2014
Мэхлэлт
аравдугаар 2014


Биднийг дахин уулзтал

Мэхлэлт

“Ай тэр хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө,” Лиахона, 2010 оны 11-р сар, 108–110-аас авав.

Зураг
illustration of a man fishing in a river

Зураг чимэглэлийг Ж. Kэн Спэнсэр

Намар бол уургаар загасчилдаг загасчдын хувьд онцгой сайхан үе юм. Учир нь энэ үед хулд загас хүнс ховорддог хахир өвөлд бэлтгэн, хүч тамираа нөөцлөхийн тулд ханахаа мэдэхгүй ховдоглон, хоол эрж явдаг.

Уургаар загасчилдаг загасчин хулд загасыг уран аргаар хуурч барьдаг. Чадамгай загасчин хулд загасны араншин, цаг агаарын байдал, усны урсгал, иддэг шавж зэргийг болон тэдгээр шавж нь авгалдайгаа хэзээ гаргадгийг ч нарийн судалдаг. Тэрбээр энэхүү өгөөшөө ихэнхдээ өөрөө хийдэг. Эдгээр хиймэл шавжны дотор маш жижигхэн дэгээ суулгах хэрэгтэй. Учир нь хулд загас өчүүхэн төдий сэжгийг ч анддаггүй болохоор болхи өгөөшийг үмхдэггүй.

Хулд загас усан дээр үсрэн гарч ирээд, өгөөшийг залгин, эцсээ хүртэл тэмцэлдэж, бүр хөдөлж ч чадахгүй болоход нь суллан тавихыг харах нь тун сонин. Энэхүү тэмцэл нь овжин хулд загасны талаарх загасчны мэдлэг, ур чадвараас үүдэлтэй юм.

Загасыг хуурч барихад хиймэл өгөөш ашигладаг нь биднийг уруу татаж, хуурч мэхлэн, урхи занганд оруулдаг Люсиферийн аргатай төстэй юм.

Хулд загасны цадахаа мэддэггүй ховдгийн гайг загасчин мэддэг шиг Люсифер бидний шунал буюу сул талыг мэдэж, хуурамч өгөөшөөр биднийг уруу татаж, хэрэв амжилт олох юм бол бидний амар амгалан амьдралыг тасалдуулж, өршөөл энэрэлгүй нөлөөндөө оруулдаг. Харин загасыг бариад усанд нь буцааж тавьдаг загасчинтай адилгүй нь Люсифер урхидсан нэгнээ зүгээр тавиад явуулчихдаггүй. Түүний зорилго бол урхидсан нэгнээ эрхшээлдээ оруулж, өөр шигээ зовлонт болгох явдал мөн.

Бидний эсрэг түүний ашигладаг гол аргуудын нэг нь худал хэлж, хуурч мэхлэн, мууг сайн, сайныг муу гэж бидэнд итгүүлдэг чадвар юм. Сатан Тэнгэрт болсон Их зөвлөгөөний бүр эхнээс “Бибээр Их Эзэн Бурхан мөн тэрчлэн түүнд өгсөн хүмүүний сонгох эрхийг эрэлхийлсэн юм” (Moсе 4:3) гэжээ.

Бурханаас хүнд соёрхсон сонгох эрхийн төлөө тэмцэл өнөөдөр ч үргэлжилж байна. Сатан болон түүний дагалдагчид биднийг бүдрүүлэх гэж хуурч мэхлэн барьж авахын тулд бидний эргэн тойронд өгөөшөө тавьж байна.

Ах, эгч нар аа, хуурамч өгөөшөөр хүмүүсийг ангуучилдаг Люсиферийн хиймэл өгөөшөөс бүгдээрээ болгоомжилцгооё. Түүний санал болгодог аюултай олон зүйлийг ялган таньж, татгалзах мэргэн ухаан хийгээд сүнсний хүч чадалтай байцгаая.

Түүнчлэн ямар нэг донтолтод урхидуулсан хүмүүст гарах гарц, найдвар бий шүү. Бурхан бүх хүүхдээ хайрладаг учраас мөн Есүс Христийн Цагаатгал болон хайр бүх зүйлийг боломжтой болгодог учраас ийм найдвар байгаа юм.