2022
Сүмийн дуудлагуудад үйлчлэх нь
2022 оны 3-р сар


“Сүмийн дуудлагуудад үйлчлэх нь,” Лиахона, 2022 оны3/4-р сар

Сайн мэдээний үндсэн зарчим

Сүмийн дуудлагуудад үйлчлэх нь

Сүмийн удирдагчид гишүүдээс “дуудлага” хэмээн нэрлэгддэг тодорхой үүрэгт ажилд үйлчлэхийг хүсдэг. Дуудлага нь гишүүдэд бусдад үйлчилж, Бурханд ойртох боломжийг олгодог.

Зураг
тэргэнцэртэй эрэгтэй Сүмийн ангид хичээл зааж байгаа нь

Гэрэл зургийг Дэвид Бөүвэн Нютон

Бид дуудлагадаа үйлчилснээр Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг. Бид бусдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар зааж, Тэдэнд ойртоход нь тусалдаг. Мөн бид итгэлтэйгээр үйлчилснээрээ адислалуудыг хүлээн авдаг.

Дуудлага хүлээн авах нь

Зураг
залуу эрэгтэй Сүмийн цуглаанд оролцогсдын өмнө зогсож байгаа нь

Сүмд үйлчилдэг бүх хүн Бурханаар дуудагддаг. Дуудлага бүрд хэнийг үйлчлүүлэхээ мэдэхийн тулд Сүмийн удирдагчид сүнслэг удирдамж хүсэн залбирдаг. Удирдагч дараа нь гишүүнээс үйлчлэхийг хүсэж, тухайн дуудлагын үүргүүдийг тайлбарлаж өгдөг. Ихэнх дуудлагад гишүүдийг Сүмийн цуглаан дээр дэмжин батлуулдаг. Тойрог, салбарын гишүүд дэмжсэн санал өгнө. Энэ нь тэд дуудагдаж буй хүнийг дэмжихэд бэлэн байна гэсэн утгатай. Дараа нь санваарын удирдагч гишүүнд адислал өгнө. Үүнийг онцгойлон адислах гэж нэрлэдэг. Тухайн дуудлагад үйлчлэх эрх мэдэл болон үйлчлэхэд нь туслах бусад адислалыг гишүүнд өгнө.

Бишопууд

Бишоп бол тойргийн удирдагч юм. (Салбарын хувьд салбарын ерөнхийлөгч нь бишоптой төстэй.) Гадасны ерөнхийлөгч бишопоор дуудагдах зөв зохистой санваартныг санал болгоно. Тэргүүн Зөвлөл дуудлагыг баталдаг. Дараа нь бишопыг дэмжин баталж, онцгойлон адисална. Тэрээр тойргийг удирдах эрх мэдэл болох санваарын түлхүүрүүдийг хүлээн авна. Бишопын хувьд тэр тойргийнхоо бүх гишүүнд үйлчилж, тэднийг удирдана.

Ерөнхийлөгчийн зөвлөл

Санваарын чуулгууд, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн ангийн байгууллагуудыг ихэвчлэн ерөнхийлөгч, хоёр зөвлөхөөс бүрдсэн ерөнхийлөгчийн зөвлөл удирдана. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудаж, онцгойлон адисална. Бишопын зөвлөл гишүүдийг тойргийн бусад ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд үйлчлэхийг хүсэж, тэднийг онцгойлон адисалдаг. Бүх удирдагч өөрсдийн чуулга эсвэл байгууллагын гишүүдэд үйлчилнэ. Тэд гишүүдэд хэрэгцээнийх нь дагуу тохинуулж, Бурханы хайрыг мэдрэхэд нь тусалдаг.

Зураг
Хүүхдээ тэвэрч буй ээжид хоол хүнс авчирч буй эмэгтэй

Бусад дуудлага

Сүмийн бусад дуудлагад заах, дуу хөгжимд туслах, бүртгэл хөтлөх, өсвөр үеийнхэн эсвэл хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг төлөвлөх зэрэг бусад хэлбэрээр үйлчилдэг. Сүм дэх дуудлага бүр чухал бөгөөд гишүүдэд Бурханд болон бусдад үйлчлэх боломжийг олгодог. Бид дуудлагаа биелүүлэхээр хамтдаа хөдөлмөрлөх үедээ бусдыг хүчирхэгжүүлж, Сүмийг өсөж хөгжихөд тусалдаг.