Ирээд, Намайг дага
5-р сарын 25–31. Мозая 29–Алма 4: “Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв”


“5-р сарын 25–31. Мозая 29–Алма 4: ‘Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 25–31. Мозая 29–Алма 4,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Залуу Алма номлож байгаа нь

Залуу Алма номлож байгаа нь, Гари Л.Капп

5-р сарын 25–31

Мозая 29–Алма 4

“Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв”

Алмагийн амьдарч байсан цаг үед сайн мэдээний багшийг “сурагчаасаа илүү бус бөлгөө; мөн тийн тэд бүгд адил тэгш” (Алма 1:26) хэмээн үздэг байв. Та заахаар бэлтгэж байхдаа энэ зарчим танд болон ангийнханд тань ямар хамаатай болохыг тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд Мозая 29–Алма 4 дээр дүрсэлсэн үйл явдлуудад өнөөгийн дэлхийд эсвэл бидний амьдралд өрнөж буй зүйлстэй адил төстэй зүйлс байгааг олж харсан байж болно. Тэдэнд бүлгүүдээс жишээ олох хэдэн минут гаргаж өг. Тэднийг олж мэдсэн зүйлээ хажууд сууж байгаа хүнтэйгээ хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Мозая 29:11–27; Алма 2:1–7

Бид нийгэмд эергээр нөлөөлж чадна.

  • Хэрэв ангийн гишүүдэд нийгэмд хэрхэн сайнаар нөлөөлөх талаар хэлэлцэх нь ашиг тустай бол нийгэмд тулгарч байгаа зарим асуудлын талаар бодож, заримыг нь самбарт жагсаан бичихэд тэднийг урьж болно (харин асуудлыг нарийвчлан ярилцахаас зайлсхий.) Ангийн гишүүд Алма 2:1–7-г уншаад, нифайчуудад тулгарч байсан асуудлыг мөн тэд уг асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийснийг олж мэдэж болно. “Сүмийн хүмүүс” өөрсдийн дуу хоолойг өргөөгүй байсан бол тэдэнд юу тохиолдох байсан бэ? Бид Мозая 29:26–27 дахь энэ түүхээс мөн “Нэмэлт эх сурвалж” дахь түүхээс сайн иргэд байх талаар өөр юу мэдэж авч болох вэ? Ангийн гишүүд самбар дээрх асуудлуудтай холбоотой нийгэмд сайнаар нөлөөлөх ямар нэг зүйл хийх талаар бодож үзэж болно.

Алма 1:2–9, 26

Бид хуурамч сургаалуудыг таньж, эсэргүүцэж чадна.

  • Нихорыг эсэргүүцсэн Гидеоны жишээ ангийнхныг тань сүнслэгээр өдөөж болох юм. Та Гидеоны түүхийг уншиж, ангийнхантайгаа хуваалцахыг хэн нэгнээс урьдчилан хүсэж болно (Мозая 19:1–8; 20:15–22; 22:1–9; Алма 1:2–9-ийг үзнэ үү). Үүн дээр үндэслэн Гидеоны урам зориг өгсөн зарим зан чанарыг ангийн гишүүд жагсаан бичиж болно. Жишээ нь, Гидеон Нихорын хуурамч сургаалуудыг сонсоод, Нихорыг “Бурханы үгээр” (9-р шүлэг) няцаасан. Ангийн гишүүд хувиараа судалж байхдаа Алма 1:3–6 дээрх Нихорын сургаалуудыг няцаах судруудыг олсон байж магадгүй. Тэднийг олж мэдсэн судруудаа хуваалцахад урь. “Нэмэлт эх сурвалж”-д мөн хэд хэдэн судар санал болгосон байгаа. Бид үнэнийг хамгаалахдаа Гидеонтой хэрхэн илүү адилхан байж чадах вэ?

