2017
Ариун сүмд анх удаа орсон нь
June 2017


Ариун сүмд анх удаа орсон нь

Зохиогч нь Аргентины Кордобад амьдардаг.

Би зүгээр нэг бусдын туршлагыг сонсох биш, өөрийн биеэр ариун сүм орохыг хүсдэг байсан.

Зураг
young man in front of the temple

Намайг 16 настай байхад гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадсаараа Буэнос-Айрес дахь ариун сүм рүү явах болно гэдгийг зарласан бөгөөд намайг явахыг урьсан юм. Би мөнгө хадгалж, ариун сүмийн эрхийн бичиг эзэмших зохистой байхын тулд шаргуу хөдөлмөрлөсөн.

Намайг эрхийн бичгээ хүлээн авсны дараа уруу таталт тал бүрээс дайрч, тэрхүү зохистой байдлыг маань алдуулахыг оролдож байв. Гэхдээ надад ариун сүмд орох хүсэл байсан. Би зүгээр л нэг бусдын туршлага, гэрчлэлийг сонсохыг хүсээгүй. Би өөрийн гэсэн туршлага, гэрчлэлтэй болохыг хүссэн.

Аялалд гарах орой боллоо. Автобусанд суухаас өмнө хүртэл надад явахгүй байх бодол төрсөн ч би бууж өгөөгүй. 10 цагийн аяллын турш надад маш нөхөрсөг хандаж байсан нэгэн Сүмийн гишүүний хажууд би сууж явсан юм. Тэр 60 орчим настай хүн байсан. Тэр амьдралынхаа тухай, зовлон бэрхшээлээ даван туулсандаа хэчнээн их баяртай байгаагаа ярив.

Би ч бас түүнд амьдралынхаа тухай, мөн Бурханыг дагадаг учраас олон хүн надаас зайгаа барьдаг тул маш их ганцаардлыг мэдэрдгээ ярьсан. Тэр “Бурхан чамд агуу найзыг өгөх болно. Тэр найз чинь үргэлж чиний дэргэд байх болно. Үүнийг бүү мартаарай” гэж надад хэлж билээ. Тэр тэдгээр үгийг хэлэхэд би түүнийг үнэн зүйл хэлсэн гэдгийг мэдэж байсан учраас амар тайвныг мэдэрсэн юм.

Намайг ариун сүмд орох үед үүрч явсан хүнд ачаа маань алга болох шиг л санагдсан. Би “Хүү минь, тавтай морил. Би чамайг хүлээж байлаа” гэх сүнслэг тэврэлтийг мэдэрсэн.

Би ариун сүмийг зүгээр нэг үзэсгэлэнтэй барилга биш, Бурханы өргөө гэдгийг мэдэрсэн юм. Хэд хэдэн баптисм, гишүүний баталгааны ёслол хийсний дараа би гадагшаа гарав. Би ачаа дарамтыг дахин мэдэрсэн ч тэдгээрийг давах хүч чадалтай болсон мэт санагдлаа.

Өөрсдийгөө бэлтгэн, бүх зүйлийг Бурханы мутарт даатгаад, ариун сүмд орохын тулд хамгийн сайнаараа байх нь биднээс хүсэн хүлээдэг зүйл болохыг би ойлгосон. Тийнхүү Бурхан биднийг асар ихээр адисалдаг.