Ирээд, Намайг дага
12-р сарын 14–20. Моронай 10: “Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн”


“12-р сарын 14–20. Моронай 10: ‘Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 14–20. Моронай 10,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Гари Л.Капп, Та нар мэдэж болохын тулд

12-р сарын 14–20

Моронай 10

“Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн”

Танай анги дахь зарим хүүхэд Мормоны Номоос гэртээ сурч байхдаа утга учир бүхий туршлага хуримтлуулсан байж болно. Та тухайн туршлагыг гэртээ судраас уншихад нь хүүхдүүдийг урамшуулахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Мормоны Номын нэг хувийг дамжуул. Хүүхэд бүр номыг барих үед түүнээс Мормоны Номын дуртай түүх, гэрчлэл эсвэл гэртээ болон сүмд сурсан туршлага гэх мэт дуртай зүйлээ хуваалцахыг хүс.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Моронай 10:3–5

Мормоны Ном үнэн гэдгийг би өөрөө мэдэж чадна.

Мормоны Ном үнэн эсэхийг Бурханаас асуу гэсэн Моронайн урилгыг хүлээж авахад нь хүүхдүүдэд туслах арга замыг олж мэд.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Моронай алтан ялтаснуудыг булж байгаа зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү), харж байгаа зүйлээ дүрслэхийг хүүхдүүдээс хүс. Тэднийг ялтаснууд руу заагаад, эдгээр ялтсан дээр одоо бидний Мормоны Номоос уншдаг үгс бичигдсэн байсныг тайлбарлахад урь. Ялтаснууд дээр бичиж, тэдгээрийг нууж буй Моронай гэж өөрийгөө төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. “Алтан ялтаснууд” дууг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 61).

  • Мормоны Номыг үзүүлээд, Моронай 10:4-ийг уншина уу. Бид Мормоны Ном үнэн эсэхийг Бурханаас асууж болох ба Тэрээр бидэнд гэрчлэх Ариун Сүнсийг илгээнэ гэдгийг онцол. Та мөн “54-р бүлэг: Мормоны Номын амлалт” (Мормоны Номын түүхүүд, 156 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ыг ашиглаж болно. Ариун Сүнс хэрхэн танд Мормоны Номын талаар гэрчлэлтэй болоход тусалсан тухай хуваалц. Сүнсний гэрчийг мэдрэх нь ямар байдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) зэрэг үнэнийг хайж олох тухай дууг дуул.

Моронай 10:8–20

Тэнгэрлэг Эцэг надад сүнслэг бэлгүүд өгдөг.

Бурханд итгэлтэй байвал Түүний хүүхдүүддээ өгдөг бэлгүүдийг Моронай дүрсэлсэн. Бурхан тэдэнд сүнслэг бэлэг өгнө гэдэгт итгэхэд нь та хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 9-ээс 16 хүртэл тоог цаасан дээр тус тусад нь бичээд, цаас бүрийг бэлэг маягаар боо. Хүүхдүүдээр бэлгийг ээлжлэн задлуул. Тэднийг задлахад Моронай 10:9–16 дахь ижил тоотой шүлгийг хамт уншаад, сүнслэг бэлэг бүрийг тодорхойлоход хүүхдүүдэд тусал. Эдгээр нь бидэнд бие биедээ болон Түүний ажлыг хийхэд туслахад зориулагдсан Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгдөг бэлэг гэдгийг тайлбарла.

  • Хүүхдүүдэд авч байсан дуртай бэлгүүдийнхээ талаар товчхон ярих боломж олго. Итгэл, мэргэн ухаан, гэрчлэл, эелдэг байдал, сурах чадвар гэх мэт өөрийн ажигласан, Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд өгсөн сүнслэг бэлгүүдийн тухай хүүхдүүдэд хэл.

Моронай 10:32

Есүс Христ намайг Өөрт нь ирээсэй хэмээн хүсдэг.

“Христэд ирэх” гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Моронай 10:32 дахь “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” гэсэн хэсгийг хүүхдүүдэд уншиж өгөөд, энэ хэсгийг тантай хамт давтаж хэлэхэд хүүхдүүдийг урь. Тэднээс нүдээ анихыг хүсээд, Есүсийн зургийг өрөөнийхөө хаа нэгтээ байрлуул. Дараа нь тэдэнд нүдээ нээж, зургийг олоод, тойрч зогсох боломж олго. Христэд очиж болох арга замуудыг хүүхдүүдтэй хамт ярилц (жишээлбэл, Итгэлийн тунхаг 1:3–4-ийг үзнэ үү). Энэ үйл ажиллагааг дахиж хийгээд, хүүхдүүдэд зургийг ангийн хаа нэгтээ байрлуулах боломж олго.

