Лиахона
Бие даах чадвар хөгжүүлэх сургалт: Санхүүгээ сайн мэдээний үнэнтэй холбох нь
2024 оны 1-р сар


“Бие даах чадвар хөгжүүлэх сургалт: Санхүүгээ сайн мэдээний үнэнтэй холбох нь,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Бие даах чадвар хөгжүүлэх сургалт: Санхүүгээ сайн мэдээний үнэнтэй холбох нь

Бие даах чадвар хөгжүүлэх сургалтууд оролцогчдодоо санхүүгийн хэрэгцээгээ сүнслэг байдлаар харах ойлголт авахад нь тусалдаг.

Зураг
Суугаад ярилцаж буй хүмүүс

Их Эзэний хүүхдүүддээ эрт дээр үед өгч байсан заавруудын нэг бол ажил хөдөлмөр, бие даасан байдал юм. Хуучин Гэрээнд Тэрээр Адам, Ева хоёрт “Чи духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” (Эхлэл 3:19) хэмээн зааварласан. Мөн Тэрээр израилчуудад хандан “Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий” (Гэтлэл 20:9) хэмээн айлджээ.

Өнөөдөр дэлхий даяарх Сүмийн ивээн тэтгэдэг бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүд Бурханы хүүхдүүдэд боловсролоо сайжруулах, илүү сэтгэлийн тэнхээтэй болох, илүү сайн ажил олох, бизнес эхлүүлэх зэрэгт тусалж байгаа бөгөөд дараах түүхүүд санхүүгээ хэрхэн илүү сайн зохицуулах тухай харуулав.

Зураг
Бичиг цаас харж буй эмэгтэй

Багахан орлогоосоо аравны нэгийн өргөлөө төлөх

АНУ-ын Мишиганы Дэбора нөхөртэйгөө байх үедээ хэзээ ч санхүүгийн асуудалд орж байгаагүй аж. Гэтэл нөхрөөсөө тусдаа амьдарсны дараа түүнд төлбөр тооцоогоо хийхэд хүндрэлтэй болж эхлэв. Ариун сүмд тогтмол очиход Дэборад сайхан байдаг байсан ч аравны нэгээ төлөхөд хэцүүдэж эхлэн, ариун сүм рүү явахаа болив.

Тэрээр бишопоосоо тусламж эрэлхийлсэн бөгөөд бишоп нь түүнд гадсанд явагдаж байсан Сүмийн бие даах чадвар хөгжүүлэхийн хувийн санхүүгээ зохицуулах сургалтад хамрагдах хэрэгтэй гэж хэлжээ. Дэбора явахыг зөвшөөрсөн ч эхэндээ “Үнэнийг хэлэхэд, би өөртөө ‘Би яагаад энд байгаагаа мэдэхгүй байна. Би мөнгөө хэрхэн тооцоолохоо мэднэ шүү дээ. Амьдралынхаа туршид би санхүүгээ тооцоолдог байсан’ гэж хэлээд,” сургалтад явах шалтгаан байхгүй гэж боддог байжээ.

Дэбора бүлгийнхэнтэй болон зохицуулагчтай уулзав. Долоо хоног болгон хоёр цагийн туршид тэд санхүүгийн тогтвортой байдлын материаллаг (төсвөө зохион байгуулах гэх мэт) болон сүнслэг (орлогынхоо итгэлтэй даамал байх гэх мэт) талыг хоёуланг нь судалж байв. “Ангид энэ хоёр талыг холбож үздэг шиг би хэзээ ч ингэж холбож байгаагүй” гэж Дэбора илэн далангүй хэлсэн юм.

Дэбора санхүүгийн шийдвэр гаргах үедээ Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн оролцуулж байх талаар суралцахад тусалсан Түүнтэй гэрээний холбоотойгоо мэдэрчээ. “Тэнгэрлэг Эцэг минь миний төлөө надтай хамт байсан. … Би Түүнийг бүх зүйлдээ оролцуулах хэрэгтэй.”

Дэбора бие даах чадвар хөгжүүлэх бүлгээсээ хүлээн авсан өдөөлт, удирдамжийнхаа дагуу үйлдсэн үедээ аравны нэг болон бусад төлбөрөө төлөх, тэр ч бүү хэл орлого нь нэмэгдээгүй ч мөнгө хадгалах боломжтой болов.

Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант (1856–1945) “Бурханд туйлын шударга хандаж аравны нэгээ төлдөг эрэгтэй, эмэгтэйчүүдэд … Бурхан үлдсэн аравны есөө үр дүнтэй ашиглах мэргэн ухааныг өгсөн бөгөөд энэ нь тэдний хувьд илүү үнэ цэнтэй болж мөн тэд үүгээрээ Их Эзэнтэй шударга байгаагүй үед хийж чадах байснаасаа илүү ихийг гүйцэлдүүлсээр ирсэн”1 хэмээн, аравны нэгээ төлсний дараах орлогын үлдсэн хэсгээр аравны нэг төлөхөөс өмнөх бүхэл орлогоос илүү зүйл хийгдэх боломжтойг гэрчилсэн.

Дэбора аравны нэгийн өргөлийн хуулийг дагаж, төсвийн тал дээр сайн мэдээний зарчмыг хэрэгжүүлж байсан учраас “биеийн мөн сүнсний” (Мозая 2:41) адислалыг хүлээн авсан юм. Бие даах чадвар хөгжүүлэх бүлгээс ирсэн удирдамж, Ариун Сүнсний өдөөлт зэрэг нь түүнийг ариун сүмийн эрхийн бичгээ авах, ариун сүмд орох замыг бэлдэж өгчээ. “Тэрээр миний хийж чадахгүй гэж хэлж байсан бүх зүйлийг чи хийж чадна, бүр илүүг ч чадна гэдгийг надад харуулсан. Өнөөдөр хийдэг зүйл тань таны ирээдүйг тодорхойлдог бөгөөд би Дэтройт ариун сүм рүү алхаж очоод, өвөг дээдсийнхээ ажлыг дахин хийж эхлүүлэх ирээдүйг хүсдэг” хэмээн Дэбора гэрчилдэг.

Зураг
Сургалтын номыг үзэж буй эхнэр, нөхөр хоёр

Гэрэл зургийг Бэрри, Лайт Чу хоёрын зөвшөөрлөөр

Өрөө төлж дуусгах

Тайванийн Миддл Тайпэй гадасны Бэрри Чу бүтэлгүйтсэн хөрөнгө оруулалт хийснийхээ дараа ихээхэн хэмжээний өртэй үлдэж, түүнд өөрийнх нь ойлголтоос илүү мэргэн ухаан хэрэгтэй байв. Бэрри өөрийг нь урагшлуулахгүй нөхцөл байдалд оржээ. Гэхдээ Бэрри өөрийгөө даруусган, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч эрэлхийлэв. Тэрээр тохиолдсон зүйлээ нөхөртөө хэлэх зоригийг залбирлаасаа олж авсан байна. Бэрригийн нөхөр Лайт Цай уужуу тайван, даруу зангаар учрыг нь олж, өрнөөсөө гарна гэж хэлэн тайвшруулжээ. Лайт, Бэрри хоёр хамтдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлэн залбирав.

Тэр хоёрт хоёуланд Сүмийн бие даах чадвар хөгжүүлэхийн хувийн санхүүгийн сургалт ашиг тустай байж чадна гэсэн мэдрэмж төрөв. Дэндүү их өр ширтэй байсан ч тэд эргэн төлөх төлөвлөгөө гаргав. Сургалтын тусламжтайгаар тэд “аравны нэг төлөхөө чухалд тавин, … санхүүгээ тэнгэрлэг арга замаар зохицуулах”-д суралцсан гэж Бэрри хэлсэн юм. “Бид мөн тооцоолж, эн тэргүүнд зөвхөн шаардлагатай зүйлд зарцуулдаг байхад суралцсан.”

Бэрри, Лайт хоёр орлогоо хариуцлагатай тооцоолж сурснаас гадна тэдний санхүүгийн бүлгийнхэн Бэрриг ажлаа солиход урамшуулжээ. Тэрээр өрөө төлж дуусах боломжтой илүү өндөр цалинтай ажил руу шилжив.

