Ирээд, Намайг дага
8-р сарын 24–30. Хиламан 7–12: “Их Эзэнийг сана”


“8-р сарын 24–30: ‘Их Эзэнийг сана,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 24–30. Хиламан 7–12,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Нифай цэцэрлэгийн цамхаг дээр залбирч байгаа нь

Нифай цэцэрлэгийн цамхаг дээр байгаа зураг, Жэрри Томпсон

8-р сарын 24–30

Хиламан 7–12

“Их Эзэнийг сана”

Нифай өөрийн хүмүүст Их Эзэнийг дурсан санахыг урамшуулсан. Та өөрийн зааж байгаа хүмүүст үүний адил үйлдэж болно. Та Хиламан 7–12-ыг уншиж байхдаа ангийн гишүүдэд Их Эзэнийг санахад нь хэрхэн туслах талаар бодол сэтгэгдлээ бич.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг Хиламан 7–12-оос олсон сайн мэдээний зарим зарчмыг мөн эдгээр зарчмыг хаанаас олсноо самбар дээр бичихэд урь. Тэгээд та нар ангиараа эдгээр зарчим болон шүлгийн алиныг нь ярилцахаа шийдэж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Хиламан 7–11

Бошиглогчид Бурханы хүслийг хүмүүст илчилдэг.

  • Ангийнхандаа Хиламан 7–11 дээрээс бошиглогчдын үүрэг, хариуцлагуудын талаар мэдэж авахад нь туслахын тулд “Судруудын удирдамж” дээрээс “Бошиглогч” (scriptures.ChurchofJesusChrist.org) гэдэг хэсгийг хамтдаа уншсанаар эхэл. Ангийн гишүүд бошиглогчдын үүргүүдийг олж тогтоон, тэдгээрийг самбар дээр жагсаан бичиж болно. Та тэгээд ангийн гишүүн бүрийг Хиламан 7–11-ээс нэг бүлгийг давтан үзэхийг хүсэж болох юм. Самбар дээр жагсаан бичсэн үүргүүдийг Нифай хэрхэн биелүүлснийг олж мэдэхийг тэднээс хүс. Манай амьд бошиглогч, төлөөлөгчид эдгээр үүргийг хэрхэн биелүүлдэг вэ? Тэднийг үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд нь бид хэрхэн дэмжиж болох вэ?

  • Бошиглогчид яагаад заримдаа Нифайн адил зоригтой ярих хэрэгтэй байдаг вэ? Ангийн гишүүдийг Хиламан 7:11–29-ийг уншиж, Нифайн өгсөн сэрэмжлүүлгийг болон тэдгээрийг шулуухан зоригтой хэлэх хэрэгтэй байсан шалтгаануудыг нь олж мэдэхэд урь. Бошиглогчдын ямар сэрэмжлүүлэг биднийг наманчилж, Их Эзэнд ирэхэд урамшуулж байсан бэ? “Нэмэлт эх сурвалж” дээрээс та бошиглогчдын сэрэмжлүүлгийг үл тоохын аюулыг ойлгоход бидэнд туслахаар ахлагч Нийл Л.Андэрсэны ашигласан зүйрлэлийг олох болно.

Хиламан 9:1–20; 10:1, 11–15

Итгэл нь тэмдгүүд болон гайхамшгуудаас илүү зүйл дээр суурилагдан босох ёстой.

  • Эдгээр шүлгийн талаар ярилцах нэг арга зам нь ангийнхныг хоёр бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрийг Хиламан 9:1–20-ийг уншиж, өөрсдийгөө таван эрийн оронд эсвэл ерөнхий шүүгчдийн оронд тавьж төсөөлөн бодоход урь. Энэ хүмүүст ямар санагдсан байж болох вэ? Бүлэг тус бүрийг нэг ижил гайхамшигтай бошиглолд өөр өөрөөр хандахад юу нөлөөлсөн байж болох вэ? Гайхамшгууд гэрчлэлийг маань барьж босгох цорын ганц үндэс нь биш гэдгийг бид хэрхэн бататгаж чадах вэ? Өнөө үеийн бошиглогчдын үгс үнэн эсэхийг бид хэрхэн мэдэж чадах вэ?

Хиламан 10:1–12

Их Эзэн Өөрийнх нь хүслийг эрэлхийлж, зарлигуудыг нь сахидаг хүмүүст хүч чадал өгдөг.

