Институт ба семинар
23-р хичээл: Материаллаг хэрэгцээг хангах нь


23-р хичээл

Материаллаг хэрэгцээг хангах нь

Оршил

Бурхан хувь хүмүүст өөрсдийнхөө материаллаг болон гэр бүлийнхээ үндсэн хэрэгцээг хангах үүрэг хариуцлага өгсөн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ “амьдралын хэрэгцээт зүйлсээр нь” хангах нандин үүрэгтэй юм (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Энэ хичээлээр суралцагчид бие даасан байдлын зарчим нь материаллаг болон сүнслэг тогтвортой байдалд одоо болон ирээдүйд хэрхэн хувь нэмэр болдог талаар суралцана.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • М.Рассэлл Баллард, “Becoming Self-Reliant—Spiritually and Physically,” Ensign, 2009 оны 5-р сар, 50–55.

  • Робэрт Д.Хэйлс, “Материаллаг болон сүнсний зүйлст ухаалгаар арвилан хэмнэгч байх нь,” Ensign, эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7.

  • Марвин Ж.Аштон, ““One for the Money,” Ensign, 2007 оны 9-р сар, 37.

  • Арвич хямгач амьдралын вэбсайт, providentliving.org

Заах зөвлөмж

Марк 6:1-3; Лук 2:51-52

Бие даасан байдал

Дараах асуултыг самбар дээр бич: “Есүс Христ Өөрийгөө мөнх бус амьдралын тохинуулалд хэрхэн бэлтгэсэн бэ?” Аврагч Өөрийнхөө тохинууллыг эхлэхийн өмнөх жилүүдэд хожим хийх тунхаглалдаа хэрхэн бэлтгэсэн тухай судлахын тулд Марк 6:1–3 болон Лук 2:51–52-ыг уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг хариулах зуур самбар дээр дараах зүйлүүдийг бич:

Эцгийнхээ хамт мужаанаар ажилласан (техник мэргэжлийн хувьд)

Мэргэн ухаан ба мэдлэг нь нэмэгдсэн (боловсролын хувьд)

Бие бялдар нь өсөж хөгжсөн (бие махбодын хувьд)

Бурханы таалалд өссөн (сүнслэг байдлын хувьд)

Хүмүүний халамж анхааралд өссөн (нийгмийн харилцааны хувьд)

  • Дээрх таван талбарт тодорхойлсон Аврагчийн жишээг дагах нь танд өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахад бэлтгэгдсэн байхад хэрхэн тус болж болох вэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) хэлсэн дараах мэдэгдлийг уншиж өгөхдөө, ерөнхийлөгч Кимбалл ямар зүйлийг хожмын үеийн гэгээнтэн бүрийн үүрэг хариуцлага гэснийг анхааралтай сонсохыг суралцагчдаас хүс:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Их Эзэн Сүмийг болон түүний гишүүдийг бие даах чадвартай, хараат бус байхыг зарлиг болгосон юм. (С ба Г 78:13-14-ыг үзнэ үү.)

Хүн бүрийн бусадтай харилцах харилцаа, сэтгэл санаа, сүнслэг ба бие бялдрын эсвэл эдийн засгийн сайн сайхан байдлын төлөөх хариуцлага нь хамгийн түрүүнд өөрт нь, хоёрдугаарт гэр бүлд нь, гуравдугаарт, хэрвээ тэр Сүмийн итгэлтэй гишүүн бол, Сүмд оногдоно.

Үнэнч хожмын үеийн гэгээнтэн нь сэтгэл санаа, бие бялдрын хувьд эрүүл чийрэг л бол өөрийнхөө болон гэр бүлийнхээ сайн сайхан байдлын төлөө, үүрч буй ачаагаа сайн дураараа өөр хэн нэгэн хүнд үүрүүлэх ёсгүй. Тэр чадахынхаа хэрээр, Их Эзэний бурханлаг нөлөөллийн дор мөн өөрийн ажил хөдөлмөрөөр дамжуулан өөрийгөө болон гэр бүлээ сүнсний хийгээд зуурдын амьдралын шаардлагуудаар хангах нь зүйтэй” (Сүмийн ерөнхийлөгчдийн заасан зүйлс: Спэнсэр В.Кимбалл [2006], 116).

