Ирээд, Намайг дага
5-р сарын 18–24. Мозая 25–28: “Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв”


“5-р сарын 18–24. Мозая 25–28: ‘Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 18–24. Мозая 25–28,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Алмад болон Мозаягийн хөвгүүдэд тэнгэр элч үзэгдсэн нь

Залуу Алмагийн хөрвөлт, Гари Л. Капп

5-р сарын 18–24

Moзая 25–28

“Тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв”

“Их Эзэний дуу хоолой [Алмад] ирс[ний]” дараа тэр Их Эзэний түүнд хэлсэн үгсийг “өөртөө байлгаж болохын тулд” бичиж авсан (Мозая 26:13, 33). Та Алмагийн үлгэр жишээг хэрхэн дагах вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Нифайчууд бараг гурван үеийн туршид тусдаа газар нутагт амьдарсныхаа дараа дахин нэгдэв. Лимхайн болон Алмагийн мөн Мозаягийн хүмүүс, тэр ч бүү хэл Нифайн үр удмын биш Зарахемлагийн хүмүүс бүгдээрээ “нифайчуудтай хамт тоологдож байв” (Мозая 25:13). Тэдний дунд олон хүн Алмагийн байгуулсан Сүмийн гишүүд болохыг түүнчлэн хүсэж байлаа. Тийнхүү “Христийн нэрийг авах хүсэлтэй байсан хэн боловч” баптисм хүртэж, “мөн тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв” (Мозая 25:23–24). Олон жилийн зөрчилдөөн, боолчлолын эцэст нифайчууд амар тайван амьдрах боломжтой болсон гэж санагдаж байсан.

Гэвч удалгүй үл итгэгчид гэгээнтнүүдийг хяхан хавчиж эхэлжээ. Хамгийн харамсалтай нь эдгээр үл итгэгчдийн олон нь итгэгчдийн өөрсдийнх нь хүүхдүүд буюу Мозаягийн хөвгүүд, Алмагийн нэг хүү зэрэг “өсвөр үеийнхэн” (Мозая 26:1) байв. Тэгтэл нэгэн гайхамшиг тохиож, уг гайхамшгийн талаарх түүх үе үеийн зовж шаналсан эцэг эхчүүдэд найдвар төрүүлсэн билээ. Гэхдээ Алмагийн хөрвөлтийн түүх зөвхөн төөрөлдсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулагдаагүй. Жинхэнэ хөрвөлт нь ямар нэгэн байдлаар бидний хүн нэг бүрд тохиох ёстой гайхамшиг юм.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Moзая 26:1–6

Би өөрийн итгэл, гэрчлэлийн төлөө хариуцлага хүлээдэг.

Бенжамин хааны зааврыг сонссон хүмүүс гайхамшигтайгаар хөрвөгдсөн (Мозая 5:1–7-г үзнэ үү), гэхдээ хөрвөлт нь хувийн туршлага бөгөөд үүнийг өв хөрөнгийн адил үр хүүхдүүддээ дамжуулан үлдээх боломжгүй. Есүс Христийн сайн мэдээнд бид бүгдээрээ өөрсдөө хөрвөгдөх ёстой. Та Мозая 26:1–6 дахь нифайчуудын итгэлгүй “өсвөр үеийнхний” талаар уншиж байхдаа тэдний итгэлгүй байдлын үр дагаварт анхаарлаа хандуулна уу. Та мөн Христэд авчрах юмсан гэж хүсдэг хүмүүсийнхээ талаар бодож болно. Хэдийгээр та тэдэнд өөрийн хөрвөлтийг өгч чадахгүй ч итгэлтэй болоход нь туслахын тулд хийж чадах зүйлсийг тань Сүнс шивнэж болно. Мозая 25–28 дээрээс Алма болон Сүмийн бусад гишүүн хэрхэн өсвөр үеийнхэнд тусалсан талаар уншиж байх үед танд нэмэлт бодол санаа орж ирж магадгүй.

Мөн Сургаал ба Гэрээ 68:25–29-ийг үзнэ үү.

Мозая 26:6–39

Бурханы итгэлтэй үйлчлэгчид Түүний хүслийн дагуу үйлдэхээр эрэлхийлдэг.

Алматай адил Сүмийн удирдагчид хийвэл зохих зөв зүйлсийг үргэлж мэддэг гэж заримдаа бид бодож магадгүй. Мозая 26-аас бид урьд өмнө хэзээ шийдвэрлэж байгаагүй Сүмийн асуудалтай Алма тулгарч, “Бурханы мэлмийд тэр бурууг хийхвий хэмээн айсан” талаар уншдаг (Мозая 26:13). Алма энэ үед юу хийсэн бэ? (Мозая 26:13–14, 33–34, 38–39-ийг үзнэ үү). Алмагийн туршлага танд гэр бүл эсвэл Сүмд үйлчлэхэд тулгарсан хүнд хэцүү асуудалд хэрхэн хандах талаар юуг санал болгож байна вэ?

Мөн Мозая 26:15–32 дахь Бурханы Алмад илчилсэн үнэнүүдийг жагсааж бичих нь сонирхолтой байж болно. Эдгээр үнэний зарим нь Алмагийн асуултын шууд хариулт биш гэдгийг анхаарна уу. Энэ нь залбирлын талаар болон хувийн илчлэлт хүлээж авах талаар танд ямар санааг өгч байна вэ?