  • Алма 1:3–6 дээр цэдэглэсэн Нихорын хуурамч сургаалууд биднийг мэхлэхийн тулд Сатаны ашигладаг арга мэхүүдийг ялган танихад бидэнд тусалдаг. Жишээлбэл, тэр худал хуурмагаа ихэвчлэн үнэн дотор нуун халхалдаг. Ангийн гишүүдийг Алма 1:3–4-ийг судалж, Сатаны хэлсэн худал хуурмаг зүйлс болон тэдгээрийг сэтгэл татам болгохоор ашигласан үнэнүүдийг тодорхойлоход урь. Өнөө үед хүмүүсийг хууран мэхэлдэг, үнэнтэй холилдсон ямар худал хуурмаг зүйлс байна вэ? Бид гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстээ үнэн, худлыг ялган танихад хэрхэн тусалж болох вэ?

  • Ангийн гишүүд даруу байдлын талаарх “Be Thou Humble” (Hymns, no. 130) дууллыг дуулж эсвэл уншаад, захиас нь Алма 1:2–9 дэх Нихорын захиасаас юугаараа өөр байгааг ярилц. Тэд бас сайн мэдээний багш нарын талаар Нихорын заасан зүйлсийг Алмагийн болон Сүмийн бусад удирдагчийн зааж, харуулсан зүйлстэй харьцуулж болно (Алма 1:26; 4:15–20-ийг үзнэ үү). Нихорыг юу өдөөж байсан бэ? Энэ нь Алмагийнхаас юугаараа ялгаатай байсан бэ? Сүмд үйлчлэхэд тэднийг юу сүнслэгээр өдөөсөн талаар бодоход ангийн гишүүдийг урамшуул. Алма 1:26-д суралцагчдын хувьд бидний хүлээдэг үүргийн талаар юу зааж байна вэ?

Алма 1:19–30; 4:6–15

Бардамнал нь биднийг “дэвшил[дээ] удаашрахад” нөлөөлдөг.

  • Алма 1 ба Алма 4-ийг ярилцах нь бардамнал хувь хүн ба Сүмд аль алинд нь хэрхэн нөлөөлдгийг ойлгоход ангийн гишүүдэд тусална. Та ангийг хоёр бүлэгт хуваагаад, нэг бүлгээс Алма 1:19–30-д дүрсэлсэн Сүмийн байр байдлыг олохыг, нөгөө бүлгээс Алма 4:6–15-д дүрсэлсэн хэдэн жилийн дараах Сүмийн байр байдлыг олж мэдэхийг тус тус хүсэж болно. Уншсан шүлгүүд дээр нь өгүүлснээр Сүм болон Сүмийн гишүүд ямархуу байдалд байсныг хуваалцахыг бүлэг тус бүрээс хүс. Тэд үүнийг хийх бүтээлч арга замыг хамтдаа төлөвлөж болно. Жишээ нь, тэд зураг зурж эсвэл богино хэмжээний жүжигчилсэн тоглолт бэлтгэж болно. Бүлгүүдийг бие биетэйгээ хуваалцсаны дараа тэднийг Сүмийн болон гишүүдийн бардамналын үр дагавар болон даруу байдлын адислалуудын талаар олж мэдсэн зүйлсээ ярилцахыг хүс. Эдгээр түүх өнөө үед бидэнд ямар сургамж өгч байна вэ?

Алма 4:12–20

“Бурханы үг” болон “цэвэр гэрчлэл” зүрх сэтгэлийг өөрчилж чадна.

  • Алма хүмүүсийнхээ ёсон бус хийгээд зовлонгуудад “маш их харамсахад” (Алма 4:15) түүнд ямар байсныг олон хүн ойлгоно. Магадгүй ангийнхан тань Алма 4:12–20-ийг уншиж байхдаа санаа зовж буй, байнга бодогддог хайртай хүнийхээ тухай бодож байж болно. Ангийн гишүүдийг уншиж дууссаны дараа, шүлгүүдийн талаарх ярилцлагыг эхлүүлэхээр дараахтай адил асуултуудыг тавьж болох юм. Тухайлбал: Хүнд хэцүү нөхцөлд хүмүүст юу баяр баясгаланг өгч байсан бэ? “Их Эзэний Сүнс түүнийг орхисонгүй” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? (Алма 4:15). Алма хүмүүстээ туслахын тулд ямар золиослол хийсэн бэ? Заримдаа биднээс бас ямар золиослол хийхийг хүсдэг вэ? Бид “цэвэр гэрчлэлийн” хүчийн ямар ямар жишээг харж байсан бэ? (Алма 4:19). Бид бусдад зааж зааварлахгүйгээр эсвэл шүүмжлэхгүйгээр хэрхэн гэрчлэлээ хуваалцаж болох вэ? Та ангийн гишүүддээ хайртай хүмүүстээ зориулан гэрчлэлээ бичих цаг гаргаж өгч болно.

