2017
Сараево дахь ганц хүний цуглаан
June 2017


Сүмд үйлчлэх нь

Сараево дахь ганц хүний цуглаан

Зохиогч нь Германы Райнланд-Пфальцад амьдардаг.

Ням гарагт би ганцаараа дуулж, залбирч, үг хэлдэг байв. Өөр гишүүд цуглаанд ирэх болов уу?

Зураг
person standing at a pulpit

Зураг чимэглэлийг Shannon Associates-ийн Миа Прайс

Би Германы цэргийн албан хаагчийн хувьд 1999 оны талаас илүү хугацааг Босни-Херцеговины нийслэл Сараевод өнгөрүүлсэн юм. Миний цэргийн үүрэг даалгавар асар их бэрхшээлтэй, урт цагийн хуваарьтай байсан ч цэргийн 750 дугаар анги дахь янз бүрийн шашны бүлэглэл цугладаг байсан жижигхэн салбарт явах цаг гаргадаг байлаа.

Би нэгэн ням гарагт үдээс хойш цуглааны байран дээр ирэхэд хаалга цоожтой байв. Цэргийн ангийн Сүмийн бусад гишүүн шилжсэн болохыг би олж мэдсэн юм. Би шүтэн биширч, ариун ёслолоос хүртэхийг тэсэн ядан хүлээж байсан учраас сэтгэлээр унав. Сараевод ирэхээсээ өмнө би Германд салбарын ерөнхийлөгчөөр үйлчлэн завгүй байж, ариун ёслолоос тогтмол хүртэх боломжтой байсан.

Хэдэн долоо хоногийн дараа би Америкийн дивиз рүү генералтайгаа хамт явах ажилд томилогдсон юм. Үдийн хоолны үеэр намайг бусад цэрэгтэй ярьж байхыг сонссон нэг америк ахмад надаас Сүмийн гишүүн эсэхийг асуулаа. Би гишүүн гэдгээ хэлсний дараа тэр миний нэр, холбоо барих мэдээллийг тэндхийн Сүмийн удирдагч байсан хүнд өгсөн.

Удалгүй Фишэр ах надтай холбоо барив. Ярилцлагын дараа тэр намайг Сараево дахь Сүмийн бүлгийн удирдагчаар онцгойлон адисалж, шинэ бүлэг үүсгэх үүрэг даалгавар өглөө. (Бүлэг гэдэг нь салбартай төстэй цэргийн байгууламж дахь Сүмийн нэгж юм.)

Би Сараево дахь цэргийн баазад өөр хожмын үеийн гэгээнтэн олж магадгүй гэж найдан, мэдээллийн самбар дээр цуглааны цагийг тавиад, урилга явуулж байлаа. Эхний хэдэн долоо хоног хэн ч ирсэнгүй. Тиймээс ням гарагт би ганцаараа дуулж, залбирч, үг хэлдэг байв. Би цэргийн ангийн удирдагч, гишүүдэд зориулсан Сүмийн удирдамжийг даган хоёр дахь санваартангүйгээр ариун ёслолыг адисалж, хүртэх боломжтой байсан юм. Энэ нь надад агуу баяр баясгаланг авчирч байлаа.

Би англи хэлээ сайжруулахын тулд ганц хүнтэй цуглаанаа англи хэл дээр явуулж байв. Миний хамгийн анх хэлсэн үг Иосеф Смитийн тухай байсан. Хэн ч өрөөнд байгаагүй ч би тэнд хүмүүс байгааг мэдэрч байлаа. Ариун Сүнс намайг хүчирхэгжүүлж, энэ газарт шинээр эхлэх нь Их Эзэний ажилд ямар их чухал болохыг илчилсэн юм.

Анхны цуглаанаа хийснээс хэдэн долоо хоногийн дараа нэгэн залуухан америк цэрэг цуглааны байранд орж ирэв. Тэр баптисм хүртээд ердөө хэдхэн сар болж байлаа. Би маш их баяртай байсан. Хоёр долоо хоногийн дараа бас нэг эгч ирэв. Дараа нь хоёр ах ирлээ. Их Эзэний тусламжтайгаар Сүм Сараевод өсөж хөгжиж байв.

Одоо Сараевод Сүмийн салбар байгаа. Би тэр үеэ санахдаа, Түүний ажил дахь бяцхан араа нь байж, “агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” (С ба Г 64:33) гэдгийг мэдэхээр онцгой арга замаар үйлчлэх Их Эзэний надад өгсөн хүндэтгэл хайрыг боддог.