  • Хиламан 10-т Нифайд өгсөн Их Эзэний адислалын түүх ангийн тань гишүүдийг Их Эзэний хүслийг эрэлхийлж, үүний дагуу үйлдэхэд илүү хичээнгүй байхад урамшуулж чадна. Ангийн гишүүд 1–12-р шүлгийг уншиж, Нифай Их Эзэний итгэл найдварыг олохын тулд юу хийснийг мөн Их Эзэн түүнийг хэрхэн адисалсныг олж мэдэж болно. Тэгээд тэд судраас эсвэл өөрсдийн амьдралаас Их Эзэний хүслийг “ядрахаа мэдэхгүй” (Хиламан 10:4) эрэлхийлж, дагаж үйлдсэн хүмүүсийн бусад жишээг хуваалцаж болох юм. Их Эзэн энэ хүмүүсийг өөрсдийн амьдрал дахь уулстай зүйрлэм зүйлсийг “нураах” (Хиламан 10:9) хүчээр хэрхэн адисалсан бэ? Их Эзэний хүслийг илүү их эрэлхийлж, зарлигуудыг нь илүү сайн сахих арга замуудын талаар тунгаан бодох цагийг ангийн гишүүдэд гаргаж өг.

Хиламан 12

Их Эзэн Өөрийг нь санаж байхыг биднээс хүсдэг.

  • Ангийн тань олон гишүүн Есүс Христийг үргэлж дурсан санах гэрээг байгуулсан. Тэд нэг нэгэнтэйгээ хэцүү хүнд цаг үед ч, хөгжин дэгжиж байгаа цаг үед нь ч “түүнийг үргэлж дурсан санахад” (Моронай 4:3; С ба Г 20:77) тусалдаг зарим зүйлийг хуваалцаж болох юм. Тэгээд ангийн гишүүд Хиламан 12-ыг судалж, хүмүүсийн Их Эзэнийг мартдаг шалтгаануудыг судалж болно. Бид энэ бүлэгт дүрслэгдсэн хандлагуудыг хэрхэн даван туулж чадах вэ? Зовлон зүдгүүр бидэнд Бурханыг санахад хэрхэн тусалж байсан бэ? (Хиламан 11: 4–7-г үзнэ үү).

  • Ямар нэг зүйлийг санахад гаргах хэрэгтэй хичээл зүтгэлийг харуулахын тулд та ангийн гишүүдэд Хиламан 12-ыг гүйлгэн харах цөөн хормыг өг. Тэгээд та санаж байгаа зүйлсийг нь тэднээс олж мэдэхийн тулд уг бүлгийн талаар асуу. Тэд шалгалтад бэлтгэхдээ мэдээллийг санахын тулд юу хийдгээ хуваалцаж болох юм. Энэ нь “Их Эзэнийг санадаг” байхад шаардлагатай хичээл зүтгэлтэй юугаараа төстэй вэ? (Хиламан 12:5). Юугаараа ялгаатай вэ? Бурханы сайн сайхан болон хүчийг санаж байхыг өөрсдөд нь сануулахын тулд цээжлэх эсвэл гэртээ ил тавих нэг шүлэг юм уу хэллэгийг Хиламан 12 дээрээс олоход ангийн гишүүдийг урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг Хиламан 13–16-г уншихад урамшуулахын тулд, Аврагчийн төрөлт, цовдлолттой холбоотой үйл явдлуудын талаарх лемен үндэстэн Самуелын бошиглолууд нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох өнөө үеийн үйл явдлуудтай харьцуулагдаж болно гэдгийг онцлон хэл.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бошиглогчдын удирдамжийг сонс.

Ахлагч Нийл Л.Андэрсэн дараах туршлагыг хуваалцжээ.

“Их Эзэнд үйлчлэхийг сонгодог хүмүүс ялангуяа бошиглогчийг үргэлж анхааралтайгаар сонсдог. …

… Надад тохиолдсон нэг туршлагыг хуваалцъя. Манай гэр бүл Флорида мужид олон жил амьдарсан юм. Флорида элс ихтэй газар учраас Сэйнт Аугистин гэдэг нэртэй том өргөн навчтай өвсийг тэнд тарьдаг. Флорида мужийн өвс ногооны томоохон дайсан нь сохор номин төст хүрэлзгэнэ гэдэг жижиг, бор шавьж байдаг.