  • Ангийн гишүүдэд “цэвэр гэрчлэл” гэж юу болох талаар ярилцах нь тустай байж болно. “Apostle Testimony Montage” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг дээр олон гайхалтай жишээ гардаг. Эдгээр гэрчлэл эсвэл бидний сонссон өөр гэрчлэлүүд “[бидэнд] [өөрсдийн] үүргийг нь сануулахаар хэрхэн өдөөдөг вэ?” (Алма 4:19). Эдгээр гэрчлэл бидэнд бардамнал, зөрчилдөөнийг даван гарахад хэрхэн тусалдаг вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Алма 5–7-оос Алмагийн “цэвэр гэрчлэлийг” олж уншин, үүний хүмүүст үзүүлсэн нөлөөг олж харах боломжтой гэдгийг та ангийн гишүүдэд тайлбарлаж болно (Алма 4:19).

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

“Нөлөөгөө мэдрүүл.”

Бэлл С.Спаффорд эгчийг 1945 онд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр дуудагдсаны дараахан Халамжийн нийгэмлэгийн удирдагчдыг Үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн зөвлөлийн томоохон хуралд оролцоход урьжээ. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий удирдагчид олон жил энэ зөвлөлийн гишүүн байсан боловч сүүлийн үед тэдэнд зөвлөлийн хувьд таагүй хандах болсныг мэдэрсэн байна. Спаффорд эгч зөвлөхүүдтэйгээ ярилцсаны эцэст Сүмийн ерөнхийлөгч Жорж Албэрт Смитэд Халамжийн нийгэмлэгийг уг зөвлөлийн гишүүнчлэлээс гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Саналаа илэрхийлснийхээ дараа Спаффорд эгч “Ерөнхийлөгч Смит ээ, бид энэ зөвлөлөөс юу ч авдаггүйг та мэднэ шүү дээ” гэв.

Тэр дараа нь ийнхүү дурсан ярьсан байдаг.

“Ерөнхийлөгч над руу гайхан хараад, ‘Стаффорд эгч ээ, та үргэлж авах талаар боддог гэж үү? Заримдаа өгөх талаар бодох нь ч бас сайн хэрэг гэдэгт би итгэдэг. Харин та юу гэж бодож байна?’ гэв. Тэр цааш нь ‘Мормон эмэгтэйчүүдэд дэлхийн эмэгтэйчүүдэд өгч чадах зүйл байдаг гэдэгт би итгэдэг, тэд ч бас та нараас суралцаж болно шүү дээ. Би таныг гишүүнчлэлээс татгалзахын оронд хамгийн сайн гишүүдээ авч, тэр хуралд буцаж очоосой гэж хүсэж байна’ гээд,

дараа нь ‘Нөлөөгөө мэдрүүл’ гэж онцлон хэлж билээ” (Belle S. Spafford, A Woman’s Reach [1974], 96–97).

Спаффорд эгч ч зөвлөгөөг нь дагасан юм. Тэр уг зөвлөлд олон жил үйлчилж, улмаар удирдагчдынх нь нэгээр сонгогдсон билээ.

Нихорын хуурамч сургаалуудыг няцаасан судрууд:

Заах чадвараа сайжруулах

Та үнэн сургаал зааж байгаадаа итгэлтэй бай. “Та өөрөөсөө ‘Миний зааж байгаа зүйлс ангийн гишүүдэд Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилж, Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахиж мөн Ариун Сүнсийг хүлээн авахад хэрхэн туслах вэ?’ хэмээн үргэлж асууж бай.” (Аврагчийн арга барилаар заах нь, 20).