2014
Миний номлолд тулгарсан эсэргүүцэл
аравдугаар 2014


Миний номлолд тулгарсан эсэргүүцэл

Зохиогч нь Бразилийн Манауст амьдардаг.

Гадасны ерөнхийлөгч маань номлолд үйлчлэх талаар надтай ярилцсаны дараа “Чамайг бодлоо өөрчлөхөд хүргэх хачирхалтай зүйлүүд амьдралд чинь тохиолдох болно” гэж хэлсэн.

Зураг
illustration of worried-looking young man

Зураг чимэглэлийг Грэг Ньюболд

Би 15 настай байхдаа сүмд нэгдээд дөрвөн жилийн дараа номлолд явах өргөдлөө явуулсан юм. Гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилцаж байх үед тэрээр бүрэн цагийн номлогчоор Их Эзэнд үйлчлэхээр шийдсэнд намайг сайшааж байв. Тэрхүү сүнсээр өдөөгдсөн удирдагч: “Ах аа, одооноос эхлээд таныг Их Эзэнд үйлчлэх шийдвэрийнхээ талаар бодлоо өөрчлөхөд хүргэх хачирхалтай зүйлүүд амьдралд чинь тохиолдох болно” гэж хүчтэй сэтгэгдэл төрүүлэм нэгэн зүйлийг надад хэлж билээ.

Номлолын дуудлагаа хүлээж байх үедээ би Ксерокс компанид дагалдангаар ажиллаж байлаа. Энэ ажил нь номлолын талбарт надад хэрэг болох зүйлүүдээ олж авч, гэр бүлийнхээ зардалд ээждээ туслах боломжийг олгосон юм. Бүх зүйл маш сайн байлаа.

Харамсалтай нь, “хачирхалтай зүйлүүд” тохиолдож эхэлсэн юм. Эхлээд ээж минь халдлагад өртөж, шархнаасаа болоод үхэх шахсан ч гэсэн сайхан сэтгэлт Тэнгэрлэг Эцэг гайхамшигтайгаар түүний амийг аварсан.

Энэ үед би ээж, хоёр эмэгтэй дүүтэйгээ түрээсийн байранд амьдарч байлаа. Бид миний орлогоор, бас олон жилийн өмнө аавыг нас барснаас хойш ээжийн авдаг болсон тэтгэмжийн багахан мөнгөөр амьдарч байсан.

Сүмийн гишүүд болон зарим хүн “Чи ээжийгээ ийм байдалтай орхиод номлолд явахаар зориглож чадна гэж үү?” хэмээн асуудаг байлаа. Энэ асуултыг дахин дахин сонсох нь зүрх сэтгэлд минь эргэлзээ төрүүлж эхэллээ.

Нэг өдөр гадасны ерөнхийлөгч над руу утасдаад номлолын чинь хариу ирсэн тул сүмийн төв байгууллагаас удаан хүлээсэн дугтуйгаа миний өрөөнд ирж аваарай гэж хэлэв. Энэ мэдээг сонсонгуут би сандарсан ч аз жаргалтай байлаа.

Тэр өдөр манай менежер үдийн хоолны өмнө ярилцъя гэлээ. Түүний оффист ороход тэр надтай нөхөрсгөөр мэндэлж, миний сургалтын талаар болон компанид сурсан зүйлсийн тухай ярилцав. Тэгээд энэ байгууллагын нөлөө бүхий тэр хүн энэ хотод амьдардаг ихэнх хүний мөрөөдөж явдаг зүйлийг хэллээ: “Чи дагалдангаар сайн ажиллалаа, бид чамайг ажилд авч, багтаа оруулмаар байна. Чи юу гэж бодож байна ?”

Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байлаа. Цаг хугацаа зогссон мэт санагдаж байв. Ээжийгээ санхүүгийн дэмжлэггүй орхиод номлолын талбар руу явж байгаа юм уу гэж хүмүүс надаас асууна гэдгийг би гадарлаж байв.

Гэсэн хэдий ч би судруудаас болон сүмийн удирдагчдаас эрхэм ариун арга замаар сурсан зүйлүүдээ санасан бөгөөд Бурхан намайг Өөрийн сүмийн бүрэн цагийн номлогчоор үйлчлээсэй гэж хүсэж байгааг ямар ч эргэлзээгүй мэдэж байлаа.

Намайг нөхцөл байдлаа менежертээ тайлбарлатал: “Би чамайг ухаантай залуу гэж боддог. Гэтэл чи амьдралдаа ховорхон олдох боломжийг үл тоомсорлож байх юм” гэсэн түүний хариулт одоо ч гэсэн оюун санаанд минь тодхон үлджээ.

Тавьсан саналынх нь төлөө би түүнд чин сэтгэлээсээ талархсан ч 28 өдрийн дараа би Бразилийн Сан Паулогийн номлогчийг бэлтгэх төвд очсон юм.

Номлолын минь турш Их Эзэн сүмийн найзуудаар болон гайхамшигтай арга замуудаар манай гэр бүлийн хэрэгцээг хангасан билээ. Ээжийн минь бие сайжирч, ээж, дүү нарт маань ажлын боломжууд гарч ирсэн байлаа.

Бид Их Эзэнд үйлчлэхээр шийдэхэд “хачирхалтай зүйлүүд” үнэхээр тохиолддог. Гэвч номлолын үйлчлэл миний амьдралд асар их нөлөөлсөн тухай гэрчлэлээ би Бурханы үйлчлэлийг хийсэн мянга мянган хүний гэрчлэл дээр даруухан нэмж байна.