Ирээд, Намайг дага
3-р сарын 9–15. Иаков 1–4: “Христийн цагаатгалаар Бурханд нийцсэн бай”


“3-р сарын 9–15. Иаков 1–4: ‘Христийн цагаатгалаар Бурханд нийцсэн бай,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 9–15. Иаков 1–4,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Есүсийн хөлд өвдөглөн суусан эмэгтэй

Өршөөгдсөн нь, Грэг К.Олсэн

3-р сарын 9–15

Иаков 1–4

Христийн Цагаатгалаар дамжуулан Бурханд нийцсэн бай

Та Иаков 1–4-ийг уншихдаа эдгээр бүлэг дэх ямар зарчмууд хүүхдүүдийн хувьд сурахад хамгийн чухал вэ гэдгийг тунгаан бодоорой. Эдгээр зарчмыг заах хамгийн сайн арга замыг мэдэхийн тулд сүнслэг удирдамж эрэлхийлж, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг Иаков 1–4-өөс суралцахын тулд тэд өөрсдөө эсвэл гэр бүл нь энэ долоо хоногт юу хийсэн талаар хуваалцахад урь. Та өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж буй ямар нэг зүйлийг хуваалцахыг тэднээс хүсэж болно. Санахад нь туслахын тулд та тэднээс юу асууж болох вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

Иаков 1:6–8, 18; 2:1–11

Бурхан Есүс Христийг дагахад надад туслуулахаар Сүмийн удирдагчдыг дууддаг.

Хүүхдүүд Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагаснаар адислагдах болно гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нифайн дүү нар бөгөөд Сүмийн удирдагч байсан Иаков, Иосеф хоёрыг төлөөлөх, гарт углах энгийн хүүхэлдэй хий. Сүмийн удирдагчид юу хийхээр дуудагддагийг тайлбарлахын тулд Иаков 1 болон 2-оос зарим шүлгийг хуваалц. Тухайлбал, удирдагчид “Христэд итгэхийг” бидэнд ятгаж (Иаков 1:8), наманчлахад урихаар (Иаков 2:5–6, 9–10-ыг үзнэ үү) мөн “[Бурханы] үгийг тунхаглахаар” (Иаков 2:2, 11) дуудагддаг. Хүүхдүүдээр хүүхэлдэй ашиглан, эдгээр зүйлийг хийж байгаа дүр үзүүлүүл.

  • Хүүхдийн хэсгийн удирдагчид, бишопын зөвлөлийн гишүүд, бошиглогч, төлөөлөгчид гэх мэт өөрсдийн мэддэг, Сүмийн удирдагчдыг нэрлэхэд хүүхдүүдийг урь. Эдгээр удирдагчийн биднийг адисалдаг арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.

Зураг
Хоёр хүн ширээний хоёр талаас гар барьж байгаа нь

Сүмийн удирдагчид бидэнд Есүс Христийг дагахад тусалдаг.

Иаков 2:12–14, 17–21

Би бусадтай хуваалцах үедээ хэрэгцээтэй үед нь тэдэнд тусалж чадна.

Таны заадаг хүүхдүүд хэрэгцээтэй үед нь бусадтай хуваалцсанаар ирэх адислалуудыг ойлгодог уу? Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр тэднийг бусдад туслахыг хүсдэг гэдгийг мэдэхэд нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иаковын үед зарим хүн маш баян байсан ч өөрсдөдөө байгаа зүйлсийг ядуу хүмүүстэй хуваалцахыг хүсээгүй гэдгийг тайлбарла. Иаковын энэ хүмүүст заасан зүйлсийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд Иаков 2:17–19-ийг уншиж өг. Та ингэх зуураа, эдгээр шүлэг дэх үгс болон холбоо үгстэй тохирох зураг юм уу үзүүлэнг хүүхдүүдээр бариул.

  • Хэрэгцээтэй хэн нэгэнтэй өөртөө байгаа зүйлийг хуваалцах арга замуудыг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Бид бусадтай хуваалцсанаар адислагддаг гэдгийг гэрчил.

