Ирээд, Намайг дага
Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь


“Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Самбар дээр бичиж буй охин

Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь

Сайн мэдээг ойлгомжтой арга замаар заавал хүүхдүүд үүнийг сурахад бэлэн мөн сурах хүсэлтэй байдаг. Ялангуяа, хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол тэдэнд туслах үүднээс дараах төрлийн үйл ажиллагааг ашиглах талаар бодож үзнэ үү.

  • Дуулах. Hymns ба Хүүхдийн дууны ном дээрх дуунууд нь сургаалыг үр нөлөөтэй заадаг. Зааж буй сайн мэдээний зарчимтай тань холбоотой дуунуудыг Хүүхдийн дууны номын ард байх нэрсийн индексийг ашиглан ол. Дуунуудын зааж буй захиасыг амьдралтайгаа холбож ойлгоход хүүхдүүдэд тусал. Жишээ нь, та дууны шүлэгт орсон үг, хэллэгийн талаар асууж болох юм. Дуулахын зэрэгцээ хүүхдүүдээр дуундаа тохирсон хөдөлгөөн хийлгүүлж эсвэл өөр үйл ажиллагаа хийж байхдаа цаана нь дуу тавьж болно.

  • Түүх сонсох эсвэл жүжигчлэн үзүүлэх. Бага насны хүүхдүүд судруудаас болон таны амьдралаас мөн Сүмийн түүх, сэтгүүл зэргээс түүхүүдийг сонсох дуртай байдаг. Түүхээ ярихдаа тэднийг оролцуулах арга замыг эрэлхийл. Тэд зураг эсвэл үзүүлэн барин зогсож, сонсож буй зүйлээ зурж, түүхийг жүжигчлэн үзүүлэх юм уу түүх ярихад танд тусалж болно. Хуваалцах түүхүүдээсээ сайн мэдээний үнэнүүдийг олж харахад нь хүүхдүүдэд тусал.

  • Судар унших. Бага насны хүүхдүүд тийм ч сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас суралцахад оролцуулж болно. Та ганцхан шүлэг, түлхүүр үг хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж болох юм. Та судрыг чанга уншиж байхдаа анхаарлыг нь татахыг хүссэн тодорхой үг эсвэл хэллэгийг сонсоод босох эсвэл гараа өргөхөд хүүхдүүдийг урьж болно. Тэд хэд хэдэн удаа давтах юм бол судрын богино үг хэллэгүүдийг цээжилж чадна. Тэд Бурханы үгийг сонсохдоо Сүнсийг мэдэрнэ.

  • Идэвхтэй байх. Бага насны хүүхдүүд ихэвчлэн хөдөлгөөнтэй байдаг учраас тэдэнд хөдлөх, үсрэх, харайх, тонгойх, алхах зэрэг таны зааж буй зарчим эсвэл түүхтэй холбоотой үйлдлүүдийг хийж хөдөлгөөнтэй байлгахаар төлөвлө. Эдгээр үйлдлийг хамт дуулж байхдаа хийвэл мөн үр дүнтэй байж болно.

  • Зураг эсвэл видео бичлэг үзүүлэх. Та хүүхдүүдэд сайн мэдээний зарчим болон судрын түүхтэй холбоотой зураг юм уу видео бичлэг үзүүлэхдээ, харж байгаа зүйлээсээ суралцахад туслах асуултыг тэдэнд тавь. Жишээлбэл, “Энэ зураг эсвэл видео бичлэг юу үзүүлж байна вэ?” эсвэл “Энэ нь та нарт ямар мэдрэмж төрүүлж байна вэ?” гэж асууж болно. Gospel Library аппликэйшн, medialibrary.ChurchofJesusChrist.org болон children.ChurchofJesusChrist.org вэбсайтууд видео бичлэгийг олж үзэхэд тохиромжтой эх сурвалж юм.

  • Туршлага хуваалцах. Бага насны хүүхдүүдэд том хүүхдүүдтэй адил хуваалцах зүйл их байхгүй байж болох ч та тэднийг тодорхой чиглүүлж өгөх юм бол тэд суралцаж буй зүйлийнхээ талаар мэдэрсэн, ойлгож мэдсэн зүйлээсээ хуваалцаж чадна.

