2019
Та сайн мэдээний дагуу амьдрахдаа бүх зүрх сэтгэлээ дайчлахгүй байна уу?
2019 оны 4-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Та сайн мэдээний дагуу амьдрахдаа бүх зүрх сэтгэлээ дайчлахгүй байна уу?

Сүмийн үүргүүддээ хандах хандлага маань үнэхээр өөрчлөлтийг авчирдаг.

“Би заавал хийх ёстой гэж үү?”

Өмнө нь танд ийм бодол төрж байсан уу? Харин надад бол олон удаа төрж байсан. Ийм өчүүхэн бодлууд миний хандлагыг тодорхойлоход чухал хүчин зүйл болдог гэдгийг би мэдэж авсан юм. Мэдээж бид бүгдээрээ бусдад хүрч тусалж, тохинуулж, Сүмийн дуудлагуудыг хүлээн авч, дэмжин сайшааж, Сүмийн цуглаануудад оролцож болно. Энэ бүхнийг бүх зүрх сэтгэлээ дайчлалгүй хийсэн ч эдгээр зүйл бидний амьдралд өөрчлөлт авчирч байдаг. Гэвч энэ нь Бурханы хувьд таныг ашиглах боломжийг хязгаарлаж байна уу? Энэ нь Бурханы хувьд таныг өөрчлөх боломжийг хязгаарлах болов уу? Миний бодлоор хязгаарлана гэж бодож байна.

Энэ нь намайг Иерусалимыг орхин явж, ялтаснуудыг авахаар буцаж очсон, усан онгоц барихад тусалсан зэрэг тоотой хэдэн зүйлийг дуулгавартай хийсэн ч бухимдалтай, бүх зүрх сэтгэлээ дайчлахгүй хийсэн Лемен, Лемеүл хоёрын тухай бодоход хүргэдэг. Тэд өөрсдийн туршлагаар дамжуулан илүү сайжрахыг хүсээгүй юм. Харин тэд байнга бувтналдаж, өөрсдийн нөхцөл байдал болгонд увайгүй загнадаг байв. Үүнийг ойлгосныхоо дараа би Лемен, Лемүел хоёр шиг байхыг үнэхээр хүсэхгүй байна.

Үйлдлийнхээ шалтгааныг бодох цаг гарга. Та бусдад хүрч, туслахдаа өөрийн авч болох адислалууд дээр төвлөрдөг үү? Эсвэл та гэрэл болон хайрыг бусадтай хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсдэг учраас тэдэнд хүрч, тусалдаг уу? Та дуудлагаасаа болоод энэ бүхнийг хийдэг үү? Аль эсвэл та дуудлагаа Их Эзэнд болон эргэн тойрныхондоо үйлчлэхийг хүсдэг учраас хийдэг үү?

Эдгээр нь миний өөрөөсөө байнга асуухыг хичээж явдаг асуултууд юм. Би Христийн жинхэнэ шавь шиг байхын тулд хийх ёстой бүхнээ чин хүсэлтэйгээр хийж байна уу? Эсвэл зүрх сэтгэлээ үүнд бүрэн зориулахгүй байна уу? Би Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй “Бид сайн мэдээнд идэвхтэй байна уу? Эсвэл бид зүгээр л Сүм дээр завгүй байгаад байна уу?” гэж хамгийн зөв дүрслэн хэлсэн гэж бодож байна. (“Энэ бол хүмүүст санаа тавих явдал,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 139).

Идэвхтэй байх, завгүй байх

Миний хувьд, Сүм дээр зүгээр л “завгүй” байгаа үед хайхрамжгүй байдал оюун бодолд минь гэтэн орж ирдэг. Ийм хайхрамжгүй байдал урам муутайхан хандлагаас эсвэл хуваарь дээрх чухал зүйлсдээ садаа болох ач холбогдолгүй зүйлсэд анхаарлаа хандуулснаар үүсэж болно. Ийм хайхрамжгүй байдал намайг ариун ёслолын цуглаан дээр анхааралгүй суух үед, оройны залбирлаа хэлэхдээ оюун санаагаа өөр зүйл дээр сатааруулж эхлэхэд болон судруудаа тунгаан бодолгүй яаран харахад эсвэл хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ найзлах оролдлого хийхээс илүү тэдэнд хүрч, тусалсан гэж хэлэхийн тулд ингэж хийх үед гэтэн орж ирж болно.

