Ирээд, Намайг дага
9-р сарын 14–20. 3 Нифай 8–11: “Босогтун мөн над дээр нааш ирэгтүн”


“9-р сарын 14–20. 3 Нифай 8–11: ‘Босогтун мөн над дээр нааш ирэгтүн,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“9-р сарын 14–20. 3 Нифай 8–11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Христ нифайчуудад үзэгдсэн нь

Би дэлхийн гэрэл, Жэймс Фүллмэр

9-р сарын 14–20

3 Нифай 8–11

“Босогтун мөн над дээр нааш ирэгтүн”

3 Нифай 8–11-д хүмүүс Бурханы дуу хоолой тэдэнд хандан ярихыг сонсдог. Эдгээр бүлгийг уншиж байхдаа, Түүний дуу хоолой танд юу хэлж байгаад анхаарлаа хандуулаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

“Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ” (3 Нифай 11:10). Амилсан Аврагч эдгээр үгээр Өөрийгөө танилцуулж, Мормоны Номын 600 жилийн бошиглолыг гүйцэлдүүлсэн. “Тэрхүү үзэгдэл болон тунхаг нь Мормоны Номын бүхий л түүхэн дэх хамгийн сүрлэг мөч болох гол санааг илэрхийлдэг. Энэ нь нифай үндэстэн бошиглогчид мэдээлэл өгч, сүнслэгээр өдөөсөн илэрхийлэл бөгөөд зарлиг байсан. … Бүгд түүний талаар ярьж, түүний тухай дуулж, түүнийг мөрөөдөж, түүний дүр төрхийн төлөө залбирч байсан ч—тэрээр энд үнэхээр байсан юм. Өдрүүдийн өдөр! Шөнийн харанхуй бүрийг өглөөний гэрэлд хувиргасан тэр Бурхан иржээ” хэмээн ахлагч Жэффри Р.Холланд бичжээ (Christ and the New Covenant [1997], 250–51).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

3 Нифай 8–11

Есүс Христ дэлхийн гэрэл мөн.

3 Нифай 8–11 дэх харанхуй болон гэрэл нь биет болон сүнслэг хоёр хэлбэрээр гарч байгааг та анзаарсан байж магадгүй. Та эдгээр бүлгээс сүнслэг харанхуйн болон гэрлийн талаар юу олж мэдсэн бэ? Таны амьдралд юу харанхуйг авчирдаг вэ? Юу гэрлийг авчирдаг вэ? Аврагч яагаад Өөрийгөө “дэлхийн гэрэл ба амь” гэж танилцуулахаар шийдсэн гэж та бодож байна вэ? (3 Нифай 9:18; 11:11). Есүс Христ хэрхэн таны амьдралын гэрэл байсан бэ?

3 Нифай 8–10

Хэрэв наманчилбал Аврагч намайг цуглуулж, хамгаалан, эдгээх болно.

3 Нифай 8-д цэдэглэсэн устгал болон харанхуй цаг мөч ирсний дараа хүмүүст ямар санагдсан гэж та бодож байна вэ? 9 ба 10-р бүлэгт Аврагчийг гэрэл, нигүүлсэл, гэтэлгэлийн тухай ярихыг сонсох үед тэдэнд ямар мэдрэмж төрсөн гэж та бодож байна вэ?

Хэдийгээр Аврагч аймшигт устгал бол хүмүүсийн нүглийн үр дүн гэж тунхагласан ч Өөрт нь эргэн ирж, наманчлах хүмүүсийг эдгээнэ хэмээн амлажээ (3 Нифай 9:2, 13-ыг үзнэ үү). Ахлагч Нийл Л.Андэрсэн “Орхисон нүгэл нь хар мөртэй ч Аврагч наманчлагчийг нигүүлслийн мутартаа хэрхэн тэвэрдгийг хараад би гайхан биширсэн. Аврагч бидний нүглийг уучилж чадах бөгөөд уучлах асар их хүсэлтэй байдгийг би гэрчилж байна” хэмээн онцолсон (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, Nov. 2009, 40 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47).

3 Нифай 9–10-аас Христийн нигүүлслийг болон уучлах асар их хүслийнх нь нотолгоог олж мэд. Жишээ нь, та 3 Нифай 9:13–22 болон 10:1–6-аас Аврагчийн хайр, нигүүлслийг мэдрэхэд туслах юуг олж болох вэ? Тэрээр таныг “цуглуулж,” “асарсныг” мэдэрч байсан туршлагаа тунгаан бод (3 Нифай 10:4-ийг үзнэ үү). Эдгээр туршлагаа дэвтэрт бичиж тэмдэглэх эсвэл хайртай хүмүүстэйгээ хуваалцах талаар бодож үз.

3 Нифай 11:1–8

Би Бурханы дуу хоолойг сонсож, ойлгох талаар мэдэж авч чадна.