  • Ерөнхийлөгч Кимбалл бид бүгдийг ямар үүрэг хариуцлагатай гэж хэлсэн бэ?

  • Яагаад “бие даах чадвартай, хараат бус” болох нь чухал вэ? (Суралцагчид дараах зүйлүүдийг олж тодорхойлох ёстой: Бид бие даах чадвартай болсноор, өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг ба материаллаг амьдралын хэрэгцээг хангаж чадна.)

Суралцагчдаас тэдний хувьд бие даасан байдал гэдэг нь ямар утгатай болохыг хуваалцахыг хүс. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Бие даасан байдал нь бид өөрсдийнхөө болон Тэнгэрлэг Эцэгийн бидний анхаарал халамжинд итгэл хүлээлгэн өгсөн хүмүүсийн сүнслэг ба материаллаг сайн сайхан байдлын төлөө хариуцлага хүлээх явдал мөн. Бид гагцхүү бие дааж амьдрах чадвартай болсон үед л бусдад үйлчилж, тэднийг адислахдаа Аврагчийг даган дуурайж чадна.

Бие даасан байдал бол арга хэрэгсэл мөн гэдгийг ойлгох нь чухал. Бидний туйлын зорилго бол Аврагчтай адилхан болох явдал бөгөөд бусдад сэтгэл харамгүй үйлчилснээр зорилго маань өргөн цар хүрээтэй болдог. Бидний бие даасан байдлын түвшингээс хамаарч үйлчлэх чадвар маань нэмэгдэж эсвэл буурдаг билээ” (“A Gospel Vision of Welfare: Faith in Action,” Basic Principles of Welfare and Self-Reliance [товхимол, 2009], 1–2).

  • Бие даасан байдлын эцсийн зорилго юу вэ?

  • Хэрэв бид бие даах чадваргүй байвал бусдад үйлчлэх чадвар маань хэрхэн буурдаг вэ?

Суралцагчдад бие даасан байдлын талаар илүү сайн ойлгоход туслахын тулд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгчийн хэлсэн дараах үгийг үзүүл:

Зураг
Жюли Б.Бэк

© Busath.com

“Бид яаж бие даах чадвартай болдог вэ? Бид хангалттай мэдлэг, боловсрол, бичиг үсэгтэй болсноороо, мөнгө болон бусад нөөц боломжийг ухаалгаар ашиглан зарцуулснаараа, бат бөх сүнслэг чанартай байж, онцгой байдалд бэлтгэлтэй байснаараа, түүнчлэн эрүүл бие бялдартай, нийгмийн харилцааны болон сэтгэл санааны хувьд амар амгалан байснаараа бие даах чадвартай болдог” Basic Principles of Welfare and Self-Reliance, 4).

Дараах үгсийг самбарын дээд хэсэгт бич: боловсрол, санхүү, сүнслэг хүч чадал, өрхийн үйлдвэрлэл ба гэрийн нөөц, эрүүл мэнд мөн ажил эрхлэлт. Суралцагчдад бие даасан байдал нь тэнцвэртэй амьдралын эдгээр зургаан талбараас бүрддэг гэдгийг зааж өг (Их Эзэний арга замаар хангах нь: Удирдагчийн халамжийн товч удирдамж [товхимол, 2009], 1–2). Ганц бие залуучууд эдгээр талбарт улам сайн бие даах чадвартай болсноор ирээдүйн гэр бүлийнхээ материаллаг болон сүнслэг хэрэгцээг илүү сайн хангаж, мөн Сүмд үйлчлэхийн тулд юу хийж болохыг ангиараа хэлэлцэхэд зориулж цаг гаргаж өг. Суралцагчдын хариултыг самбар дээр бич. Дараах санаанууд орж болно:

  • Боловсрол: Их дээд эсвэл мэргэжлийн сургууль дүүргэсэн эрдмийн зэрэг, гэрчилгээ авах, суралцах дадлаа сайжруулах, ажлын нэмэлт ур чадвартай болохын тулд суралцах, гэр ахуйн болон автомашины энгийн засвар үйлчилгээ хийж сурах

