2014
Ихэд дур булаам хор
аравдугаар 2014


Ихэд дур булаам хор

Алисон Л.Рандалл, АНУ, Юта

Зураг
illustration of ants in a garden

Би сонин худалдаж авахаар урд хаалгаар гараад нэгэн таагүй дүр зураг харсан юм. Галт шоргоолжны овоолсон улаавтар өнгийн шороо зүлэг болон явган хүний замын завсраар овоорсон байлаа.

Хэдийгээр нөхөр бид хоёр АНУ-ын Техаст удаан амьдраагүй ч гэлээ энэ шоргоолжнууд өнгөөрөө бус харин хорсгом хаздаг учраас ийнхүү нэрлэгдсэн гэдгийг би гашуун туршлагаараа мэдэж байсан юм. Тэгээд шавжны хор авахаар гараж руугаа явлаа. Би шошгон дээрх зааврыг уншив.

“[Энэ хоронд] галт шоргоолжнууд маш их дуртай” гэж бичсэн байлаа. “Шоргоолжнууд хорыг үүрэндээ авч ороод хатан шоргоолжоо үүгээр хооллоход шоргоолж сүргээрээ үхэх болно.” Овоолсон шороон дээр болон эргэн тойронд нь хорыг цац гэсэн заавар шошгон дээр байлаа. Үлдсэнийг нь шоргоолжнууд өөрсдөө хийх болно.

Би эргэлзэж байв. Галт шоргоолжнууд нэг шөнийн дотор өндөр овоо босгож чадах учраас овоо ухаантай юм шиг санагдлаа. Шоргоолжнуудыг энэ хоронд хууртана гэдэгт би эргэлзэж байсан ч хорыг ямартай ч гэсэн цацлаа.

Хэсэг хугацааны дараа би шоргоолжнууд үүрэндээ бужигналдахыг харлаа. Би юу болохыг холоос ажиглаж байв. Тэнгэрээс манна орсон юм шиг л тэд ихэд баяртай байгаа бололтой. Шоргоолжнууд хорны талстуудыг өчүүхэн жижиг хошуугаараа хазаж аваад бие биенээсээ өрсөн, үүрэндээ оруулахаар яарч байлаа.

Би мэл гайхан харж байв. Тэд энэ хорыг өөрсдөө үүр рүүгээ зөөж байлаа. “Ихэд дур булаам” гэсэн үг хэтрүүлэг биш гэдэг нь тодорхой болов. Хор хийдэг компани нь ямар нэг арга замаар муу—бүр үхэлд хүргэх зүйлийг маш сайхан харагдуулах арга олсон байжээ.

Муу зүйл хэрхэн сайхан юм шиг харагдаж болдог үүнээс илүү жишээг би хэзээ ч харж байгаагүй. Энэ нь Сатан хэрхэн үүнтэй адил зүйл хийдэг талаар намайг бодоход хүргэсэн. Хэдийгээр тэр зүсээ хувиргасан хороо миний гэрийн эргэн тойронд цацаж чадах ч гэлээ, намайг зөвшөөрөөгүй цагт үүнийгээ миний гэрт оруулж ирж чадахгүй гэдгийг ойлгоод би ихэд тайвширч билээ. Тэгвэл би муу зүйлийг гэрээсээ хэрхэн хол байлгаж чадах вэ?

Миний дуртай нэгэн судар санаанд орж ирлээ. “Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг.” Энэ Сүнсээр дамжуулан бид ямар нэг зүйл Бурханаас эсвэл Сатанаас ирсэн эсэхийг “төгс мэдлэгээр мэдэж болно” (Moронай 7:16) хэмээн Мормон тайлбарласан байдаг.

Үхэж буй шоргоолжнуудыг харсан тэрхүү туршлага нөхөр бид хоёрыг аливаа зүйлийг шүүн тунгааж, гэртээ оруулах эсэхээ баттай мэдэж чадна гэсэн талархлаар дүүргэсэн юм. Бидний үүрэг бол хүүхдүүддээ Христийн Сүнсийг дагахыг заах явдал бөгөөд ингэснээр тэд хортой учрах үедээ үүнийг таних болно.

Би тэнд зогсоод, шоргоолжнууд хорны талст бүрийг хэрхэн үүр рүүгээ зөөхийг хараад Сатаны хорыг гэрээсээ хол байлгахын тулд чадах бүхнээ хийх болно гэж андгайлсан юм.

Овоолсон шороон дээр болон эргэн тойронд нь хорыг цац гэсэн заавар шошгон дээр байлаа. Үлдсэнийг нь шоргоолжнууд өөрсдөө хийх болно.