2017
Христийн мэндэлсний баяраар Христийн хайрыг түгээх нь
December 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Христийн мэндэлсний баяраар Христийн хайрыг түгээх нь

Зураг
walking past homeless woman

Жюли Рожерсийн зураг чимэглэл

Би 2016 оны Христийн мэндэлсний баярын “Дэлхийг гэрэлтүүл” хэмээх аянд оролцохдоо сэтгэл их догдолж билээ. Би энэ аяны өдөр бүр сайн үйлс хийх уриалгыг, нэн ялангуяа тав дахь өдрийн “Есүс өвчтэй нэгнийг эдгээсэн шиг та ч мөн хэн нэгнийг эдгээж чадна” гэсэн уриалгыг тэсэн ядан хүлээж байв.

Би тэр өдөр ажлаа тараад, өвөө эмээ дээрээ очих санаатай хотын саарал гудамжаар алхаж явлаа. Надад маш сайхан санагдаж байв. Христийн мэндэлсний баярын үе байсан бөгөөд дэлхий нэг л гэгээлэг байв. Хандив өргөхийг хүссэн хонхны дуу жингэнэнэ. Намайг трамвайн зогсоол руу дөхөж байтал орон гэргүй нэгэн эмэгтэйн хашхирах дуунаар хонхны жингэнээ бүдгэрч сонсогдлоо.

Тэр эмэгтэй “Та нар худлаа шүү дээ. Би өлсөж, даарч байна. Та нар өөрсдөдөө л авдаг. Та нар худлаа” гэж орилж байв.

Ихэнх хүн тоохгүй өнгөрч байсан ба хонх барьсан хүн хонхоо үргэлжлүүлэн дуугаргасаар байв. Би чихэвчээ зүүсэн боловч нөгөө эмэгтэйн “Та нар худлаа. Би өлсөж, даарч байна” гэж хашхирах сонсогдсоор байлаа.

Би халаасандаа хорин долларын дэвсгэрт байгааг санав. Үүнийг тэр эмэгтэйд өгдөг юм билүү гэж бодтол “Үгүй ээ. Үүнийг хэн нэгэнд өгөх бол сайхан хүнд л өгөх хэрэгтэй” гэсэн бодол орж ирэв. Гэтэл Ариун Сүнс надад нөгөө уриалгыг болон миний хэнтэй адил болох гэж хичээж байгааг сануулсан юм. Есүс хаадын Хаан байсан атлаа хамгийн дорд хүмүүст үйлчилсэн. Тэгээд би юу хийх хэрэгтэйгээ ойлгоод, уг эмэгтэйг чиглэн алхав. Тэр эмэгтэй орилж хашхирахаа больсон ч нүдээ анихад нь нулимс хацрыг нь даган урсаж байлаа. Би халааснаасаа хорин долларын дэвсгэрт гарган түүнд өгөв.

“Хэцүү өдөр байв уу?” гэж намайг асуухад

Тэр над руу харж, “Тийм ээ” гэв.

“Надад харамсалтай байна” гэж би хэлээд, түүнийг тэврэхэд тэрээр трамвай иртэл мөрийг минь налан уйлав.

Биднийг бие биендээ баяртай гэж хэлтэл эмэгтэй “Баярлалаа. Зөвхөн мөнгөнд биш ээ. Намайг тэвэрсэнд баярлалаа. Надад тэврэлт хэрэгтэй байлаа” гэж хэлсэн юм.

Гудамжинд ямар ч хамаагүй хүнийг тэврэх нь миний хийхээр төлөвлөснөөс өөр зүйл байсан ч Есүсийн хийх байсан зүйл гэдгийг би мэддэг. Өөртэй нь адил үйлчлэх боломж өгсөнд би Их Эзэнд талархдаг. Есүс өвчтэй, ядуу, гачигдалтай хүмүүст тусалж байсан. Би ч гэсэн тэгж чадна.