  • Санхүү: Аравны нэг ба мацгийн өргөлөө шударгаар төлөх, төсөв зохион түүнийгээ дагаж, мөрдөж сурах, хувийн сахилга баттай байж сурах, хэрэггүй өр зээлээс татгалзах, өрөө төлж дуусгах, цалин буух болгонд мөнгө нөөцлөн хадгалах

  • Сүнслэг хүч чадал: Залбирах, судраас суралцах, тодорхой зорилгоор мацаг барих, ариун сүмд тогтмол орох

  • Өрхийн үйлдвэрлэл ба гэрийн нөөц: Хүнс яаж нөөцөлж, хадгалдаг талаар суралцах, жижиг тариалангийн талбайтай болох (цөөхөн суулгацтай ч бай)

  • Эрүүл мэнд: Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах, тогтмол дасгал хийх, эрүүл хоол хүнс хэрэглэх, хангалттай унтаж амардаг байх, эрүүл мэндийн даатгалтай болох

  • Ажил эрхлэлт: Шинэ ур чадварыг хөгжүүлэх, ажил дээрх чанд ёс зүйг дэмжиж байх, нарийн мэргэжлийн гэрчилгээтэй болох

  • Та дээрх талбаруудын аль нэг дээр бие даасан байдлаа сайжруулахын тулд юу хийсэн бэ? Ингэж хичээл зүтгэл гаргах нь таны бие даасан байдлыг болон өөрийгөө хүндлэх мэдрэмжийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ? Энэ нь таны өөрийнхөө хэрэгцээг хангах болон Сүмдээ улам сайн үйлчлэх чадварыг хэрхэн нэмэгдүүлсэн бэ?

Суралцагчдаас эдгээр зургаан талбарын аль нэгийг сайжруулах зорилго тавихыг хүс.

Малахи 3:8–12; Матай 6:19–21; 1 Тимот 6:7–10; 2 Нифай 9:51; Иаков 2:13–14, 18–19; Сургаал ба Гэрээ 104:13–18

Санхүүгийн менежмент

Суралцагчдад одоо биш юмаа гэхэд, хэзээ нэгэн цагт өөрсдийгөө болон магадгүй гэр бүлийнхээ хэрэгцээг хангах үүрэг хариуцлагатай болно гэдгийг сануул. Тиймээс, тэд материаллаг нөөц баялагтаа мэргэн ухаантай хандахад одооноос суралцах ёстой юм.

Суралцагч нэг бүрд дараах зүйлүүдийн заримаас унших даалгавар өгөөд, хянамгай санхүүгийн менежменттэй холбоотой зарчмуудыг тодорхойлохыг тэднээс хүс.

  • Малахи 3:8–12 (аравны нэг, өргөлийн хуульд дуулгавартай байх)

  • Матай 6:19–21 (зүрх сэтгэлээ дэлхийн эд баялаг дээр тавихаас зайлсхийх)

  • 1 Тимот 6:7–10 (байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх—“учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн”)

  • 2 Нифай 9:51 (үнэ цэнэгүй зүйлд мөнгөө, хэрэгцээг чинь хангаж чадахгүй зүйлд хөдөлмөрөө бүү үр)

  • Иаков 2:13–14, 18–19 (эд баялгийг сайныг үйлдэх зорилгын төлөө эрэлхийлэх)

  • Сургаал ба Гэрээ 104:13–18 (өөрийн баялгийг ядууст хийгээд гачигдагсдад туслахын тулд хэрэглэх)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг юу олж мэдсэнээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчид дараах зарчмыг ойлгосон эсэхийг бататга: Санхүүгийн ухаалаг зарчмуудыг дагаж хэрэгжүүлснээр хувь хүмүүс болон гэр бүлүүд өөрсдийн санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж чадах бөгөөд бусдад туслахад бэлтгэлтэй болсон байх болно. (Судруудад Их Эзэн эд баялагтай болохыг ядууст болон гачигдагсдад туслах үүрэг хариуцлагатай холбосон байдгийг та онцлон хэлж болно. Жишээлбэл, Иаков 2:18–19 ба С ба Г 104:18-ыг үз.)