Нэг орой би хөрштэйгөө үүдэн дээрээ зогсож байхад, хөрш маань нэг жижигхэн хорхой явган хүний замаар хөндлөн гарч байхыг харсан юм. ‘Зүлгэн дээрээ хор цацахгүй бол болохгүй нь дээ. Сохор номин төст хүрэлзгэнэ’ явж байна гэж тэр сэрэмжлүүлэв. Би цөөн хэдэн долоо хоногийн өмнө шавж хорхой устгах хороор зүлгээ цацсан байсан тул ийм хурдан ахиад цацах мөнгө ч цаг ч алга гэж бодлоо.

Би өглөөний гэрэлд зүлгээ ойрхноос сайн ажиглалаа. Зүлэг маань өтгөн, сайхан ногоон харагдаж байв. Би зүлгэн дунд жижигхэн хорхой шавж байгаа эсэхийг ойртон харав. Ямар ч хорхой харсангүй. Би ‘за за, нэг жижигхэн сохор номин төст хүрэлзгэнэ манай газраар хөндлөн гараад хөршийн газар руу явж байсан юм байлгүй дээ’ гэж бодож байснаа санаж байна.

Гэхдээ энэ түүх гунигтайгаар төгссөн. Би хөрштэйгөө тэгж ярьснаас хойш арав орчим өдрийн дараа нэг өглөө урд хаалгаараа гарлаа. Гэтэл ганц шөнийн дотор зүлэг маань бор толбонуудаар дүүрсэн байв. Би дэлгүүр рүү хурдхан явж, хорхой шавжны хор аваад, тэр даруй цацсан боловч дэндүү оройтсон байлаа. Зүлэг маань үхэж, хуучин байдалд нь оруулахын тулд шинэ зүлэг худалдан авч, олон цаг ажиллан, их зардал гаргах хэрэгтэй болсон юм.

Хөршийн маань сэрэмжлүүлэг зүлгээ сайхан байлгахад маш чухал байв. Тэр миний харж чадаагүй зүйлийг харж чадсан. Тэр миний мэддэггүй байсан зүйлийг мэдэж байв. Сохор номин төст хүрэлзгэнэ нь газар доор амьдарч, шөнөөр хөдөлгөөнд ордог гэдгийг тэр мэдэж байсан бөгөөд өдрийн цагаар шалгаж байсан маань үр дүнгүй байв. Сохор номин төст хүрэлзгэнэ зүлгийн навчийг иддэггүй, харин үндэснээс нь тэжээлээ авдаг байсан гэдгийг тэр мэдэж байж. Энэ жижигхэн, 2-3 см урттай хорхойнууд газар дээр юу болж байгааг олж харахаас минь өмнө зөндөө их үндсийг идэж чадна гэдгийг тэр мэдэж байв. Би өөрийн сэхүүн, бие даасан зангаас болоод их үнэ төлөөс төлж билээ. …

… Манай хамгаалагч цайзны доор нуугдаж, эмзэг үндэс рүү маань дайрдаг сүнслэг сохор номин төст хүрэлзгэнүүд байдаг юм шүү. Эдгээр ёсон бусын хорхой шавжны олонх нь жижигхэн, заримдаа бараг нүдэнд ч үзэгдэхгүй. …

Флорида мужийн сохор номин төст хүрэлзгэнүүдэд миний хандсан шиг хандлагыг гаргахгүй байцгаая. Сэрэмжлүүлгийг хэзээ ч бүү тоохгүй орхи. Бие даасан бардам сэхүүн зан гаргахаа больцгооё. Үргэлж даруу байж, итгэлтэйгээр сонсож, суралцан, шаардлагатай бол наманчлахад бэлэн байцгаая” (“Prophets and Spiritual Mole Crickets,” Ensign, Nov. 1999, 16–18).

Заах чадвараа сайжруулах

Хайраа илэрхийл. “Нөхцөл байдлаас шалтгаалан, зааж байгаа хүмүүсээ чин сэтгэлээсээ сайшаан магтах, амьдралд нь юу болж байгааг сонирхох, тэднийг анхааралтай сонсох, хичээлд татан оролцуулах, тэдэнд үйлчлэх эсвэл тэдэнтэй уулзахдаа энгийн, халуун дулаанаар мэндлэх зэрэг нь хайраа илэрхийлэх арга зам байж болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 6).