2017
Нэрийн тэмдэггүй номлогч
June 2017


Өсвөр үеийнхэн

Нэрийн тэмдэггүй номлогч

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зураг
teenage girl in school

Сургууль дээр маань ямар ч хүн аливаа сэдвээр санал зөрөлдөхөөс айдаг, тийм зан ааштай нэгэн багш байсан юм. Нэг өдөр бид ХҮГ номлогчдын тухай ярив. Би түүний асуултад хариулж чадах байсан ч тэгэх хэрэггүй гэдгийг мэдэрсэн юм. Тиймээс би түүний сэтгэлд нийцүүлэн хариуллаа.

Дараачийн хэдэн долоо хоногт би бидний хооронд өрнөсөн энэ ярианы талаар бодохгүй байж чадсангүй. Эцэст нь номлолын ажлын тухай хэдэн эшлэлийг тодотгож тэмдэглэсэн Мормоны Номыг түүнд өгөх хэрэгтэй гэсэн бодол надад төрөв. Энэ бодол намайг айлгаж байсан ч санаанаас гарахгүй байлаа. Энэ нь дагах ёстой өдөөлт гэдгийг би мэдэж байсан юм.

Хоёр сар гаруйн дараа би Мормоны Номыг бэлэн болгов. Бүх л өдрийн турш уг номыг үүргэвчнээсээ гаргаад өгчихмөөр санагдаад байв. Өвлийн амралтаа авахаар явахдаа энэ номыг түүнд өгөхөд шаардагдсан гурван секунд амьдралын минь хамгийн түгшүүртэй үе байлаа.

Амралтын дараах эхний өдөр би түүний ангийн хажуугаар өнгөрсөн ч орохоосоо айсан. Тэгтэл тэр намайг дуудаж, нэгэн карт өглөө. Би үүнийг коридорт уншив. Тэрээр миний тодотгосон хэсгүүдийг бүгдийг нь уншсанаа мөн миний итгэл бишрэлийн цаадах учир шалтгааныг харж эхэлж байгаагаа бичсэн байлаа.

Би одоо сайн мэдээг хуваалцана гэхээс догдолдог болсон. Би удахгүй Тэнгэрлэг Эцэгтээ үйлчлэхээр номлолд явахыг илүү их сэтгэл догдлон хүлээж байна.