Ирээд, Намайг дага
3-р сарын 2–8. 2 Нифай 31–33: “Зам нь энэ”


“3-р сарын 2–8. 2 Нифай 31–33: ‘Зам нь энэ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 2–8. 2 Нифай 31–33,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Есүс шавь нартаа зааж байгаа нь

Христ шавь нартаа зааж байгаа нь, Жастин Күнз

3-р сарын 2–8

2 Нифай 31–33

“Зам нь энэ”

2 Нифай 31–33-ыг уншсанаар заахад бэлтгэж эхэл. Хүүхдүүдэд юу заах талаар Сүнсний удирдамжийг эрэлхийлээрэй. Энэ тойм танд зарим санааг өгөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Нифай Христийн баптисмын талаар заасан учраас хүүхдүүдээс баптисмын талаар сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд бас өөрсдийн баптисмын эсвэл найз нөхөд, гэр бүлийнхээ гишүүдийн баптисмын талаарх бодол сэтгэгдлээ хуваалцаж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

2 Нифай 31

Есүс Христ надад Тэнгэрлэг Эцэг рүү хэрхэн буцаж очихыг заасан.

Аврагчийн жишээ болон сургаалыг дагах нь “Бурханы хаант улсад аврагдаж чадах” цорын ганц арга зам гэж Нифай заасан (2 Нифай 31:21).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн баптисмын талаарх түүхийг товч ярьж өгч байхдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тоймд буй зургийг ашигла (2 Нифай 31:4–13-ыг үзнэ үү). Баптисм бол Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрах зам дээрх нэг алхам гэдгийг тайлбарла. Саяхан баптисм хүртсэн нэг хүнийг баптисмынхаа тухай хүүхдүүдэд ярьж өгөхөд урь.

  • Бид нас барсныхаа дараа Түүн рүү буцаж очихын тулд юу хийх хэрэгтэйг Есүс Христ бидэнд заасан гэдгийг тайлбарла. Самбар дээр зам зурж, Христийн зургийг замын төгсгөлд тавь. Христийн сургаалын хэсгүүдийг харуулах зургуудыг (Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон эцсээ хүртэл тэвчих) хүүхдүүдэд өг. Уг зургуудыг замын дагуу байрлуулахад тэдэнд тусал.

  • Хүүхдүүдэд итгэлийн дөрөвдүгээр тунхгаас суралцахад тусал. “Итгэл,” “Намайг баптисм хүртэхэд” эсвэл “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 50–51, 53, 82–83) гэх мэт сайн мэдээний анхны аль нэг зарчмын талаарх дууг хамтдаа дуул.

2 Нифай 32:3

Би Христийн үгэн дээр найрлаж чадна.

Таны “Христийн үгэн дээр найрла[ж байсан]” (2 Нифай 32:3) туршлагууд энэ үгсийг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс дуртай хоолныхоо заримыг нэрлэхийг хүсээд, эдгээр дээр хэрхэн найрлахаа жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урь. 2 Нифай 32:3-ыг уншаад, Нифай биднийг юун дээр найрлах ёстой гэж хэлж байгааг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Судрууд дээр найрлана гэдэг нь юу гэсэн үг вэ? Судрууд нь Христийн үгсийг олж авч чадах нэг газар юм гэдгийг тайлбарла.

  • Самбар дээр Бурхан ба Их Эзэн гэсэн нэрсийг бич. Хүүхдүүдийг судрын хуудсаа нээн, эдгээр нэрийг хайхад урь. Шаардлагатай бол тусламж үзүүл. Бид судраас уншсанаар Бурханы тухай сурч чадна гэдгийг гэрчил.

2 Нифай 32:8–9

Тэнгэрлэг Эцэг намайг байнга залбираасай хэмээн хүсдэг.

Эдгээр шүлэг залбирлыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгоход хүүхдүүдийг урамшуулж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс хэзээ залбирдгийг нь асуу. Тэд өглөө юм уу орой залбирдаг уу? Эсвэл хоолны өмнө залбирдаг уу? Бид өглөө босоод, мөн унтахын өмнө, бас хоол идэхдээ эсвэл өөр ямар ч цаг үед гэх мэт хэзээ залбирч болохыг харуулах үйлдлүүдийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэдэнд 2 Нифай 32:9-ийн эхний нэг, хоёр мөрийг уншиж өгөөд, “үргэлж залбир” гэдэг үгсийг онцол.

  • Хүүхдүүдээс хэрхэн залбирдгийг нь асуу. Тэд өөрсдийн толгой, гар гэх мэтийг ямар байдалтай байлгадаг вэ? Тэд ямархуу зүйлсийг хэлдэг вэ? Таныг хэрхэн залбирахаа мэдэхгүйгээр төсөөлөхийг тэднээс хүсээд, тэднээр залбирахыг заалгуул. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг залбираасай гэж хүсдэг вэ?

Зураг
Залбирч буй охин

Бид Бурхантай залбирлаар дамжуулан ярьдаг.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

2 Нифай 31

Есүс Христ надад Тэнгэрлэг Эцэг рүү хэрхэн буцаж очихыг заасан.

