2016
Шинжлэх ухаан болон үнэний төлөөх бидний эрэл хайгуул
July 2016


Шинжлэх ухаан болон бидний үнэний эрэл хайгуул

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Хэрэв сайн мэдээний тухай ойлголт болон шинжлэх ухаанаар дамжуулан мэдэж авсан зүйлс тань хоорондоо зөрчилдөж байх шиг санагдвал та санаа зовох хэрэггүй.

Зураг
microscope

Таны арьсан дээр батга гарч арьсны эмч дээр очиход цусыг тань ханаж эмчлэх шаардлагатай гэж хэлж байна хэмээн та төсөөлж чадах уу? Энэ нь танд утгагүй мэт сонсогдож болох ч хоёр зууны өмнө амьдралаас хол зүйл байгаагүй юм. Тэр үед их хэмжээний цус ханах нь бараг ямар ч эрүүл мэндийн асуудалд, тэр дундаа ходоодны хямрал, галзуурал, бүр батганд хүртэл хэрэглэгддэг жишиг эмчилгээнд тооцогддог байв. Үүнд хэн ч эргэлздэггүй байв. Яалаа гэж эргэлзэх вэ дээ? Эцсийн эцэст цус ханах аргыг олон мянган жилийн турш өөр өөр олон соёл иргэншилд ашиглаж ирсэн байна.

Эмч нар анагаах ухааныг шинжлэх ухааны өнцгөөс харж эхлэхээс өмнө хүмүүс энэ арга барилд эргэлзэж байсангүй. Эцэст нь цус ханахыг илүү нарийн шинжлэн үзсэний дараа эмч нар тодорхой, цөөн тооны өвчнөөс бусад нөхцөлд ашиглахаа больсон юм.1

Энэ түүхэн жишээнээс бид итгэл үнэмшил нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, удаан хугацааны турш оршин тогтносон учраас заавал үнэн байна гэсэн үг биш гэдгийг харж болно. Түүнээс гадна шинжлэх ухаан жинхэнэ үнэнийг ил гаргахад туслах гайхалтай хэрэгсэл болж чадна гэдгийг бид харж байна.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд энэ бол том асуудал юм. Үнэнийг мэдэх нь бодит шийдвэр гаргахад (“Үгүй ээ, би өнөөдөр цусаа хануулахгүй, баярлалаа”) илүү сайн үндэслэл болоод зогсохгүй сайн мэдээний талаарх ойлголтод маань нэмэр болдог. Ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–1877) зааснаар “Сайн мэдээнд хамаардаггүй үнэн гэж үгүй. … Хэрэв та тэнгэрт [эсвэл] дэлхий дээр ямар нэгэн үнэнийг олбол … энэ нь манай сургаалд хамаатай гэсэн үг.”2

Яагаад, хэрхэн хоёрыг харьцуулж үзвэл

Мэдээж, бид шинжлэх ухаан бидний мэддэг үнэнд хэрхэн хувь нэмэр оруулдаг талаар ярихдаа ямар төрлийн үнэнийг шинжлэх ухаан нээн илрүүлж, ямрыг нь нээн илрүүлж чадахгүйг ойлгодог байх ёстой. Үүнийг олж мэдэх нэг арга бол шинжлэх ухаан ямар төрлийн асуултад хариулж эсвэл хариулж чадахгүй гэдгийг асуух арга юм.

АНУ-ын Нью Йоркийн Ренсселиер Политехникийн Дээд Сургуулийн химийн инженерийн ангид суралцаж байсан Эллэн Мангрум эгч: “Шинжлэх ухаан яаж гэдгийг тайлбарладаг. Гэхдээ яагаад гэдгийг тайлбарлаж чаддаггүй” гэж хэлсэн. Тэрээр цааш хэлэхдээ, шашин бол дэлхий яагаад бүтээгдсэн, бид яагаад энд ирсэн гэх мэт учир шалтгааныг тайлбарладаг гэж хэлэв.

Алдарт физикч Альбэрт Эйнштэйн ч гэсэн шашин, шинжлэх ухаан хоёр бие биеэ харилцан нөхөхийн зэрэгцээ өөр өөр зорилготой гэдэгт итгэдэг байв.

“Шинжлэх ухаан зөвхөн юу гэдгийг нь олж тодорхойлдог ч, юу байх ёстой вэ гэдгийн учир шалтгааныг олж тодорхойлж чаддаггүй.” “[Шинжлэх ухааны] хүрээнээс гадуур бүх төрлийн үнэлж цэгнэдэг сэтгэлгээ шаардлагатай хэвээр байдаг”3 гэж тэр бичжээ.