Мозая 27:8–37

Бүх эрэгтэй, эмэгтэй хүн дахин төрөх ёстой.

Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд “Бурханы сүмийг устгахыг” эрэлхийлсэн “адгийн нүгэлтнүүд” байсан тул сүнслэг байдлын хувьд дахин төрөх хэрэгтэй байсан нь тодорхой (Мозая 28:4; 27:10). Харин хөрвөгдсөнийхөө дараахан Алма хүн бүрд хөрвөгдөх боломж бий мөн энэ нь хүн бүрийн хувьд нэн чухал гэдгийг гэрчилсэн. Тэр: “Бүх хүн төрөлхтөн … дахин төрөх ёстойд бүү гайх” (Мозая 27:25; налуу бичилт нэмэгдсэн) гэж хэлжээ. Мэдээж үүнд та ч мөн орж байгаа.

Мозая 27:8–37 дахь Алмагийн түүхийг уншиж байхдаа та өөрийгөө түүний оронд тавихыг хичээж болно. Та Сүмийг устгах гэж оролдож байгаа биш, гэхдээ танд өөрийн чинь засаж залруулах хэрэгтэй байгаа зүйл бодогдох нь лавтай. Алмагийн аавын адил хэн таныг дэмжин тусалж, таны төлөө “их итгэлтэйгээр” залбирч байгаа вэ? Ямар туршлага “Бурханы хүч болон эрх мэдлийг танд итгүүлэх[эд]” тусалдаг вэ?? (Mозая 27:14). Танд болон танай гэр бүлийн төлөө Их Эзэний хийсэн ямар “агуу зүйлс[ийг]” та “санах” ёстой вэ? (Mозая 27:16). Та Залуу Алмагийн үг, үйлдлээс дахин төрөх гэдэг нь ямар утгатай болох талаар юу сурсан бэ? Үүнтэй адил асуултууд дахин төрөх үйл явцад гаргасан ахицаа үнэлж дүгнэхэд тань тусалж болох юм.

Мөн Мозая 5:6–9; Алма 36; “Хөрвөлт”-ийг үзнэ үү (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).

Зураг
Залуу Алмаг эцгийнх нь гэрт аваачиж байгаа нь

Түүний эцэг баясав, Волтэр Рэйн

Мозая 27:14, 19–24

Бурхан миний залбирлыг сонсдог бөгөөд Өөрийн хүслийн дагуу тэдгээрт хариулна.

Үр хүүхэд нь өөрийгөө сүйтгэх сонголтуудыг хийж буй Ахмад Алмагийн нөхцөл байдалд байгаа эцэг эхийг та таньдаг байж магадгүй. Магадгүй та тэр эцэг эх ч байж болох юм. Та Мозая 27:14, 19–24 дээрээс итгэл найдвар төрүүлэх юуг олсон бэ? Эдгээр шүлэг бусдын төлөө өргөдөг залбиралд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судраас унших үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Мозая 25:5–11

Мозаяг Зенифийн болон Алмагийн хүмүүсийн цэдгүүдийг уншиж өгсний дараа Мозаягийн хүмүүст ямар мэдрэмж төрсөн бэ? Танай гэр бүлд уншиж болох өөрийн гэсэн цэдэг байдаг уу? Магадгүй та өөрийн цэдэг дээр нэмэх юм уу бичиж эхэлж болох юм. Гэр бүлийнхэндээ (бас ирээдүйн үр удамдаа) “үлэмж агуу баяр хөөрөөр дүүргэгд[эж],” “Бурханы эн тэргүүний сайн сайх[ны]” талаар суралцахад нь туслах ямар зүйлийг та багтаах вэ? (Mозая 25:8, 10).

Мозая 25:16

Яагаад Лимхайн хүмүүсийн хувьд Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлсөн гэдгийг санах нь чухал байсан бэ? Бид Их Эзэний бидний төлөө хийсэн ямар зүйлийг санах ёстой вэ?

Мозая 26:29–31; 27:35

Эдгээр шүлэгт дурдсанаар, хувь хүн өршөөгдөхийн тулд юу хийх ёстой вэ?

Мозая 27:21–24

Та эдгээр шүлгийг уншиж байхдаа, гэр бүлээрээ залбирч, мацаг барьж болох хэн нэг хүний талаар бод.

Мозая 27–28

Гэр бүлийнхэндээ эдгээр бүлэгт өгүүлсэн түүхүүдийг төсөөлөхөд туслахын тулд түүхэн дэх хүмүүсийн зургийг зурж мөн түүхийг дахин ярихдаа уг зургийг ашиглахад урьж болно. Эсвэл түүхийг жүжигчлэн үзүүлэх нь тэдэнд таалагдаж болох юм. Тэд Алмад болон Мозаягийн хөвгүүдэд гарсан өөрчлөлтийг хэрхэн дүрслэн үзүүлж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Урлагийн бүтээл ашигла.Сайн мэдээний уран зургийн цуглуулга болон ChurchofJesusChrist.org дээрх LDS Media Library дээр [гэр бүлийнхэнд тань санаа эсвэл үйл явдлыг дүрслэн үзүүлэхэд туслах олон зураг, видео бичлэг агуулагддаг” (Аврагчийн арга барилаар заах нь, 22).

Зураг
Тэнгэр элч залуу Алмад үзэгдсэн нь

Тэнгэр элч залуу Алма дээр ирсэн тухай түүхийг үзүүлсэн зураг, Кэвин Кийл