2022
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагын шинэчлэгдсэн хувилбар
2022 оны 11-р сар


Сүмийн мэдээ

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагын шинэчлэгдсэн хувилбар

Сүм хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэнд зориулсан гарын авлагаа шинэчлэв. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонгоход туслах хөтөч нь өсвөр үеийнхэнд сонгох эрхээ ашиглан, сайн мэдээний жишгээр амьдрахын тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийлэхэд урьдаг.

“Сонголтдоо авч болох хамгийн сайн удирдамж нь Есүс Христ юм. Есүс Христ бол өсвөр үеийнхний хүч чадал” хэмээн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф Ерөнхий чуулганы бямба гаргийн өглөөний хуралдаанаар заав. “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжийн зорилго нь таныг Түүн рүү чиглүүлэх явдал мөн. Энэхүү удирдамж танд Түүний сэргээгдсэн сайн мэдээний мөнхийн үнэнүүд буюу таны хэн болох, Түүний хэн болох, Түүний хүчээр та юу гүйцэлдүүлж болох талаарх үнэнийг заадаг” (“Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн,” 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10–11).

Өсвөр үеийнхнийг амьдралынхаа бүхий л талбарт зөв шударга сонголт хийхдээ гарын авлага дээрх зарчмуудыг ашиглахад уриалж байна. Эцэг эх, удирдагчид болон өсвөр үеийнхэн гэртээ болон Ням гаргийн цуглаандаа мөн зугаалга, өсвөр үеийнхний чуулганаар болон үйл ажиллагаанууддаа энэ гарын авлагыг судалж, хуваалцахыг хүсэж болно. Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид гарын авлагад тусгагдсан зарчмуудыг тогтмол онцолж болох юм. Эдгээр зарчим нь өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан жил бүр зохион байгуулдаг жишгийн үдшийн гол сэдэв болж болно.

Шинэ гарын авлагыг Gospel Library дээрх Өсвөр үеийнхэн хэсэгт болон youth.ChurchofJesusChrist.org дээрээс 50 хэлээр цахим хэлбэрээр авах боломжтой. Хэвлэмэл хувиудыг удахгүй дэлхий даяар тойрог, салбаруудад хүргэнэ.