  • Хийж бүтээх. Хүүхдүүд сурч байгаа түүх, зарчимтайгаа холбоотой ямар нэг зүйлийг барьж, зурж, будаж болно. Тэднийг хийж бүтээсэн зүйлээ гэртээ аваачиж, ойлгож мэдсэн зүйлээ санахын тулд гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцахад урамшуул.

  • Хичээлд үзүүлэн материал ашиглах. Энгийн үзүүлэн материал бүхий хичээл нь ойлгоход хэцүү сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд ойлгуулахад тусална. Хичээлд үзүүлэн материал ашиглах бол хүүхдүүдийг оролцуулах арга зам ол. Тэд зүгээр үзэж харахаас илүү харилцан үйлддэг үйл ажиллагаанаас илүү ихийг сурна.

  • Жүжигчлэн үзүүлэх. Хүүхдүүд бодит амьдралд тулгарч болзошгүй нөхцөл байдлын талаар жүжигчлэн үзүүлэхдээ сайн мэдээний зарчмууд тэдний амьдралд хэрхэн хамаатайг илүү сайн ойлгодог.

  • Үйл ажиллагаануудыг давтах. Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг ойлгохын тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй байж болно. Нэг хичээлийн туршид ч гэсэн түүх эсвэл үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү ай. Жишээлбэл, та нэг хичээлийн туршид судрын түүхийг судраас унших, өөрийн үгээр товчилж ярих, видео бичлэг үзүүлэх, түүхийг ярихдаа хүүхдүүдээр туслуулах, жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих гэх мэт өөр өөр арга замаар хэд хэдэн удаа хуваалцаж болно. Ангид хийсэн үйл ажиллагааг гэртээ давтаж хийх нь хүүхдүүдэд суралцаж, тогтооход тусална.

  • Бусадтай харилцах. Хүүхдүүд нийгэмшиж сурч байгаа бөгөөд ихэвчлэн үеийнхэнтэйгээ хамт суралцаж, тоглох дуртай байдаг. Тэдэнд суралцаж байхдаа хуваалцах, ээлжлэх, хамтран ажиллах боломж олго.

  • Олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулах. Бага насны хүүхдүүдийн анхаарал хурдан сулардаг ба тэдний суралцах хэв маяг ч өөр өөр байдаг. Олон төрлийн үйл ажиллагааг ашиглан, хүүхдүүдэд явцын өөрчлөлт хэрэгтэй эсэхэд анхаарал хандуул. Жишээлбэл, та чимээгүй байх эсвэл идэвхтэй оролцох үйл ажиллагааг ойр ойрхон, ээлжлэн хийх хэрэгтэй байж болно.

Бага насны хүүхдүүдийн багшийн хувьд та сайн мэдээний зарчмуудыг заахаас гадна Сүмийн ангид зохих ёсоор оролцож сурахад хүүхдүүдэд туслах үүрэгтэй. Жишээлбэл, тэд ээлжлэх, хуваалцах, бусдыг хүндлэх гэх мэт зүйлийг сурах хэрэгтэй байж болно. Зарим багш хүүхэд бүрийг тодорхой арга замаар ангид оролцуулах үүрэг даалгаврын хүснэгт хийдэг (залбирал хэлэх, зураг барих, цаас тараах гэх мэт). Даалгавруудыг долоо хоног бүр өөрчилж болно. Энэ нь хүүхдүүдэд ээлжлэх болон ангийн зөв зохистой төлөв байдалд анхаарлыг нь төвлөрүүлэхэд тусалдаг.

Хүүхдүүдэд, ялангуяа бага насныханд тогтож, хэвшсэн хуваарь тустай байдаг. Бага насны хүүхдүүдийн анхаарал хурдан сулардаг бөгөөд заримдаа хичээлийн туршид анхаарлаа төвлөрүүлэх нь амаргүй байдаг учраас хэвшсэн хэв загвараа өөрчлөн, нэг үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа руу тогтмол шилжиж байх нь хамгийн тохиромжтой. Жишээлбэл, ангийнхаа хэвшсэн хуваарьт үе үе тоглоом тоглох, зураг будах, дуу дуулах гэх мэт завсарлага оруулж болно.

Зураг
Багштайгаа тоглож буй хүүхдүүд