нуусан халхавч байжээ. Хэрэв Томас наманчилж, баптисм хүртэн, гишүүнээр батлуулбал Христ түүнийг гэм буруугийн мэдрэмжээс нь чөлөөлж, уучлах болно гэдгийг ахлагчид түүнд итгүүлжээ. Дараа нь тэд Цагаатгалын хүчний талаар гэрчлэлээ хуваалцлаа. Тэр мөчөөс эхлэн Томасын амьдралд бүх зүйл өөрчлөгдөв. Түүнд даван туулж, наманчлах зүйл их байсан ч Их Эзэний адислалаар дамжуулан, баптисм хүртэх боломжтой болсон юм.

20 гаруй жилийн дараа намайг Германы Франкфуртын aриун сүмийн өрөөнд сууж байхад миний өмнө сууж байсан буурал үстэй нэгэн эрэгтэй арагшаа эргээд “Та Ахлагч Портэр биш биз?” гэх нь тэр. Би агуу баяр хөөртэйгөөр, Есүс Христийн хүчээр гэм нүглийн хүлээснээсээ чөлөөлөгдөж, Их Эзэний сүмд одоог хүртэл итгэлтэй хэвээр байгаа нөгөөх эр Томасыг танилаа.

Христийн мэндэлсний энэ удаагийн баярын үеэр бид Тэнгэр дэх Эцэгтээ даруухнаар залбиран, бидний өдөр тутмын амьдралд Түүний Хайрт Хүүгийн хүч бидэнтэй хамт байж; их, бага аль ч бай биднийг боолчлолоос чөлөөлөхийн тулд Түүнээс гуйцгаая.

Ай, Ариун шөнө

Би 1987 онд Христийн мэндэлсний баяраас хоёр долоо хоног орчмын өмнө Израил руу ажлаар явав. Харамсалтай нь, тэр үед Ариун нутагт энх тайван цаг байгаагүй юм. Баруун Эрэгт эсэргүүцлийн жагсаал болж, хуучин Иерусалимын гудамжууд эзгүйрэн, дэлгүүрүүд хаагдсан байлаа. Улс төрийн хурцадмал байдал газар авснаас асуудал улам дордон, долоо хоногийн ихэнх өдрүүдэд хүйтэн бороо шивэрч байлаа. Хүчирхийллээс айж болгоомжилсон жуулчид энэ бүс нутагт ирэхээ больжээ. Гэсэн ч намайг Иерусалимаар явж байх үед энэ бол Гэтэлгэгчийн маш ихээр хайрладаг байсан хот гэдгийг мэдсэнээс зүрх сэтгэл минь амар амгалангаар дүүрэв.

Би Христийн мэндэлсний баярын өмнөх тав дахь өдрийн орой Нэгдсэн Улсад эргэж ирлээ. Хоёр хоногийн дараа xүндэтгэлийн өдрийн өглөө сэрүүлэгтэй цаг намайг “Ай, ариун шөнө” дуугаар сэрээв.

Бидний бүхий л зовлон зүдгүүрт найз маань байхаар мэндэлсэн,

Хаадын Хаан тийнхүү тэжээлийн тэвшинд хэвтэнэ.6

“Ай, ариун шөнө” дууны хөгжим болон захиас нь миний сэтгэлийг догдлуулж, буурай нэгний найз, дорой нэгний найдвар болохоор мэндэлсэн Израилын Цагаатгагч—Түүний амьдрал ба алдар суут золиослолыг тунгаан бодох зуур нүдийг минь нулимс бүрхлээ. Иерусалим дахь туршлагаа эргэн бодоход бид бүгдийн ачааг Өөр дээрээ авахаар дэлхийд ирсэн Түүнийг хайрлах хайраар бие сэтгэл минь бялхаж байв. Тэр намайг найзаа хэмээн үздэг гэж бодоход сэтгэл ихэд догдолж байлаа. Би тэр ням гарагийн өглөө өөрийн хүлээж авсан төгс гэрч болох хайрын торгон мэдрэмжийг хэзээ ч мартахгүй.

Би Дэлхийн Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцья. Тэр амьдыг би мэднэ. Тэрбээр олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглахаар дэлхийн бүтээлтээс өмнө урьдчилан томилогдсоныг би мэднэ. Би Түүний төрөлт болон амьдралын тухай “Ай, ирцгээ, түүнийг шүтэн биширцгээе” хэмээн гэрчилж байна.7

Эшлэлүүд

  1. The Messiah, хянан тохиолдуулсан, Т.Тэртиус Нобэль (1912), vi.

  2. Судруудын удирдамж, “Бетлехем,” scriptures.lds.org-ийг үзнэ үү.

  3. “Мөнхийн Эцэг, Бурхан минь,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 18-р хуудас.

  4. Bible Dictionary, “Feasts”-ийг үзнэ үү.

  5. Рассэл М.Нэлсон, “Аврагч амьд гэдгийг мэдсэнээс ирдэг амар амгалан ба баяр баясал,” Лиахона, 2011 оны 12-р сар, 21-р хуудас.

  6. “Cantique de Noël” (“Ай, ариун шөнө”), Recreational Songs (1949), 143-р хуудас.

  7. “Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 2-р хуудас.