  • Хүүхдүүдтэй хуваалцаж болох ямар нэгэн зүйлийг ангид авчир. Хүүхэд бүрд жаахан хэсгийг өгөөд, та тэдэнтэй хуваалцаж байгаа гэдгээ тайлбарла. Таныг тэдэнтэй хуваалцахад тэдэнд ямар санагдсаныг хүүхдүүдээс асуу. Тэд бусадтай хуваалцахдаа юу мэдэрдэг вэ? Хэн нэгнийг баяр хөөртэй болоход нь туслахын тулд хуваалцаж болох ямар нэгэн зүйлийн талаар бодоход тэдэнд тусал.

Иаков 4:6

Би Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж чадна.

Иаковын эргэн тойрон дахь хүмүүс ёсон бус байсан хэдий ч тэрээр зөв шударга амьдарсан бөгөөд түүний итгэл сулрахын аргагүй хүчирхэгжсэн юм. Сулрахын аргагүй итгэлтэй байна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар тунгаан бодоорой.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Илүү хүчтэй болгохын тулд хийдэг зүйлсээ бодоход нь хүүхдүүдэд тусал. Бид итгэлээ илүү хүчтэй болгохын тулд юу хийж чадах вэ? Судраасаа Иаков 4:6-г нээгээд, тэднийг итгэлээ “гуйвшгүй” болгохын тулд юу хийснийг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдтэй хамт “Мэргэн, мунхаг хоёр” (Хүүхдийн дууны ном, 132) дууг дуул. Самбарын нэг талд элсэн дээр барьсан байшин зур. Самбарын нөгөө талд хадан дээр барьсан байшин зур. Хэрэв боломжтой бол ангид элс, чулуу авчир. Аль нь хөдөлгөж, сэгсрэхэд илүү амархан бэ? Бид өөрсдийн итгэлийг чулуу, элс хоёрын алинтай нь адилхан байлгахыг хүсдэг вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иаков 1:6–8, 18; 2:1–6, 11

Есүс Христийг дагахад надад туслуулахаар Бурхан Сүмийн удирдагчдыг дууддаг.

Таны заадаг хүүхдүүд Сүмийн удирдагчдын зөвлөгөөнд найдаж, дагаснаар адислагдах болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт Иаков 1:6–8 болон 2:1–6, 11-ийг уншихдаа Бурханы үйлчлэгчид Сүмийг хэрхэн удирддаг гэдгийг дүрсэлж байгаа үг, хэллэгийг олоход тэдэнд тусал. Тэднийг эдгээр үг хэллэгийг жижиг цаасан дээр бичээд, самбар дээр цаасаа тавихыг хүс. Бурхан яагаад биднийг удирдуулахаар Сүмийн удирдагчдыг дууддаг вэ? Сүмийн удирдагчаас юм уу багшаасаа удирдамж хүлээн авч эсвэл тэднээс суралцсан туршлага, хүлээн авсан адислалуудаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдээс өөрсдийн таньж мэддэг Сүмийн удирдагчийг зурахыг хүсээд, ангийнхнаар хэн гэдгийг таалгуул. Эдгээр удирдагч бидэнд Есүс Христийг дагахад туслахын тулд юу хийдэг вэ? Сүмийн удирдагчдад, үйлчлэлийнх нь төлөө талархлаа илэрхийлсэн ил захидал бичихэд хүүхдүүдийг урь.

  • Орон нутгийнхаа Сүмийн нэг удирдагчийг өөрийн дуудлагыг биелүүлэхийн тулд юу хийдгээ хүүхдүүдэд ярьж өгөхөд урь. Тэднээс удирдагчдаа дэмжихийн тулд хийж чадах зарим зүйлийг нэрлэхийг хүс.

Иаков 2:12–14, 17–21

Би бусадтай хуваалцсанаар тэднийг баярлуулж чадна.