Бэрри, Лайт хоёр зорилгынхоо төлөө хамтарч; бүхий л бонус, хөрөнгө оруулалт, бүрэн болон хагас цагийн ажлаас гадуур олсон нэмэлт орлогоо Бэрригийн өрийг төлөхөд ашигласан юм. Тэд Их Эзэний тусламжтай бүхий л зардлаа, хамгийн чухал нь аравны нэг болон бусад өргөлөө төлөв.

Их Эзэн “Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой. … Гэхдээ энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой” [Cургаал ба Гэрээ 104:15] хэмээн тунхаглажээ. Дэлхий даяарх хувь хүн, гэр бүлүүд сүнслэг болоод санхүүгийн бие даах чадварын зарчмуудыг хэрэгжүүлэх үед Их Эзэн тэднийг хэрхэн хангадгийг олж мэдэж авч байна.

Зураг
Бичиг цаас харж буй эхнэр, нөхөр хоёр

Зөвхөн “юуг” гэдгийг биш, хэрхэхийг заах

АНУ-ын Тэксасын Көртис, Шонда Скотт хоёр хоёулаа санхүүгээ илүү ухаалаг зохицуулахыг хүсэж байсан ч хэрхэн гэдэг дээр санал нийлж чаддаггүй байв. Шонда өөрсдөд нь эрүүл мэндийн даатгал хэрэгтэй гэж мэдэж байсан ч Көртис боломжгүй гэж боддог байв. Бие биедээ хайртай ч санхүүгийн талаар өөр өөр хандлагатай байсан нь тэдний гэрлэлтийг асуудалд оруулжээ. “Санхүүгийн тал дээр бид огт өөр өөр ойлголттой хүмүүс” гэж Шонда хэлсэн юм.

Көртис үүнтэй санал нэг байдаг. “Мөнгө үргэлж цухалдам сэдэв байсан бөгөөд бид чухалчлан авч ярилцдаггүй байсан.”

Тэдний бишоп тэр хоёрт гадасны бие даах чадвар хөгжүүлэхийн хувийн санхүүгийн сургалтад хамрагдаж эхлэхийг зөвлөв.

Көртис ангийн нээлттэй ярилцлагын хэлбэр өөрт нь тохирч байгаад гайхав. Тэрээр санал бодлоо тайлбарлах, гэр бүлийнх нь нөхцөл байдлыг ойлгосон бусад хүнээс чухал ойлголт олж авах боломжтой байлаа. Бүлгээрээ ярилцах нь Көртист сайн мэдээний зарчмуудыг мэдэж авах төдийгүй тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой аргуудыг мэдэхэд тусалж байв. Көртис баптисм хүртсэнээсээ хойших зургаан жилийн дотор итгэлээ нэмэгдүүлж, залбирахаа сайжруулах ёстой мөн Аврагчид илүү ойр байх ёстой гэж заалгасаар ирсэн ч түүнд бие даах чадвар хөгжүүлэх сургалт хэрхэн сайжрахыг заасан болохыг мэдэрчээ.

Көртис гэр орон болон бизнестээ сайн мэдээний зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцахын хэрээр түүнийг гэсэн Их Эзэний хайрыг илүү гүн гүнзгий мэдэж авсан юм. “Энэ нь үнэхээр миний итгэл үнэмшлийг болон биднийг гэсэн Тэнгэрлэг Эцэгийн халамж, анхаарлыг ойлгох ойлголтыг хүчирхэгжүүлсэн” гэж тэрээр ярив.

Бие даах чадвар хөгжүүлэх сургалтын сүнслэг байдал нь санхүүгийн хэрэг хүртэл Бурханы төлөвлөгөөнд хэрхэн багтдагийг ойлгоход нь тусалсныг мэдэрсэн бөгөөд “энэ нь миний гэрчлэлийг … шат шатаар, дүрэм дүрмээр хүчирхэгжүүлсэн” гэж Шонда хэлжээ.

Санхүүгийн шийдвэр гаргахдаа Их Эзэний заасныг оруулан ярилцаж байсан нь Көртис, Шонда хоёрыг нэг ойлголттой болгосон байна. Шонда “бид нэг баг болж байсан” гэж хэлэв. “Биднийг баян эсвэл илүү их мөнгөтэй гэж хэлэхгүй ч зөв зүгт чиглэж байсан маань гарцаагүй.”