2017
Сүмийг цэвэрлэж, сайн мэдээг заах нь
June 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Сүмийг цэвэрлэж, сайн мэдээг заах нь

Зураг
cleaning the church building

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Нэгэн бямба гаргийн үдээс хойш би гэрийнхэнтэйгээ далайн эрэг явахаар бэлдэж байлаа. Тэд надтай хамт хэдэн өдрийг өнгөрүүлэхээр Амазонасаас Ла Гуаирад ирсэн юм. Нар хурцаар ээж, далайн сэвэлзүүр салхи таатай үлээж байсан бөгөөд би дүүгийнхээ сэтгэл хөдөлж байгааг харахдаа баяртай байлаа.

Замд явж байхдаа би тэр өдөр сүмийн байрыг цэвэрлэх үүрэгтэй байснаа санасан юм. Одоо би сонголт хийх хэрэгтэй. Би үүргээ биелүүлэх үү эсвэл гэр бүлтэйгээ далайн эрэг рүү явах уу? Би ээж, дүү нартайгаа энэ тухай ярихаар шийдлээ. Тэд хэзээ ч ХҮГ сүмд орж үзэж байгаагүй ч цэвэрлэгээ хийхэд маань туслахыг дуртайяа хүссэн бөгөөд бид дуусмагцаа далайн эрэг рүү буцаж явахаар болов.

Сүмд орох үедээ би юуг, хэрхэн хийх ёстойг тайлбарлав. Бид гялс цэвэрлэчихнэ гэж бодож байсан ч тэд үнэхээр дуртай байсан учраас дөрвөн цаг болов. Би гэр бүлдээ өрөө бүрийг, уран зургууд болон баптисмын усан санг үзүүлэв. Зүрх сэтгэл минь асар их баяр баяслаар дүүрэв. Миний хувьд туйлын утга учиртай зүйлийг хийхэд гэр бүл маань тусалсанд би итгэж өгөхгүй байлаа. Биднийг тэнд байх үед Талиа, Гинэска гэдэг өсвөр насны хоёр охин дүү маань Сүмийн хэдэн дууллыг суран, надаас Сүмийн тухай асуусан.

Ням гарагт гэр бүл маань анх удаа сүмд явав. Тэднийг тойрогт маш халуун дотно хүлээн авсан юм. Залуу эмэгтэйчүүд тэр даруй дүү нарыг маань угтаж авав. Номлогч эгч нар тэдэнтэй уулзаад, дараагийн өдөр нь уулзах цаг товлосон. Бид гэр бүлийн үдэш хийж, би тэдэнд хэрхэн залбирахыг заасан юм. Бид хамтдаа ойр ойрхон залбирч байсан бөгөөд дууллуудыг сонсож, Сүмийн видео бичлэг үзсэн.

Гэр бүл маань буцахын өмнө би дүү нартаа ариун сүмийг мөн үүний орчин тойрныг харуулахаар Каракас руу авч явж билээ. Би ариун сүмийн адислалуудын тухай гэрчлэлээ хуваалцаж, тэднийг Амазонас руу буцаж очоод Сүмийг олоход урамшуулан дэмжсэн юм.

Тэднийг гэртээ харьсны дараа би тэдний бүс дэх номлогчид руу залгасан. Тойргийн зөвлөлийн гишүүд, номлогчид гэр бүлд маань зочилж, тэдний хөрвөлтийн замд тусалсан юм. Дүү нар маань ааваас баптисм хүртэх зөвшөөрөл авахын төлөө ойр ойрхон залбирч байв.

Би баяр, талархлаар дүүрэн байдалтай Талиа, Гинэска хоёрт баптисм хүртээхээр Амазонас руу явлаа. Сайн мэдээ рүү хөтөлсөнд Тэнгэрлэг Эцэгтээ найдаж, талархаж байгаа нь тэдний гэрэлтсэн нүднээс харагдаж байлаа. Сүмийг цэвэрлэх үүргээ биелүүлснээр гэр бүл маань нэг нэгэнтэйгээ илүү ойр дотно болж, хүчирхэгжсэн юм. Би энэ туршлагыг хэзээ ч мартахгүй бөгөөд дүү нар маань ч мартахгүй гэдгийг мэднэ.