Ирээд, Намайг дага
11-р сарын 30-аас 12-р сарын 6. Моронай 1–6: “Тэднийг зөв замд байлгахын тулд”


11-р сарын 30-аас 12-р сарын 6. Moронай 1–6: ‘Тэднийг зөв замд байлгахын тулд,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

11-р сарын 30-аас 12-р сарын 6. Moронай 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Алма Мормоны усанд хүмүүст баптисм хүртээж буй нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Алма Мормоны усанд хүмүүст баптисм хүртээж буй нь, 1949–1951, тосон будаг, мезонит, 35⅞ x 48 инч буюу 90 x 121,92 см. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

11-р сарын 30-аас 12-р сарын 6

Moронай 1–6

“Тэднийг зөв замд байлгахын тулд”

Хүүхдүүдэд зориулсан сургалтын үйл ажиллагааг төлөвлөж эхлэхийнхээ өмнө Моронай 1–6-г залбирч судлаад, тэдэнд ойлгуулах хэрэгтэй гэж үзсэн зарчим, шүлгүүдийг олж мэд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Моронайн талаар юу ойлгож мэдсэнээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Та тэдэнд санахад нь туслахын тулд “53-р бүлэг: Моронай ба түүний сургаал” (Мормоны Номын түүхүүд, 154–155 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Moронай 4–5

Би Eсүс Христийг үргэлж санана гэдгээ харуулахаар ариун ёслолоос хүртдэг.

Ариун ёслол нь бага насны хүүхдүүдийн хувьд ч гэсэн ариун нандин, сүнслэг туршлага байж болно. Та өөрийн заадаг хүүхдүүдэд ариун ёслолын цагийг Есүсийн талаар бодоход ашиглахад хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ариун ёслол хүртэж буй хүмүүсийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 108-ыг үзнэ үү). Ариун ёслолын үеэр юу болдог талаар танд ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Бид ариун ёслолын үеэр юу хийх ёстой вэ?

  • Тойргийн хоёр гишүүнийг ангид ирж Моронай 4:3 болон 5:2-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, яагаад ариун ёслолоос долоо хоног болгон хүртдэг талаар хуваалцахад урь. Ариун ёслолын үеэр Есүсийн тухай бодож, Түүнийг үргэлж дурсан санахад туслах, хийж болох зүйлсийг санал болгохыг хүүхдүүдээс хүс.

  • Даруухнаар, намуухнаар (Хүүхдийн дууны ном, 11) зэрэг хүүхдүүдэд Есүсийн талаар бодоход тусалдаг дууг дуул. Ариун ёслолын үеэр хэрхэн суудагтай адил хүндэтгэлтэй сууж сурах дасгал хийхийг хүүхдүүдээс хүс.

Моронай 6:1–3

Би баптисм хүртэхэд бэлдэж чадна.

Моронайн амьдарч байсан цаг үед баптисм хүртсэн хүмүүсийн талаар түүний өгсөн тайлбар хүүхдүүдэд энэ чухал ёслолуудыг хүлээн авахад бэлдэхэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хэн баптисм хүртэж болох тухай өгүүлсэн Моронай 6:1–3 дахь хэсгүүдийг унш. Хүүхдүүдэд ойлгомжгүй байж болох нэр томьёог тайлбарлана уу. Жишээлбэл “харууссан зүрх болоод гэмшсэн сэтгэл” гэдгийн нэг утга нь нүгэл үйлдсэндээ харамсах гэсэн утга юм (Моронай 6:2). Баптисмдаа хэрхэн бэлдсэнээ ярь эсвэл саяхан баптисм хүртсэн хэн нэгнээс хэрхэн бэлдсэнийг нь асуу. Хэзээ нэгэн цагт баптисм хүртэхдээ бэлдэж болох арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.

  • Баптисм хүртэж буй хүмүүсийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103, 104-ийг үзнэ үү), хүүхдүүдээр зургууд дээрх үйл явдлыг яриул. Ус, цагаан хувцас гэх мэт нарийн ширийн зүйлийг олж харахад тэдэнд тусал. Та яагаад бид баптисм хүртдэгийг хүүхдүүдээс асуугаад мөн яагаад баптисм хүртэх болсноо тайлбарла.

Моронай 6:4–6, 9

Би сүмд очсоноор адислагддаг.

Яагаад бид долоо хоног бүр сүмд явдаг болохыг таны заадаг хүүхдүүд ойлгодог уу? Моронай 6 нь хэд хэдэн чухал шалтгааныг өгдөг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Яагаад хүүхдүүд сүмд явах дуртай болохыг нь асууж, сүмд хийдэг зарим зүйлийг нэрлэхэд тэдэнд тусал. Моронай 6:4–6, 9 дээрх зарим зүйлээс уншиж өгөөд, тэдгээрийн заримыг (залбирах, номлох, дуулах, ариун ёслолоос хүртэх гэх мэт) өөрсдөө хийж байгаагаар үзүүлэх эсвэл зурахад урь.

  • Хүүхдүүдэд “Сүмдээ очихдоо би” (Хүүхдийн дууны ном, 146) гэх мэт сүмд явах тухай дууг дуулахад тусал. Та яагаад сүмд явах дуртай мөн энэ нь таныг хэрхэн адисалсан талаар хүүхдүүдэд хэл.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Moронай 2–6

Ариун Сүнс бол ариун нандин бэлэг юм.