Зураг
watering a plant

Энэ нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд юу гэсэн үг вэ? Бид юун түрүүнд шинжлэх ухааны ойлголт хувьсан өөрчлөгдөнө гэдгийг мэднэ. Эцсийн эцэст шинжлэх ухаан бидэнд эргэн тойрныхоо дэлхий ертөнцийн “хэрхэн” хэмээх зүй тогтлыг илүү сайн ойлгоход туслах арга замыг олохыг хичээхийг хэлдэг билээ. Үүнийг мэдсэнээр бид амьдралын “яагаад”-ыг эсвэл “байх ёстой” гэсэн зүйлсийг ойлгохын тулд сүүлийн үеийн судалгааг судлах шаардлагагүй юм. Бид зөв, буруугийн хооронд шийдвэр гаргахдаа Есүс Христийн өөрчлөгдөшгүй сайн мэдээнд итгэж, туслалцаа авч болно.

Бүх зүйл зохицолддог

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч, нэрд гарсан зүрхний мэс засалч Рассэлл М.Нэлсон шашин, шинжлэх ухаан хоёр хэрхэн хамтдаа зохицолддог тухай ярьсан юм.

Тэрээр “Шинжлэх ухаан, шашин хоёр хоорондоо зөрчилддөггүй” гэж хэлэв. “Зөрчилдөөн нь шинжлэх ухаан, шашин хоёрын аль нэгнийх нь эсвэл хоёулангийнх нь талаар бүрэн дүүрэн мэдлэггүйгээс болж үүсдэг. … Үнэн шинжлэх ухааны лабораториос эсвэл Их Эзэний илчлэлтээр ирэхээс үл хамааран хоорондоо авцалддаг”4 гэж хэлсэн.

Зураг
atom

Тиймээс, хэрэв танд дэлхийн насжилт, динозавр, эволюци эсвэл таны шинжлэх ухааны хичээлээс мэдэж авсан ямар нэгэн зүйл сайн мэдээтэй хэрхэн нийцдэг талаар асуултууд гарч ирвэл энэ нь сайн хэрэг юм. Бүх зүйл хоорондоо зохицолддог ч бидэнд сурч мэдэх ёстой олон зүйл байгаа тул олон асуулт байсаар байна. Канадын Квебекийн эм зүй судлаач эрдэмтэн, Брайн Даун ах бидэнд бүх зүйл илчлэгдэх тэр цаг мөчийг би тэсэн ядан хүлээдэг (С ба Г 101:32–34-ийг үзнэ үү) гэж хэлээд, тэр цаг болтол “шинжлэх ухааны оролдлогоор эргэн тойрныхоо дэлхий ертөнцийн бүх нууцыг ойлгох чадвар хязгаарлагдмал хэвээр байна. “Үүнтэй адил бид Бурханы нууцуудыг болон хүүхдүүддээ зориулсан агуу төлөвлөгөөг ойлгох чадвар маань хязгаарлагдмал байдаг” гэжээ.

Хэрэв сайн мэдээний тухай ойлголт, шинжлэх ухаанаар дамжуулан мэдэж авсан зүйлс тань хоорондоо зөрчилдөж байгаа мэт санагдвал санаа зовох хэрэггүй. Үнэндээ, шинжлэх ухааны батлан нотолсон ямар ч зүйл таны итгэл үнэмшлийг няцааж чадахгүй юм.

Тиймээс, хэрэв та шинжлэх ухаанд дуртай бол сонирхдог салбарынхаа талаар боломжтой бүхнийг судал. Тэр бүү хэл таны итгэл танд давуу тал олгож болох юм. Өмнөд Виржинийн Их Сургуулийн биологийн тэнхимийн профессор Ричард Гарднэр ах Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэл нь түүнд их тус болдог талаар хэлсэн.

“Заримдаа судалгаа түвэгтэй болж, юу ч болохгүй байгаа мэт санагдах үед, ер нь судалгааны ажилд ийм зүйл тохиолддог ч сайн мэдээний адислалуудын тухай ойлголттой байх нь үүнийг даван гарахад надад тусалдаг” хэмээн тэр хэлжээ.

Даун ах ч гэсэн өөрийн итгэлийг шинжлэх ухааны ажлаа хийхэд нь тусалдаг гэж боддог.

