2022
Зовлон зүдүүрийн цэвэршүүлэгч гал
2022 оны 3-р сар


“Зовлон зүдүүрийн цэвэршүүлэгч гал” Лиахона, 2022 оны3/4-р сар

Зовлон зүдүүрийн цэвэршүүлэгч гал

Бидний хүн нэг бүр өөрсдийн зовлон бэрхшээлээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг болон Аврагчтай илүү ойртохын төлөө би залбирч байна.

Зураг
дээшээ харж буй эмэгтэйн хөшөө

Getty Images-ээс авсан гэрэл зургууд

Амьдрал дахь зовлон бэрхшээлд бид гайхах хэрэггүй. Энэ нь бидний гэм нүгэл, алдаа эсвэл өөр зүйлээс үүдэлтэй эсэхээс үл хамааран, зовлон бэрхшээл бол мөнх бус амьдралд зайлшгүй юм. Зарим хүмүүс хэрэв тэд Бурханы зарлигуудыг сахивал, ямар ч зовлон бэрхшээлээс хэлтрүүлэгдэнэ гэж боддог боловч үнэндээ биднийг “зовлон зүдүүрийн зуухан дотор”(Исаиа 48:10;1 Нифай 20:10) сонгосон юм. Аврагч хүртэл үүнээс чөлөөлөгдөөгүй.

“Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан.

“Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон”(Еврей 5:8–9).

Хариуцлагын насанд хүрсэн бидэнд зовлон зүдүүр бол бидний эцэстээ “төгс болгогдох” үйл явцад нэн чухал хэсэг юм. Энэ бол амьдралыг олон сонголттой энгийн шалгалтаас илүү болгодог зүйл юм. Бурхан бидний юу хийдэг эсвэл хийдэггүйгээс илүүтэй хэн болж байгаад маань анхаардаг. 1 Хэрэв бид хүсэх аваас Тэр бидэнд өөр хүчнүүдээр үйлдэгдэх бус, харин Өөрийнх нь үйлдэж байгаа шиг үйлдэхийг заах болно (2 Нифай 2:14–16-г үзнэ үү). Бид ямар ч нөхцөлд эсвэл Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77)-ийн хэлсэнчлэн “харанхуйд ч гэсэн” зөв шударга байхыг сурах ёстой. 2

Зовлон бэрхшээлийг даван туулж, түүгээр өсөж хөгжих сорилт нь Бурхан мөнх бус байдлын өмнөх дэлхийд гэтэлгэлийн төлөвлөгөөг танилцуулах үед бидэнд өгөгдсөн гэдэгт би итгэдэг. Тэнгэрлэг Эцэг маань биднийг дэмжинэ гэсэн мэдлэгтэйгээр бид тэдгээр сорилттой нүүр тулах ёстой. Гэхдээ бид Түүнд хандах нь нэн чухал юм. Бурхангүйгээр зовлон бэрхшээлийн бараан цаг мөчүүд гунигтай, цөхрөнгүй, бүр гашуун байх нь бий.

Зураг
бодлогоширсон царай бүхий хөшөө

Тэнгэрлэг тусламжтайгаар зовлон шаналал амар амгалангаар, үймээн самуун энх тайвнаар, уй гашуу итгэл найдвараар солигддог. “Үнсний оронд гоёл чимгийг… өгдөг” хэмээн Исаиагийн хэлсэнчлэн Тэрээр сорилт бэрхшээлийг адислал болгон хувиргана. 3 Түүний амлалт нь биднийг зөрчилдөөнөөс салгах бус биднийг зовлон зүдүүрүүдэд маань тайтгаруулан хамгаалж, бидний өсөлт хөгжлийн тул тэдгээрийг ариулан адислах явдал юм (2 Нифай 2:2; 4:19–26; Иаков 3:1-ийг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэг бидэнд тусламж, адислалаа тулгахгүй, харин бид Түүнийг эрэлхийлэх үед, Тэрээр Хайрт Хүүгийнхээ нигүүлсэл, ач ивээл, Ариун Сүнсний хүчээр дамжуулан биднийг дэмжих болно. Ийм дэмжлэгийн олон жишээг бид эргэн тойрноосоо болон судрын түүхүүдээс олж болно.

Хуучин Гэрээний жишээнүүд

Хуучин Гэрээнээс бид Абрахам дуулгавартай нэгэн байсан ба Бурханы түүнд өгсөн өвийн нутаг ба зөв шударга үр удмын талаарх амлалт биелэхийг олон жил тэвчээртэйгээр хүлээсэн талаар уншдаг. Өлсгөлөн, аюул заналхийлэл, уй гашуу хийгээд сорилтод ч Абрахам үргэлж Бурханд итгэлтэй байж, Түүнд үйлчилж, хариуд нь Түүгээр дэмжигдсэн юм. Одоо бид Абрахамыг “итгэлтнүүдийн эцэг” 3 хэмээн хүндэлдэг.