Заримдаа амьдралдаа ямар нэг ахиц дэвшил олж харахгүй байгаа үедээ буюу зүгээр л сайн мэдээнд хайхрамжгүй, “завгүй” байгаа үедээ би бухимддаг ба асуудлаа юу болохыг ухаарах хүртэл энэ мэдрэмжүүд надад байсаар л байдаг. Би заримдаа суугаад, дахин холбоо тогтоож, өөрөөсөө “би энэ дуудлагадаа, энэ хүнд эсвэл энэ залбиралдаа эсвэл энэ сударт бүрэн анхаарлаа хандуулж, зүрх сэтгэлээ зориулж байна уу” гэж асуух ёстой болдог.

Ийм ухаарал ирсний дараа энэ үед миний амьдралд үнэхээр өөрчлөлт гардаг. Намайг бусдыг Тэнгэрлэг Эцэгийн хардаг арга замаар харахаар чин сэтгэлээсээ залбирах үед мөн тохинуулах боломжуудын төлөө залбирах үед, түүнчлэн дуудлага, ажил мэргэжил, өдөр тутмын амьдралдаа удирдамж хүсэн залбирах үед, хамгийн гол нь Түүний надад өгсөн сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэх үед буюу үйлдлүүд маань улам сайжрах дотоод хүслийн маань илрэл болох энэ үед би сайн мэдээнд идэвхтэй болдог. Би энэ үед хандлага, зүрх сэтгэл, бодгальдаа жинхэнэ өөрчлөлтийг мэдэрдэг. Би энэ үед гайхамшигт зүйлс тохиолдохыг хардаг. Би энэ үед жинхэнэ аз жаргал миний амьдралд орж ирэхийг мэдэрдэг. Би энэ үед чин сэтгэлээсээ илүү өөрчлөгдөхийг хичээдэг.

Үйлдэл ба мэдрэмж

Бид бүгд өөр өөрийн амьдралаас үйлдлүүд маань сайн сайхан байсан ч эдгээрийн цаана буй мэдрэмжүүд маань үргэлж таатай сайхан байгаагүйг харж чадна гэж боддог. Заримдаа амьдрал зав чөлөөгүй төдийгүй бид нөхцөл байдалдаа үргэлж баяртай байгаад байдаггүй мөн заримдаа аливаа зүйлс бидний хүссэнээр болохгүй байж болно. Бид төгс биш ч хэрэв биднээс хийхийг хүссэн ярвигтай эсвэл цаг шаардсан зүйлсэд бүх зүрх сэтгэлээ дайчлахад маань туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүсэх юм бол тэдгээрийг Христийнхтэй адил илүү сайн арга замаар хийж сурах болно.

Надад тухайн туршлагын дараа зөвхөн зүрх сэтгэлээ зөөлрүүлж мөн өөрчлөгдөхийн тулд ямар нэгэн үйлчлэлийн төслийг дуртай дургүй зөвшөөрдөг байсан үеүд бий. Эсвэл дуудлага аваад, үүнд маш их цаг зарцуулж байгаагаасаа болоод гомдоллож байсан ч дуудлагаасаа чөлөөлөгдөх үед үүнд дассанаасаа болоод харамсан уйлах үе ч бишгүй байсан.

Хэрэв бидний зүрх сэтгэл зөв газраа байвал бид гэрлээс хуваалцаж, үүргүүдээ биелүүлж мөн залбирлынхаа хариултуудыг хүлээн авах болно. Хэрэв бид үйлдэлдээ нөлөөлж буй хандлага, зорилгуудыг дүгнэн цэгнэж мөн бүх зүйлийг “чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр” (Моронай 10:4) хийвэл бид Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг илүү сайн таньж мэдэн, илүү агуу баяр баясгаланг олж мөн өөрсдийнхөө болон бусдын амьдралд илүү их өөрчлөлтийг хийж болно.