  • “Би Бурханыг өөрийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрладаг” (Моронай 10:32-ыг үзнэ үү) гэсэн үгтэй, зүрхэн хэлбэртэй энгэрийн тэмдгийг чимэглэхэд хүүхдүүдэд тусал. Бид Бурханд хайраа хэрхэн харуулдаг вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Моронай 10:3–5

Би Ариун Сүнсний хүчээр үнэнийг мэдэж чадна.

Бурхан бидний хүн нэг бүрээс Мормоны Ном үнэн гэдгийг мэдээсэй хэмээн хүссэн. “Үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” гэсэн Бурханы өгсөн амлалтыг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт унших, санах, тунгаан бодох мөн асуух гэсэн үгсийг бич. Моронай 10:3–4-өөс эдгээр үгийг олоход хүүхдүүдийг урь. Бид Мормоны Номын тухай гэрчлэлтэй болж эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу уншиж, санаж, тунгаан бодож, асуух ёстой вэ? Дээрх үгс болон Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) дууны хооронд адил төстэй зүйлсийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс.

  • Мормоны Номоос хамтдаа суралцаж байсан зарим туршлагаа санахад хүүхдүүдэд тусал. Мормоны Ном үнэн гэсэн гэрчлэлийг хэрхэн олж авсан, энэ гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлсэн гэх мэт уг номын тухай бодол санаагаа хуваалц. Хүүхдүүдийг мэдрэмж, гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Ариун Сүнс танд ямар нэгэн зүйлийг гэрчилсэн үеийн тухай ярь. Танд ямар мэдрэмж төрснийг мөн Ариун Сүнс гэдгийг нь та хэрхэн мэдсэнээ дүрсэл. Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг талаар өгүүлсэн Иохан 14:26–27; Сургаал ба Гэрээ 6:15, 23; 8:2–3; 9:7–9; 11:12–14 гэх мэт судруудаас суралцахад хүүхдүүдэд тусал.

Моронай 10:8–19

Тэнгэрлэг Эцэг надад сүнслэг бэлгүүд өгдөг.

Бидний үед “Бурханы бэлгүүдийг … үгүйсгэ[дэг]” (Моронай 10:8) хүн олон бий. Ийм бэлгүүд өнөө үед ч байсаар байгаа гэдгийг харахад хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Моронай 10:9–16 дээр нэрлэсэн бэлгүүдийг цаасан дээр бичээд, бэлгийн хайрцагт хий. 9-өөс 16 хүртэлх тоог самбарт бичээд, хүүхдүүдийг хайрцган дотроос цааснуудыг ээлжлэн сугалж, самбар дахь шүлгийн дугаартай тааруулахад урь. Бид эдгээр бэлгийн талаар 8 болон 17–18-р шүлгээс юу мэдэж авдаг вэ?

  • Мормоны Ном хэрхэн урагш гарч ирсэн түүхийг хуваалц (“3-р бүлэг: Тэнгэр элч Моронай ба алтан ялтаснууд,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 13–17-г үзнэ үү). Моронай 10:9–16-д дурдагдсан, Иосеф Смитээр Мормоны Номыг урагш авчруулахаар Бурханы түүнд өгсөн бэлгүүдийг тодорхойлоход хүүхдүүдэд тусал. Яагаад өнөө үед Тэнгэрлэг Эцэг биднээс сүнслэг бэлэгт итгэхийг хүсдэг вэ?

Moронай 10:32–33

Есүс Христ намайг Өөрт нь ирээсэй хэмээн хүсдэг.

Та хүүхдүүдийг хэрхэн “Христэд ирж, түүгээр төгөлдөржихөд” урьж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт Христэд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? гэх мэт асуултыг бич. Боломжит хариултыг олж мэдэхийн тулд Moронай 10:32–33-ыг судлахад хүүхдүүдэд тусал. Христ биднээр юу хийлгэхийг хүсдэг мөн бидний төлөө юуг хийхээр амласныг хамтдаа жагсааж бич.

  • Христэд ирэхэд тань тусалсан Мормоны Номон дахь дуртай хэсэг эсвэл түүхээ хуваалцаад, хүүхдүүдийг мөн адил хуваалцахад урь. “Мормоны Ном бол бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” гэсэн бошиглогч Иосеф Смитийн Мормоны Номын удиртгалд цэдэглэгдсэн үгсийг хүүхдүүдтэй хамт унш. Энэ нь таны амьдралд хэрхэн хэрэгжсэн тухай гэрчлэлээ хуваалц.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Мормоны Номын талаар илүү хүчтэй гэрчлэлтэй болохын төлөө залбирч, дараа нь гэрчлэлээ найзтайгаа эсвэл гэр бүлийнхээ гишүүдтэй хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хуваалцахыг урамшуулан дэмж. Бага насны хүүхдүүд ихэвчлэн сайн мэдээний талаар утга учир бүхий ойлголттой болсон байдаг. Бодлоо хуваалцах нь тэднийг сайн мэдээний тухай найз нөхөдтэйгөө ярилцахад бэлддэг (Аврагчийн арга барилаар заах нь, 30-ийг үзнэ үү.)