Абрахамын ач хүү Иаков, ах Есавынхаа гараас амь мултрахын тулд өмссөн хувцастайгаа шахуу, ганцаархнаа гэрээсээ зугтжээ. Тэгээд 20 жилийн турш нагац ах Лабаныхаа гэрт зарцлагдав. Лабан хэдийгээр Иаковт аюулгүй орон байр, сүүлд нь хоёр охиноо эхнэр болгон өгсөн ч түүнийг мэхэлж, амьдрал нь амжилттай байгааг мэдмэгцээ цалин хөлс, тохиролцоогоо хэд хэдэн удаа өөрчилсөн юм (Эхлэл 31:41-ийг үзнэ үү).

Тэднийхээс явахдаа Иаков, Лабаныг эсэргүүцэн “Хэрэв миний эцгийн Бурхан … надтай хамт байгаагүй сэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ”(Эхлэл 31:42) хэмээн хэлдэг. Харин Бурхан Иаковтай хамт байсан тул тэрээр гар хоосон цагаачаас өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн, эцэг болоод гэртээ буцав. Иаков маш олон тооны зарцтай байсан ба тухайн үеийн баялаг болох хонь, мал сүрэг, тэмээгээр элбэг дэлбэг адислагдсан байв (Эхлэл 32-ыг үзнэ үү).

Иаковын хүү Иосеф бол бусад хүн цөхрөхөөр нөхцөл байдалд ч Бурханд итгэж, зовлон бэрхшээлийг даван туулж ирсэн хүний сонгодог жишээ юм. Эхлээд ах нар нь түүнийг боол болгон худалдсан. Дараа нь тэрээр Египет хүн Потифарын гэрт албан тушаал хашиж, нэр хүндтэй болсон ч Потифарын эхнэрт худал гүтгэгдэж, нүгэл үйлдээгүй атлаа шоронд хоригдсон. Гэсэн хэдий ч, Иосеф Бурханд найдсаар байсан юм. Шоронд байхдаа хүртэл тэрээр амжилттай байсан ч түүний тусалсан хүмүүс амлалтаа үл ойшоон түүнийг мартжээ. (Эхлэл 37; 39–41-ийг үзнэ үү.) Эцэст нь, Иосеф өлсгөлөнгийн үед эцгийнхээ гэр бүлийг (мөн бүх Египетийг) аврах өндөр албан тушаалаар адислагдсаныг бид бүхэн мэднэ.

Тэвчээртэйгээр тэсэх

Эдгээр болон бусад жишээнүүд нь зовлон бэрхшээлийг ихэвчлэн цаг хугацааны явцад туулдаг гэдгийг бидэнд харуулдаг. Бид тэвчээртэй мөн цөхөршгүй байх хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэг маань биднийг ийнхүү тэвчиж туулах үед үргэлж дээрээс харж, тусалдаг ба Тэрээр төгсгөл хүртэл хүлээдэггүй.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) нэгэн удаа: “Ахиц дэвшил бол цаг хугацаа өнгөрөхөд аяндаа ирдэг зүйл биш гэдэг нь мэдээжийн хэрэг” хэмээн хэлсэн. Гэсэн ч үрэлгэн хүүгийн нэгэн адил бид сүнслэг байдалдаа эргэж ирэхийн тулд бидэнд ихэвчлэн ‘цаг хугацаа’ хэрэгтэй болдог. (Лук 15:17.) Ах дүүсийн тэмцлээс хойш олон жилийн дараа Иаков, Есав хоёрын цөл дэх сэтгэл уяраам уулзалт нь сонгодог жишээ юм. Өгөөмөр зан нь дайсагналыг орлож чадна. Эргэцүүлэл нь ойлголтыг авчирч чадна. Гэхдээ эргэцүүлэх болон өөрийгөө шинжлэхэд цаг хугацаа шаардагддаг. Сүнслэг олон үр дүн нь авралын үнэн ба цаг хугацааны нийлбэрээс үүссэн туршлагын охийг шаарддаг бөгөөд энэ нь олон зүйлийг шийдвэрлэх арга болдог.” 4

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гүйцэтгэх ерөнхийлөгч М.Рассэлл Баллард хэлэхдээ:

“Их Эзэнийг хүлээх гэдэг нь цаг хугацаагаа өнгөрүүлэх гэсэн утгыг агуулаагүй. Та хэзээ ч хүлээлгийн өрөөнд байгаа мэт байх ёсгүй.

