2021
Уучлах хүчийг олох нь
2021 оны 6-р сар


“Уучлах хүчийг олох нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 6-р сар, 10–11.

Ирээд, Намайг дага

Уучлах хүчийг олох нь

Их Эзэн бидэнд бусдыг уучлахыг тушаасан. Тэр Өөрийн зарлигуудыг, үүний дотор энэ зарлигийг дагахад бидэнд туслах болно.

Сургаал ба Гэрээ 64:10

Зураг
Эмэгтэй өөрт нь гараа сунгаж буй хүн рүү харж байгаа нь

Зураг чимэглэлийг Жэймс Мадсэн

Зарим зарлиг бусад зарлигаасаа илүү дагахад хэцүү санагддаг уу?

“Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (Сургаал ба Гэрээ 64:10) хэмээх зарлиг олон хүнийг эмээхэд хүргэдэг.

Хүлээгээрэй. Бидэнд шударга бус хандсан хүн бүрийг бид уучлах ёстой юу? Тэгэх боломжтой гэж үү?!

Чамд ямар нэг бүдүүлэг үг хэлсэн эсвэл оройн хоолны үеэр хамгийн сүүлийн зөөлөн боовыг авсан хүнийг уучлах нэг хэрэг. Харин гүн гүнзгий шархыг яах вэ? Бидний амьдралыг сүйтгэж эсвэл амьдралын зүг чигийг маань өөрчилдөг тийм ноцтой хохирлыг яах вэ?

Заримдаа биднийг аймшигтайгаар гомдоон хохироосон хэн нэгнийг уучилна гэдэг боломжгүй мэт санагддаг.

Бидэнд танд дуулгах сайхан мэдээ байна. Есүс Христийн тусламжтайгаар өөрсдийн маань хийж чадах зүйлсэд хязгаар үгүй юм.

Түүнд хэрэгтэй байсан тусламж

Нидерландын Корри тэн Бүүм хэмээх сүсэг бишрэл ихтэй, Христэд итгэгч нэгэн хүн бусдыг уучлахад туслахыг Бурханаас гуйснаар ирэх хүч чадлыг олж мэджээ.

Тэр, түүний эгч Бэтси нар дэлхийн 2-р дайны үед хорих лагерьт хоригдож байв. Корри бусад олон хүний хамт нацистын шоронгийн харуулуудын аймшигт хүчирхийллийг даван гарсан юм. Түүний эгч Бэтси тэрхүү хүчирхийллээс болж амиа алдсан аж. Харин Корри амьд гарчээ.

Дайны дараа Корри бусдыг уучилснаас ирдэг эдгээх хүчийг олж мэдсэн. Тэр ихэвчлэн олон нийтийн газруудад захиасаа хуваалцдаг байжээ. Гэтэл нэг өдөр ярьдаг зүйлсээрээ соригдох мөч түүнд ирэв.

Корриг олон нийтийн дунд үгээ хэлж дууссаны дараа, хоригдож байсан лагерийнх нь хамгийн харгис харуулуудын нэг түүн дээр хүрч иржээ.

Тэр дайны дараа Христийн шашинтан болж, шоронгийн харуул байхдаа үйлдсэн аймшигт үйлүүдээ наманчилсан гэдгээ Коррид хэлэв.

Тэр гараа сунгаад, “Та намайг уучлах уу?” гэлээ.

Бусдыг уучлах талаар өөрийн ухаарч ойлгосон, бусадтай хуваалцсан зүйлсээ үл харгалзан, Корри тэр хүний гарыг барьж, уучилж чадахгүй байв. Тэр үүнийг ганцаараа огтхон ч хийж чадахгүй байлаа.

Хожим тэр ийн бичиж үлдээсэн юм. “Уур хилэн, өшөө хонзон бүхий бодол миний дотор буцалж байсан бөгөөд би тэр бодол ямар нүгэлтэй болохыг мэдэж байв. Их Эзэн Есүс, намайг уучлаач. Мөн түүнийг уучлахад надад туслаач гэж би залбирлаа.

Би инээмсэглэх гэж оролдон, мөн гараа өргөхийг хичээв. Гэвч чадахгүй байлаа. Би сайхан сэтгэл эсвэл энэрлийг өчүүхэн төдий ч мэдрэхгүй байсан. Тэгээд би дахиад чимээгүй залбирлаа. Есүс, би түүнийг уучилж чадахгүй байна. Надад Өөрийнхөө өршөөлийг өгөөч.

Түүний гарыг барих үед хамгийн гайхалтай зүйл тохиов. Миний мөр, бугуй, гарын алгаар дамжин тэр хүн рүү гүйдэл гүйх мэт болохын зэрэгцээ энэхүү үл таних хүнийг хайрлах хайр зүрхэнд минь мэдрэгдсэн нь намайг бараг сандаргасан юм.

Тэгээд би дэлхийнхний эдгээлт сайн үйлс болон бидний уучлалаас шалтгаалдаггүй, харин Түүнээс ирдэг гэдгийг олж мэдсэн. Тэрээр бидэнд “Дайснаа хайрла” хэмээн хэлэхдээ, зарлигтай хамт бас хайрыг өгдөг.”1

Өөрийн зарлигуудыг мөн үүний дотор уучлах зарлигийг хэцүү байсан ч дагахад тань туслахаар Бурхан тантай хамт байдаг. Тэрээр Корри тэн Бүүмд тусалсныхаа адил та нарт ч бас тусалж чадна.

Та нарын хүртэх эрхтэй эдгээлт

Амьдрал өөрөө адармаатай бас ярвигтай. Амьдрал Бурханаас сонгох эрх өгөгдсөн хүмүүсээр дүүрэн байдаг.

Хэн нэгэн та нарт санаандгүй байдлаар ч хамаагүй ноцтой зовлон шаналал учруулах үед та тусламж хүсэн залбирч, уучлахыг хичээх үедээ эдгээх хүчийг хүлээн авч чадна.

Бусдыг уучлах нь таны бодгалийг эдгээдэг. Та шударга бус хандсан хэн нэгнийг уучлах үедээ өөрийг тань хойш чангааж байж болзошгүй хүнд ачаанаас Бурханы тусламжтай салж чаддаг. Жинхэнэ эдгээлт өөд хүргэх зам хэцүү санагдах үед ч Бурхан байгаа учир та хэзээ ч ганцаараа алхах шаардлагагүй.