Бурханы өгсөн захиасыг ойлгохгүй байна гэсэн мэдрэмж танд төрж байсан уу? Бурханы дуу хоолойг сонсож, ойлгохтой холбоотой зарим зарчмыг ойлгоход 3 Нифай 11:1–8-д гардаг хүмүүсийн туршлага тусалж болно. Та хүмүүсийн сонссон Бурханы дуу хоолойн шинж чанарыг болон сонссон хүмүүс ойлгохын тулд юу хийсэнд анхаарлаа хандуул. Хувийн илчлэлтээр дамжуулан амьдралдаа Бурханы дуу хоолойг сонсож, ялган танихын тулд гаргадаг хичээл зүтгэлд тань энэ түүх ямар холбоотой вэ?

3 Нифай 11:8–17

Eсүс Христ Өөрийнх нь тухай хувийн гэрчлэл хүлээн авахад намайг урьдаг.

Христийг үзэгдэхэд Өгөөмөр нутагт 2500 орчим хүн цугласан байв (3 Нифай 17:25-ыг үзнэ үү). Хэдий олон хүн байсан ч Аврагч тэднийг “нэг нэгээрээ” Түүний гар, хөлөн дээрх хадаасны ормыг тэмтэрч үзэхэд урьсан (3 Нифай 11:14–15). Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх хувийн туршлагын ач холбогдлын талаар танд юу хэлж байна вэ? Аврагч таныг ямар ямар арга замаар “босч” Түүн рүү “ирэхэд” урьдаг вэ? (3 Нифай 11:14). Ямар туршлага Есүс Христ бол Аврагч гэсэн гэрчлэлтэй болоход танд тусалсан бэ? Та мөн эдгээр шүлэгт дурдсан Аврагчийн үлгэр жишээ бусдад тохинуулахын тулд гаргадаг хичээл зүтгэлд тань хэрхэн сүнсээр нөлөөлж болох талаар бод.

Зураг
Есүс гаран дээрх ормуудаа нифайчуудад үзүүлж байгаа нь

Нэг нэгээрээ, Волтэр Рэйн

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

3 Нифай 8–9

Гэр бүлийнхэндээ 3 Нифай 8–9 дээрх үйл явдлуудыг ойлгоход туслахын тулд та эдгээр бүлгийн нэг хэсгийг харанхуй өрөөнд дахин ярьж өгч эсвэл бичлэгийг нь сонсгож болно. Харанхуйд гурван өдөр байх нь ямар байх талаар ярилц. Дараа нь Есүс Христ хэрхэн “дэлхийн гэрэл” болохыг ярь (3 Нифай 9:18).

3 Нифай 10:1–6

Эм тахиа дэгдээхэйнүүдээ цуглуулж буй гэсэн бэлгэдэл нь Аврагчийн зан чанар, зорилгыг ойлгоход хүүхдүүдэд туслах хүчирхэг заах хэрэгсэл байж болно. Гэр бүлийнхнийгээ эм тахиа, дэгдээхэйнүүд зэргийн зургийг харж байхад эдгээр шүлгийг унш. Эм тахиа яагаад дэгдээхэйнүүдээ цуглуулах хэрэгтэй вэ? Аврагч яагаад биднийг Өөртэйгөө ойртуулан цуглуулахыг хүсдэг вэ? Цуглуулахаар дуудахад дэгдээхэй очихгүй байхаар шийдвэл юу тохиолдох вэ?

3 Нифай 11:1–7

Та эдгээр шүлгийн заримыг зөөлөн, “намуухан дуу хоолойгоор” (3 Нифай 11:3) уншиж болно. Хүмүүс тэнгэрээс гарч буй дуу хоолойг ойлгохын тулд юу хийх ёстой байсан бэ? Бид тэдний туршлагаас юу мэдэж авч болох вэ?

3 Нифай 11:21–38

Танай гэр бүлийн хэн нэгэн баптисм хүртэхээр бэлтгэж байна уу? 3 Нифай 11:21–38-ыг унших нь тэдэнд өөрийгөө бэлтгэхэд тусална. Эдгээр шүлэг дэх Аврагчийн сургаалын талаар тунгаан бодох нь аль хэдийн баптисм хүртсэн гэр бүлийн гишүүдэд хэрхэн тусалж болох вэ?

3 Нифай 11:29–30

Эдгээр шүлэг зөрчилдөөний тухай бидэнд юу заадаг вэ? Бид гэрт буй зөрчилдөөнийг хэрхэн “зайлуулж” чадах вэ? (3 Нифай 11:30).

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Ахлагч Ричард Г.Скотт “Нягт нямбай хөтөлсөн мэдлэг бол хэрэг болсон үед бэлэн байдаг мэдлэг юм. … [Сүнслэг сэтгэгдлүүдээ бичиж тэмдэглэх] нь таны гэрэл хүлээн авах цаашдын боломжийг нэмэгдүүлдэг” гэж хэлсэн (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 88).

Зураг
Христ нифайчуудад үзэгдсэн нь

Нэг Хоньчин, Ховард Лион