Ирээд, Намайг дага
5-р сарын 13–19: “Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл.” Moзая 11–17


“5-р сарын 13–19: ‘Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл.’ Мозая 11–17,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“5-р сарын 13–19. Мозая 11–17,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Абинадай Ноа хаанд гэрчилж байгаа нь

Абинадай Ноа хааны өмнө, Эндрю Бөүзлий

5-р сарын 13–19: “Хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл”

Moзая 11–17

Ганц оч том гал үүсгэх чадалтай. Абинадай бол хүчирхэг хааны эсрэг болон түүний ордны хүмүүсийн эсрэг гэрчилсэн цорын ганц хүн байсан. Түүний үгийг ихэнх нь хүлээж аваагүй бөгөөд түүнд цаазаар авах ял оноов. Гэхдээ “хэзээ ч харанхуйлагдахгүй … гэрэл” (Мозая 16:9) болох Есүс Христийн талаарх түүний гэрчлэл залуу санваартан Алмагийн дотор нэгэн цогийг асаажээ. Мөн Алма өөр олон хүнийг наманчлахад хүргэж, Есүс Христэд итгэлтэй болгосноор хөрвөлтийн тэрхүү оч бага багаар өсөн нэмэгдсэн. Абинадайн аминд хүрсэн галын дөл яваандаа унтарсан ч түүний үгсийн өдөөсөн итгэлийн гал нифайчуудад төдийгүй түүний үгсийг өнөө үед уншиж байгаа хүмүүст ч гүн гүнзгий нөлөөлөх болов. Бидний ихэнхэд гэрчлэлээс болж Абинадайд тулгарсантай адил зүйл хэзээ ч тохиолдохгүй ч Есүс Христийг дагаснаар зоригтой байх, итгэлийг маань сорих үе бүгдэд тохиолддог. Абинадайн гэрчлэлийг судлах нь таны зүрх сэтгэл дэх гэрчлэл, эр зоригийн галыг бадрааж магадгүй.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Зураг
Семинарын дүрс

Мозая 11–1317

Би ганцаараа байсан ч Есүс Христийн төлөө зогсож чадна.

Та Мозая 11–13; 17-г судалж байхдаа, тойм дээр байгаа Абинадайн зургуудыг хар. Христийн гэрчээр зогсох талаар та юу сурсан бэ? Ялангуяа та судалж байхдаа эдгээртэй төстэй хэсгүүд болон асуултууд дээр төвлөрч болно.

  • Ноа болон түүний хүмүүсийг та хэрхэн дүрслэх вэ? Бурханы захиасыг тэдэнтэй хуваалцахад Абинадайгаас яагаад зориг зүрх шаардсан бэ? (Мозая 11:1–19, 27–29; 12:9–15-ыг үзнэ үү).

  • Абинадайг та хэрхэн дүрслэх вэ? Гэрчлэлдээ зоригтой байхад нь тусалсан юуг Абинадай ойлгосон бэ? (Мозая 13:2–9, 28, 33–35; 17:8–10, 20-ийг үзнэ үү).

Хэзээ танд Аврагчийг болон Түүний сайн мэдээг ганцаараа хамгаалж байна гэсэн мэдрэмж төрж байсан бэ? Түүнтэй хамт байгаагаа мэдрэхэд Тэр хэрхэн тусалж байсан бэ? Та үүнийг тунгаан бодож байхдаа, 2 Хаад 6:14–17 дээрээс Елиша болон түүний залуу зарцын тухай түүхийг уншиж болно. Энэ түүхийн юу нь танд сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Та бас Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч гарын авлагын 31–33-р хуудсыг судлаад, үнэнийг хамгаалахад зоригжуулсан үг хэллэгийг хайж олж болно. Эсвэл та “Зөвийг хийгтүн” эсвэл “Тэмүүлж, урагшилцгаая” (Дуулал, д. 120, 127) гэх мэт дууны үгээс үг хэллэгүүдийг хайж болно.

Та Абинадайгаас сурсан зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?   Та өөр ямар жишээг бодож чадах вэ?