Ариун Сүнсний талаар Моронай 2–6-д хэд хэдэн удаа дурдсан байдаг. Ариун Сүнс тэдэнд тусалж чадах талаар ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд та эдгээр бүлгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс Mоронай 2–6 дээрээс Ариун Сүнс буюу Сүнсний талаар дурдсан шүлэг бүрийг олохыг хүс. Шүлэг бүрийг хамтдаа уншаад, Ариун Сүнсний талаар мэдэж авсан зүйлээ самбарт бичихийг хүүхдүүдээс хүс. Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Ариун Сүнсний нөлөөллийг сүмд эсвэл хаа нэгтээ мэдэрч байсан үеийнхээ талаар хүүхдүүдэд ярьж өг. Энэ нь Ариун Сүнс байсныг та хэрхэн мэдсэнээ мөн Тэр танд хэрхэн тусалж байсныг тайлбарла. Хүүхдүүдийг Ариун Сүнстэй холбоотой ямар нэгэн туршлагаасаа хуваалцахад уриад, Түүний нөлөөллийг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.

    Зураг
    Патриархын адислалаа хүлээн авч буй залуу эмэгтэй

    Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар өгдөг.

Moронай 4–5

Би Eсүс Христийг үргэлж санана гэдгээ харуулахаар ариун ёслолоос хүртдэг.

Хүүхдүүд ариун ёслол нь ариун нандин болохыг ойлгохын хэрээр уг ёслолд илүү хүндэтгэлтэй хандаж, ёслолын үеэр Бурхантай ойрхон байгаагаа мэдрэх магадлалтай.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өөр өөр цаасан дээр Моронай 4:3 болон 5:2 дээрх хэсгүүдийг бичээд, хэсгүүдийг зөв дарааллаар нь тавихыг хүүхдүүдээс хүс. Эдгээр шүлэгт өгүүлснээр, яагаад ариун ёслол чухал вэ?

  • Нэг найз нь ариун ёслолд анх удаа ирж байна гэж төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Найздаа ариун ёслол гэж юу болохыг мөн яагаад бид үүнээс хүртдэг болохыг тэд хэрхэн тайлбарлах вэ? Тэднийг тайлбартаа Моронай 4:3 болон 5:2-ыг ашиглахыг урамшуулан дэмж.

  • Ариун ёслолын цуглааны үеэр хүндэтгэлтэй байж, Есүс Христийн тухай бодохын тулд гэр бүлийнхэн нь юу хийдэг талаар хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдэнд өөр ямар санаа байна вэ? Эдгээр санаанаас нэгийг сонгоод, ариун ёслолын үеэр Аврагчийн талаар бодоход илүү их цаг зарцуулах зорилго тавихад тэднийг урь.

Моронай 6:4–6, 9

Бид ариун ёслолоос хүртэж, бие биендээ туслахаар сүмд явдаг.

Моронайн үгс нь таны зааж байгаа хүүхдүүдэд долоо хоног бүр сүмд илүү их зорилготой ирэхэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт Бид яагаад сүмд ирдэг вэ? гэж бичээд, боломжит хариултуудыг бичихийг хүүхдүүдээс хүс. Моронай 6:4–6, 9-өөс нэмэлт хариултуудыг олоод, самбар дахь жагсаалт дээрээ нэмж бичихэд тэднийг урь. Сүмд явснаар хэрхэн адислагдсан талаар хуваалцахад хүүхдүүдийг урь. Өөр шашинтай нэг найздаа Сүмд харьяалагдаж байгаадаа талархдаг шалтгаанаа тайлбарлан, жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урь.

  • Тэжээллэг хоол ундны зураг эсвэл жишээг үзүүл. Яагаад бие махбодыг хооллож тэжээх нь чухал байдаг вэ? Моронай 6:4-ийг хамтдаа уншаад, “Бурханы сайн үгээр тэжээгдэх” гэсэн үг ямар утгатай болохыг хүүхдүүдээс асуу. Бурханы үг биднийг хэрхэн тэжээдэг вэ?

  • Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах эшлэлийг уншихад нэг хүүхдийг уриад, энэ нь бие биенээ хэрхэн тэжээх талаар юу зааж байгааг ярилц. “Хэдийгээр эдгээр нь бүгд чухал ч гэсэн ихэнх хүн сүмд зүгээр л сайн мэдээний хэдэн шинэ нотолгоо хайж эсвэл хуучин найзуудтайгаа уулзах гэж ирдэггүй. Тэд сүнслэг туршлага эрэлхийлж ирдэг. Тэд амар амгаланг хүсдэг. Тэд итгэлээ хүчирхэгжүүлж, найдвараа шинэчлэхийг хүсдэг. Товчхондоо бол, тэд Бурханы сайн үгээр тэжээгдэж, тэнгэрийн хүчээр хүчирхэгжихийг хүсдэг” (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26). Бид сүмд бие биенээ сүнслэг байдлын хувьд хэрхэн тэжээж, тэтгэн тусалж чадах вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Долоо хоног бүр сүмд очдог шалтгаануудынхаа талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Эцэг эхэд нь дэмжлэг туслалцаа үзүүл. Зааж буй хүүхдүүдийнхээ эцэг эхэд дэмжлэг үзүүлж болох арга замыг залбирч эрэлхийл. Хүүхдүүддээ сайн мэдээг заахын тулд тэдний гаргаж буй хүчин чармайлтад та хэрхэн дэмжлэг үзүүлж болох вэ? Жишээлбэл, та эцэг эхчүүдтэй хүүхдүүдийнх нь хэрэгцээ, сонирхлын талаар ярилцаж эсвэл хүүхдүүд нь ангид юу сурч байгаа талаар хуваалцаж болно (Аврагчийн арга барилаар заах нь, 25-ыг үзнэ үү).