Есүс Христийн үнэн дагалдагчид өөрсдөдөө байгаа зүйлийг бусадтай хуваалцахад бэлэн байдаг. Хүүхдүүдийг хэрэгцээтэй хүмүүстэй хуваалцсанаар тэдэнд баяр хөөрийг авчрахад урамшуулан дэмж.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иаковын үе дэх олон хүн эд баялагт дуртай байсан учраас бардам, бүдүүлэг болсон гэдгийг хүүхдүүдэд ярьж өг (Иаков 2:12–14, 17–21-ийг үзнэ үү). Цөөн хүүхдийг Иаков 2:17–19-ийг чанга уншихад уриад, хэцүү үгсийг ойлгоход нь тэдэнд тусал. Бид баялгийг эрэлхийлэхээсээ өмнө юуг эрэлхийлэх ёстой вэ? Бид өөрсдийн хүлээн авсан эд баялгаар юу хийх гэж эрэлхийлэх ёстой вэ?

  • Иаков 2:17-г хүүхдүүдэд уншиж өг. Тэнгэрлэг Эцэг бидэнтэй ямар адислалуудыг хуваалцсан бэ? Тэр яагаад биднийг бусадтай хуваалцаасай гэж хүсдэг вэ? Хүүхдүүдийг өөр хэн нэгэнтэй ямар нэгэн зүйлээ хуваалцсан үеэ, мөн тэдэнд ямар санагдсан болон нөгөө хүнд ямар санагдсан талаар хуваалцахад урь.

Иаков 4:4–13, 17

Би Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж чадна.

Иаков бошиглогчдын үгсийг эрэлхийлэн, өөрийн гэрчийг хүлээн авснаар гуйвшгүй итгэлтэй болсон юм (Иаков 4:6-г үзнэ үү). Та гуйвшгүй итгэлтэй болох хүсэлтэй болоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг том мод зэрэг цаг хугацааны туршид хүчтэй, баттай болдог зүйлсийн талаар бодоход урь. Итгэл нь тэдний бодсон зүйлстэй юугаараа адилхан бэ? Иаков 4:6, 10–11 дэх ямар үгс бид өөрсдийн итгэлийг гуйвшгүй болгохын тулд юу хийх ёстойг дүрсэлж байна вэ? Самбар дээр Есүс Христэд итгэл итгэлээ хүчирхэгжүүлж болох арга замуудыг бичихийг хүүхдүүдээс хүс.

  • Ахлагч Нийл Л.Андэрсэны “Сүнслэг шуурганууд” хэмээх захиас дахь шуургатай орчинд ургаж байгаа модны талаарх харьцуулалтыг хуваалцаж (Ensign юм уу 2014 оны Ерөнхий чуулганы материал) эсвэл “Spiritual Whirlwinds” видео бичлэгийг үзүүл (ChurchofJesusChrist.org). Бидний итгэл модны үндэс суурь адил гуйвшгүй, бат бөх байх нь яагаад чухал вэ? Шуурганууд юуг төлөөлдөг вэ? Бид гуйвшгүй итгэлтэй болохын тулд юу хийж болох вэ? Гуйвшгүй итгэлтэй байх талаар заах өөр бусад харьцуулалтыг бодож олоход хүүхдүүдэд тусал.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болох ямар нэг зүйлийг, бас өнөөдөр ангид сурсан зүйлээсээ хуваалцаж болох зүйлийн талаар бодоход урь. Тэдэнд хуваалцсан зүйлсийн талаар ярилцах боломжуудыг хойшдын хичээлүүд дээр гаргаж өг.

Заах чадвараа сайжруулах

Бишрэн хүндэтгэхэд урамшуул. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бодох нь биширч хүндэтгэхийн нэгэн чухал хэсэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Та дууг намуухан дуулах юм уу аялах эсвэл Есүсийн зургийг харуулах замаар бишрэл хүндэтгэлтэй байхыг хүүхдүүдэд сануулж болно.