Мөн Ром 1:16; 2 Тимот 1:7–8-ыг үзнэ үү.

Сүнсээр заа. Сайн мэдээний хүчирхэг багш байх гэдэг нь зөвхөн хичээлдээ бэлдэхийг төдийгүй, зааж байхдаа Сүнсний удирдамжийг сонсож мөн дагахдаа өөрийгөө сүнслэгээр бэлдэхийг хэлнэ” (Аврагчийн арга барилаар заах нь, 17).

Moзая 12:19–37

Би Бурханы үгийг ойлгоход зүрх сэтгэлээ хандуулах хэрэгтэй.

Хаан Ноагийн санваартнууд Бурханы үгийг мэддэг байв. Тэд судрын хэсгүүдээс эш татаж, зарлигуудыг заадаг байсан ч Аврагчийн сайн мэдээний дагуу амьдардаггүй байв. Яагаад тэр вэ?

Мозая 12:19–37-г уншихдаа энэ талаар бод. Таны бодлоор Бурханы үгийг ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулах гэдэг нь ямар утгатай вэ? Сайн мэдээг судлах арга замаа өөрчлөхөд ямар үг хэллэг таныг сүнслэгээр өдөөж байна вэ?

Мозая 13:11–26

Бурханы зарлигууд бидний зүрх сэтгэлд бичигдэх ёстой.

Зарлигууд санваартнуудын “зүрх сэтгэлд бичигдээгүй” (Мозая 13:11) байсныг Абинадай ажигласан талаар тунгаан бод. Энэ нь юу гэсэн утгатай байж болох вэ? Та Мозая 13:11–26-г уншихдаа, эдгээр зарлиг таны зүрх сэтгэлд бичигдсэн эсэхийг бодож үзээрэй.

Мөн Иеремиа 31:31–34; 2 Коринт 3:3-ыг үзнэ үү.

Moзая 14–15

Есүс Христ миний төлөө зовж шаналсан.

Мозая 14–15-аас Аврагчийг болон Түүний бидний төлөө ямар зовлон шаналал туулсан болохыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж анхаар. Ямар шүлэг Түүнийг хайрлах таны хайр, талархлыг гүнзгийрүүлэхэд тусалсан бэ?

Мозая 15:1–12

Христ яагаад Эцэг, Хүүгийн аль аль нь байдаг вэ?

Абинадай Бурханы Хүү Есүс Христийг Гэтэлгэгч (Мозая 15:1-ийг үзнэ үү) болохыг мөн бие махбодтойгоор амьдарч, хүн төдийгүй Бурхан болно гэдгийг заасан (2–3-р шүлэг). Тэрээр Бурхан Эцэгийн хүсэлд өөрийгөө бүрэн харьяалуулсан (5–9-р шүлэг). Иймээс Есүс Христ Бурханы Хүү байхын зэрэгцээ Бурхан Эцэгийг дэлхий дээр төгс төлөөлдөг (Иохан 14:6–10-ыг үзнэ үү).

Түүнчлэн Есүс Христ Түүний гэтэлгэлийг хүлээн авснаар бид “түүний үр удам,” “Бурханы хаант улсын өв залгамжлагчид” (Мозая 15:11–12) болдог гэдэг утгаар Тэр бидний Эцэг болдог. Өөрөөр хэлбэл, бид сүнслэг байдлын хувьд Түүгээр дамжуулан дахин төрдөг (Мозая 5:7-г үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай эдгээр үнэнийг мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Абинадайн гэрчлэл Тэдэнд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ?

Хүүхдүүдэд заах санаа

Мозая 11–1317

Би ганцаараа байсан ч Есүс Христийн төлөө зогсож чадна.