Бид Есүс Христийн заасан дараах сургаалыг дагаснаар энэ амьдралын дараа Бурхан руу буцаж очиж чадна. Үүнд: Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлээд, Есүсийн баптисмын талаар мэддэг зүйлээсээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Есүс Эцэгтээ дуулгавартай байх болно гэдгээ гэрч[илсэн] гэх өгүүлбэрийн үгсийг самбар дээр дарааллыг нь алдагдуулан тавь. Хүүхдүүдийг ангиараа 2 Нифай 31:7-г уншин, үгсийг зөв дараалалд оруулахад урь.

  • Хүүхдүүдээс баптисм хүртэхээр бэлдэж байгаа хүнд юу гэж хэлэхийг нь асуугаад, хэн нэгэнд зөвлөгөө өгөхөд бэлдэн, энгийн жижиг цаасан дээр нийлүүлэн бичихэд тэдэнд тусал. Бид баптисм хүртсэнийхээ дараа Есүсийн жишээг хэрхэн үргэлжлүүлэн дагаж чадах вэ?

  • Христийн сургаалд Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очихын тулд бидний хийх ёстой хэмээн Есүс Христийн заасан зүйлс багтдаг гэдгийг тайлбарла. Өөр өөр цаасан дээр Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон эцсээ хүртэл тэвчих гэж бичээд, өрөөний энд тэнд тавь. Хүүхдүүдэд 2 Нифай 31:11–19-ийг уншиж өгөөд, тэднийг эдгээр зарчим тус бүрийг сонсох бүрдээ нэг цааснаас нөгөө рүү ээлжлэн үсрэхэд урь. Зарчим бүртэй холбоотой туршлагын талаар бодоход тэдэнд тусал.

2 Нифай 32:3–5

Би Христийн үгэн дээр найрлаж чадна.

Христийн үгс дээр найрлахын ач холбогдлыг хүүхдүүд яагаад ойлгох хэрэгтэй вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс найр болж байгаагаар төсөөлөхийг хүс. Тэд тэнд ямар хоол идэхийг хүсэх вэ? Тэд эхлээд юу идэх вэ? Тэгээд таныг 2 Нифай 32:3-ыг унших явцад судрууд дээр найрлах гэдэг нь юу гэсэн утгатай байж болохыг төсөөлөхөд тэднийг урь. Бидэнд Бурханы үгээс хэрхэн суралцах талаар заахдаа Нифай яагаад найрлах гэдэг үгийг хэрэглэсэн бэ? Тэр яагаад зүгээр унш гэж хэлээгүй юм бол? Судрууд дээр найрлана гэдэг нь юу гэсэн үг вэ? Та судрууд дээр найрласнаар хүлээн авч байсан адислалуудынхаа талаар хүүхдүүдтэй хуваалц.

  • Хүүхдүүдтэй хамт үйл ажиллагааны хуудсыг хийж дуусган, ирэх долоо хоногт судрууд дээр найрлахын тулд ядаж нэг зүйл хийх зорилго тавихад хүүхдүүдийг урь.

2 Нифай 32:8–9

Тэнгэрлэг Эцэг намайг байнга залбираасай хэмээн хүсдэг.

Дайсан биднийг залбирахгүй байхад уруу татдаг. Хүүхдүүдэд уруу таталтыг эсэргүүцэн, “үргэлж залбирахад” нь (2 Нифай 32:9) хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 2 Нифай 32:8–9 дээрээс залбирлын тухай холбоо үгсийг сонгоод, самбар дээр бичин, үг болгоныг жижиг цаасаар халхал. Хүүхдүүдийг холбоо үгсийг таатал цааснуудыг нэг нэгээр нь авахуул.

  • 2 Нифай 32:8–9-ийг хамт уншаад, эдгээр шүлгээс залбирлын талаар сурсан зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. “Үргэлж залбирах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (9-р шүлэг). Бид үүнийг хэрхэн хийж чадах вэ?

  • Хүн юунаас болж залбирахыг хүсэхгүй байж болох вэ? Залбирмааргүй санагдсан үедээ залбирсан туршлагаасаа хуваалц. Танд дараа нь ямар санагдсан бэ? Нэг хүүхдийг 2 Нифай 32:8-ын сүүлийн хагасыг уншихад уриад, хүүхдүүдэд тунгаан бодох цаг гаргаж өг. Яагаад Сатан биднийг залбирахгүй байхыг хүсдэг вэ? Бид залбирмааргүй санагдсан үедээ ч өөрсдөдөө залбирахыг хэрхэн сануулж болох вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Аль нэг найз, ах дүү эсвэл гэр бүлийн өөр нэг гишүүнийг олж, хэрхэн залбирахыг зааж өгөхөд хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд хөдөлгөөнтэй байдаг. Хүүхдүүдийг судрын түүх, дуунуудыг жүжигчлэн үзүүлэхэд урь. Тэдний хөдөлгөөнтэй байдлыг ашиглан хичээлд идэвхтэй оролцуул. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)