“Би бүх зүйл уялдаа холбоо, дэс дараатай бөгөөд хэрэв ямар нэг асуултыг удаан хугацаанд, хангалттай шаргуу судлах юм бол Тэнгэрлэг Эцэг эцэст нь миний оюун ухааныг хариулт олоход нээж өгнө гэдэгт үргэлж итгэн ажилладаг” гэж тэр хэлсэн юм.

Шинжлэх ухааны нээлтэд баясах нь

Бидний Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэл даруу байж, шинжлэх ухаанч эсвэл сүнслэг байхаас үл хамааран эрэлхийлж байгаа үнэнээ нээж илрүүлэхэд тусалдаг.

“Бидэнд шинжлэх ухааны талаар мэдэхгүй зүйл их байдаг. Мөн Бурхан Өөрийнхөө тухай бидэнд хараахан илчлээгүй зүйл ч олон бий” гэж профессор Гарднэр хэлээд, “Тиймээс бидэнд илүү их мэдээлэл ирэх үед хүлээн авахад оюун ухаанаа нээлттэй байлгаж, харин энэ хугацаанд санаагаа чилээхгүй байх нь чухал юм” гэжээ.

Жишээ нь, зарим хүн дэлхийн талаарх ажиглалтууддаа ямар нэгэн тайлбар олж хардаггүй учраас Бурханд зүгээр л итгэдэг. Үүнийг “Бурханд хоосон” итгэх гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хүмүүсийг шинжлэх ухааны ололт амжилтаас айхад хүргэж болно. Профессор Гарднэр энэ талаар нэг жишээ дурдсан юм.

“Зарим хүн чулуужсан үлдэгдлийн баримт мэдээлэлд хоосон зай байдаг учраас (эволюци бидний хэрхэн энд ирснийг тайлбарлаж чаддаггүй гэсэн утгаар) Бурханд итгэсэн байдаг. Харин энэ хоосон зай шинэ чулуужсан үлдэгдлийн нээлтээр нөхөгдвөл бидний итгэлд юу тохиолдох вэ? Харин үүний оронд бид Бурханы талаар баттай нотолгоог Ариун Сүнсээр дамжуулан олж авах хэрэгтэй бөгөөд тэгж чадвал шинжлэх ухааны ямар ч нээлт байлаа гэсэн санаа зовохын оронд баясах болно.

Бид ийм хандлагатай байвал шинжлэх ухаан, шашин хоёулаа үнэнийг хайх бидний эрэлд тусалж чадах бөгөөд эцэст нь бүх үнэн нэг эх сурвалж болох Бурханаас ирдэг гэдгийг сануулна.

Зураг
lightbulb

Профессор Гарднэр “Бурхан хүсвэл бүх зүйлийг, тухайлбал шинжлэх ухааны баримтуудыг ч гэсэн илчилж чадна” хэмээн хэлээд, “Мөн Түүнд Өөрийн гэсэн сүнсээр өдөөгдсөн эрдэмтэн, зохион бүтээгч, инженерүүд байгаа ч тэдэндээ бүх зүйлийг зүгээр өгчихдөггүй нь лавтай. Тэр тэднээс болон биднээс тархиа ажиллуулахыг хүсдэг учраас бидэнд шинжлэх ухааныг судлах боломж олгож, харин Бурханы Сүмд өгдөг илчлэлт нь Сүмийг хэрхэн зохион байгуулах, ялангуяа хэрхэн Христэд ирж мөн аврагдах тухай хэлсэн байдаг.

“Түүний бидэнд өгдөг хувийн илчлэлт ямар ч сэдвээр байж болох ч ялангуяа Тэр амьд бөгөөд бидэнд хайртай, Христ авралын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн, бидэнд өнөө үед амьд бошиглогч байгаа, бид Бурхан төлөвлөгөөг дагаж чадах бөгөөд ийнхүү хийх нь зөв гэдгийг мэдүүлэхэд чиглэгддэг.”

Эшлэлүүд

  1. Жишээг K.Кодэлл Картэр ба Барбара Р.Картэр, Childbed Fever: A Scientific Biography of Ignaz Semmelweis (1994)-аас үзнэ үү.

  2. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 16.

  3. Кэн Уилбэрийн бичсэн Quantum Questions: Mystical Writings of the World’s Greatest Physicists (1984) номон дээрх Альбэрт Эйнштэйний “Science and Religion” хэсгээс эш татав.

  4. Рассэлл М.Нэлсон, Марианнэ Холман Прэскоттын бичсэн “Church Leaders Gather at BYU’s Life Sciences Building for Dedication,” Church News, 2015 оны 4-р сарын 17, LDS.org.