Их Эзэнийг хүлээх гэдэг нь үйлдэх гэсэн утгатай. Бусдад үйлчлэхэд Христэд итгэх итгэл найдвар маань өсөн нэмэгддэгийг би амьдралынхаа явцад сурч мэдсэн.

Их Эзэнийг болон Түүний амлалтыг хүлээх явцдаа олж авч болох хувийн өсөлт хөгжил нь бидний хүн нэг бүрд зориулсан Түүний төлөвлөгөөний үнэлж баршгүй ариун нандин бүрэлдэхүүн хэсэг юм.” 5 гэв.

Тэвчээртэйгээр тэсэх гэдэг нь Бурханд хандаж, Түүнд итгэх хэлбэр юм. Хэрэв бид мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуй гэсэн зөвлөгөөнийхөө өмнөх шүлгүүдэд Иаков тэвчээрийн тухай ийн хэлжээ.

“Та нар олон гай зовлонд унасан үедээ ч үүнийг бүгдийг нь баяр хөөрт тооц.

Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ.

Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна” (Иосеф Смитийн Орчуулга, Иаков 1:21 [Иаков 1:21-ийн зүүлт тайлбар а]; Иаков 1:3–4).

Зовлон зүдүүрээр цэвэршив

Зураг
Есүс Христийн хөшөө

Гэрэл зургийг Рэйчил Панчич

Бид Тэнгэрлэг Эцэгээсээ тусламж авах үед саад бэрхшээл хийгээд зовлон зүдүүр маань биднийг дарангуйлах бус харин цэвэршүүлэх болно (Сургаал ба гэрээ 121:7–8-ыг үзнэ үү). Бид илүү аз жаргалтай, илүү ариун хүмүүс болох болно. Их Эзэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч байсан Томас Б.Маршд өгсөн илчлэлтдээ Төлөөлөгчдийнхөө талаар “Мөн тэдний уруу таталтууд, мөн их гай зовлонгийн дараа, болгоогтун, Их Эзэн бибээр тэднийг бодох болно, мөн хэрэв тэд зүрх сэтгэлээ үл хатууруулах аваас, мөн миний эсрэг хүзүүгээ хөшүүн болгохгүй аваас, тэд хөрвүүлэгдэх болно, мөн бибээр тэднийг эдгээх болно” (Сургаал ба гэрээ 112:13) гэж айлдсан.

Бид саад бэрхшээл дундаа “Есүс Христийг илгээсэн цорын ганц үнэн Бурханыг” (Иохан 17:3) мэддэг гэж хэлж болно. Саад бэрхшээл дунд бид Тэдэнтэй хамт өдөр бүр алхдаг. Бид даруусгагдан, “бодол санаа бүрдээ” (Сургаал ба Гэрээ 6:36) Тэдэн рүү харахыг сурдаг. Тэд биднийг сүнсээр дахин төрөх явцад тохинуулах болно. Үүнээс өөр зам байхгүй гэж би итгэдэг.

Бидний хүн нэг бүр өөрсдийн зовлон бэрхшээлээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг болон Аврагчтай илүү ойртохын төлөө би залбирч байна. Үүний зэрэгцээ, бид Бурханы үзүүлсэн загварын дагуу зовлон бэрхшээлд нь бусдад тохинуулж сурах болтугай. “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих” болсноор Аврагч “бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг” (Алма 7:11–12) мэддэг болсон юм. Бидний хувьд “өөрсдөө зовлон бэрхшээлийн загалмай дээр хүлэгдээгүй үедээ, бусдыг хүндэтгэж, өрөвдөн энэрч, тэдэнд сүнслэг тэжээлийг өгөх хэрэгтэй.” 6

Эх сурвалж

  1. Даллин Х.Өүкс, “The Challenge to Become,” Liahona, 2001 оны 1-р сар, 40–43-ыг үз.

  2. Жэймс И.Фауст, “The Light in Their Eyes,” Liahona, 2005 оны 11-р сар, 22, Бригам Янг гэснээс үз.

  3. Bible Dictionary, “Abraham.”

  4. Нийл А.Максвэлл, “Endure It Well,” Ensign, 1990 оны 5-р сар, 34.

  5. М.Рассэлл Баллард, “Христэд найдах нь,” Лиахона, 2021 оны 1-р сар, 55;

  6. Нийл А.Максвэлл, “Endure It Well,” 34.