Ирээд, Намайг дага
9-р сарын 21–27. 3 Нифай 12–16: “Би бол хууль, мөн гэрэл”


“9-р сарын 21–27. 3 Нифай 12–16: ‘Би бол хууль, мөн гэрэл,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“9-р сарын 21–27. 3 Нифай 12–16,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Есүс арван хоёр төлөөлөгчийг зааж байгаа нь

3 Нифай: Миний сонгосон энэ арван хоёр, Гари Л.Капп

9-р сарын 21–27

3 Нифай 12–16

“Би бол хууль, мөн гэрэл”

3 Нифай 12–16-аас олон зарчмыг олж болно. Энэ тоймд зарим зарчмыг тодотгосон ч та өөр зарчмуудыг олж магадгүй. Тэнгэрлэг Эцэгт Өөрийн Сүнсээр дамжуулан танд яг одоо мэдэх хэрэгтэй тэр зүйлийг заах боломжийг олго.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өгөөмөр нутаг дахь ариун сүмд цугласан хүмүүс Галилд цугласан Есүсийн шавь нарын адил Мосегийн хуулийн дагуу амьдардаг байв. Уг хууль зүрх сэтгэлийг нь Христ рүү хандуулдаг (Иаков 4:5-ыг үзнэ үү) байсан учраас тэд дагасан бөгөөд одоо Христ тэдний өмнө зогсоод, дээд хуулийг айлдаж байв. Гэхдээ бидний дундах Мосегийн хуулийн дагуу хэзээ ч амьдарч байгаагүй хүмүүс ч гэсэн Есүсийн шавь нартаа тогтоосон жишиг хуулиас дээгүүр гэдгийг олж харж чадна. “Та нарыг төгс байгаасай хэмээнэ би” гэж Тэрээр тунхагласан (3 Нифай 12:48). Хэрэв энэ нь таныг хангалттай сайн биш гэж бодоход хүргэвэл Есүс мөн “надад ирэх сүнсэндээ ядуу нь адислагдах болно, учир нь тэнгэрийн хаант улс бол тэднийх юм” гэж хэлснийг санаарай (3 Нифай 12:3). Энэ дээд хууль нь урилга буюу “Надад ирж мөн та нар аврагд” гэж хэлж байгаа өөр нэгэн арга зам юм (3 Нифай 12:20). Мосегийн хуулийн адил энэ хууль биднийг аварч, төгөлдөржүүлж чадах цорын Ганц хүн бол Христ гэдэгт бидний анхаарлыг хандуулдаг. Тэрээр “Болгоогтун, би бол хууль, мөн гэрэл. Надад хандагтун, мөн эцсээ хүртэл тэвчигтүн, мөн та нар амьдрах болно” гэж хэлсэн (3 Нифай 15:9).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

3 Нифай 12–14

Аврагчийн сургаал надад хэрхэн жинхэнэ шавь байхыг харуулдаг.

3 Нифай 12–14-т олон үнэн, зөвлөгөө, сэрэмжлүүлэг бий. Эдгээр бүлэгт Аврагчийн заасныг суралцан, хэрэгжүүлэх нэг аргыг энд оруулав. Хэсэг шүлгийг сонгоод, тэдгээр шүлэгт заасан зүйлийг “Есүс Христийн жинхэнэ шавь …” гэж эхэлсэн нэг өгүүлбэрт багтаан хураангуйлж чадах эсэхээ үз. Жишээлбэл, 3 Нифай 14:1–5-ыг “Есүс Христийн жинхэнэ шавь нар шүүмжилдэггүй” хэмээн хураангуйлж болно. Та өөртөө нэн их ач холбогдолтой гэх шүлгээ эдгээр бүлгээс сонгож, цээжил эсвэл хуулбарлан, байнга харах газарт тавь. Есүс Христийн илүү сайн шавь байхын тулд хичээж чармайх үедээ мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болохоо тунгаан бод.

Мөн Матай 5–7; Лук 6:20–49-ийг үзнэ үү.

3 Нифай 12:1–2; 15:23–24; 16:1–6

Харалгүйгээр итгэдэг тэд адислагдсан болой.

Бурханы хүүхдүүдийн нийт тоотой харьцуулахад маш цөөхөн хүн Өгөөмөр нутаг дахь хүмүүсийн адил Аврагчийг харж, Түүний дуу хоолойг сонссон. Бидний ихэнх нь 3 Нифай 12:2; 15:23; 16:4–6-д дүрсэлсэн хүмүүстэй адил. Ийм хүмүүст ямар амлалтыг энэ шүлгүүдэд өгсөн байна вэ? Эдгээр амлалт таны амьдралд хэрхэн биелсэн бэ?

Мөн Иохан 20:26–29; 2 Нифай 26:12–13; Алма 32:16–18-ыг үзнэ үү.

3 Нифай 12:21–30; 13:1–8, 16–18; 14:21–23

Зөв шударга үйлс хангалтгүй; зүрх сэтгэл маань бас цэвэр ариун байх ёстой.