  • Та амьдралдаа санхүүгийн ухаалаг зарчмуудыг хэрэгжүүлснээр ямар адислал хүлээн авч байсан бэ?

Сургаал ба Гэрээ 104:78

Шаардлагагүй өр зээлээс зайлсхийх нь

Сургаал ба Гэрээ 104:78-ыг унш. Дараа нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Үүнийг санагтун: өр зээл бол боолчлолын нэг хэлбэр мөн. Энэ бол санхүүгийн хортон шавж. Зээлээр худалдан авалт хийх нь бидэнд сэтгэл хангалуун байдлын талаар хоосон бодол төрүүлдэг. Бид эд зүйлээ өмчилж байна гэж бодож байтал, бодит байдал дээр эд зүйл маань биднийг өмчилсөн байдаг.

Энгийн нэг гэр орон худалдан авах, сургалтын төлбөр төлөх, магадгүй үнэхээр хэрэгцээтэй байгаа анхныхаа машиныг авах зэрэг иймэрхүү зориулалтын өр … шаардлагатай байж болох юм. Үнэ өртгийг нь нарийн тооцолгүй авсан хэрэглээний өр зээлээс болж бид хэзээ ч санхүүгийн боолчлолд орох ёсгүй” (“Earthly Debts, Heavenly Debts,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 40–41).

  • Өр зээл яагаад боолчлолын нэг хэлбэр байдаг вэ? (Суралцагчдыг хариулж байхад, тэдэнд дараах зарчмыг ойлгоход тусал: Шаардлагагүй өр зээлээс татгалзах нь хувь хүн, гэр бүлүүдийг санхүүгийн боолчлолоос ангид байлгадаг.) Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) бидэнд ингэж заасан байдаг: “Айл өрх ноцтой өрөнд орсон байвал бие даасан байх боломжгүй юм. Хэн нэгэн бусдын өмнө заавал биелүүлэх өрөнд орсон бол түүнд боолчлолоос ангид байх бие даасан чөлөөт байдал ч байхгүй, мөн эрх чөлөө ч байхгүй болно. (“To the Boys and to the Men,” Ensign, 1998 оны 11-р сар, 53).

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах зөвлөгөөг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Ах, эгч нар аа, өчигдрийн тансаг хэрэглээ өнөөдрийн энгийн хэрэглээ болсон гэдэг үзэл бодлоос зайлсхий. Бид өөрсдөө л тансаг хэрэглээг энгийн хэрэглээ болгож байгаа хэрэг шүү дээ. Манай залуу хосуудын нэлээд нь эдүгээ амьдралынхаа гараан дээр олон машинтай, мөн аав, ээж хоёрынхоо насан туршдаа хөдөлмөрлөж авсан шиг тийм гэр оронтой болохыг хүсэж байна. Улмаар тэд хоёр хүний цалинд үндэслэсэн удаан хугацааны өрөнд ордог. Тэд юм өөрчлөгддөгийг болон эмэгтэй хүн хүүхэдтэй болж, зарим гэр бүлийг өвчин ороон, ажлаа алдах үе гэж байдгийг, мөн байгалийн гамшиг зэрэг бусад нөхцөл байдал үүсэхэд хоёр цалингаас олох орлого хангалтгүй зэргийг хэтэрхий оройтож ойлгодог байж магадгүй. Бид бололцоондоо тааруулж амьдрах нь амин чухал” (“Цаг үеийн өөрчлөлтөд хувирдаггүй үнэнүүд,” Ensign эсвэл 2005 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

  • Хүсэл, хэрэгцээ гэдгийн ялгааг мэддэггүй хувь хүн, гэр бүлүүдэд ирж болох зарим үр дагавар юу вэ?

  • Хүсэл ба хэрэгцээг хооронд нь ялгах зарим арга зам юу вэ?

Суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодож, хариултаа хувийн өдрийн тэмдэглэлдээ бичихийг хүс:

  • Та амьдралынхаа ямар талбарт илүү бие даах чадвартай болж чадах вэ?

  • Та материаллаг нөөц бололцоогоо хэрхэн илүү сайн захиран зарцуулж чадах вэ?

Суралцагчийн унших материал