  • Бид амьдралдаа заримдаа Есүс Христэд итгэх итгэлтэй маань харшлах зүйлийг сонгох бүхий л төрлийн дарамттай тулгардаг. Энэ нь нийтлэг биш ч танай хүүхдүүд Есүс Христийн гэрчээр зогсох талаар Абинадайгаас юу сурч болох вэ? Энэ тоймын зураг эсвэл “14-р бүлэг: Абинадай ба Хаан Ноа” (Мормоны Номын түүхүүд, 38–42) нь Мозая 11–13; 17 дээрх түүхийг ойлгоход нь тэдэнд тусалж чадна. Абинадай юунд дуртайг тэднээс асуу.

  • Танай хүүхдүүдэд Абинадайн түүхийн нэг хэсгийг жүжигчлэн үзүүлэх таалагдаж болох юм. Дараа нь хүмүүс тэднээр ямар нэг буруу зүйл хийлгэх гэвэл юу хийхээ мэдэхийн тулд бодит амьдралын жишээгээр жүжигчлэн үзүүлж болно. Эсвэл тэд Есүс Христийг зоригтой дагаж байсан тохиолдлоосоо хуваалцаж болно. Абинадай Есүс Христийг хэрхэн дагасан бэ? (Мозая 13:2–9; 17:7–10-ыг үзнэ үү). Ноа хаан яагаад зөв гэж мэддэг зүйлээ хийгээгүй вэ? (Мозая 17:11–12-ыг үзнэ үү).

Moзая 12:33–36; 13:11–24

Би Арван зарлигийг дагах ёстой.

  • Хаан Ноагийн санваартнууд зарлигуудыг мэдэж байсан ч тэдгээрийг “зүрх сэтгэлдээ бичээгүй байв” (Мозая 13:11). Та заадаг хүүхдүүддээ зарлигуудыг мэдэж авч, тэдгээрийг хайрлаж сурахад нь хэрхэн туслах вэ? Тэд бас Мозая 12:33–36 болон 13:11–24 дээрх зарлигуудыг зүрхэн хэлбэртэй цаасан дээр бичиж болох юм. Тэднийг бичиж байхад, эдгээр зарлиг ямар утгатай болохыг мөн тэдгээрийг хэрхэн дагах талаар тэдэнтэй ярилц. Бид тэдгээр зарлигийг зүрх сэтгэлдээ хэрхэн “бичдэг” вэ?

  • Та зарлигуудын тухай “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68–69) гэх мэт дууг хамтдаа дуулж болно. Зарлигуудыг сахиснаар ямар адислалууд ирдэг вэ?

Зураг
Эцэг, хүү хоёр судар уншиж байгаа нь

Судрууд бидэнд Бурханы зарлигуудыг заадаг.

Мозая 14; 16:4–9

Тэнгэрлэг Эцэг намайг хөтлөн, Өөр дээр нь эргэн ирэхэд туслахын тулд Есүс Христийг илгээсэн.

  • Мозая 14 нь богинохон бүлэг боловч үүнд Есүс Христийг дүрсэлсэн хэд хэдэн үг хэллэг гардаг. Та болон танай хүүхдүүд энэ бүлгийг хамт уншихдаа, уг үг хэллэгүүдийг жагсааж болно. Та тэдгээр үг хэллэгийг судлахдаа, Аврагчийн талаарх бодол санаагаа хуваалцаж болно.

  • Есүс Христийн тухай заахын тулд биднийг алдагдсан хоньдтой зүйрлэсэн бошиглогч Исаиагийн үгсийг Абинадай эш татсан. Танай хүүхдүүд ямар нэгэн зүйлээ алдаж байсан эсвэл өөрсдөө төөрч байсан тохиолдлоосоо хуваалцаж болох юм. Тэдэнд ямар санагдсан бэ? Тэд юу хийсэн бэ? Дараа нь та Moзая 14:6, 16:4–9-ийг хамтдаа уншиж болно. Бид Бурханаас төөрөн оддог хоньтой юугаараа адилхан бэ? Есүс Христ бидэнд буцаж ирэхэд маань хэрхэн тусалдаг вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Абинадай Ноа хаанд гэрчилж байгаа нь

Түүний царай үлэмж гэрлээр туяаран байв, Жэрэми Винборг