Эдгээр бүлгээс олж харж болох нэг сэдэв бол гаднах үйлдэлдээ төдийгүй мөн зүрх сэтгэлдээ зөв шударга байх дээд хуулийн дагуу амьдрахад урьсан Аврагчийн урилга юм. Аврагчийг зөрчилдөөн (3 Нифай 12:21–26), ёс суртахуунгүй байдал (3 Нифай 12:27–30), залбирах (3 Нифай 13:5–8), мацаг барих (3 Нифай 13:16–18) зэргийн талаар ярьж байхад энэ сэдвийг хайж ол. Та өөр ямар ямар жишээг олж болох вэ? Та гаднах үйлдэлдээ анхаарахын оронд зүрх сэтгэлийнхээ хүслийг цэвэршүүлэхийн тулд юу хийж болох вэ?

3 Нифай 14:7–11

Хэрэв би “сайн зүйлийг” Тэнгэрлэг Эцэгээс эрэлхийлэх юм бол үүнийгээ хүлээн авах болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ! … Тэнгэр дэх Эцэг тань таныг мэдээсэй хэмээн хүсэж байгаа асар олон зүйл бий” хэмээн хэлсэн (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119). Та 3 Нифай 14:7–11 дэх гуй, эрэлхийл, тогш гэсэн Их Эзэний урилгыг уншиж байхдаа Тэрээр таныг ямар “сайн зүйлийг” гуйгаасай гэж хүсдэг болохыг тунгаан бод. Хэрхэн гуйх, эрэлхийлэх, тогшихыг ойлгоход танд дараах нэмэлт судрууд тусалж болно. Мөн тэдгээр нь яагаад зарим залбиралд таны хүссэнээр хариулдаггүй болохыг тайлбарладаг. Үүнд: Исаиа 55:8–9; Хиламан 10:5; Моронай 7:26–27, 33, 37; Сургаал ба Гэрээ 9:7–9.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

3 Нифай 12:48

Ахлагч Жэффри Р.Холландын “Тиймээс та нар эцэст нь төгс бай” (Ensign, Nov. 2017, 40–42 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23–30) захиас энэ шүлэг дэх Аврагчийн үгсийг ойлгоход хэрхэн тусалдаг вэ? Та мөн Моронай 10:32–33-аас тусламж авч болно.

3 Нифай 12:9, 38–42; 14:3–5, 12

Эдгээр шүлэг гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд хэрхэн холбогдож болох вэ? Танай гэр бүл эдгээр зарчмын дагуу илүү үнэнч шударга амьдрах хамтын зорилго тавьж болох юм.

3 Нифай 13:19–21

Эдгээр шүлэг танай гэр бүл юуг нандигнан хайрладаг талаар ярилцлага өрнүүлэхэд хүргэж болно. Дэлхий дээрх ямар баялаг тэнгэрт баялаг хураахад тань саад болж байна вэ? Та энэ ойлголтыг бататгахын тулд гэр бүлийнхнийгээ орон гэрт тань байгаа мөнхийн үнэ цэн бүхий баялгийг сануулах зүйлсийг хайж олох эрдэнэсийн эрэлд гарга.

3 Нифай 14:7–11

Бага насны хүүхдүүдэд 3 Нифай 14:8–9-өөс сэдэвлэсэн тоглоом таалагдаж магадгүй. Энэ тоглоомын үеэр тэд ямар нэг зүйл гуйж, оронд нь огт өөр зүйл авах юм. Аврагч энэ жишээг хуваалцахдаа биднийг Тэнгэр дэх Эцэгийн талаар юуг мэдээсэй гэж хүссэн бэ?

3 Нифай 14:15–20

Иосеф Смит эсвэл Сүмийн одоогийн ерөнхийлөгч жинхэнэ бошиглогч гэдгийг мэдэхэд бидэнд ямар “сайн жимс” тусалдаг вэ?

3 Нифай 14:24–27-г үзнэ үү

Та гэр бүлийнхэндээ эдгээр шүлэгт байх сургаалт зүйрлэлийг төсөөлөн бодоход туслах арга замыг бодож ол. Гэр бүлийн гишүүд зураг зурах, үйлдэл хийх эсвэл хатуу болон элсэн суурин дээр ямар нэг зүйл барьж болох юм.

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Үзүүлэнт хичээлийг ашигла. Аврагч хүмүүсийн сайн мэддэг зүйлсийг эш татаж, гүн гүнзгий үнэнийг бидэнд заадаг байсан. Гэр бүлийнхэн тань 3 Нифай 12–16-г уншиж байхад үүнтэй төстэй ямар нэгэн зүйлийг хийж болно. Жишээлбэл, та 12-р бүлгийг уншиж байхдаа давс, лаа, хүрэм харуулж болно. Энэ нь мөн сайн давтлага үйл ажиллагаа болно. Та эдгээр бүлгийг уншсаныхаа дараа, эд зүйлсээ дахин харуулаад, Аврагч тэдгээрийн нэг бүрийн талаар юу заасныг гэр бүлийн гишүүдээс асуу.

Зураг
Есүс нифайчуудад заасан нь

Аврагч Америк тив дэх хүмүүс дээр айлчилсан нь, Глэн Хопкинсон